“Ард” санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуягтай ярилцлаа.
-Та “Ард даатгал” компанийн хувьцааг олон нийтэд худалдлаа. “Ард кредит” банк бус санхүүгийн байгууллагын хувьцааг удахгүй арилжих гэж байна. Монголын бизнесмэнүүд хөрөнгийн зах зээлд ажиллах сонирхолгүй байдаг.
Гэтэл та энэ зах зээлд маш идэвхтэй ажиллаж байгаа нь ямар учир шалтгаантай вэ?
-Би 1991 онд Монголын хөрөнгийн биржийн анхны ажилчдын нэг болж байлаа. Миний амьдралын замналыг харвал санхүүгийн салбартай ерөнхийдөө холбоотой. Нэг газарт цаг аргацаах байдлаар ажиллаж ирээгүй. Тийм сонирхол байхгүй. Банкны салбарт өөрчлөлт, шинэчлэлт хийе гэж орсон. “Хөгжлийн алтан сан” банк бус санхүүгийн байгууллага, “Кидан” хадгаламж зээлийн хоршоо байгуулж байлаа. Түүгээрээ дамжуулж, жижиг зээл олгож эхэлсэн. Банкуудыг энэ зах зээл рүү татаж оруулсан.
Лизинг, орон сууцны зээлийг анх олгож эхэлж байсан. Тухайн үеийн Монголбанкны ерөнхийлөгч О.Чулуунбаттай хамтран санаачилж, банкуудтай нийлээд Монголын ипотекийн корпорацыг байгуулсан. Нийгмийн хариуцлага хэрэгжүүлэх, компанийн сайн засаглалтай ажиллах, гадаадын хөрөнгө оруулалт татах тал дээр анхдагч байж ирлээ. Ингэж ажиллаж болно гэдгийг бусдад харуулахыг зорьсон хэрэг. Энэ бүхний эцэст Хасбанкийг Монголын санхүүгийн зах зээлд бий болгосон.
Тиймээс ч хүмүүс намайг “Хас”-ын Ч.Ганхуяг гэдэг. Би хийж байгаа зүйлээсээ ичиж байгаагүй. Буруу зөрүү зүйл олон байсан биз. Гэхдээ бичил, хөдөөгийн зээл хэмээх бүтээгдэхүүнийг “моод”-нд оруулж чадсан гэж боддог. Би дутуу орхисон ажлын ард гарах дуртай. Ямагт ингэж бодож ирсэн. Хөрөнгийн зах зээлд тун саяхнаас хөл тавьсан гэвэл худлаа ярьсан болно. Хасбанк хөрөнгийн зах зээлээс мөнгө босгож байсан. Хятад, Киргизстанд хөрөнгө оруулж байлаа.
Хөрөнгийн зах зээл рүү монголчуудыг уриалан дуулах ажлыг Хасбанкны ажилтнуудаас эхэлж байж. Манай 750 ажилтан толгой компани болох “Тэнгэр” санхүүгийн нэгдлийнхээ хувьцаа эзэмшигч болж байсан. Бидний зорилго Монголын хөрөнгийн биржид бүртгүүлэх байв. Зорилгоо эцсийн цэгт нь хүргэж чадалгүй улс төрд орсон. Тэндээс тоосоо нэлээд сайн гөвүүлж ирээд, зорилгоо дуусгахаар шийдсэн. Ажлаа дуусгаагүй явсан хүнийг араас нь татаад байдаг юм байна. Дуусгах хэрэгтэй юм байна гэсэн дүгнэлтэд хүрээд, “Хөрөнгө оруулагч үндэстэн”, “Азийн чоно эдийн засаг”, “Ард” гэсэн нэртэйгээр үргэлжлүүлж байна.
“Ард санхүүгийн нэгдэл”-ийн дээр “Хөрөнгө оруулагч үндэстэн”-г гаргаж ирсэн, түүнийгээ “Жинст-Увс” гэсэн хоосон компанитай нийлүүллээ. Хувьчлал ард түмэнд нээлттэй байж болохыг “Монгол шуудан”-гийн хувьцааг авч харуулсан. “Монгол шуудан” компанийн хувьцааны нэлээд хэсгийг надтай мөнгөө нийлүүлсэн 300 гаруй хүн авсан юм. Хамтарч чадвал хэн ч хувьчлалд оролцох боломжтойг харуулсан сайн жишээ гэж боддог.
Одоо 700 орчим хүн тус компанийн хувьцааг эзэмшиж байна. Ашиг өгөөжийг нь нэмэгдүүлж, засаглалыг нь сайжруулж байгаа. Саяхан “Ард даатгал”-ын хувьцааг олон нийтэд худалдлаа. Даатгалын компани хувьцаагаа олон нийтэд худалдсан анхны тохиолдол энэ. Хүмүүс “Мандал даатгал” анх удаа хувьцаагаа олон нийтэд худалдлаа гэж ярьж байна. Санхүүгийн зохицуулах хорооноос түрүүлж зөвшөөрөл авсан учраас бид өөрсдийгөө анхдагч гэж үзнэ.
-Үйл ажиллагаа нь жигдэрсэн хөрөнгөтэй аж ахуйн нэгжийг хоосон компанитай нийлүүлж, хувьцаат компани болгохыг таашаахгүй байгаа хүн олон бий. Зарим нь хэтэрхий хялбарчлахыг оролдсон арга гэж шүүмжилж байна.
Яагаад ийм замыг сонгосон юм бэ. “Монгол даатгал” компани “Хорго хайрхан”-тай нэгдэх гэж байгаа нь танайхтай адил жишээ юм.
-Манайх ч, “Монгол даатгал” ч мөнгө босгох хэрэггүй гэж үзэж байгаа. Гэхдээ хөрөнгийн биржид хувьцаагаа зарах сонирхол бий. Хөрөнгийн зах зээлд хөл тавих хоёр зам байдаг. Хувьцаагаа хөрөнгө оруулагчдад худалдах, эсвэл хувьцаат компанитай нэгдэх замаар хөрөнгийн зах зээлд гарч болно. Би хувьцаат компанитай нэгдэхийг нь сонгосон. Нэгдсэнээр “Жинст-Увс” компани “Ард” санхүүгийн нэгдлийн зургаан хувийг эзэмшиж байгаа. Энэ бол дэлхийд байдаг жишиг.
-Гурван компанийг нэгтгэх процесс ямар шатандаа явж байгаа вэ?
-Хэлцэл дуусаагүй байна. Монголын хөрөнгийн биржид өргөдлөө маргааш (өнөөдөр) өгнө. Хэлцэл дууссаны дараа ARD гэсэн нэрээр “Ард санхүүгийн нэгдэл”-ийн хувьцааг борлуулж эхэлнэ.
-Даатгалын компани дампуурвал хувааж авах хөрөнгө үлдэхгүй. Тиймээс хувьцааг нь авах нь өндөр эрсдэлтэй гэсэн яриа гарсан. Даатгалын компанид хөрөнгө оруулах нь үнэхээр өндөр эрсдэлтэй юү?
-Бизнесийн талаар хүмүүс маш муу ойлголттой байгааг судалгаа хийлгэж байж мэдлээ. Үйлдвэр дампуурсан ч байшин үлдэхгүй шүү дээ. Зээл өгсөн банк нь хураагаад авчих учраас үлддэггүй юм. Даатгалын компанид бэлэн мөнгө үлдэнэ. Үйлдвэрийн элэгдсэн тоног төхөөрөмжийг хэн ч авахгүй. Тэгвэл бэлэн мөнгө шууд эргэлтэд орно. Юмыг буруу тайлбарлахаа болих хэрэгтэй. Даатгалын компанид бэлэн мөнгө л байдаг.
Өнөөдөр (өчигдөр) “Жинст-Увс”-ын хувьцааны ханш 1797, “Ард даатгал”-ынх 900, “Монгол шуудан”-гийнх 555 төгрөгт хүрсэн байна. Энэ бол надтай хамаатай компаниудын хувьцааны ханш. “Монгол шуудан”-гийн хувьцааны ханш гурван жилийн өмнө 185, “Ард даатгал”-ынх долоо хоногийн өмнө 700 төгрөг байсан. Энэ бол хөрөнгийн зах зээлийг иргэдэд таниулж байгаа миний арга.
Иргэдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээс гадна нийгмийн сүлжээгээр дамжуулан хөрөнгийн зах зээлийн талаарх зөв мэдээллийг хүргэж байна. Нийгмийн сүлжээг ашиглан Монголд хамгийн их мөнгө босгосон хүн нь би байж ч магадгүй.
-Нээрэн ч мөнгө босгохдоо нийгмийн сүлжээг их ашиглаж байгаа нь анзаарагдсан. Үр дүнтэй арга байна уу?
-Сонин уншиж, зурагт үзэх хүн багассан. Хүмүүс сайтаас ч тэр бүр мэдээлэл авахаа больсон. Нийгмийн сүлжээгээр сайн “сэвж” байж л сайтын мэдээлэл хүмүүст хүрэх байх. Би фэйсбүүкт 151 мянган найзтай. Твиттерт намайг 170 мянган хүн дагадаг. Инстаграмд 24 мянган дагагчтай. Нийгмийн сүлжээнд тавьсан миний мэдээллийг авах 200 мянга орчим хүн байгаа болов уу. Би алдартай дуучин, загвар өмсөгч биш. Өтөлж яваа, царай муутай эр хүнийг ийм олон хүн дагаж байгааг санхүүгийн мэдээлэл хүлээгээд байна уу гэж хардаг.
Хүмүүс мөнгөө яаж өсгөх вэ, арвижуулах ямар арга байна вэ гэдгийг эрэлхийлдэг болсон бололтой. Тэгэхээр нийгмийн сүлжээнд тавьсан мэдээлэл илүү олон хүнд хүрдэг байж таарна. Даатгалын компанийн хувьцааны үнэ 900 төгрөгт хүрчихлээ гэсэн мэдээлэл оруулахад 43 мянган хүн харсан гэсэн статистик гарч байна. Нийгмийн сүлжээнд би бодит мэдээлэл оруулж, хүмүүсийн санхүүгийн боловсролыг дээшлүүлж байгаагаараа олон найз, дагагчтай улстөрчид, хөөрхөн охидоос ялгаатай. Бас залууст амжилтад хүрэхийн үлгэрийг нийгмийн сүлжээгээр дамжуулан харуулж байгаа болов уу.
Элон Маск “Өмнөд Африк, Америк хоёрт соёлын том ялгаа байна. Манай Өмнөд Африкт жаахан амжилт гаргавал бүх хүн дайрч, доош нь татахыг боддог. Харин Америкт амжилттай яваа нэгнээ шүтэн бишрээд дагахыг боддог” гэж ярьсан байна лээ. Монголчууд амжилттай яваа нэгнээ доош нь татах биш, даган дуурайж, суралцдаг болоосой гэж боддог. Монголчууд ухамсраа өөрчлөхгүй бол хоорондоо барьцалдаж, нэгийгээ доош татсаар бүгд ядуу үлдэнэ. Бид өөдтэй яваа нэгийгээ доош нь дардаг. Нөгөөдүүл нь амжилтаа хуваалцаж хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярих ч, зургаа авхуулах дургүй. Манай том бизнесмэнүүд маш нууцлаг. Тэд ил гарвал баалуулна гэж айдаг.
Монголын зарим том бизнесмэнийг би ч хараагүй. Тэдний тухай домог шиг яриаг л сонссон. Би ийм хандлагыг өөрчлөх гээд үзээд байгаа хэрэг. Бизнес бол нээлттэй байх ёстой. Ялангуяа банкны эзэд ил тод байх ёстой. Хүмүүс мөнгөө хэнд өгснөө мэдэх эрхтэй.
-“Ард даатгал”-ын хувьцааг авчихвал ашигтай юу гэж нэг хүн надаас асуусан. Таныг үүнд хариулах ёстой хүн нь гэж бодож байна.
-“Ард даатгал”-ын дүрмийн сан өмнөх жил 3.5 тэрбум төгрөгт хүрсэн. Өмнөх хуримтлагдсан цэвэр ашиг нэг тэрбум төгрөг байлаа. Бид дахиад 1.3 тэрбум төгрөгийн ашиг олоод, үүнийхээ талыг ногдол ашиг хэлбэрээр тараасан. Энэ оны төгсгөлд түүхэн дэх хамгийн өндөр ашгаа олно гэж тооцож байгаа.
“Ард” санхүүгийн нэгдлийнх биш, “Ард даатгал”-ын ашиг гэдгийг тодруулъя. “Ард” санхүүгийн нэгдэл “Ард даатгал” компанийн хувьцааны 67 хувийг эзэмшиж байгаа. Энэ жил “Ард даатгал” дөрвөн тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олголоо. Ингэснээр нөхөн төлбөрийн хэмжээгээр салбартаа тэргүүлж яваа.
-“Ард кредит” банк бус санхүүгийн байгууллагын хувьцааг арилжиж, таван тэрбум төгрөг босгохоор төлөвлөсөн. Амжилттай болно гэдэгт итгэж байна уу?
-“Ард кредит”-ийн хувьд мэдээллийн технологид суурилсан бизнес хийж байгаа. Банкны бүх төрлийн үйлчилгээ гар утаснаасаа авах боломж бүрдүүлсэн банк бус санхүүгийн анхны байгууллага. Өмнө нь зөвхөн зээл өгдөг банк санхүүгийн байгууллага байхдаа маш сайн ажиллаж байсан.
Тэгвэл өнөөдөр “Ард кредит” өмнөхөөсөө ч амжилттай ажиллана гэж бодож байна. Гар утаснаасаа төлбөр төлж, мөнгө гуйвуулж, худалдан авалт хийн, дансаа удирдах боломж олгосон. Цаашдаа санхүүгийн шинэ үйлчилгээг “Ард” гэсэн “хэтэвч” дотор үргэлжлүүлэн нэвтрүүлнэ.
-Зээлийн хүүг бууруулах тухай маш их ярьж байгаа. Зээлийн хүүг захиргаадалтын аргаар тогтоох хуулийн төсөл ч боловсруулсан. Олон жил банк санхүүгийн байгууллага удирдсаны хувьд зээлийн хүүг бууруулах боломжийг хэрхэн хардаг вэ?
-УИХ-ын гишүүд, Засгийн газар ажлаа хийх хэрэгтэй. Өөрийнхөө тарьсан балгийг дарах хууль санаачилж болохгүй. Харин алдаагаа яаж засаж, залруулах вэ гэж бодох ёстой. Улс төр тогтвортой, популизмгүй баймаар байна. Гадаадын хөрөнгө оруулалтыг их хэмжээгээр татах шаардлагатай. Гадаад мөнгөний урсгалыг нэмэгдүүлж, экспортоо дэмжих хэрэгтэй. Үндэсний манлайлагч үйлдвэрүүдээ дэмжсэн бодлого үгүйлэгдэж байна.
АНУ-ын Засгийн газар хувийн компанитай гэрээ хийхийг Ерөнхийлөгч нь дэмжчихдэг. Манайх ийм болох ёстой. “Босоо хөх Монгол” гэх мэт болохгүй, бүтэхгүй нөхдөд зориулж бодлого хэрэгжүүлбэл зээлийн хүү буурахгүй, валютын ханшаа алдана. Ам.долларын ханш 2600 төгрөгт дөхлөө. Инфляц 8-9 хувь руу очих нь тодорхой болсон.
Зээлийн хүүг бууруулах хуулийн төсөл боловсруулах цагаа эдийн засгийн орчноо сайжруулахад зарцуул гэж хэлье. Хүүг бууруулах хууль боловсруулж байгаа нь толгойгоо өвдөхөөр нь тасдаад хаячихъя гэж байгаатай адил тэнэглэл.
-Олон нийтийн анхаарлын төвд байгаа өөр нэг асуудлаар байр суурийг тань сонирхъё. “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар гадаадын хөрөнгийн биржээр дамжуулж арилжина гэж ярьж байна.
Тэгвэл зарим хүн эхлээд Монголын хөрөнгийн биржид бүртгүүлж, иргэдэд эзэмшүүлэхээр амласан 1072 хувьцааг нь “амь оруулах” шаардлагатай гэдэг. Энэ тал дээр ямар байр суурьтай байна вэ?
-Би хоёр жилийн өмнө байр сууриа тодорхой илэрхийлсэн. Долоон жилийн өмнө гаргасан шийдвэрээ хэрэгжүүл, иргэдэд өгсөн хувьцаагаа саналын эрхтэй, өмч нь болго, хууль зөрчихөө боль гэж дахиад хэлмээр байна. “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг ижил тэгш эрхтэйгээр арилжих боломжийг иргэдэд нээж байж л дараагийн санаачилга хэрэгжинэ. Ингэхгүй бол урагш алхахгүй. Д.Сумъяабазар сайд олон улсын хөрөнгийн биржид арилжина гэж ярьж байгаа.
Хуулийн зөрчилтэй компанийг олон улсын хөрөнгийн биржид бүртгүүлэх гэвэл асуудал үүснэ. Нью-Йорк, Хонконгийн биржид хуулийн зөрчилтэй компани бүртгүүлэх гэвэл нэг хүн захиа бичихэд л ажил нь зогсоно шүү. Энэ асуудлаа шийдэж чадахгүй сонгуульд орвол намаа чирээд унаж ч мэднэ. Мэргэжлийн хүмүүсийн үгийг сонс. Хоосон толгойнуудаар өөрсдийгөө бүү хүрээлүүл гэж хэлмээр байна.
-Та улс төрд эргэж орох уу?
-Би эхлүүлсэн ажлаа дуусгаагүй байна.
-Ажил тань хэзээ дуусах бол.
-Олон түмний итгэл бий. Хүмүүс надад найдаж мөнгөө өгч байна. Өсгөөд өгөх болов уу гэж байна.
-Хаяад явчихгүй юм байгаа биз дээ.
-Түрүүчийн удаа Хасбанкийг хаяж яваад буруудсан.