“Dota-2”, “Counter strike” гэхээр уншигч та хамгийн түрүүнд эцэг, эхчүүдийн “шүдний өвчин” болсон цахим тоглоомын төрлийн тухай бодох болов уу. Тэгвэл энэ бүхэн ард хоцорч, интернэт тоглоом өдгөө цахим спорт болон хүрээгээ тэлж, дэлхийн олон орон жүдо, чөлөөт бөхөөс дутахгүй хөгжүүлэхийн төлөө эрвийх, дэрвийхээрээ зүтгэж байгааг анзаарсан уу. Эл спорт дэлхийд хэрхэн хөгжиж,олны анхаарлыг татаж буйг өнөө жил л гэхэд Азийн наадмын үзүүлэх тоглолтод багтан, 2022 онд тивийн “олимп”-ын хөтөлбөрт оруулахаар шийдвэрлэснээс бэлхнээ харж болно.
Түүгээр ч үл барам олимпын наадмын хөтөлбөрт багтахад тун ойрхон байгааг мэргэжилтнүүд онцолдог. Хэр баргийн юманд авьяастай, дүйтэй монголчууд цахим спортоор аль хэдийн амжилт гаргаад эхэлсэн. Дэлхийд алдартай, гадаадын томоохон багууд онцлон байж эгнээндээ нэгтгэсэн тамирчин манай улсад олон бий. Тэдний нэг нь Батболдын Ган-Эрдэнэ юм.
Спортын хүрээнийхэн “Dobu” гэдэг нэрээр андахгүй тэрбээр БНХАУ-ын “5 power Esport” клубт тоглодог. Чансаагаараа дэлхийд 60, тивдээ гурав, БНХАУ-д хоёрт эрэмбэлэгдэж буй Б.Ган-Эрдэнэ “ROG Masters Asia”-д сүүлийн хоёр жил дараалан түрүүлж, Азийн АШТ-д гурван удаа өрсөлдсөн, БНХАУ-ын сонгон шалгаруулалт болон “Epicenter” тэмцээний түрүүтэй. Өдгөө 19 настай, БНХАУ-д амьдардаг түүнтэй цахимаар холбогдон, ярилцсанаа сонирхуулъя.
-Олонх тамирчин багадаа найзуудтайгаа интернэт тоглоом тоглосоор цахим спортод дурласан байдаг. Таных ч бас тийм үү?
-Тийм ээ, минийх ч бас адилхан. Анхандаа бусад хүүхдийн адил чөлөөт цагаа өнгөрөөх, найзуудтайгаа хөгжилдөхийн тулд тоглодог байлаа. Одоогоос 5-6 жилийн өмнөөс цахим спорт дэлхийд хурдацтай хөгжин, хүрээгээ тэлж, тэмцээнийх нь шагналын сан, тамирчдын цалин эрс өссөн. Тэр үеэс ур чадвараа мэргэжлийн түвшинд хөгжүүлбэл өөрийнхөө сонирхол, хообийгоороо амжилт гарган, шагналынхаа мөнгөөр амьдралаа авч явах боломжтойг ойлгосон юм. Бас зүгээр нэг компьютерын ширээний ард тоглох бус, эх орныхоо нэрийг дэлхийд гаргахын төлөө зүтгэх боломжтойг ухаарсан л даа. Тэр үеэс би интернэт тоглоом бус, цахим спорт гэдэг талаас нь харж эхэлсэн, өөрийгөө ч өөрчилсөн, хөгжүүлсэн.
-Цахим спорт хүүхдийн эрүүл мэнд, сэтгэцэд сөргөөр нөлөөлдөг гэх хандлага нийгэмд бий. Гэр бүлийнхэн нь анх хэрхэн хүлээж авсан бэ?
-Үнэнийг хэлэхэд эсэргүүцсэн. PC-г цахим спорт гэдэг өнцгөөс харж, өөрийгөө мэргэжлийн түвшинд хөгжүүлж эхлэхээр гэр бүлийнхний хандлага өөрчлөгддөг юм билээ. Би ч тоглох цагаа аажмаар багасгасан. Улмаар “The Mongolz” багт нэгдэн, тэмцээнд оролцох болсноор миний амьдрал эрс өөрчлөгдөж билээ. Амжилт гаргах тусам урамшин, шагналынхаа мөнгөөр гэр бүлийнхэндээ бэлэг авах ямар сайхан гэж санана. Аав, ээж хоёр намайг одоо эсэргүүцэхээ больсон, харин ч эсрэгээрээ үргэлж дэмждэг.
-БНХАУ-ын багт тоглодог юм билээ. Багтаа гүйцэтгэдэг үүргийнхээ тухай сонирхуулаач?
-Манай баг гарааны таван гишүүнтэй. Арын албанд ажилладаг дасгалжуулагч, менежер, захирал гээд олон хүн бий. Баг бүр тоглолтын өөр, өөр арга барилтай. Тухайн тоглолт ямар байрлалд өрнөхөөс шалтгаалж, түүнд нь тохируулан тактикаа өөрчилдөг. Үүний улмаас тамирчин бүр өөр, өөр үүрэг хүлээнэ. Бид ихэвчлэн багаараа хамт довтлохыг чухалчилдаг учраас би эхний өрсөлдөгчөө устган, бусаддаа давуу байдал үүсгэж, тоглолтыг найруулах үүрэгтэй.
-Багтайгаа байгуулсан гэрээ нь саяхан дууссан. Гэрээгээ сунгах бодол бий юү?
-Байгаа. Би “5 power Esport” багтай өнгөрсөн оны наймдугаар сард нэг жилийн хугацаатай гэрээ байгуулсан. Бид амжилттай тоглон, багийнхантайгаа гар нийлж байгаа болохоор гэрээгээ сунгах санал тавибал татгалзахгүй.
-“5 power Esport”-т зүтгэхийн хажуугаар сурдаг уу. Шинээр юу сурч, өөрийгөө хөгжүүлэхийг хүсдэг вэ?
-Бэлтгэл, тэмцээн гээд зав муутай тул сургуульд сурах боломж хомс. Ямар ч байсан зохицуулаад хятад, англи хэл сурч байгаа. Бас эрүүл мэнддээ анхаарахын тулд фитнест долоо хоногт 3-4 удаа явдаг. Би бизнес, программ хангамжийн чиглэлээр сурах сонирхолтой. Гэрээгээ дууссаны дараа аль нэгээр нь сурах бодол бий.
-Хятадад тоглох Монголд өрсөлдөхөөс юугаараа ялгаатай вэ. Тэд тамирчдаа хэр дэмждэг бол?
-Тэнгэр, газар шиг ялгаатай. Хамгийн наад зах нь цахим спортын талаарх хүмүүсийн ойлголт нь тэс өөр. Хятадууд PC-г цахим спорт талаас нь хардаг, тамирчдаа дэмждэг, дэлхийд тэргүүлэх хэмжээнд хөгжүүлж байна. Үүний зэрэгцээ тамирчдаа хангалттай хэмжээнд цалинжуулан, улсаас хэрэгтэй бүх зүйлээр нь хангадаг. Ер нь бусад оронд цахим спортыг хөлбөмбөг, сагсан бөмбөгөөс дутахгүй дэмждэг, маш олон хөгжөөн дэмжигчтэй. Үүгээрээ олон байгууллагын анхаарлыг татаж, бизнесээ өргөжүүлэх боломжийг нь нээж байгаа. Цахим спорт Азийн наадмын төрөлд багтсан, олимпын наадмын хөтөлбөрт багтах нь цаг хугацааны асуудал болсон.
Гэтэл Монголд ямар байгаа билээ. Цахим спортын тамирчдыг PC тоглоомчин, донтсон амьтад гэж л үнэлдэг. Тоглогчдоо дэмжих нь битгий хэл эсэргүүцдэг, ойлгодоггүй. Гурван жилийн өмнө “The Mongolz” багийнхан Азийн аварга болсны дараа хүмүүсийн ойлголт, бодол нэлээд өөрчлөгдсөн. SPS, “Skytel” зэрэг хэд хэдэн байгууллага биднийг дэмжиж, хамтран ажиллах болсон нь сайшаалтай. Монголд тэмцээн олноор зохион, хэвлэл мэдээллээр дамжуулан олон нийтэд зөв ойлголт өгвөл цахим спорт хурдацтай хөгжих бүрэн боломжтой. Олон шилдэг монгол тамирчин байгаа юм чинь хүмүүсийн хандлагыг өөрчилж, улсаас дөмөгхөн дэмждэг болчихвол гарц, шийдэл нь аяндаа олдох байх. Монголчууд цахим спортыг ойлгодог, дэмждэг болоосой. Улсынхаа багт зүтгэх юм сан.
-“The Mongolz” багийнхан тарж, бүгд гадаадад тоглож байгаа сураг дуулдсан. Монголчууд цахим спортын талаар буруу ойлголттой байдаг, улсаас дэмждэггүй нь таныг багаа солиход нөлөөлсөн үү?
-Хэрвээ энэ бүхэн эсрэгээрээ байдаг сан бол би багаа солихгүй, эх орныхоо төлөө л зүтгэнэ. Гэтэл Монголд цахим спортын тамирчдыг дэмжихээсээ илүү эсэргүүцэх хүн олон. Биднийг дэмждэг, цалин, хангамжаар урамшуулдаг хүн, албан байгууллага байхгүй. Мэдээж цалингүй, тогтсон орлогогүй, нийгэм даяар буруу ойлголттой болохоор гэр бүлийнхэн дэмжихэд бүрхэг. “The Mongolz”-д тоглож байхад гадаадын олон багаас их хэмжээний цалин амлаж, санал тавьсан. Бид ч ирээдүйгээ бодож зөвшөөрсөн л дөө. Одоо манай багийн есөн тоглогч гадаадын багт хүчин зүтгэж байна.
-Тэдэнтэйгээ буцаж нэгдэх, Монголынхоо багт зүтгэхийг хүсдэг биз?
-Тэгэхийг маш их хүсдэг. Бид спонсор, санхүүгийн бэрхшээлийн улмаас тарсан. Тиймээс бүгдэд нь эргэн нэгдэх бодол бий. Одоогоор бидний гэрээ дуусаагүй болохоор хугацааг нь дуусахыг хүлээхээс өөр аргагүй. Манай багийнхан чамлахааргүй амжилт гарган, гадаадын багт нэр хүнд хүндтэй тоглож, эх орныхоо нэрийг өргөж байгаа болохоор буцаад нэгдэхэд дэмжих байгууллага, санхүүгийн бэрхшээл гарахгүй байх.
-Манай улсад цахим спортоор тууштай хичээллэдэг хэр олон тамирчин байдаг бол?
-Миний хичээллэдэг GS:GO төрлөөр тоглодог 60-аад мянган хүн бий. Яг спорт талаас нь өөрийгөө хөгжүүлдэг мянга гаруй тамирчин байгаа байх. Цахим спортоор амжилт үзүүлэхэд багаар ажиллах болон богино хугацаанд оновчтой шийдвэр гаргах чадвар, тэсвэр тэвчээр, цагийн зөв зохион байгуулалт чухал.
-PC их тоглосны улмаас сэтгэцийн өөрчлөлттэй болсон, донтсон хүүхэд олон бий. Та тэгэх вий гэж эмээдэг үү. Ямар нэгэн өөрчлөлт хэр гардаг вэ?
-Ийм асуудалтай олон хүүхэд Монголд төдийгүй дэлхийд бий. Мэргэжлийн тамирчин тул надад ийм бэрхшээл байхгүй. Спорт гэдэг талаас нь өөрийгөө хөгжүүлж, тодорхой цагт, нарийн төлөвлөгөөний дагуу тоглодог учраас тэр. Мэдээж удаан тогловол эрүүл мэндэд хортой, сэтгэцэд нөлөөлөх, донтох эрсдэлтэй. Тиймээс зохистой тоглож дадах нь чухал. Бэлтгэл хийх, найзуудтайгаа хөгжилдөхийн тулд хэдхэн минут тоглож болно шүү дээ.
Бид сонирхогчдыг бодвол хамаагүй баг цагаар өрсөлддөг. Манай багийнхан л гэхэд бэлтгэлээ долоо хоногт зургаан удаа хийдэг. Өдөр бүр 13.00-21.00 цагийн хооронд. Дундуур нь 16.00 цагт түр амарч, унд уудаг. Бэлтгэлийн эхэнд бусад багийн тоглолтын бичлэгийг үзэж, арга барил, тактикийг нь судална. Дараа нь хоорондоо ярилцаж, шинэ төлөвлөгөө боловсруулна. Үүндээ үндэслэн 2-3 багтай тоглож, алдаа, оноогоо цэгнэдэг.
Бэлтгэл дууссаны дараа өөрсдийгөө бие даан хөгжүүлдэг. Жишээлбэл, миний байрлалд шилдэг тамирчны тоглолтыг үзэн, анализ хийнэ. Бас буудах техникээ сайжруулах гэх мэт. Мэргэжлийн тамирчинд тоглохоос илүү судалгаа, багийн хамтын ажиллагаа, ойлголцол чухал. Цахим тоглоомоор тоглохыг хүсдэг, хорхойсдог бол спорт талаас нь өөрийгөө хөгжүүлээрэй, өдөржингөө бус чөлөөт цагаараа тоглож байгаарай гэж хүүхэд, залууст зөвлөе.
-Цахим спорт дотроо хэдэн төрөлтэй вэ. Хоорондоо юугаараа ялгаатай вэ?
-Эл спорт дотроо FPS , MMORPG, RPG, RTS , Platformer гэсэн таван төрөлтэй. Товчхон тайлбарлавал, FPS-т “First person shooter” буюу бууддаг тоглоомууд, MMORPG, RPG-д “Role playing game” буюу ямар нэгэн баатар удирдаж тоглодог “Dota-2” зэрэг тоглоомууд багтдаг. “Platformer”-т бидний сайн мэдэх “Mario”, “Sonic” гэх мэт тоглоом ордог. Харин RTS нь “Real time strategy” буюу шатар, даам тэргүүтэй тоглоомтой.
-Гишүүн нь болохыг хүсдэг баг, хамт тоглохыг мөрөөддөг тамирчин бий юү?
-Австралийн “Grayhound” багийн тоглогч Эркасттай хамт тоглохыг хүсдэг.
-Спортын хүрээнийхэн таныг “Dobu” гэдэг нэрээр нь андахгүй. Яагаад ингэж нэрлэх болсон юм бэ?
-Би анхандаа өөр нэрээр тоглодог байлаа. Нэрэндээ тийм ч ач холбогдол өгдөггүй байж. Цахим спортоор хичээллэснээс хойш нэр чухал гэдгийг ойлгосон. Өөртөө ямар нэр өгөх вэ гэж нэлээд бодлоо. Гэр бүлийнхэн намайг багаас “Добу мэргэн” гэж дууддаг байж билээ. Тэгээд л “Добу” гэдэг нэрийг сонгосон юм.
-Та өнгөрсөн жилийн байдлаар тэмцээнээс 20 гаруй сая төгрөгийн шагнал хүртсэн юм билээ. Шагналынхаа мөнгийг ихэвчлэн юунд зарцуулав?
-Ихэнхийг нь банканд хадгалж байгаа. Би насаараа энэ спортоор хичээллэхгүй. Нөгөө талаар амьдралд юу ч тохиолдоо билээ. Бэлэн мөнгөтэй байх хэрэгтэй. Үүний сацуу ирээдүйд боловсролдоо анхаарахад санхүүгийн чадавх чухал. Тиймээс шагналынхаа мөнгийг хадгалж, хуримтлал үүсгэсэн.
-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?
-Алхах, ном унших, усанд сэлэх дуртай. Монголд байхдаа чөлөөт цагаараа гэр бүл, найзуудтайгаа хамт байхыг хүсдэг. Цахим спорт миний хообий. Сонирхлоо мэргэжил болгон, амжилтын төлөө зүтгэж яваа нь миний давуу тал.
-Эх орондоо хамгийн сүүлд хэзээ очсон бэ. Гэрээ санадаг уу?
-Хайртай хүмүүсээсээ хол, харийн оронд амьдрах хэцүү. Тэднийгээ маш их санадаг. Ялангуяа баяр, наадмын үеэр бүр ч их. Мөрөөдлөө биелүүлэхийн төлөө зүтгэж яваа болохоор амжилт гаргаад ачийг нь хариулна гээд сэтгэлээ тайтгаруулдаг. Монголдоо саяхан оччихоод ирсэн.
-Гэр бүлийнхэн, ойр дотнынхноос нь цахим спортоор хичээллэдэг хүн бий юү?
-Би эхээс дөрвүүлээ, хоёр эмэгтэй, нэг эрэгтэй дүүтэй. Манай үеэл дүү GS:GО төрлөөр хичээллэдэг. Надаас байсхийгээд л зөвлөгөө авдаг, би туслахыг хичээдэг юм.
-Ойрын хугацаанд ямар тэмцээнд оролцох вэ?
-Энэ сарын 15-нд 100 000 ам.долларын шагналын сантай “Extremesland Asia” тэмцээний шигшээд, 22-нд ОХУ-д болох олон улсын тэмцээнд оролцохоор төлөвлөн, бэлтгэлээ хийж байгаа. Тэндээс эрхээ авбал 300 мянган ам.долларын шагналтай “Epicenter 2018”-д оролцоно.