Нийслэлийн Онцгой комиссын ээлжит хурлаар Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбоотой авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар хэлэлцэв. Тус хорооны иргэн Т-ын суурьт шүлхий илэрч, тухайн бүсэд хорио цээрийн дэглэм тогтоон, таван үхэр устгаад байгаа аж.
Иргэн Т нь өнгөрсөн онд вакцинд хамрагдсан есөн үхрээ Төв аймаг руу шилжүүлж, тэндээс мөн тооны үхэр авчирсан нь шүлхий өвчний халдвартай байсныг нуун дарагдуулсан үйлдэлд нь холбогдох байгууллагынхан хэрэг үүсгэн шалгаж байгаа гэнэ. Нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга М.Адилбиш “Голомтын бүсэд байгаа бүх малыг вакцинжуулсан. Энэ сарын 17-нд ОХУ-аас вакцин ирнэ” гэв.
Ирэх сарын 1 гэхэд нийслэлийн хориглосон бүсэд буй малыг гаргаагүй бол холбогдох байгууллагын албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэхийг хотын захирагч энэ үеэр анхааруулав. Мөн малын гаралтэй бүтээгдэхүүн ил задгай борлуулдаг захуудыг цэгцэлж, “Хүчит шонхор”-ыг хаах ажлын энэ онд багтаан зохион байгуулахыг үүрэг болголоо. Улмаар 2020 он гэхэд үйлдвэрийн аргаар боловсруулаагүй махыг боловсрол, эрүүл мэнд, нийтийн хоолны газарт нийлүүлэхийг хориглох санал гаргасан байна.