Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд ӨМӨЗО-ны Хөх хотод хийж буй айлчлалын хүрээнд хоёр хотын бизнес эрхлэгчид хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Энэ удаагийн айлчлалын хүрээнд хот тохижилт, ногоон байгууламж, аялал жуулчлал зэрэг салбарт хамтран ажиллах нөхцөл бүрдэж байгаа юм. Мөн хоёр орны бизнес эрхлэгч нарыг нэгтгэн зах зээлд бүтээгдэхүүнээ нийлүүлэх гарцыг нээх Улаанбаатар, Хөх хотын бизнес уулзалт энэ үеэр болов. Хөх хотын томоохон төсөл хариуцах газрын дарга Жан Гүө Пин “Хөх хотын Засгийн ордны нэрийн өмнөөс Улаанбаатар хотын удирдлага, төлөөлөгч та бүхэнд баярлалаа. Манай хоёр хот 1991 оноос ах дүүгийн харилцаа тогтоосноос хойш бидний уламжлалт харилцаа тасралтгүй хөгжиж байна. БНХАУ бол Монгол Улсын том хөрөнгө оруулагч, мөн түншлэгч орон юм.
Энэ удаагийн айлчлалаар дамжуулан хоёр орны бизнес эдийн засгийн таатай нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Хөх хот хөгжлийн чухал үе шатанд явна. Хөх хот, Улаанбаатар, Москва хотуудыг хуурай замаар холбосон том төв болгохоор зорьж байна. Аж ахуй нэгж хөгжвөл улс хөгжинө гэдэг Хятад үг бий. Аж ахуй нэгж та бүхэн улс орны хамтын хүч юм” гэлээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэлсэн үгэндээ “Манай хоёр хот ах дүүгийн харилцаа тогтоогоод 27 жил өнгөрч, соёл урлаг, боловсрол, эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагааг жилээс жилд өргөжин тэлж байгааг та бүхэн мэдэж байгаа билээ. Иргэд, аж ахуй нэгж, улс хоорондын харилцааг улам өргөжүүлэхэд эдийн засгийн хамтын ажиллагаа, ялангуяа бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийн ойлголцол, түншлэл нэн чухал юм. Хөх хотод ажлын айлчлал хийж байгаа Улаанбаатар хотын даргын хувьд албан ёсны хэлэлцээ, уулзалт хийхээс гадна бизнес эрхлэгчдийн энэхүү уулзалтад өндөр ач холбогдол өгч байна. Хөх хот бол Улаанбаатар хоттой эдийн засаг, бизнесийн харилцаагаа хөгжүүлэх боломжтой хамгийн ойр хөрш, дөт зам юм. Учир нь манай хоёр хотын хувьд агаарын болон авто, төмөр зам гээд дэд бүтцийн хөгжлийн зам нэгэнт бүрдсэн. Өв соёл, уламжлал ижил төстэй. Өнөөдрийн байдлаар тус хотод их дээд сургуульд суралцаж байгаа залуусын тоо мянга хол давсан нь бидэнд ч хэл соёлын хувьд ч хамтын ажиллагааны сайхан жим бий болсон гэдэг нь харагдаж байна” гэж онцоллоо.
Бизнес уулзалтын хүрээнд Улаанбаатар хотын худалдааны танхим, Хөх хотын худалдаа дэмжих хороо хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Улаанбаатар хотын худалдааны танхим 2015 онд байгуулагдсан бөгөөд 90 гаруй гишүүн байгууллагатай. Санамж бичгийн хүрээнд хоёр хотын бизнес худалдааны харилцааг шинэ түвшинд хүргэх зорилготой юм