Нийслэлийн залуучуудад эерэг хандлагыг төлөвшүүлэх, гэгээн мөрөөдөлтэй зөв зорилготой болгох, “Эерэг амьдарцгаая залуучууд аа!” аяны нээлтийг өнөөдөр Налайх дүүргийн МСҮТ-ийн Урлагийн танхимд 500 гаруй оюутан залуучуудын оролцоотой зохион байгуулжээ.
Аяны нээлтэд НИТХ-ын дарга С.Амарсайхан, НЗХГ-ын дарга С.Сүх-Очир, Налайх дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, тус дүүргийн ГБХЗХХ-ийн дарга Б.Наранбаяр, Налайх дүүргийн МСҮТ-ийн дарга Ц.Сонгууль болон бусад холбогдох мэргэжилтнүүд оролцов.
Энэ үеэр нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир “Хязгаар үгүй мөрөөд” сэдвээр илтгэл тавьж, эерэг хандлагыг төлөвшүүлж, их хотын соёлч иргэний зөв 10 дадлыг өөртөө хэвшүүлж, бусдад үлгэрлэн түгээхийг оролцогчдод уриаллаа.
Зөв 10 дадалд, Олон нийтийн газар биеэ зөв авч явдаг, Замын хөдөлгөөнд соёлтой оролцдог, Бусдыг хүндэлдэг, талархлаа илэрхийлдэг, Ёс заншлаа дээдэлж, зөвөөр хэрэгжүүлдэг, Санаачилгатай, оролцоотой, Эрүүл амьдралын хэвшилд суралцаж хэрэгжүүлдэг, Бусдын төлөө сэтгэл гаргадаг, Ногоон орчин бүтээдэг, Нийгмийн хэм хэмжээ, соёлд суралцсан, Цаг баримталдаг иргэн байх зорилтуудыг тусгаад байна.
Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар “Эерэг амьдарцгаая залуучууд аа!” аяныг 2017 онд амжилттай зохион байгуулж, 6000 гаруй оюутан залуучуудыг тус үйл ажиллагаанд хамруулсан бөгөөд 2018 онд нийслэлийн 9 дүүрэгт зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. гэж нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.