Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банктай хамтран хийсэн “Ядуурлын дүр төрх” судалгаагаар Монгол Улсын нийт хүн амын 30 хувь нь буюу гурван хүн тутмын нэг нь ядуу амьдарч байна гэсэн дүн гарсан. Мэргэжлийн хүмүүс манайхтай ойролцоо хэмээн үзэж, харьцуулан судалдаг Шри Ланкад ядуурал 4.1 хувьтай байгаа гэхээр монголчуудын амьдралын түвшин, чанар ямар байгаа нь илүү тодорхой болох биз ээ.
60 гаруй сая малтай, байгалийн асар их баялагтай хэмээн цээжээ дэлддэг атлаа ядуурал яагаад ийм өндөр байна вэ. “Ядуурлын шалтгаан хаана, юунд байна вэ” гэсэн асуултад хөтлөгдөж, албан тасалгааны цонхоор бус, ард иргэдийн дундаас амьдрал ямар харагдаж байгааг сурвалжлахаар “Амьдрал сайн уу” цувралаа эхлүүлсэн билээ. Уг цувралаар бид амьдралын гүнд орж, иргэд хэрхэн аж төрж байгааг харуулах, ядуурлын шалтгаан, нөхцөлийг тодруулах зорилго тээсэн.
Ядуурлыг дагнан судалдаг албаны хүний үгийг энэ удаа хүргэхээр Үндэсний статистикийн хороог зорилоо. Хүн ам, нийгмийн статистикийн газрын мэргэжилтэн С.Болормаа улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүйгээр эдийн засаг, нийгэм, хүн ам зүйн талаарх шинжлэх ухааны арга зүйгээр тооцсон, үнэн бодит мэдээлэл, судалгаагаар төр, засаг, иргэн, байгууллагад адил тэгш үйлчлэх зорилготой төв байгууллагад 2006 оноос ажилласан. Тэрбээр өрхийн нийгэм, эдийн засгийн судалгаагаар дагнан ажиллаж буй. Монгол Улс ядуурлын түвшинг 2007 оноос тооцож эхэлсэн бөгөөд С.Болормаа бүх судалгаанд гар бие оролцсон, энэ чиглэлээр тасралтгүй ажиллаж байгаа мэргэжилтэн юм.
-Монголд ядуурал ямар түвшинд байна вэ. Тоо худлаа хэлдэггүй гэдэг. Ойрын үед ямар өөрчлөлт гарч байгаа бол?
-Ядуурлыг хоёр жил тутамд тооцдог. 2018 оны мэдээлэл цуглуулах ажил үргэлжилж байна. Арванхоёрдугаар сарын 31-нд мэдээлэл цуглуулах ажил дуусаж, 2019 оны эхний хагаст мэдээллээ нэгтгэж, боловсруулан, үр дүнгээ тооцож гаргана. Дэлхийн банктай хамтарч зарладаг учраас тэднийх манай хийсэн тооцооллыг хянаж, аргачлал, арга зүйн дагуу тооцсон байна гэдгийг хүлээн зөвшөөрч, санал нэгдэж буйгаа илэрхийлнэ.
Ямар нэг уялдаа холбоо, хязгаарын алдаа гаргахгүйн тулд шалгахад гурван сарын хугацаа зарцуулдаг. Одоогоор хамгийн сүүлийнх нь болох 2016 оны судалгааны тооцооллыг бид 2017 оны эхний хагаст багтаан хийж, Дэлхийн банкинд хүргүүлсэн ч хариу нь ирэхгүй байсаар тухайн оны аравдугаар сард дүнгээ олон нийтэд зарласан. Тэгэхээр одоо цуглуулж буй мэдээллийн дүнг ирэх онд зарлана гэсэн үг. Хамгийн сүүлийн судалгаа гэвэл 2016 оных байна.
-2016 оны “Ядуурлын дүр төрх” судалгаагаар манай улсад ядуурал нэлээд өссөн үзүүлэлт гарчээ. Үүнд юу нөлөөлсөн гэж үзэж байгаа вэ?
-2016 онд Монгол Улсын нийт хүн амын 29.6 хувь буюу 907.5 мянга нь ядуу гэсэн дүн гарсан. Өмнөх судалгаагаар (2014 онд) 21.6 хувь гэж тооцогдож байсантай харьцуулбал найман хувиар өссөн үзүүлэлт л дээ. Энэ нь эдийн засгийн бага өсөлт, ажилгүйдэл гээд олон зүйлтэй холбоотой. Эдийн засаг 2012 он хүртэл маш өндөр өсөлттэй байсан. 2013 онд 11.6, 2014 7.9 хувиар өссөн бол 2016 онд ердөө 1.2 хувиар тэлсэн.
Эдийн засгийн бага өсөлт иргэдийн ажлын байраар хангагдах боломжийг боомилж, энэ нь ядуурал өсөхөд нөлөөлсөн. Барилга, мэргэжлийн шинжлэх ухаан болон техникийн салбарын үйлдвэрлэл 6.3-7.7 хувиар буурсан. Барилгын салбарт ажиллагсдын тоо 16.7 мянгаар цөөрсөн. Цалин, тэтгэвэр нэмэгдээгүй гэх мэтийн шалтгаан ядуурлыг өсгөхөд нөлөөлсөн гэж үзэж байгаа.
-Эдийн засаг өссөн ч иргэдийн амьжиргаа дээрдэхгүй байна гэж улстөрчид ярьдаг. Харин тоон мэдээлэл юу “хэлдэг” вэ?
-Хүмүүс янз бүрээр ярьдаг л даа. Шууд хамаарлыг тоон үзүүлэлтээр авч үзэхэд, эдийн засгийн өсөлт иргэдийн амьжиргаанд нөлөөлдөг гэж харагддаг. ДНБ өндөр байсан жилүүдэд ядуурал буурсан байдаг. Эдийн засаг өсөхөд ядуурлын түвшин буурч, эсрэгээрээ эдийн засгийн өсөлт буурахад ядуурал нэмэгддэг.
Сүүлийн хориод жилийн эдийн засгийн өсөлт, ядуурлын үзүүлэлтийг харьцуулсан тоон мэдээлэлд үндэслэж, эдийн засаг нэг хувиар өсөхөд ядуурал хоёр жилийн дараа 0.71-1.4 хувиар буурдаг гэсэн тооцоо гаргасан. Тэгэхээр ойрын жилүүдэд өсөлт бага байсан болохоор ядуурал төдийлөн буурахгүй. 2016 онд эдийн засаг нэг хувиар өссөн учраас энэ онд ядуурал нэг хувиар буурах хандлагатай гэж үзэж болно.
-Нийгмийн халамж ядууралд хэрхэн нөлөөлдөг вэ?
-Би өөрийн үзэл бодлыг биш, тоон мэдээлэл юу гэж байгааг л дамжуулж байна шүү. Судалгааны тоог харах юм бол нийгмийн халамж ядуурал өсөх үү, буурах уу гэдэгт их нөлөөлдөг. Нийгмийн халамж өсөхөд ядуурал буурч, халамж багасахад ядуурал ихэссэн дүр зураг харагддаг. Өрхийн орлого нь ядуурлыг тооцох гол үзүүлэлт учраас тэгэх нь ч зүйн хэрэг.
2012-2014 онд ядуурал буурсан. Хүний хөгжил сангийн мөнгийг иргэн бүрт олгож байх үед өрхийн орлогын өсөлт өндөр байсан. Тэр жилүүдэд ядуурал буурсан дүн гарсан. Сүүлийн жилүүдэд Хүний хөгжил сангийн мөнгийг хүн бүрт олгохоо больсон. Хүүхдийн мөнгийг ялгавартай олгодог болсон. 2016 оны хагаст хүүхдийн мөнгө өгсөн. Энэ нь ядуурал нэмэгдэхэд нөлөөлсөн.
-Халамжийн мөнгийг хавтгайруулсан нь хүмүүсийн ажил хийх сонирхлыг багасгасан гэж ярьдаг. Үүнийг нь тоон мэдээллээр гаргах боломжтой юу?
-Үүнийг тухайлж судлаагүй.
-Ядуурлын судалгааг ингэж тогтмол давтамжтай хийх нь бодлого боловсруулж, шийдвэр гаргагчдад “Нийгмийн энэ хэсэгт ингэж анхаарах ёстой” гэсэн дохио, чиглэл өгдөг болов уу?
-2007 он хүртэл ядуурлыг 3-5 жилд нэг удаа ядуурал тооцдог байсан. 2010 оноос жил бүр тооцсон ч энэ нь маш их хөрөнгө, хүн хүч шаарддаг учраас УИХ-ын үйл ажиллагааг дүгнэх үүднээс, тэгш тоотой жилүүдэд, хоёр жил тутамд явуулах болсон. Ингэснээр тухайн Засгийн газрыг ажил авахад ямар байсан, дунд нь хэр болсон, хугацаа нь дуусахад хаана очсон бэ гэдгийг харах боломжтой. Манай судалгааг Засгийн газар, бодлогын яамд авч ашиглаад, ядуурал аль бүсэд өндөр байгааг харж, ядуурлыг бууруулах, амьжиргааг дэмжих хөрөнгөө хуваарилдаг.
Манай тоон мэдээллийг авч ашиглаж, бодлого хөтөлбөртөө тусгаж, бодит үр дүн болгодог хүмүүс нь ХНХЯ-ныхан. Тэднийхнийг харж байхад юу ажиглагддаг вэ гэхээр ядуурлыг бууруулах чиглэлээр ямар нэг ажил хийж байгаад, нам солигдоход нөгөө ажил нь зогсдог. Нөгөө намын үзэмжээр өмнөх ажлыг өөрчилж, бүр зогсоож, өөр ажил эхлүүлдэг. Залгамж чанаргүй, намчирхсан, улс орны биш, өөрсдийн эрх ашгийг бодсон энэ байдал нь ажлыг удаашруулж, бодит үр дүн гарахад сөргөөр нөлөөлдөг гэж боддог.
-Боловсрол ядууралд хэр нөлөөлдөг бол?
-Их нөлөөлдөг. Бид судалгаандаа боловсролын байдлыг тусгадаг. Боловсролын түвшин өндөр байх тусам ядууралд өртөх нь бага байгаа нь харагддаг.
-Ядуурлыг тооцохдоо ямар үзүүлэлтийг голлодог вэ?
-Хэрэглээн дээр үндэслэн тооцдог. Өрхийн нэг хүн сард хэдэн төгрөг зарцуулж байгааг тооцож, ядуурлын шугам (2016 оны байдлаар нэг хүн сард 146 145-аас дээш төгрөг зарцуулж байж ядуурлын шугамнаас дээш гарахаар тооцсон байна)-ны хаана байгааг тодорхойлдог. Үүнийг тооцохдоо хүнсний болон хүнсний бус, түлш, эрчим хүч, сууцны хэрэглээ, тухайн хүн удаан эдэлгээт ямар бараа хэрэглэж байна, түүнээсээ сэтгэл ханамж хэр авдаг вэ гэдгийг хэмжиж оруулна. Маш олон үзүүлэлтээр их нарийн тооцдог.
-Хүн амын 30 хувь нь ядуу байна гэдэг олон улсад дээгүүрт орно биз?
-Манайх дундаж орлоготой орны тоонд байгаа. Дундаж орлоготой орнуудын хувьд бол энэ нь өндөр үзүүлэлт. Улс орнуудын хөгжлийн түвшинг ангилахдаа нэг хүнд ногдох ДНБ нь хэд байгааг харгалздаг. Энэ үзүүлэлтээр манайхтай төстэй Армен, Шри Ланка зэрэг орон байдаг. 2016 оны байдлаар Шри Ланкад ядуурал 4.1 хувь байсан бол БНХАУ-ын алслагдсан нутагт 5.7 хувь гэж тооцогдсон.
-Ядуурлын судалгаа хийж байхад тэр бүр дурдагддаггүй ч сэтгэл эмзэглүүлэм үзүүлэлт юу байв?
-Өрхийн тэргүүний насаар авч үзэхэд ид насандаа яваа 30-39 насны тэргүүнтэй өрхийн ядуурал хамгийн их байсан. Энэ бол эмгэнэл.
-Яагаад тийм байна. Уг нь хөдөлмөр эрхэлж чадахгүй насныхан, ахмадууд илүү баймаар санагдах юм?
-Баталгаатай дүгнэлт хэлэхэд хэцүү л дээ. Таамгаар авч үзэхэд, залуус өндөр цалинтай тогтсон ажил хийж чадахгүй байгаагаас орлого нь хэрэглээгээ хангаж чадахгүй байна. Өндөр настнууд ерөнхийдөө хэрэглээ багатай, ам бүл цөөн, тэтгэврийн тогтмол орлоготой болохоор арай гайгүй дүн гардаг болов уу. Ахмадууд орлогодоо тааруулаад гол хэрэглээгээ хангаад байж болно. Залуус орлогодоо тааруулна гэхээр маш чанаргүй л амьдарч таардаг. Ид насныханд ажлын байр олдохгүй байгаа нь бас нэг шалтгаан.
-Хөдөөд ядуурлын ямар дүр зураг харагддаг вэ?
-2014-2016 онд хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний орлого маш их буурсан. 2012-2014 онд ноос, ноолуур, арьс ширний урамшуулал олгосон нь амьжиргаанд нь маш сайнаар нөлөөлсөн. 2016 онд үүнийг олгоогүй нь ядуурал өсөхөд их үүрэгтэй байсан. Тоон үзүүлэлтээр харах юм бол 2012-2014 онд хөдөө аж ахуйн орлого хоёр дахин өсөж, 2014-2016 онд 44.7 хувиар буюу бараг тал нь буурсан. Энэ нь хөдөөгийн өрхүүдийг ядуурал руу ороход их нөлөөлсөн.
Эндээс харахад, Засгийн газраас авч байгаа арга хэмжээ өрхийн амьжиргаанд нөлөө үзүүлэхгүй биш, үзүүлдэг. Гэхдээ тэр нь яг олгож байгаа хугацаандаа л нөлөөлдөг. Түүнийгээ болихоор иргэд буцаад ядуурал руугаа орчихдог, өгөөд эхлэхээр ядуурал буурдаг. Өөрөөр хэлбэл, Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд урт хугацаанд үр дүнгээ өгөхгүй, өл залгах, гал унтраах, амь тариа төдий л үүрэг гүйцэтгэдэг. Үүнийг нь бид тооны хэлээр гаргаж өгдөг. Харин бодлого шийдвэрээ хэрхэн илүү үр дүнтэй болгохоо яам, тамгынхан бодох ёстой.
“ХАЛАМЖИЙН МӨНГӨНД АМТАШСАН ХҮН ТЭНДЭЭС БУЦАЖ ГАРНА ГЭЖ ҮГҮЙ”
Гурван монгол хүн тутмын нэг нь ядуу гэдэг сэтгэл эмзэглэмээр тоо. Түүнээс ч олон хүн чанаргүй, сэтгэл ханамжгүй амьдарч байгаа. Иргэдийн амьжиргааг дээшлүүлэх талаар төрөөс хэрэгжүүлж буй бодлого нүдээ олоогүй, цаг зуурын шинжтэй, урт хугацаандаа үр дүн багатай байдаг гэж судлаач хэллээ. Тэгвэл ядуурал, ядуустай өдөр бүр нүүр тулж ажилладаг хүн юу гэх бол.
Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2012 оны А/89 тоот тушаалаар Амьжиргаа дэмжих зөвлөлийн дүрэм баталснаар аймаг, сум бүрт нийгмийн ажилтан, төрийн байгууллага, иргэд, төрийн бус байгууллагаас тус бүр хоёр төлөөлөл оролцуулсан зөвлөл үйл ажиллагаа явуулах болсон. Орон нутгийнхаа иргэдийн амьдралыг гадарлах тэдгээр хүн ядуурал, нийгмийн халамжийн “хар бор” ажилтай хамгийн их зууралддаг. Баянхонгор аймгийн Амжиргаа дэмжих зөвлөлийн гишүүн Л.Мандах ийн ярилаа.
-Танай аймагт ядуурал хэр байна вэ. Ядууралд ямар шалтгаан зонхилдог гэж хардаг вэ?
-Манайх ядуурлын түвшин өндөртэй аймгийн тоонд ордог. Бидэнд ханддаг хүмүүсийн дунд яая даа гэмээр хэцүү амьдралтай нь ч бий. Боломжийн хэрнээ нийгмийн халамжаар амьдраад амташчихсан хэсэг бүлэг бий болсон нь ч үнэн. Яах аргагүй хүнд амьдарч байгаа хүмүүс нь ихэвчлэн өвчин зовлонтой, хөдөлмөрийн чадваргүй, давахад бэрх асуудалтай тулгарсан байдаг.
Хөдөлмөрийн чадвартай хэрнээ нийгмийн халамжаар амьдрах сонирхолтой хүн ч цөөнгүй. Хүмүүс халамжинд нэг л орсон бол буцаж хасагдана гэж бараг үгүй. Асаргааны мөнгө гэх мэт тодорхой хугацааны бэрхшээлийг давахад нь тусалж, тэр байдал нь арилахаар зогсоох ёстой халамжийг хүртэл асаргаанд байсан хүн нь өөртөө үйлчлэх чадвартай болчихсон байхад үргэлжлүүлэн авах санаатай. Хасах гэвэл бөөн хэл ам болно.
-Иргэдийн амьдрал, байр байдалд бодит үнэлэлт өгч, халамжийг зөв хүнд хүртээх зорилгоор Амьжиргаа дэмжих зөвлөлийг ийм бүрэлдэхүүнтэй ажиллуулж байгаа. Та бүхэн зорилгоо хэр биелүүлдэг вэ?
-Уг нь бид аль болох зөв шийдэж, шаардлагатай хүнийг халамжинд хамруулан, хийдэл давхардлыг багасгахаар хичээдэг. Тэглээ гээд шаардлагатай бичиг баримтыг яг хууль номын дагуу бүрдүүлээд ирсэн хүнийг яах ч аргагүй. Тэр хүмүүсийн хэл ам дээд цэгтээ хөгжчихсөн, хуулийн мэдлэг, боломжийг ашиглах чадвар маш сайтай. Ганц жишээ дурдъя. Энэ оны нэгдүгээр сараас өрх толгойсон эцэг, эхийн тэтгэмж өгч эхлэхэд нэг эмэгтэй материалаа бүрдүүлээд уг халамжийг авсан. Гэтэл гуравдугаар сард нөгөө эмэгтэй насанд хүрээгүй хүүхдүүддээ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгоё гээд ирэв.
Бид “Саяхан өрх толгойлсон гээд явж байсан биз дээ. Гэрлэлтийн баталгаагүй бол тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоох боломжгүй” гэтэл шүүхээр яваад нас барсан нөхөртэйгөө өчнөөн удаан хугацаанд хамт амьдарч, хэд хэдэн хүүхэдтэй болсноо тогтоолгоод ирж байгаа юм. Нөхөртэй хэрнээ гэрлэлтээ батлуулаагүй, тэгээд өрх толгойлсон ээжийн тэтгэмж авдаг байсан гэсэн үг.
Тэгснээ шүүхээр “Энэ хүний өчнөөн жил хамт амьдарсан нөхөр нь нас барсан тул хүүхдүүдэд нь тэжээгчээ алдсаны тэтгэмж олго” гэсэн шийдвэр гаргуулчихсан. Иймэрхүү маягаар элдэв янзын халамж авч, ажил хийхгүй амьдраад сурчихсан хүн мэр сэр байна. Бид бодит байдлыг нь мэдсэн ч бүрдүүлсэн бичиг баримт нь бүгд хуулийн шаардлага хангасан, баталгаа, нотолгоотой болохоор яаж ч чаддаггүй. Тийм бичиг баримттай байхад нь халамжид хамруулахаас татгалзаад, дараа нь “Үзэмжээрээ шийдсэн” гэж буруудсан тохиолдол ч бий.
Элдэв халамж давхардуулж аваад байхаар ажил хийснээс илүү мөнгөтэй болчихдог шиг байгаа юм. Халамжаар амьдарч сурсан хүмүүс ажил хийх үнэхээр дургүй. Тэдэнд газар зааж, хашаа хатгаж өгөөд, үрсэлгээ, усалгаагаар нь хангая, ногоо тариад хүнсэндээ хэрэглэн, үлдсэнийг нь борлуулж амьдралдаа нэмэрлэ гэхэд “Чадахгүй” гэж байна шүү дээ. Аймгаас өнгөрсөн хавар ийм ажил зохион байгуулахад манайд бүртгэлтэй, хөдөлмөрийн чадвартай хэд хэдэн хүн очоогүй. Тэгэхээр ажилгүй, ядуугаараа үлдэх сонирхол тэдэнд байх шиг санагддаг.
“Галын шугаманд” ажилладаг хүн ингэж ярилаа. Манай улсын нийгмийн халамжийн бодлого, түүнээ хэрэгжүүлж буй арга зам нэг л төөрч будилсан шинжтэй байгааг дээрх хоёр хүний ярианаас харж болно. Нийгмийн халамж, ядуурлыг бууруулахад чиглэсэн бодлого боловсруулахдаа өнөө, маргаашийг харж, сонгуулийн санал авах өдрөөр бүхнийг хэмжих биш, урт хугацаанд үр дүн гаргахыг эрмэлзэх, иргэдийн зөвхөн ходоодонд бус хандлага, сэтгэхүйд нь нөлөөлөх талаар бодох цаг болжээ.