ДБЭТ-ын уран бүтээлийн 56 дахь улирлын нээлт ирэх ням гарагт буюу энэ сарын 7-нд болно. Өмнөх жилүүдэд нээлтээ бүтэн дуурь, балетаар эхэлдэг байсан уламжлалаа энэ удаа өөрчилж, уран бүтээлийн дээжүүдээсээ багтаасан тоглолт хэлбэрээр зохион байгуулах юм билээ. “Сонгодог” тоглолтоос гадна энэ сарын 13, 14-нд Ж.Бизегийн “Кармен” дуурь, П.И.Чайковскийн “Хунт нуур” балет тоглоно. Шинэ улирлын нээлтийн өмнө тус театрын ерөнхий найруулагчтай ярилцлаа.
Аливаа байгууллагын удирдлага бол тухайн газрынхаа өвөө, эмээ, эцэг, эх нь байдаг. Энэ утгаараа ерөнхий найруулагч нь театрынхаа, уран бүтээлчдийнхээ аав нь. Гэтэл Монгол Улсын сонгодог урлагийн эрдмийн театр 2013 оноос хойш таван жил “өнчирч”, туслах найруулагчийн нуруун дээр явж ирсэн. Сонгодог урлаг өндөр хөгжсөн улсад үүнийг ер ойлгохгүй болов уу.
Гэхдээ бид нам гэдэг айхтар хүчний “шидээр” бүхнийг хийчихдэг “гүдэсхэн” улс ямартай ч уначихалгүй өдий хүрсэн. Харин энэ айл саяхнаас “өрхийн тэргүүлэгчтэй” болсон. Тэр нь Г.Эрдэнэбаатар. Тэрбээр энэ театрт 40-өөд жил ажиллахдаа дуулаачаас эхлээд ерөнхий найруулагчийн алба хашсан, өнгөрсөн таван жилд мэргэжлийн урлагийн сургуульд багшилж байгаад ДБЭТ-таа дахин залагджээ.
-ДБЭТ жаахан будилж, төөрч байгаад эргээд голдиролдоо орж, “төлөвших” нь үү гэж харж байна. Гэхдээ энэ бол хамт олны бус, удирдлагын төөрөгдөл байсныг хэн хүнгүй мэднэ. Хэдэн жил “завсарлаад” эргэн ирсэн таны хувьд театр хэр өөрчлөгдсөн байна вэ?
-Өнгөрсөн өвлөөс ДБЭТ-ын даргын алба хашиж буй, Гавьяат жүжигчин Ц.Түвшинтөгс надад санал тавьснаар театртаа буцаж ирээд мэдээж баярлаж, сайхан байгаа. Хийх зүйл маш их байна. Эхэндээ ирэхгүй гэж үзсэн. Гэсэн ч дарга маань “Танд итгээд л санал тавилаа” гэсэн. Театрын уран бүтээлчдийн баг бүрэлдэхүүний хувьд нэлээд шинэчлэгджээ. Би ХБК-д сүүлийн хэдэн жил ажилласан.
Энэ утгаараа өдгөө театрт олон шавь нар маань байна. Тэгэхээр үл ойлголцол гарахгүй байх. Сонгодог урлагийн уламжлалт статустай, үндэстний чадварлаг мэргэжилтнүүдтэй, өөрийн гэсэн том барилгатай, Азийн цорын ганц театр нь манайх шүү дээ. Дэлхийн хамаг л сор бүтээлүүдийг тайзнаа найруулан, тавьчихсан, өөрийн гэсэн үндсэн баг бүрэлдэхүүнтэй, тасралтгүй үйл ажиллагаа явуулдаг гээд бидэнд давуу тал олон.
-Мундаг боловсон хүчнүүдийнхээ чадал, эрдэм, оюун билгээр манай ДБЭТ өдий түвшинд хүрч, хөгжиж чадсан. Угаас хүний нөөц нь хөдөлгөгч хүч байдаг шүү дээ.
Та Оросод бэлтгэгдсэн, Монголын дуурийн мэргэжлийн гурван найруулагчийн нэг. Яагаад энэ чиглэлээр сурах болсон юм бэ?
-Би Хөгжим бүжгийн дунд сургуульд дуурийн дуучнаар Д.Банди багшийн шавь болон сурсан хүн. Мөн хоёрдугаар курсээсээ эхлэн хормейстер мэргэжлээр давхар сурч төгссөн. Хормейстерийн багш маань Төрийн шагналт, Хөдөлмөрийн баатар Д.Лувсаншарав гуайн хүү Даваахүү байсан. Тухайн үеийн төр, засгийн бодлогоор ХБДС-ийн найрал дууны ангийг БДС-ийн кино драмынхантай нийлүүлсэн азтай тохиолдол болсон юм. Ингэж би 1979 онд БДС-ийн дипломтой төгсөөд, Соёлын яамны томилолтоор ДБЭТ-т ирж байлаа.
Тэгэхэд театрын найрал дуучдын дунд мэргэжлийн дуучин байсангүй. Энэ мэргэжлээрээ найман жил ажилласан. Ингэж байтал 1987 онд Москвагийн ГИТИС-д дуурийн найруулагчаар сургахаар явуулсан. Мөн л тухайн үеийн бодлого л доо. Л.Эрдэнэбулган найруулагч намайг ажиглаад л явсан юм билээ. Ингэж дуурийн мэргэжилтэй найруулагч болсон. Социализмын үед энэ мэргэжлээр бэлтгэсэн боловсон хүчний сүүлийг мушгисан байх шүү. Надаас өмнө Ё.Цэрэндолгор гуай тэр сургуулийг эл мэргэжлээр дүүргэсэн.
Л.Эрдэнэбулган багш маань тэр үеийн Ленинград хотын урлагийн их сургуульд мөн л дуурийн найруулагчаар сурч, төгссөн. Л.Эрдэнэбулган багш бид хоёр театртаа ерөнхий найруулагчаар ажилласан. Энд нэг зүйл дурдахад, мэргэжлийн сургуулийг нь төгсөөгүй ч өөрийн авьяас билгээр дуурь найруулан, тавьсан Ц.Пүрэвдорж, Х.Уртнасан, Д.Жаргалсайхан гуай нарын алт шиг мундаг дуучид байлаа.
Театрынхаа түүхээс энд товчхон дурдахад, энэ ягаан өргөөний зургийг Чех, Германы мэргэжилтнүүд гаргаж, дайнд олзлогдож ирсэн япон цэргүүд барьж, 1950 онд ашиглалтад оруулаад, арванхоёрдугаар сарын 30-нд нь “Учиртай гурван толгой” дууриар хөшгөө нээсэн юм билээ. Нээлтийн үеэр эл дуурийн 1000 дахь тоглолт таарсан нь бас л сонирхолтой түүх. Дуурь болон драмын театр хамтдаа байсан тэр үед Хөгжимт драматик театр гэдэг байсан.
1963 онд энэ хоёрыг салгаснаар Дуурь, бүжгийн театр эндээ үлдсэн. Үүнээс нэлээд хожуу “эрдмийн” гэсэн тодотголтой болсон. Энэ бүхнийг тайлбарласны учир нь, манай театр байгуулагдсан оныг 1950 гэж тооцох болсон. Өмнө нь 1963 онд байгуулагдсан гэдэг байсан юм.
1960-аад оны сүүлч хүртэл найруулагч, удирдаач, зураач гэсэн хэдхэн мэргэжилтэнтэй, бусад нь дан авьяас билгээрээ шалгарч орсон шижигнэсэн уран бүтээлч байсан. 1970-аад оноос үндэстний мэргэжилтэй боловсон хүчин олноор бэлтгэгдэн ирсэн. 1960-аад онд ЗХУ-д бэлтгэгдсэн Пүрэвдорж, Цэвэлсүрэн, Загдсүрэн, Хайдав, Банди нарын дараа Болгарт сурсан Жаргалсайхан, Уртнасан, Баадайжав, Ерөө, Бүтэд, Жамъянжав, Готов гээд сайхан дуучид байлаа.
Бүжигчдийн хувьд 1960-аад онд Ташкентад эхлэн бэлтгэгдэж, дараа нь Пермь, Киевт төгсөгчид ирсэн. Ингэж явсаар 1990 он гэхэд чадвалаг уран бүтээлчдийн бааз суурьтай болсон байсан. Бараг оргил үе гэж болно. Ийм олон авьяастантай байсан учраас дэлхийн сор бүтээлүүдийг зоригтой тавьж, тоглодог болсон. Тэдгээр нь ёстой л монгол хүний генийн чадвараар хийсэн бүтээл. Ингээд нийгэм солигдох үед театраа орхисон нь нэлээд бий.
Энэ мэтээр театрын амьдралыг мэргэжлийн зүгээс харахад олон өнцөгтэй. 2010-аад оны үеэс нийгэм, улс төр бужигнаж эхлэхэд урлагийн байгууллагуудад тэр давлагаа нөлөөлж, мэдрэгдсэн. Намын томилгоогоор удирдлагад хүмүүс орж ирсэн. Энэ салбарыг ойлгохгүй, сонгодог урлаг мэдэхгүй хүн удирдаад эхлэхээр мэдээж ажил доголдоно. Уг нь театрт багаасаа бэлтгэгдсэн мэргэжилтнүүд ажиллах учиртай. Өмнөх үед тийм л байсан.
-Та дуурийн хэчнээн бүтээл найруулан, тайзнаа тавьж, амилуулсан бэ. Тэдгээрээс өнөөдөр хэдийг нь тоглож, хэчнээн нь урын санд “хэвтэж” байгаа бол. Одоо үзэгчдэд хүргэмээр байна гэсэн бүтээл тань юу вэ?
-Манай театрт 1960-аад оноос Оросын хөгжмийн зохиолчдын дууриуд тавьсан байдаг. 1970-аад оны үеэс Италийн бүтээлүүдээс тавьж эхэлсэн. Би төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үед энэ мэргэжлээрээ ажиллаагүй учраас төлөвлөгөөнд шахуулж байсангүй. Харин А.Эрдэнэбулган багш 20 гаруй дуурь “эх барьсан”. Миний хувьд санхүүгийн хямралтай үеийн найруулагч учраас олон дуурь тавиагүй. Дахин найруулсан, сэргээсэн гэдэгтэйгээ нийлээд есөн дуурь байна.
Би сургуулиа төгсөж ирээд 1993 онд А.Моцартын “Увдист лимбэ” дуурийг найруулан, тавьсан. Дуулаачдын ур чадварыг харуулдаг “Увдист лимбэ” бол зингшпиль буюу хөгжимт драмын төрөлд багтдаг бүтээл. XVIII зуунд Австри, Германд үүссэн энэ төрлөөр том бүтээл туурвисан нь Моцарт л байдаг юм. Рихард Вагнер бол түүний дараагийн үеийнх.
Энэ мэтээр би ГИТИС-д Наталия Ильинична Сац багшаасаа маш их зүйл сурсан. Наталия Сац бол Оросын хөгжмийн театрын таван том найруулагчийн нэг байлаа. Тэрбээр дэлхийн театруудад учирдаг бэрхшээл, түүхийг шинжлэх ухаанчаар тайлбарлан, сургасан.
“Увдист лимбэ”-ийг манай үзэгчид маш сайхан хүлээн авсан. Дуурийг хүмүүс ойлгохгүй “орилдог” гээд төвөгшөөх нь бий. Харин “Увдист лимбэ” их өөр, гол үйл явдлыг яриагаар зангиддаг учраас илүү ойлгомжтой байдаг. Хөгжмийн хувьд ч гайхалтай. Ингэхдээ би Наталия Сац багшийнхаа зөвлөснөөр өөрийн орны онцлогт тохируулан, монгол хэв маягтай тавьсан юм.
Тайзан дээр Гандантэгчинлэн хийд харагдаад, монгол дээлийн загвартай хувцастай дуулаад эхлэхээр хүмүүс гайхсан. Гэхдээ үзэгчдийн зүгээс элдэв шүүмжлэл ирээгүй. Харин ягаан байшин дотроосоо, урлагийн мэргэжилтнүүд “Сонгодог урлагийг гутаалаа. Монгол дээл өмсгөлөө” зэргээр шүүмжилсэн. Тэгэхээр театрт сэтгэлгээний хувьсгал хэрэгтэй юм байна гэж бодсон. Энэ бол оюун, сэтгэлгээ, мэдрэмжийн асуудал шүү дээ.
-Магадгүй та цаг үеэсээ жаахан урьтсан учраас цочирдож хүлээж авсан юм болов уу. Найруулагч Н.Наранбаатарыг “Ромео, Жульетта” жүжгийг сонгодог хэлбэрээс нь хазайлгалаа, дэндүү орчин үеийн тавилттай байна гэж шүүмжилсэн нь бий. Гэхдээ шинэлэг байсанд талархан хүлээн авсан нь хувь илүү.
-Дөнгөж ухаан орж байгаа хүүхэд “хоёрдугаар” суваг үзсэнтэй адил болсон байх. Магадгүй цагаасаа урьтсан учраас цочирдсон байж мэднэ. Ингээд тэр дуурийг хэдхэн удаа тоглоод, больсон. Дараа нь 2000 он гаргаад “Увдист лимбэ”-ийг би дахин найруулсан. Ингэхдээ жаахан “зөөллөөд” еврази маягтай тавьчихсан.
Сонирхуулаад нэг түүх ярихад, миний тавьсан анхны хубилбарыг хэдэн герман жуулчин үзсэн юм билээ. Тэд надтай уулзаж, баяр хүргээд баруунд тоглох боломжтой, эсэхийг асуугаад “Барууны орнуудад энэ дуурийг олон янзаар тавьсан, бүр хувцасгүй ч тоглож байсан. Танай энэ хувилбар тун шинэлэг юм” гэсэн. Харамсалтай нь, бидэнд тийм боломж, хөрөнгө мөнгө ч байгаагүй үе шүү дээ.
Үүнээс нэлээд хожуу би Австри улсад явж байхад тэндхийн нэлээд нэр хүндтэй урлагийн зүтгэлтэн нь “Монгол язгуур урлаг дэлхийд өөр хаана ч байхгүй ховор, гайхалтай зүйл. Та бүхэн үүнийгээ л өндөр түвшинд авч явах ёстой. Харин гадаадын урлагийн санааг нь, хөгжим, зохиолыг нь эвдэлгүй сайн илэрхийлж, өөрийн өнгө төрхөө шингээгээд, хөгжүүлж болно” гэж хэлсэн.
-Одоо эл дуурийг дахин тавибал та ямар өнгө төрхтэй болгох бол. Анхны тавьснаасаа илүү “аймаар” импровизац хийх үү, эсвэл сонгодог хэлбэр рүү нь дөхүүлэх үү?
-2019 онд дахин тавина гэж төлөвлөсөн. Гэхдээ цоо шинээр найруулахгүй. Тийм боломж ч байхгүй хөрөнгө мөнгөний хувьд. Хамгийн хялбар, хурдан аргаар хуучнаа сэргээн тоглоно. Миний найруулан, тавьсан А.Моцартын “Увдист лимбэ”, И.Штраусын “Сарьсан багваахай” бүтээлийг 2013 онд театраас гарснаас минь хойш нэг ч тоглоогүй юм билээ, магадгүй тэр үеийн удирдлагын шийдвэр байх. Дэлхийн хөгжмийн урлагийг шинэ түвшинд гаргасан агуу бүтээлчдийн эдгээр бүтээлийг ирэх онд урын сангаасаа гаргаж тоглоно.
-Өдгөө Соёл урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат ДБЭТ-ыг хамгийн хүнд хэцүү үед нь удирдаж явсан хүн. Та бүхний жаргал, зовлонг сайн мэддэг хүн “толгой” дээр байхад дэмжиж ажиллах байх.
-Г.Эрдэнэбат энэ театрыг хүнд хэцүү үед нь маш зөв залсан, дараа нь Б.Сэргэлэн дарга үнэхээр сайн менежменттэй, өндөр түвшинд авч явсан шүү дээ.
Одоогоор бид ажлаа эхлээгүй байгаа тул ингэнэ, тэгнэ гэж ярих боломжгүй. Гэхдээ биднийг нэвт мэддэг хүн байгаа учраас “Одоо яах бол. Юу ч мэдэхгүй нөхөр тэндээс, эндээс нөлөөлчих болов уу” гэж айхгүй байна.
-Та хоёр, гурван үеийн маэстротой хамтран ажилласан. Хамгийн их гар нийлдэг удирдаач тань хэн бэ?
-Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү. Бид олон уран бүтээлд хамтран ажилласан. Элдэв хэл амгүйгээр бие биеэ ойлгодог. Мөн Урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Баатаржав гуайтай гар нийлэн ажилладаг байлаа.
-Урлагийг ойлгон, дэмждэг үзэгчдээ, тэдний халааг бэлтгэх нь театр хөгжсөн улс болгонд чухалд тооцогддог. Энэ театр ч өөрийн гэсэн үзэгчидтэй болж, төлөвшсөн байлаа. Үүнд мөнөөх л уран бүтээлчид чухал үүрэгтэй. “Өнөөдөр тэр дуулна, бүжиглэнэ” гэж нэр цохон ирдэг үзэгч цөөрсөн байх шиг.
Өчнөөн сайхан дуулаач, гоцлоочдоо театраасаа бараг хөөчихсөн нь ийм байдалтай болгосон гэх нь бий. Өмнө нь энэ айлд данстай байсан авьяастай, мэдлэгтэй ахмад болон залуу уран бүтээлчдээ урьж ажиллуулах төлөвлөгөө танд бий юү?
-Өнөө, маргаашдаа шийдэхэд амаргүй асуудал л даа. Яваандаа цэгцрэх байх. Театрын удирдлага маань энэ талаар санаачилгатай ажиллаж байгаа. Өдгөө эндээ байхгүй уран бүтээлчидтэйгээ эхнээс нь уулзаад, саналыг нь сонсож л байна. Дэлхийн хэмжээний гоцлооч нар маань энд тэнд гэрээтэй ажиллаж байгаа учраас даруй ирчихнэ гэхэд хэцүү. Харин завсар зайгаараа хүрээд ирэхэд нь дэлхийн түвшинд байлгахад анхаарах ёстой.
Өнөөдөр манай театрт хэрэгцээтэй мэргэжилтнүүд өчнөөн дутуу байгаа. Хөгжмийн редактор, ноот бичээч, туслах найруулагч алга. Ерөнхий найруулагч нь өөрөө хөтөлбөрөө компьютерт шивээд сууж байна. Ингэхээр хэзээ, хаагуур нь бодлогын ажлаа хийх юм бэ.
Дуурийн найруулагчийн залгамж халаагаа бэлтгэхгүй бол тасрах нь. Консерваторид энэ чиглэлээр анги нээхээр хөөцөлдсөн ч энэ жилдээ бүтэхгүй боллоо. Консерватори маань шинэ тутам гэдгийг бас ойлгох хэрэгтэй.
-Урлагийнхан, ялангуяа сонгодог театрынхан нийгмийг соёлжуулж, гэгээрүүлж, үлгэрлэх учиртай. Миний ажигласнаар энэ ягаан байшинд байгаа зарим залуу уран бүтээлч ёс зүйгүй, бусдыг үл хүндэлдэг, мэндэлж, хүндэлж сураагүй, бүдүүлэг байх шиг. Биширч дээдлэх ёстой ахмадуудаа “харахгүй”, хөлөө жийж суучихаад бараг дэгээдэх шахсан тохиолдлыг би хэдэнтээ харсан.
Энэ нь биеэ тоох хандлага уу, хүмүүжлийн доголдол уу. Ийм сайхан өргөөнд түүхий орж ирсэн ч явцын дунд бөөрнөөсөө ягаарч, боловсрох ёстой гэж ойлгодог. Таныг энэ тал дээр анхаарч ажиллаасай гэж хүсэж байна.
-Үнэхээр тийм шүү. Дээхнэ үед бид орчныхоо нөлөөнд өөрийгөө боловсруулж, суралцаж, бөөрнөөсөө улайж явсаар “помидор” болдог байлаа. Тэр үед олон улаан “помидор” байж. Өнөөдөр түүхий нь олон болж. Нийгэм маань ерөнхийдөө харанхуй байна. Тэгэхээр оюун сэтгэлгээ, мэдлэг, ухамсар, боловсрол, ёс суртахуун, гоо зүйн тухай асуудалд нэн түрүүнд анхаарч, ажиллах ёстой. Бас нэгнийгээ тоохоо больсон хандлага байна.
Театрын уран бүтээл гэж ярихаасаа илүүтэй залуу үеийнхнийхээ дотоод мөн чанар, оюун санаа, ёс зүйг нь гэгээрүүлж, эрүүлжүүлэхэд анхаарах асуудал тулгарчээ. Залуучууд маань авьяастай, үүнтэй хэн ч маргахгүй. Харин хүмүүжлийн тал дээр мэдэхгүй зүйл их байх шиг. Тэгэхээр тэдэнд мэдүүлж, таниулж, сургах нь л чухал.
Цаашид оршин тогтнохын тулд уран бүтээлчээ хүнийх нь хувьд төлөвшүүлэх хэрэгтэй. Би ч бас тантай адил бодолтой байгаа учраас театрынхнаа гэгээн болгох, дотоод бүтэц, дэг журам, стандарт бий болгохын төлөө ажиллана. Энэ бол миний ойрын зорилт.