ОХУ-ын Зэвсэгт хүчин, Хятадын Ардын чөлөөлөх армийн хамтарсан “Восток-2018” байлдааны буудлагатай стратегийн хээрийн сургуульд манай Зэвсэгт хүчний алба хаагчид оролцоод ирсэн юм. Энэ сургуулилалтад оролцсон Монголын багийн удирдагч, бригадын генерал Л.Гансэлэмтэй ярилцлаа.
-Хөрш улсууд хамтран байлдааны буудлагатай цэргийн хээрийн сургуулийг өнгөрсөн сард зохион байгууллаа. Өмнө нь ингэж гурван улс хамтарсан сургууль хийж байсан уу?
-Манай улс ОХУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран цөөнгүй удаа хээрийн сургуулилалт зохион байгуулж байсан. Тухайлбал, ЗХУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтарч 1973 онд “Хэрлэн-73”, 1979 онд “Найрамдал”, 1987 онд “Зоргол-87” нэртэй хуурай замын цэргийн хээрийн томоохон сургууль хийсэн.
1990-ээд оноос хойш улс орны нөхцөл байдлаас шалтгаалж цэргийн хамтарсан сургууль нэг хэсэг хийгээгүй. 2000-аад оноос хойш Монгол Улсын болон ОХУ-ын цэрэг техникийн хамтын ажиллагаа дахин сэргэж, шинэ шатанд гарснаар 2008 оноос тус улсын Зэвсэгт хүчинтэй хамтран “Дархан”, “Сэлэнгэ” сургуулилалтыг жил бүр хоёр улсынхаа нутаг дэвсгэрт ээлжлэн зохион байгуулж ирлээ. Биднийг ийнхүү ярилцаж байх цаг дор ОХУ-ын Буриад улсын Улаан-Үдийн наахна “Бурдун” сургалтын төвд “Сэлэнгэ-2018” хамтарсан сургууль болж байгаа.
Харин Хятадын Ардын чөлөөлөх армитай 2011 оноос хойш хамтран сургуулилалт хийх болсон. Жил бүр манай улсад болдог “Хааны эрэлд” энхийг дэмжих ажиллагааны олон улсын хамтарсан цэргийн хээрийн сургуульд БНХАУ-ын талаас цэргийн бүрэлдэхүүн оролцдог. Монгол, Хятадын цэргийнхэн хамтран терроризмтой тэмцэх чиглэлээр “Анчин бүргэд” сургуулилалт, “Талын манлайлагч” гэх мэт цэргийн сургуулилалт хийж ирсэн. Харин хөрш, хил залгаа гурван улсын хувьд анх удаа болж байгаагаараа “Восток” сургууль онцлог юм.
Бид нэг бүс нутагт оршин байгаа, хоёр хөршийнхөө зохион байгуулж буй энэ стратегийн хэмжээний том сургуулилалтад оролцох нь чухал ач холбогдолтой. Нэгдүгээрт, манай үндэсний аюулгүй байдлын болон гадаад бодлогын үзэл баримтлал, төрийн батлан хамгаалах бодлогын үндэс зэрэгт тусгагдсан төрийн бодлого хэрэгжиж, оршин тогтнохуйн аюулгүй байдлaa бэхжүүлж, цэргийн итгэлцлийг гүнзгийрүүлэхэд энэ сургууль чухал ач холбогдолтой.
Улс орны итгэлцлийн хамгийн дээд хэлбэр нь цэргийн итгэлцэл гэж үздэг. Хамтарч цэргийн сургууль хийж байгаа улсууд хоорондоо дайтаж байлдана гэж байхгүй. Цэрэг стратегийн бас нэг ач холбогдол нь гурван улсын хамтарсан цэргийн сургуулилалтын үеэр манай даргалах бүрэлдэхүүн, офицерууд Агаар-сансар, тэнгисийн болон хуурай замын цэрэг,төрөл мэргэжлийн цэргүүдийн ажиллагааг байлдааны театр дээр төлөвлөн, зохион байгуулж удирдах, тэдгээрийн харилцан ажиллагааг зохион байгуулах туршлага судаллаа.
Тактикийн түвшинд цэрэг газар орон дээр байлдах арга барилд суралцаж, Монгол Улсын Зэвсэгт хүчинд хараахан орж ирээгүй техник хэрэгсэлтэй танилцаж дадлага хийлээ.
-Сургуулилалтад гурван улсын Зэвсэгт хүчнээс хэчнээн хүн оролцов?
-ОХУ-ын Төвийн болон Дорнод цэргийн тойргийн ерөнхий цэргийн сургалтын 10 төв, агаарын цэргийн болон Япон, Беринг, Агнуурын тэнгис дэх сургалтын төвүүдийг түшиглэн Байгалийн чанадад зохион байгуулсан юм. Энэ сургуулилалт нь ОХУ-ын түүхэнд байгаагүй өргөн цар хүрээтэй явагдсанаас гадна Хятадын Ардын чөлөөлөх армитай хамтарч, Монгол Улсын Зэвсэгт хүчний төлөөллийг оролцуулсан стратегийн түвшний томоохон сургалт дадлага болсныг дээр хэлсэн.
Энэ үеэр их хэмжээний цэрэг, зэвсэг, байлдааны техникийг алс зайд маршаар шилжүүлэн цэргийн бүлэглэл бий болгосон. ОХУ-ын тав, 29, 35, 36, 38 дугаар арми, Тэнгисийн цэргийн анги, салбарууд оролцсон бол БНХАУ-ын талаас нэг бригад ирсэн. ОХУ-ын Зэвсэгт хүчнээс 296 мянган цэргийн алба хаагч, 1000 нэгж их буу, артиллерийн системүүд, 1000 нэгж нисэх онгоц, нисдэг тэрэг, нисгэгчгүй нисэх төхөөрөмж, 80 нэгж байлдааны хөлөг онгоц, 36 000 танк, хуягт тээвэрлэгч болон байлдааны техник, Хятадын Ардын чөлөөлөх армиас 3500 орчим цэргийн алба хаагч, 30 нисэх онгоц, нисдэг тэрэг, 900 орчим байлдааны техникээр дэмжүүлэн оролцсон.
Сургуулилалт гурван үе шаттай болсон юм. Гурван улс хамтран манай зүүн хилийн цаахна талд ОХУ-ын Чита мужаас 250 км зайтай орших “Цугол” сургалтын төвд сургуулилалтын үндсэн үе шат явагдсан. Нэгдүгээр үе шат нь цэргийн бүлэглэлийн хоёрдугаар цуврааны анги нэгтгэлүүд усан саадыг гаталж, эхлэх байранд очиж, байлдааны бэлэн байдал хангах, хоёрдугаар үе шат нь нэгдүгээр цуврааны цэргийн анги нэгтгэлүүд хориглох байрлал эзэлж, эсрэг талын цэргийн бүлэглэлийн давшилтыг няцаах, гуравдугаар үе шат нь хоёрдугаар цуврааны цэргийн бүлэглэлийн анги нэгтгэлүүд нэгдүгээр цувааны цэргийн бүлэглэлийн олсон байлдааны амжилтад тулгуурлан хүч задалж, байлдаанд орох, давшилт нь зогсон, ухарч буй эсрэг талыг үлдэн хөөх, холбоотны хил хязгаарыг сэргээх гэсэн дарааллаар боллоо.
-Гурван улсын Зэвсэгт хүчнийхэн хамтарсан энэ том хэмжээний сургуулилалт хэд хоног болсон бэ?
-ОХУ-ын Зэвсэгт хүчний анги салбарууд, БНХАУ-ын Ардын чөлөөлөх армийнхан сар шахам хамтарсан бэлтгэл хийсэн. Олон тооны хүн хүч, зэвсэг, техник оролцуулсан том хэмжээний төлөвлөлт, цэргийн шилжилт хөдөлгөөн, бүлэглэн байрлуулах, байлдааны буудлага, дадлага сургууль, тактикийн болон команд штабын сургууль хийхэд маш их цаг хугацаа, хөдөлмөр шаардана шүү дээ. Энэ мэт олон төрлийн харилцан ажиллагаа, том хэмжээний ажлыг зохион байгуулахад сургуулийн удирдлагын бүрэлдэхүүнд маш их зохион байгуулалт, төлөвлөлт, туршлага хэрэгтэй болно.
Тиймээс хоёр хөршийн Зэвсэгт хүчин дор хаяж 1-2 сарын бэлтгэл хийх шаардлагатай болсон болов уу. Бид 14 хоног хамтарсан бэлтгэл хийгээд байлдааны буудлагатай сургуулилалтад оролцоод ирлээ. Гурван улсын Зэвсэгт хүчний байлдааны буудлагатай стратегийн сургуулилалт амжилттай болсон. ОХУ-ын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний ерөнхий командлагч В.Путин ирсэн. Сургуулилалтын явцтай танилцаад оролцогч талуудын идэвх зүтгэлийг өндрөөр үнэлэхийн зэрэгцээ Монгол Улсын болон БНХАУ-ын цэргийн алба хаагчдад онцгой талархал илэрхийлсэн.
Мөн “Бидний дайчин нөхөрлөл эртнээс улбаатай. ОХУ Халхын голын баатруудаа байнга дурсаж байдгаас гадна Дэлхийн II дайнд Монгол Улс бидний холбоотон байж, эзлэн түрэмгийлэгчдийг сөрөн зогссоныг үргэлж санан дурсах болно” гэж хэлсэн үгэндээ онцолж байлаа. Батлан хамгаалахын сайд, ОХУ-ын баатар, армийн генерал Сергей Шойгу, ОХУ-ын ЗХЖШ-ын дарга, тус улсын баатар, армийн генерал В.Герасимов сургуулилалтын үеэр хоёр ч удаа ирж, бэлтгэлийг шалгасан.
Мөн БНХАУ-ын Батлан хамгаалахын сайд болон Ардын чөлөөлөх армийн хойд тойргийн командлагч гэх мэт бүрэлдэхүүн ирж, сонирхож байв. Сургуулилтын төгсгөлд гурван улсын хамтарсан цэргийн ёслолын жагсаал болсон. Энэ сургуулилалтыг ОХУ-ын телевизээр нэвтрүүлсэн байгаа.
-Манайхаас хэчнээн хүн оролцсон бол?
-Цэргийн ажиглагч нарын таван хүнтэй бүлэг, тодорхой тооны бүрэлдэхүүн оролцсон. Сургуулилалтаас харсан онцлог гэвэл энэ үеэр нисгэгчгүй нисэх техник маш их хэрэглэсэн. Тагнуул, галын цохилтын хэрэгсэл болгон ашиглаж байлаа. Агаарын тагнуул болон радио электрон тэмцлийн хэрэгслүүдийг идэвхтэй ашиглаж, бага оврын, нисэгчгүй нисдэг хэрэгслүүдээр тодорхой үүрэг гүйцэтгүүлсэн.
Тухайлбал, тагнуул болон радио электрон тэмцэл явуулах, агаарын цохилт өгөөд буцаах, “камиказе” байдлаар ашиглах, галын хөнөөлийн үр дүнг хянах зэргээр нисгэгчгүй нисэх төхөөрөмжүүдийг өргөн ашигласан юм. Эдгээр нисэгчгүй нисэх төхөөрөмжүүд нь 12 цаг нислэг үйлдэх боломжтой, дайсны байрлалыг илрүүлж, мэдээллийг командын байр, пуужинт артиллерийн бүлэглэлийн болон авиацын удирдлагын байруудад шууд дамжуулах зэргээр Сирийн ажиллагааны үед хуримтлуулсан байлдааны арга тактикуудыг хэрэглэж байсан.
Байлдааны ажиллагаа хуучин гурван хэмжээст орон зайд болдог байсан бол одоо таван хэмжээст орон зайд явагддаг болсон. Өөрөөр хэлбэл, агаар, тэнгис, хуурай газар гэдэг байсан. Харин өдгөө агаар, сансар, тэнгис, хуурай газраас гадна кибер орон зай гэсэн таван хэмжээст орон зайд нэгэн зэрэг явагддаг болсон нь техникийн дэвшил цэргийн урлагт нэвтэрсэн. Үүнийг энэ сургуулилалтын үеэр давхар туршлаа.
-Оросын агаар-сансрын хүчнийхэнд дэлхий нийтээр анхаарал хандуулж байгаа. Манайхан тэднээс суралцсан, ажигласан зүйл юу байна вэ?
-Манай цэргийн ажиглагч офицерууд сургуулийн бүх ажиллагааны үеэр өөрсдийн чиглэлээр тодорхой хэмжээнд ажилласан. Ингэснээрээ манайхан томоохон байлдааны ажиглагааг хэрхэн, яаж стратегийн түвшинд төлөвлөж, удирдах дадлагад суралцаж байна гэсэн үг.
Түүн дотор агаар-сансрын чиглэл ч багтсан. Нэг үүрэг биелүүлэхийн тулд нэгэн команд, нэг удирдлагаар ажиллаж байгаа учраас чамлахааргүй туршлага хуримтлуулсан гэж үзэж болно.
-Энэ сургууль ганц удаа болоод зогсохгүй байх. Ирэх жилүүдэд аль нэг орныхоо нутаг дэвсгэрт хийх болов уу. Хүн хүч, оролцох бүрэлдэхүүнийхээ тоог нэмэх төлөвлөгөө бий юү?
-Том хэмжээний цэргийн сургуулилалт явуулахад хүн хүч, техникээс гадна асар их хөрөнгө шаардана. Ийм хэмжээний сургууль жил бүр хийх боломжгүй. 5-10 жилд нэг удаа ч юм уу, хийх болов уу. Тухайн үед нь улс орнуудын зэвсэг, техник, технологи, эдийн засгийн байдал, аюулгүй байдлаа хангах бусад олон зорилго байдаг байх.
Эдгээр нь хоорондоо хэр уялдах, сургууль явуулах, хэр хэмжээний бүрэлдэхүүн оролцох нь тодорхой болох байх. Нөхцөл байдлаас шалтгаалах учраас одоо хэлж мэдэхгүй юм. Ер нь хоёр хөрштэйгөө аль алинтай нь харилцаатай учраас оролцохыг эрмэлзэж байгаа. Бүс нутагт манай эрх ашиг хөндөгдөж байгаа учраас хамтарч сургууль дадлага хийж, арга ажиллагаа, тактикт бие бүрэлдэхүүнээ сургах зорилго, зорилт бий.
Мөнхийн хоёр хөрш маань дэлхийд бүх талаараа хүчирхэг. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүний хоёр нь манай хөрш. Тэдэнтэйгээ эв найрамдалтай байвал манай улсад ээлтэй байх нь тодорхой. Манай улс энэ сургуулилалтад хамтран оролцсоноороо улс орны батлан хамгаалах бодлого, цэргийн итгэлцлийг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн гэж хэлэхэд нэг их буруудахгүй болов уу.
Мөн Монгол Улсынхаа нэр хүндийг олон улсын тавцанд өргөөд зогсохгүй хоёр хөрштэйгөө цэргийн хүрээнд хамтран ажиллаж, Батлан хамгаалах салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлсэн чухал ач холбогдолтой үйл явдал боллоо гэж эцэст нь дүгнэж хэлмээр байна.