Улаанбаатар хотын хүн амын 30 гаруй хувь нь 0-17 насныхан. Гэвч сүүлийн жилүүдэд тэдний эрх зөрчигдөж, хүнд хөдөлмөр эрхлэх, гэмт хэргийн хохирогч болохын зэрэгцээ зөрчил гаргаж, амиа хорлох нь нэмэгдээд буй. Үүнтэй холбогдуулан нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхдийн төлөө зөвлөл өчигдөр хуралдаж, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэн, хүүхдэд ээлтэй орчин бий болгох арга хэмжээ авахаар тогтлоо.
Тухайлбал, сургууль, цэцэрлэгийн дээвэр дээрх үүрэн холбооны операторуудын антеныг буулгахаар болжээ. Гар утасны хүчтэй долгион цацруулагчийг сургууль, цэцэрлэгийн дээвэр дээр байрлуулах нь хүүхдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, сурах эрхэд нь халдаж буй тул ирэх долдугаар сарын 1-нээс өмнө буулгахаар тохиролцсон аж. Хүүхдийн эрүүл мэндэд хөнөөл учруулж, гэмт хэрэг хийх сэдэл төрүүлж буй том хүчин зүйл нь PC буюу цахим тоглоомын газрууд. Ийм газрууд орлого хөөж, хүүхдэд гэмт хэрэг үйлдэх сэдэл төрүүлж буй. Тиймээс тэдний үйл ажиллагааг шалгаж, хаахаар боллоо.