Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгчид өчигдөр хуралдаж, цаг үеийн асуудал хэлэлцэв. Хуралдааны эхэнд нийтийн тээврийг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр буюу BRT төслийн талаар хэлэлцэв. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэх хэдий ч хугацааг нь хоёр удаа сунгасан эл төслийг даруй эхлүүлэхгүй бол санхүүжилт нь буцаж татагдах эрсдэлтэй байгаа юм. Тиймээс тэргүүлэгчид төсөл хэрэгжүүлэх ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж, үйл ажиллагааг нь даруй эхлүүлэх саналаа нийслэлийн Засаг даргад хүргүүлэх болов.
Хуралдаанаар хэлэлцсэн дараагийн асуудал нь ЗЦА-ны ойролцоо барих гүүрэн гарцын хүрээнд газар чөлөөлөх талаар байв. Жил гаруйн хугацаанд үргэлжлэх эл бүтээн байгуулалтыг эхлүүлэхийн тулд Үндэсний соёл, амралтын хүрээлэнгийн эзэмшлийн 3619 ам метр газрыг чөлөөлөх шаардлагатай. Хотын захиргаа тус хүрээлэнгийн 24 хувийг эзэмшдэг.
Гэтэл хүрээлэнгийн ТУЗ хотын удирдлагад “Нийслэлийн төсөвт жил бүр төвлөрүүлэх ёстой 698 сая төгрөгийг чөлөөлж, паркийн зарим газрыг бусдад ашиглуулах бүрэн эрх олгож, нөхөн төлбөрт 322 сая төгрөг өг” гэсэн санал хүргүүлжээ. Тэргүүлэгчид үүнийг эсэргүүцэж, нийслэлийн оролцоотой аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд нийтэд тустай бүтээн байгуулалтад зориулан өөрийн эзэмшлийн газраа ямар нэгэн төлбөргүйгээр чөлөөлөх нь зүйтэй гэж үзэв.
Уг гарцын хөрөнгө оруулалттай хамт Налайх чиглэлийн 20.9 км авто замын бүтээн байгуулалтын санхүүжилт орж ирэх учраас асуудлыг даруй шийдвэрлэх шаардлагатайг нийслэлийн Автозамын хөгжлийн газрын удирдлага хэлсэн юм. Тиймээс тэргүүлэгчид холбогдох албаныханд дахин зөвшилцөж, асуудлыг даруй шийдвэрлэх үүрэг өгөв.