Засгийн газрын хуралдаанаар шүлхийн асуудлыг хэлэлцэж байхтай зэрэгцээд нийслэлд гоц халдварт шүлхий өвчинтэй мал оруулахыг завдсан гэх мэдээллийг баттай эх сурвалжууд өгөв. Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтсийн эх сурвалж “Манай дүүргийн 32 дугаар хорооны нутаг, 22-ын товчооны орчимд шүлхийн шинж тэмдэг илэрсэн. Гэхдээ хараахан баталгаажуулаагүй байгаа юм билээ. Шинжилгээний хариу гартал ажиглалтын байдалтай байна” гэв.
Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийнхэн ч дээрх мэдээллийг баталсан. Гоц халдварт өвчний сэжиг илэрсэн үхрээс сорьц авч Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид шинжлүүлж буй бөгөөд тэндхийн мэргэжилтнүүд “Сонгинохайрхан дүүргийн нутгаас дээж шинжлүүлэхээр ирүүлсэн. Хариу нь хараахан гараагүй байна. Урьдчилсан байдлаар малын гоц халдварт шүлхий байж болзошгүй” гэлээ.
Шүлхийн шинж тэмдэгтэй үхэр тээвэрлэсэн машинаар халдвар тархсан байж болзошгүй гэж зарим хүн үзэж буй бөгөөд эх үүсвэрийг нь тогтоохоор тагнуул, цагдаагийн байгууллагынхан шалгаж эхэлсэн байна.