Нийслэлд хийгдэх томоохон бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Хэвлэлийн хуралд Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр, орлогч дарга Б.Индра, Ус сувгийн удирдах газар (УСУГ)-ын ерөнхий инженер Ж.Дагвасүрэн, Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар (НХТЕТГ)-ын орлогч дарга Ц.Тулга нар оролцов.
Энэ 2018 онд Улаанбаатар хотод гадаадын зээл тусламж, нийслэлийн төсөв, нийслэлийн авто замын сан, улсын төсөв, орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр гэсэн 5 эх үүсвэрээр нийт 63 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлж, нийт 43.5 км авто зам, 3050 урт метр гүүр барина. Мөн нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 24 төсөл арга хэмжээг хэрэгжүүлнэ. Түүнчлэн гадны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд дөрвөн гүүрийн бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ. Эдгээр ажил нь энэ сарын 5-15-ны хооронд эхлэх юм байна. Сонсголон, Туулын гүүрийн ажил дөрөвдүгээр сарын 5-наас эхлэх бол Яармагийн замын ажлыг энэ оны 11 дүгээр сарын 30-нд дуусгах юм байна. Замын цагдаагийн уулзварын өмнөх гүүрэн гарцын ажлыг дөрөвдүгээр сарын 15-нд эхлүүлэхээр төлөвлөөд байгаа бөгөөд үүнтэй холбогдуулан 7 байршилд түр зам гаргаж байгаа талаар албаныхан мэдээллээ.
“Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих төсөл”-ийн ажилтай холбогдуулан дараах 7 түр замыг гаргаж байгаа аж.
1. Махатма Гандигийн гудамжийг нарны замтай холбох 0.41км түр зам
2. Махатма Гандигийн гудамж-нийслэл хүрээ өргөн чөлөө-Хүннү 222 хорооллын хойд талын авто замтай холбох 0.7км түр зам
3. Рапид харш хорооллын авто замыг нийслэл хүрээ өргөн чөлөөтэй холбох 15у/м түр зам
4. Махатма Гандигийн гудамж–нийслэл хүрээ өргөн чөлөөний авто замтай холбох 0.53км түр зам
5.Нийслэл хүрээ өргөн чөлөө-Удирдлагын академийн хойд талын авто замтай холбох 0.32км түр зам
6. Хүннүгийн гудамж–Саруул хотхон–Соёолжийн гүүр 0.32км авто зам
7.Авто замчдын гудамжийг Сэлбэ гол дээгүүр 13-р хорооллын замтай холбох 0.14км авто зам