БНСУ-ын өмгөөлөгч Паг Бом Илтэй ярилцлаа. Тус улсад ажиллаж, амьдарч буй олон монгол хүнд тусалж, хууль зүйн зөвлөгөө өгөхөөс эхлээд, хуулийн хүрээнд эрхээ эдлэх боломжоор нь хангахад анхаардаг тэрбээр “Глобал” хууль зүйн товчооныхоо салбарыг Монголд нээж байгаа аж. Энэ талаар болон тус улсад монголчууд маань ямар асуудалтай түлхүү тулгардаг талаар түүнээс асууж, тодруулсан юм.
-БНСУ-д амьдардаг монголчуудад таныг их тусалдаг гэж олон хүнээс сонссон. Яагаад монголчуудтай холбогдов. Улаанбаатарт хууль зүйн товчоо нээх болсон шалтгаан тань юу вэ?
-Манай “Глобал” хууль зүй, өмгөөллийн товчоо маань Сөүл хотод, бүр тодруулбал, “Монгол таун”-ы хажууханд “Тундэмүн” төвд үйл ажиллагаагаа явуулдаг. Ойрхон болоод ч тэр үү, монгол хүмүүс ирж, туслалцаа хүсэж, хуулийн зөвлөгөө авдаг. Ихэвчлэн цалингаа авч чадаагүй, ажил хийж байгаад бэртэж, гэмтсэн болон тодорхой хэмжээнд өмгөөлөл хүссэн хүмүүс хуулийн зөвлөгөө авахаар ирдэг. Ингэж явсаар би Монголын тухай, хууль эрх зүйн орчных нь талаар сонирхох болсон.
Манай улсад хөдөлмөрлөсөн хөлсөө авч чадаагүй зэрэг ямар нэг байдлаар эрх нь зөрчигдсөн монгол хүмүүст туслах, асуудлыг шийдэх боломжийн талаар судлахад Монголд виз олголт ямар байдаг, монголчууд ямар нөхцөл байдлаар БНСУ-д ирдгийг мэдэх, судлах хэрэгтэй юм байна гэж бодсон. Монголд хэдэнтээ ирж, эцэст нь Улаанбаатарт салбараа нээснээр хүмүүст чирэгдэл багатайгаар туслах, хуулийн зөвлөгөө өгөхөөр шийдсэн. Бид зөвхөн монголчуудад зөвлөгөө өгөөд зогсохгүй танай улсад үйл ажиллагаа явуулдаг солонгос иргэддээ ч хуулийн хүрээнд туслах зорилготой.
-Та өмгөөлөгчөөр хэдэн жил ажиллаж байна вэ. Хамгийн анх танд хандсан монгол хүн ямар шалтгаантай байв. Түүнийг нь хэрхэн шийдвэрлэсэн бол?
-Би хуулийн сургуулийг өмгөөлөгч мэргэжлээр төгсөөд, энэ чиглэлээрээ долоон жил гаруй ажиллаж байна. Монгол хүмүүст хуулийн зөвлөгөө өгч, боломжийнхоо хэрээр тусалсаар гурван жил болжээ.
Манай улсад ажиллаж, амьдардаг байсан нэг монгол эмэгтэй автын ослоор нас баржээ. Даатгалын мөнгө нь нэлээд өндөр дүнтэй гарсан. Түүний хүүхдийг хэн өсгөх, асран хамгаалагч нь хэн байх, өв хөрөнгийг нь хэн өвлөн, эзэмших талаарх маргаантай асуудлаар анх хандаж, зөвлөгөө авахыг хүссэн юм. Тэр эмэгтэй солонгос хүнтэй гэр бүл болоод, салсан байж. Тиймээс цаашид хүүхдийг аав нь өсгөх үү, эсвэл багаас нь хамт амьдарч, асран хамгаалж ирсэн монгол эмээ, өвөө нь үргэлжлүүлэн өсгөх үү гэсэн маргаан үүссэн. Энэ асуудлыг шийдэхийн тулд эмээ, өвөө нь БНСУ-д ирэх зайлшгүй шаардлагатай. Гэтэл гурван сарын хугацаатай, аяллын ангиллын визээр ирэх боломжгүй учраас өөр гарц байгаа, эсэх талаар тусламж хүссэний дагуу асуудлыг нь шийдэж өгсөн.
-Та түрүүн Монгол дахь виз олголт болон БНСУ-д очиж буй монголчуудын бичиг, баримтын талаар сонирхон судалсан гэлээ. Манайхан хуурамч, бүр тодруулбал, бусдын бичиг баримтаар, эсвэл нэрийг нь ашиглан зорчсон зөрчил, хэрэгтэй та таарч байв уу?
-Тийм хүмүүстэй таарч байсан. Тэдэнд зөвлөгөө л өгөхөөс биш, манай хууль зүйн товчоо гэрээ байгуулж, асуудлыг нь шийдсэн тохиолдол байхгүй.
-Өнгөрсөн хугацаанд та хэчнээн монгол хүнд тусалж, зөвлөж, хэдийнх нь асуудлыг шийдсэн бол. Тэдгээрийн дотор хамгийн сонин, эсвэл ээдрээтэй хэрэг нь юу байв?
-Маш олон хүн бидэнд ханддаг. Зөвхөн монгол гэлтгүй БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа гадаадын иргэд бас тусламж хүсдэг юм. Жишээ нь, Узбекистан, Киргизтан, Казахстан, Вьетнам, Хятад, Орос зэрэг олон орны иргэд бий. Тэд ч хөдөлмөрийн хөлсөө авч чадаагүй, ажлын байрандаа болон автын ослын улмаас бэртэж, гэмтсэн, солонгос хүнтэй гэр бүлээ цуцлуулах, үл хөдлөх хөрөнгийн маргаан гэхчилэн олон асуудлаар зөвлөгөө авч, эрх ашгаа хамгаалуулдаг.
Тэдгээрээс монголчуудтай холбоотой хамгийн ээдрээтэй нэг хэрэгтэй тулгарсан. Зочид буудалд, ажлынхаа байранд цахилгаанд цохиулж нас барсан залуу эмэгтэйн хэрэг. Шүүх, цагдаагийн дүгнэлтээр тэр бүсгүй өөрийн буруугаас, тодруулбал, усанд орж байхдаа гар утсаараа ярьснаас болж цахилгаанд цохиулан нас барсан. Ийм дүгнэлт гаргаж, хэргийг хаасан байжээ. Гэтэл талийгаачийн гэр бүлийнхэн бидэнд хандаж, “Талийгаач тэр зочид буудалд ажилладаггүй байсан. Таньдаг, солонгос эгчтэйгээ уулзах гэж очоод, ийм золгүй байдлаар нас барлаа. Шүүхийн шийдвэрийг эргэн харах боломжтой юу, туслаач” гэж хүссэн.
Ингээд “Бүсгүй таньдаг хүнтэйгээ уулзахаар очсон гэдгээс илүүтэй тэр зочид буудлын эзний өөр нэг буудалд талийгаач ажилладаг байсан юм биш биз. Тэр газарт нь ийм явдал болсон уу” гэсэн сэжүүрээр таамаг дэвшүүлсэн. Хэрэв үнэхээр тийм бол хөдөлмөрийн аюулгүй байдлын талаар ажил олгогч нь анхааруулсан уу, ажлын байрны аюулгүй байдлаа хэр хангасан бэ зэрэг асуудал гарна. Үүнээс гадна ажлаа хийж байгаад нас барсан бол хуулийн дагуу нөхөн олговорын асуудал ч сөхөгдөх учиртай. Энэ бүхнийг үндэслээд хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр хуулийн байгууллагад хандаад байна.
Энд нэг зүйл онцлоход, хэрэг гарсан даруйд бидэнтэй холбогдсон бол одоогийнх шиг төвөгтэй байдалд орохгүй. Харамсалтай нь, шүүхийн шийдвэр гарснаас зургаан сарын дараа хэргийг задлуулахаар асуудал нэлээд бэрх байдаг. Хэргийг хэн нэгний хүсэлтийн дагуу задалдаггүй. Ингэхийн тулд шинэ баримт нотолгоо заавал хэрэгтэй. Тиймээс бид боломжтой бүхнийг хийж, хичээж байна. Үнэхээр харамсалтай, бас амаргүй хэрэг.
-Үүнтэй адил нэгэнт шүүхийн шийдвэр гарчихсан хойно танайд хандаад, улмаар хавтаст хэргийг задлуулсан өөр тохиолдол бий юү?
-Иймэрхүү тохиолдол нэлээд гардаг. Учир нь солонгос хэл сайн мэдэхгүйгээсээ болоод гадаад хүмүүс өөрийгөө ойлгуулж чадахгүй, болсон явдлын талаар хангалттай мэдээлэхгүй, эсвэл буруу ойлгуулах нь бий. Үүнээс гадна тухайн хэрэг явдлыг харсан гэрчүүдийн мэдүүлэг чухал. Гэрчүүд мөн л хэлний асуудлаас болж буруу, зөрүү ярих, эсвэл хууль бусаар оршин суугаа бол баригдахаас айгаад мэдүүлэг өгөхгүй зугтах зэрэг хүндрэл гардаг. Үүнээс болж гэрчгүй, нотлох баримтгүйн улмаас мөрдөн байцаалтад саад учрахаас эхлээд тухайн хүн хилс хэрэгт холбогдох нь бий. Жишээ нь, нэг гадаад эмэгтэй солонгос нөхөртөө зодуулаад хөл нь хугарч байжээ.
Тэд гэр бүлээ цуцлуулах болоход эмэгтэй өргөдөлдөө энэ талаар бичсэн ч нотлох баримт байхгүйн улмаас батлах боломжгүй. Учир нь тухайн үед эмнэлэгт очоод, унаад бэртчихлээ гээд хэлчихэж. Тэр үед салах тухай бодоогүй учраас зодуулсан гэж хэлэхийг хүсээгүй, эсвэл нөхөр нь хамт явж байсан учраас зүрхлээгүй бололтой. Хөлөө хугалж байсныг нь эмчийн бичиг, эмнэлгийн баримт баталж болох ч нөхөртөө зодуулсныг нь гэрчлэхгүй шүү дээ. Ингээд гэр бүлээ салгахаас өөр аргагүйд хүрсэн шалтгаан, нотлох өөр баримтгүй бол өөрөө буруудах эрсдэлтэй. Нөхрийн талынхан өөрийн хүнээ л өмгөөлж, хамгаалахаас гадаад бэрээ гэхгүй шүү дээ, ихэнх тохиолдолд.
-“Глобал” хууль зүйн товчоо Монголд хэзээнээс үйл ажиллагаагаа эхлэх бол, ямар бүрэлдэхүүнтэй байх вэ?
-Бид өнгөрсөн тавдугаар сард оффисоо нээлээ, одоогоор дөрвөн хүний бүрэлдэхүүнтэй. Монголын өмгөөлөгчид, холбогдох байгууллагуудтай хамтран ажиллана. БНСУ-д зорчих монголчуудад визийн болон бусад зөвлөгөө өгөхөөс гадна тэнд ажиллаж байхдаа цалингаа авч чадаагүй болон өөр ямар нэгэн асуудалтай буцаж ирсэн, үүнээс гадна манай улсын хуулийн байгууллагаар шийдүүлэх асуудалтай хүмүүст туслах зорилготой.
-БНСУ-д шийдүүлж чадаагүй, тухайлбал, хөдөлмөрлөсөн хөлсөө ямар нэг байдлаар авч чадалгүй эх орондоо нэгэнт ирчихсэн хүмүүст туслах юм уу. Мөн гурван сарын аяллын визтэй хэрнээ ажил хийгээд, тогтоосон хугацаандаа ирсэн хүмүүс цалингаа аваагүй тохиолдол нэлээд байдаг гэсэн. Тийм хүмүүсийн хохирлыг барагдуулж, цалинг нь олгуулах боломж хэр байдаг бол?
-Аяллын визээр зорчихдоо тухайн улсад ажил хийх нь хууль бус. Хэдий тийм ч гэсэн тэр хүн ажил хийсэн л бол цалинг нь өгөх ёстой. Энэ талаар манай Хөдөлмөрийн хуульд тодорхой заасан байдаг. Тиймээс БНСУ-д ажилласан цалин хөлсөө авч чадалгүй Монголдоо ирсэн хүмүүст бид хуулийн хүрээнд тусална, визийн хугацаанаас үл хамаараад. Үүнээс гадна БНСУ-д хууль бусаар оршин сууж, ажиллаж байгаад өөрийн хүсэлтээр (Цагаачлалын албанаас зарласан хугацаанд) гарч явсан хүн дахин виз хүсэх тохиолдолд тодорхой хөнгөлөлт үзүүлэх боломжуудыг бид судалж, туслах тал дээр анхаарна.
-“Хараар” амьдарч байгаад ирсэн тохиолдолд таван жилийн хугацаанд виз мэдүүлэх боломжгүй шүү дээ. Тэгэхээр заасан хугацаанд сайн дураараа Солонгосоос гарсан бол таван жилээс өмнө дахин виз хүсэх боломжтой гэсэн үг үү?
-Яг тэгж ойлгож болохгүй. Хууль бусаар ажиллаж байгаа гадаадын иргэдийг ямар нэгэн торгуульгүйгээр буцаах, өөрөөр хэлбэл, заавал баригдаж биш, сайн дураараа явах боломж бүрдүүлэх зорилгоор жил бүр өршөөлийн гэх хугацаа зарладаг. (Энэ жилийн хувьд 10-12 дугаар сард зарласан). Хууль бусаар оршин суусан хугацаа нь бага бол дараагийн удаа виз мэдүүлэхэд нь тодорхой хөнгөлөх боломж буюу үүнийг Засгийн газраас тогтоохдоо харж үздэг гэсэн үг. Зарим тохиолдолд хугацаагаа хэдхэн хоног хэтрүүлчихдэг. Тэгсэн ч виз олгох тохиолдол бий. Энэ онд өршөөлийн сарын хүрээнд Солонгосоос гарсан хүмүүст дараань виз олгохдоо нэлээд хөнгөлөлт үзүүлж магадгүй талаар дуулдаад байгаа. Шийдвэр нь хараахан гараагүй болохоор ингэнэ, тэгнэ гэж ярих боломжгүй. Нэг зүйлийг дурдахад, визийн зөрчилгүй, тэнд байх хугацагаа хэтрүүлээгүй ирсэн ч зарим хүнд өөр ямар нэгэн шалтгаанаар дахин виз олгоогүй тохиолдол гардаг. Ийм асуудалтай хүмүүст бид зөвлөгөө өгч, боломжийнхоо хэрээр тусална.
-Монголчууд “харлаж” үлдэх нь цөөнгүй. Манайхнаас гадна хууль бус цагаачдынхаа тоогоор ямар улс толгой цохидог бол, БНСУ-д?
-БНСУ-д олон орны хүмүүс хууль бусаар амьдарч, ажиллаж байгаа нь үнэн. Улс орнуудын найрамдалт харилцаа, нэр төртэй холбоотой учраас нэр цохох боломжгүй, уучлаарай.
-Танай улсад ял эдэлж байгаа монгол хүмүүстэй уулзаж байв уу. Монголчууд маань ямар хэрэгт холбогдсон байна вэ?
-Хэрэлдэж, маргалдсаны улмаас нэгнийгээ мэсээр гэмтээсэн, ийм шалтгаанаар хүний амь хохироосон, хулгай болон дээрмийн хэрэгт холбогдоод ял эдэлж байгаа хүмүүсээс гадна бусдын картаар дэлгүүрээс худалдаа хийх гэж байгаад баригдсан тохиолдол бий. Мөн авто машины осол гаргаж, бусдын амь бүрэлгэсэн хүн ч байгаа. Монголд бол нэг их тоолгүй өнгөрч болохоор, жишээлбэл, хамт баярлаж, ууж, идэж суугаад нэгнийгээ цохиод авдаг.
Гэтэл үүнийг нь солонгос хүн танхайрч байна гээд хуулийн байгууллагад гомдол гаргадаг тохиолдол бий. Мөн хэл мэдэхгүйгээсээ болж хэрэг төвөгт орооцолддог. Буруу хэрэг хийчихээд нуугдах, гар утас болон амьдардаг газраа өөрчилснөөр баригдахгүй, цаг хугацаа өнгөрөхийн хэрээр мартагдана гэсэн ташаа ойлголт монгол хүмүүст байдаг. БНСУ-ын хууль хатуу. Нуугдаж, бултсанаар асуудлыг шийдэхгүй. Энэ мэтээр өөрөөсөө шалтгаалах жаахан зүйлээс болж 3-5 сая хүртэл воноор торгуулахаас эхлээд баривчлагдан, нутаг буцах тохиолдол цөөнгүй гардгийг монголчууд анхаараасай.
Энэ бол БНСУ-д очихоор төлөвлөсөн хэн бүхэнд хамаатай. Би ярилцлагаараа хүмүүст үүнийг хүргэхийг хүссэн. Хэрвээ манай улсад очихоор бэлтгэж байгаа бол солонгос уламжлал, соёлын талаар боломжийнхоо хэрээр мэдэж, танилцахыг зөвлөж байна. Нөгөөтэйгүүр нэг хүний алдаанаас болж тэнд ажиллаж, сурч байгаа монголчуудын нэр төр сэвтэх, бусдынхаа боломжийг хааж байгаа гэдгийг санаж яваасай. Өөр нэг анхаарах зүйл гэвэл, “Бидэнд итгэж болно. Ажилд оруулж өгнө, цалин хөлсийг чинь шийдэх боломжтой” гэсэн солонгос хүмүүс болон зуучлагчдын дунд худлаа амладаг нь бий гэдгийг санаж явах хэрэгтэй. “Наашаа” гэсэн болгонд итгэж болохгүй, болгоомжлоход илүүдэхгүй гэсэн үг.
-Манай иргэд тэнд иргэний болон эрүүгийн хэргийн алийг нь илүү хийж байна вэ?
-Эрүүгийн хэрэгт холбогдсон нь олон байдаг.
-Сүүлийн үед БНСУ-д ажиллаж, амьдрах сонирхолтой монгол хүн олширчээ. Энэ утгаараа бизнесийн виз хүсдэг. Энэ төрлийн виз хүсэгчид хөрөнгө оруулах дээд, доод хязгаарыг их сонирхдог юм билээ. Мөн ийм виз авсан тохиолдолд солонгос иргэдийн адил бүх даатгалд хамрагдаж, хөнгөлөлт эдэлдэг үү?
-Бүх төрлийн даатгалд манай иргэдтэй адил хамрагдана.
-Монголд ажиллаж, амьдардаг болон ийм хүсэлтэй солонгос иргэд ихэвчлэн ямар асуудлаар хандаж байна вэ?
-Монголд үйл ажиллагаа явуулах хүсэлтэй иргэд маань чухам ямар салбарт хөрөнгө оруулах, ажлын байр хэрхэн олох, түрээслэх талаар их сонирхдог бол энд байгаа нь ажилтнуудаа сонгох, татварын талаар, хамтран ажиллах гэрээгээ зөрчсөн ажилчинтайгаа “хэл амаа” хэрхэн ололцох вэ гэхчлэн янз бүрийн асуудлаар бидэнтэй холбогддог.