Өнгөрсөн гурав хоногийн мэдээгээр нийслэлийн хэмжээнд Замын цагдаагийн алба нийт 289 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл хүлээн авч шалгажээ. Ослын улмаас нийслэлд 20 хүн хүнд, хөнгөн гэмтэж, гурван хүний амь нас хохирсон байна.
Сэтгүүлчид бид мэдээллэх үүрэгтэй. Өдөр тутам ирэх эдгээр тоо баримтыг өсжээ, буурчээ гэж мэдээллэхээ умартаагүй.
Гэвч тэд тоолж, бид бүртгэн тэмдэглэж, иргэд дасал болсоор байх юм гэж үү? Нэг хүний амь нас эрсдэнэ гэдэг хүнд гарз хохирол. Харин цэргийн үхэл тооны зэрэг мэт бүртгэгдэж байсан үеийнх шиг баримт төдий мэдээллэхээс үнэндээ бид халширч л суудаг.
Зам тээврийн ослын шалтгаан юундаа байна вэ?
Осол гаргачихаад дотор нь байгаа хүмүүсийн биеийн байдлыг бус машинаа сэвтэж үү гэдгийг л харж буй жолоочтой хэд хэд таарч байлаа. Ослын шалтгааныг тодруулбал ердөө л нэгнийхээ дээр гарах гэсэн хүслээс болдог бололтой. Эхлээд та яв, дараа нь би. Та, Би, Та Би, Та Би. Энэ зарчим үйлчлээгүйгээс болоод ослын дараа гарч ирээд хэрэлдэнэ, зодолдоно. Чи хэн юм бэ? гэж том дуугарна. Танил тал, ах эгч рүүгээ залгана. Ер нь хэн ч байлаа гэсэн бид "Амьд хүмүүс". Харин төмөр бол төмөр шүү дээ.
Зодоон гэмтэл бэртэл үхлээр төгсөж хоёр тал хоёулаа л хохирдог. Жолооч та мөргөсөн, мөргүүлсэн бол хүний ёсоор гар бариад, машинаас түрүүнд дотор суугаа хүмүүсийн биеийн байдлыг асуух сэтгэлтэй байгаарай.
Жолооч хүнд хамгийн их хэрэгтэй зан бол "Хүлээцтэй, Тэвчээртэй, Хүнлэг" байдал юм гэж нэг ухаантан хэлсэн байдаг.