Жүжигчин Санжар Мади 1986 онд Казахстаны Алматы хотод төржээ. Түүний ээж багш, аав нь зохиолч. Багаасаа дуулж, бүжиглэдэг, зурдаг, урлагт дуртай байсан тэрбээр ахлах сургуулиа төгсөөд эдийн засгийн чиглэлээр суралцахаар шийджээ. Оюутан байхдаа Казахстан дахь Нидерландын банкны салбарт олон нийттэй харилцах менежерээр ажиллах болсон байна.
Удалгүй урлагт дахин хорхойсож, Казахстаны театр урлагийн академид элсжээ. Урлагийн сургуульд сурахын тулд ажлаа орхисон түүнд санхүүгийн бэрхшээл тулгарч, мөнгө олохын тулд сурталчилгаанд тоглодог болов. Жил орчмын дараагаас студи, продакшнууд түүнийг дүрийн сонгон шалгаруулалтад урьдаг болсон байна.
Эерэг, эсрэг аль ч дүрд чадмаг тоглож байсан нь түүний карьерыг өсгөж, хэдхэн сарын дараа гэхэд бүрэн хэмжээний уран сайхны кинонд тоглов. Түүнийг олны танил болгосон уран бүтээл нь “The tale of a pink bunny” кино юм. Эл кинонд тэрбээр зальжин, сахилгагүй залуугийн дүр бүтээсэн байна. Хэд хэдэн кинонд тоглосныхоо дараа С.Мади өөрөө бие даан кино хийх хүсэлд автан, суралцжээ.
2010 онд Казахстаны үндэсний телевизийн Зул сарын баярт зориулсан шоу нэвтрүүлгийг найруулсан аж. “Оскар”-ын шагнал гардуулах ёслолоос сэдэвлэсэн эл нэвтрүүлэг түүний найруулах авьяастайг нь харуулжээ.
Улмаар 2011 оны тавдугаар сард харьяалагддаг “Kazakhfilm” студи нь түүнийг АНУ-ын Нью-Йоркийн кино академид найруулагчаар сургахаар явуулсан боловч тэрбээр жүжигчнээр суралцсан байна. 2016 онд С.Мади “Hollywood immersive program” уралдаанд 5000 гаруй жүжигчинтэй өрсөлдөн шилдгээр шалгарч, Лос-Анжелес хотын Бэверли Хиллс дэх “Skylight” театрт мэргэжил дээшлүүлэх эрхтэй болсон юм.
С.Мади өнөөдрийг хүртэл уран сайхны, баримтат, олон ангит 20 гаруй киноны гол дүрд тоглож, 2012 онд “In 100 gram” киноны зохиол бичин, найруулжээ. Одоо тэрбээр “Nomad stunts” орлон тоглогчдын олон улсын багт мөн харьяалагддаг.
Санжар Мади 2014 онд “Нетфликс” кино компанийн бүтээсэн “Марко Поло” кинонд жүжигчин Б.Амарсайхантай хамт тоглосон юм. Тэд энэ сарын 19-нөөс үзэгчдийн хүртээл болгосон IFI продакшны бүтээл “The Mongolian connection” кинонд дахин хамтарчээ. Энэ киноны нээлтийн ёслолд оролцохоор манай улсад ирэх үед нь түүнтэй ярилцсанаа хүргэе.
-“The Mongolian connection” киногоо Монголын үзэгчдэд хүргэлээ. Ямар сэтгэгдэлтэй байна вэ?
-Өнгөрсөн өвөл тус киноны зургийг авхуулахаар Монголд ирэх үед Казахстан дахь найзууд минь их атаархсан. Олон улсын уран бүтээлчидтэй хамтран ажиллах сонирхолтой байлаа. Киноныхоо нээлтэд оролцохын тулд Нью-Йоркоос Алматы, Алматыгаас Бээжин, Бээжингээс Улаанбаатарт нисэж ирсэн.
-Монголын үзэгчид таны уран бүтээлд ямар дүн тавих бол?
-Нээлтийн үеэр үзэгчид хэрхэн хүлээн авч буйг анзаараагүй. Өөрийнхөө тоглосон байдал, киноныхоо хийцийг илүү анхаарч үзсэн. Харин өчигдөр (өнгөрсөн бямба гараг) “Зайсан хилл” цогцолборын “Cineplex” кино театрт үзэгчдийн суудалд суун дахин үзлээ. Ажиглах нь ээ, бидний хамтын бүтээл хүмүүсийн сэтгэлд хүрч, хэлэх гэсэн санааг ойлгож байх шиг байна.
-Ирэх оны нэгдүгээр сараас эл киног Казахстаны үзэгчдэд хүргэнэ гэсэн. Танай үзэгчид хэрхэн хүлээж авах бол. Казахстанчууд адал явдалт, тулаант төрлийн кинонд хэр дуртай вэ?
-Би Казахстаны хэвлэл, мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөх болгондоо “The Mongolian connection” кинонд тоглосон тухайгаа ярьсан болохоор үзэгчид үзэхээр хүлээж буй байх. Киноны продюсер С.Уран, жүжигчин Б.Амарсайхан нар Казахстаны томоохон кино театруудтай гэрээ байгуулсан.
Энэ төрлийн кинонд манай үзэгчид их дуртай. Ялангуяа олон улсын баг хамтран бүтээсэн, гол дүрд нь өөрийн орных нь хоёр жүжигчин тоглосон болохоор илүү сонирхох байх аа.
-Та олон орны уран бүтээлд гол болон туслах дүрд тоглосон. Монголын уран бүтээлчидтай хамтран ажиллахад ямар санагдав?
-Жүжигчин Б.Амарсайхантай 2014 онд “Марко Поло” кинонд тоглох үеэрээ танилцсан болохоор нэгнийхээ ажиллах арга барилыг мэднэ. Гар ч сайн нийлдэг. Монгол уран бүтээлчидтэй хамтран ажиллахад, энд киноны зураг авхуулахад хүндрэл байгаагүй. Хоол унд, цаг уур ч тааламжтай байлаа.
Аливаа бүтээлд хамтран ажиллах хугацаандаа уран бүтээлчид маш ойр дотно нөхөрлөдөг. Зургаа авхуулж дуусаад нутаг буцахад сэтгэл жаахан тиймхэн байсан шүү. Харин киноныхоо нээлтэд оролцож, дахин уулзаж байгаадаа баяртай байна.
-Та киноны тулаант, зураг авхуулахад хэцүү хэсэгт орлон тоглогч ашиглалгүй өөрөө тоглодог юм билээ. Тулааны урлагаар хэр удаан хичээллэж буй вэ?
-Одоо “Nomad stunts” орлон тоглогчдын олон улсын багт багтдаг. Тиймээс тулаан, зодоонтой ямар ч хэсгийг өөрөө гүйцэтгэж чадна. Гэхдээ киноны зохиолоосоо шалтгаалаад гал түймэр, хэт өндөрт зураг авхуулахаас зайлсхийдэг.
-Кино зургийн явцад бэртэж, гэмтэхээс эмээдэггүй юм уу?
-“The Mongolian connection” кинонд ч орлон тоглогч ашиглаагүй. Киноны дийлэнх хэсэгт би гараа гавлуулсан байгаагаар гардаг. Гавтай хэрнээ мэс барин тулалдаж, зодолдож зураг авхуулах амаргүй байсан. Зураг дууссаны дараа хоёр гарын бугалга хөхөрч, шархалсан байлаа. Гэхдээ шантардаггүй. Энэ чинь л миний давуу тал шүү дээ.
-Бэртэж, гэмтэж байсан уу?
-Өнгөрсөн онд ОХУ-ын найруулагч Сарик Андреасяны “Guardians” кинонд тоглосон. Миний хамгийн их ядарч, хүнд нөхцөлд зураг авхуулсан кино. Зургаан давхартай тэнцэх өндөрт олсноос дүүжлэгдэж зураг авхуулсан. “The other side” кинонд тоглохдоо биен дээрээ салют буудуулж байлаа. Түлэгдэх вий гэж их айсан. Энэ мэтчилэн хүнд нөхцөлд, сонирхолтой байдлаар зургаа авхуулдаг ч азаар хүнд бэртэж байгаагүй.
-Та бол Казахстанаас Холливудад хөл тавьсан цөөн жүжигчний нэг. Анх хэрхэн гадаадын кино найруулагч, продюсерүүдэд тоогдсон бэ?
-Ази жүжигчин гадаадын зах зээлд хөл тавих их хэцүүг биеэрээ мэдэрсэн. Хэдийгээр бидэнд онцлог бий ч, бусдаас хавь илүү чадварлаг байх ёстой. Анх ОХУ-ын найруулагч нарын хараанд өртөж, улмаар гадаадын уран бүтээлчидтэй холбоо тогтоон, тэднээр дамжуулан кинонд тоглож эхэлсэн.
-Одоо кинонд тоглуулах саналд дарагддаг болсон уу?
-Гадаадын уран бүтээлчидтэй хамтарч, шинэ зүйлс сурах сонирхолтой санагддаг. Тиймээс зохиол нь таалагдвал цааргалдаггүй.
-Ази болон Европ найруулагч нарын арга барилын ялгаа хамтран ажиллахад мэдэгддэг байх. Таныхаар тэдний гол ялгаа юу вэ?
-Арга барилын хувьд ялгаагүй. Миний ажигласнаар, Барууны болон АНУ-ын найруулагч нар бүх зүйлийг нарийвчилж, бүх зүйлээ судалж, бэлтгэж байж зургаа авч эхэлдэг. Харин ази найруулагчид киноны өнгө үзэмж, хийцэд ач холбогдол өгдөг мэт санагддаг.
-Бусдаас ялгарч, гадаадын найруулагчдад тоогдохын тулд жүжигчид ямар чадвартай байх хэрэгтэй вэ?
-Жүжиглэх чадвараас гадна хамгийн чухал нь гадаад хэлний мэдлэгтэй байх. Түүнчлэн морь, мотоцикл унах, машин жолоодох, хутга, сэлмээр тулалдах зэрэг чадвартай, тулааны урлаг, спортоор хичээллэдэг байх хэрэгтэй. Найруулагчийн хүссэнийг гүйцэтгэх нь жүжигчний үүрэг гэж би боддог.
“The Mongolian connection” кинонд гэхэд л продюсер С.Уран “Гэр хорооллын дундуур машинаар маш хурдтай давхиж буй зураг авна. Буруу талдаа хүрдтэй машин жолоодож чадах уу” гэж асуусан. Надад чадахгүй, мэдэхгүй гэх эрх байхгүй. Нэгэнт л тухайн кинонд тоглохоор гэрээ хийсэн л бол би чадах л ёстой.
-Тулаант, адал явдалт, түүхэн гээд олон төрлийн кинонд тогложээ, та. Одоо ямар төрлийн кинонд тоглохыг хүсэж байгаа вэ. Ямар төрлийн кинонд тоглох нь танд илүү сонирхолтой санагддаг бол?
-Зөвхөн нэг л төрлийн кинонд, төстэй дүрүүдэд тоглож, хайрцаглагдахыг хүсдэггүй. Уянгын, инээдмийн, түүхэн, адал явдалт гээд олон төрлийн кинонд тоглолоо. Аймшгийн, зөгнөлт кинонд ч тоглосон. Киноны төрөл бүрт тоглож, өөрийгөө үргэлж сорихыг хүсдэг. Тэр болгоноос шинэ зүйл сурдаг болохоор тэр.
-Яг одоо ямар шинэ уран бүтээлд тоглож буй вэ?
-Өнгөрсөн хавар ОХУ, Казахстаны уран бүтээлчдийн хамтарсан “Scarlett sails”, мөн “Angel of death” кинонд тоглосон. Үзэгчдэд хэзээ хүргэхийг нь хэлж мэдэхгүй байна. Мөн ОХУ-ын найруулагчийн уянгын, Казахстаны найруулагчийн түүхэн кинонд тоглосон.
Сүүлийн таван сарын хугацаанд эдгээр киногоороо олон улсын кино наадмуудад оролцож, аяллаа. Энэ сарын сүүлч гэхэд Москва, Лондонд болох кино наадамд мөн оролцоно. Ирэх долоо хоногт БНСУ-ын найруулагчтай уулзах юм. Уулзсаны дараа хамтран ажиллах, үгүй нь шийдэгдэнэ.
-Монголын найруулагч хамтран ажиллах санал тавибал хэрхэн хүлээж авах бол?
-Хаанахын найруулагч байх нь сонин биш. Гол нь киноны зохиол нь сонирхолтой байх ёстой. Мөн миний өмнө нь тоглож байгаагүй дүрийг санал болговол татгалзахгүй.