Авлигатай тэмцэх газраас сар бүрийн 25-нд мэдээлэл хийдэг. Тус газрынхан албан тушаалтнуудын ХАСХОМ-т төлөвлөгөөт шалгалт хийгээд гурван албан тушаалтных зөрчилтэйг тогтоожээ.
Тухайлбал, нийслэлийн ЗДТГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга, Гадаад харилцааны хэлтсийн мэргэжилтэн Х.Болд, Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын дарга Н.Энхболд нар өөрийн болон гэр бүлийн гишүүдийн хөрөнгө, орлогыг үнэн зөв мэдүүлээгүй тул цалингийн хэмжээг бууруулах шийтгэл ногдуулжээ.
Мөн 2017 оны ХАСХОМ-ээ хуулийн хугацаанд гаргаагүй Төрийн банкны Бүтээгдэхүүн, хөгжил судалгааны газрын захирал М.Эрхэмбаяртай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, үүрэгт ажлаас нь чөлөөлүүлсэн байна.
Энэ үеэр олны анхаарал татсан хэргийн шалгалтын явцыг мэдээлсэн юм. АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцогоос зарим асуултад хариулт авлаа.
-“Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийн барьцаанд тавьсан хэргийн шалгалтын явцын талаар мэдээлэл өгөөч.
-“Эрдэнэт үйлдвэр”-тэй холбоотой асуудалд цаашдаа ч нэлээд хэдэн асуулт гарах болов уу гэсэн үүднээс эхлээд товч ойлголт өгье.
“Жаст” компани олон улсын “Стандарт” банкнаас зээл авсан асуудалд “Эрдэнэт үйлдвэр” баталгаа гаргасан гэх хэрэгт 2013 оноос хойш эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Өдгөө АТГ-т мөрдөн шалгаж байгаа юм. Анх гэрээ байгуулах үед тухайн үед Ерөнхий сайд хэн байсан, Төрийн өмчийн хорооны дарга ямар хүн байв, Монгол-Оросын зөвлөлийн хэсгийн дарга нар, “Эрдэнэт үйлдвэр”-ийн шийдвэр гаргах түвшний албан тушаалтнууд хэн байсан гээд бүгдийг нарийвчлан шалгах ажиллагаа хийж байгаа. Нэлээд гүнзгий, анхаарал татахуйц асуудлууд бий.
“Жаст” компани, Ш.Батхүү гэдэг хүн хэзээнээс ямар бизнес хийж эхэлсэн, хэдэн төрлийн үйл ажиллагаа явуулж, хэдэн компани, аж ахуйн нэгж үүсгэн байгуулсан бэ, “Стандарт” банкнаас хэдий хэмжээний зээл, ямар дансаар, яах зориулалттай Монгол Улсад орж ирсэн бэ гэдгийг нэг бүрчлэн шалгаж байна. Шалгах ажиллагаанд эдийн засгийн тусгай мэдлэгтэй эдийн засагч, аудитын эрхтэй хүмүүс оролцуулж байгаа.
Мөн үүнтэй холбоотой төрийн өмчийн оролцоотой томоохон аж ахуйн нэгжийн асуудлууд яригддаг. Эдгээрийн харилцан хамаарал, анх хэзээ эхлэв, яав гэдгийг нэгбүрчлэн шалгаж, бүгдийнх нь үйлдэл холбогдол тус бүрт аудитын дүгнэлт гаргуулахаар ажиллаж эхэлсэн.
Ш.Батхүүтэй холбоотой, хамаарал бүхий этгээдүүдийн аж ахуйн нэгжийн өмч хөрөнгө, нуугдмал хөрөнгийг битүүмжлэх, хоорондоо өмч хөрөнгөө бэлэглэсэн, илт бага үнээр бие биедээ худалдсан зэрэг сэжигтэй үйлдлийг илрүүлэх, захиран зарцуулах эрхийг хязгаарлах, өглөг, авлага гээд бүх асуудлыг өмч хөрөнгө тус бүрт нь шалгаж байна.
-ТӨХ-ны дарга асан, одоогийн Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарыг энэ хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юу?
-Д.Сугараас гэрчээр мэдүүлэг авсан. Гарын үсгийг нь хуурамчаар зурсан байх магадлалтай гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Шалгалтын явцад нэмж тодруулах шаардлагатай зүйлс гарвал дахин дуудаж тайлбар, байцаалт авна.
-“Эрдэнэт үйлдвэр”-ийг барьцаанд тавьсан хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж нэг хэсэг шуугисан. Үүнд тайлбар өгөхгүй юү. Бас Г.Алтанг байцаасан гэв үү?
-Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж буй Эрүүгийн хуулийн 17.3.3 гэсэн зүйл ангиар Ш.Батхүүг яллагдагчаар татаж прокуророос хэргийг нь ирүүлсэн. Энэ зүйл ангийн дагуу шалгаж байгаа. Хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй. “Алтжин” компанийн захирал Г.Алтан, “Жаст”-ын Ш.Батхүү нарын хооронд мөнгө төгрөг шилжсэн, ашигт малтмалын лиценз худалдаж авч, хоорондоо шилжүүлсэн зэрэг харилцаа үүссэн.
Энэ асуудлаар Г.Алтангаас өмнө нь мэдүүлэг авсан байдаг. Одоо бас дуудаж авна. Г.Алтангийн хүүхэд Эдвардын Сүрэн гэдэг хүн Төрийн банкнаас мөнгө нэхэмжилсэн иргэний хэрэгт шүүхийн шийдвэр гарсан байдаг. Энэ шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан уу, үгүй юү гэдгийг эрх бүхий байгууллагууд шалгах ёстой. Тэр өр, зээл нь үнэхээр бодитой байсан уу, хоорондоо өгч, авалцахад албан тушаалтнуудын оролцоо ямар байсан бэ гэдгийг бид шалгаж байгаа.
-С.Баярцогттой холбоотой асуудлыг хэзээнээс шалгаж эхэлсэн юм бэ. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга АНУ явж ирсний дараа мэдээлэл гарч ирсэн болохоор ингэж асууж байна л даа?
-Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор Сангийн сайд асан С.Баярцогтоос тайлбар авсан. Ерөнхий сайд асан С.Баяраас ч мөн мэдүүлэг авсан. Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Энэ асуудалд тухайн үеийн шийдвэр гаргагчдын буруутай үйлдэл тогтоогдвол эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлнэ.
С.Баярцогтод 2013 онд эрүүгийн хэрэг үүсгэж, 2014 онд хэрэгсэхгүй болгосон байна лээ. “Байгаль орчны төлөөх хуульчдын холбоо” төрийн бус байгууллагын гишүүн Туяацэцэг Швейцарьт очиж асуудал тавьж тус улсаас бидэнтэй харилцан хамтран ажиллаж тодруулга авсан. Ирэх сард Швейцарийн талаас тодорхой хариултууд ирнэ. Энэ мэтээр хоёр орны хууль сахиулах байгууллага хамтран ажиллаж байна.
-Дубайн гэрээтэй холбоотой шалгаж буй зүйл бий юү?
-Дубайн гэрээ буюу далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөтэй холбоотой асуудлыг Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсэг хамтран нягталж байна.
-Шведээс Элчин сайд М.Энхсайханыг ямар үндэслэлээр дуудав. Танайд нэлээд удаан тайлбар өгөх шиг боллоо.
-Монгол Улсын сайд асан М.Энхсайхан Тавантолгойн орд газрыг ашиглахтай холбоотой асуудалд Засгийн газрын ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байх хугацаандаа гэрээний төслийг боловсруулсан нь албан тушаалаа урвуулсан, хэтрүүлсэн, эсэх асуудлаар НПГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан.
Түүнийг тус газраас дуудах хуудас илгээсний дагуу ирүүлсэн. М.Энхсайхан өнөөдөр (өчигдөр) ирж, яг одоо гэрчээр байцаалт, мэдүүлэг өгч байна.
-Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-ын гишүүн байхдаа Тавантолгой, Ухаа худагтай холбоотой асуудлыг шалгуулахаар өөрөө ирж, албан тоот өгч байсан.
Гишүүн байхдаа хүсэлт өгөхөд нь шалгаагүй атлаа Ерөнхийлөгч болсны дараа шалгаж байгаа нь ямар учиртай юм бэ?
-Ерөнхийлөгч Х.Баттулга 2012 оны гуравдугаар сарын 22-нд АТГ-т Тавантолгой, Ухаа худагтай холбоотой асуудлаар шалгуулах хүсэлт гаргасан. АТГ гэмт хэргийн шинжтэй мэдээллийг хүлээн авч, тухайн үеийн хуулийн дагуу хойшлуулшгүй ажиллагаа хийж, хүмүүсээс байцаалт авч үзлэг, нэгжлэг хийхийн тулд прокуророор батлуулж бичиг баримт хураан авч шалгаад, 2012 оны дөрөвдүгээр сарын 5-нд 2002 оны Эрүүгийн хуулийн 150, 263.2 гэсэн зүйл ангиар хэрэг үүсгэх саналтай НПГ-т шилжүүлж, прокурорын байгууллага эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж шийдвэрлэсэн.
Харин энэ оны хоёрдугаар сарын 9-нд НПГ-аас одоогийн Эрүүгийн хуулийн 22.1 гэдэг зүйл ангиар хэрэг бүртгэлт нээж ирүүлснийг шалгаж байна. Тавантолгой, Ухаахудагтай холбоотой асуудлыг эхнээс нь нэг бүрчлэн шалгаж эхэлсэн. Тухайн үеийн албан тушаалтнуудын оролцоог нягталж байна.
-Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг байцаасан гэсэн?
-Тийм ээ. Увс аймгийн нутагт байрлах Хотгор шанагын уурхай, уурхайн хувьцаа эзэмшигчдийн хооронд хувьцаагаа худалдсан гэдэг асуудлаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа. Энэ асуудлаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас гэрчээр мэдүүлэг авсан.
-Сайд асан “Фортуна” Н.Батбаяр, М.Сономпил, З.Баянсэлэнгэ гээд өмнөх Засгийн үед ажиллаж байсан олон хүнтэй холбоотой асуудлыг АТГ шалгаж байсан.
Эрх мэдэлгүй болчихсоныг нь шалгаад, эрх мэдэлтэй нөхдийг шалгаж чадахгүй байгаа юм биш үү?
-2016 оны сонгуулийн дараа Хөгжлийн банкны үйл ажиллагаанд УИХ, Засгийн газраас орсон удаа дараагийн шалгалтын хүрээнд зургаа орчим их наяд төгрөгийн зөрчил, дутагдал илрүүлж хуулийн байгууллагад шилжүүлсэн. Цагдаагийн байгууллагатай хамтарсан ажлын хэсэг төсөл, хөтөлбөрийг нэг бүрчлэн шалгаад эрүүгийн хэргийн шинжтэй, албан тушаалаа хэтрүүлсэн, хууль бусаар хөрөнгөжсөн байдлууд тогтоогдсоныг нь тусгаарлан прокурорт шилжүүлсэн.
Эхнээс нь шүүхээр шийдвэрлэх гэж байна. Үүнд тухайн үеийн Засгийн газрын сайд нар байгаа. АТГ намаар ялгаварласан асуудал байхгүй. Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийг бүх хэлбэрээр хүлээн авч шалгадаг. Хуульд заасан эрхийнхээ дагуу шалгалтын ажиллагааг явуулдаг. Прокурорын хяналтад үйл ажиллагаа явуулж байна. Гэмт хэргийн шинжтэй тодорхой гомдол мэдээлэл, эрүүгийн хэрэгт одоо эрх барьж байгаа намаас ч холбогдон шалгуулж буй хүмүүс бий.
-Д.Гантулга гишүүний холбогдсон хэрэг шийдвэрлэгдэх болоогүй юү?
-УИХ-ын гишүүн Д,Гантулгатай холбоотой асуудлыг цагдаагийн байгууллагатай хамтарсан ажлын хэсэг шалгаж байна. Хэрэг дээр ажилласан цагдаагийн ажилтан, шинжээчид албан тушаалаа урвуулсан гэмт хэрэг байна гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэсэн. Ажлын хэсэг Д.Гантулгыг дуудаж тайлбар байцаалт авсан, шинжээч томилж дүгнэлт гаргуулаад байгаа.
2018 оны хоёрдугаар сарын 1-нд НПГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн. Уг тогтоолыг нь танилцуулахаар Д.Гантулгад нийт 18 удаа хандаад байна. Гишүүн хуралтай, орон нутагт, гадаадад томилолттой гэх шалтгаанаар прокурорын дуудах хуудсыг хүлээж авдаггүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлах тухай хуулийн 31.2.6-д заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүй ирээгүй бол баривчилна гэснийг үндэслэл болгож НПГ-аас өнгөрсөн сарын 22-нд шүүхэд хандсан ч үндэслэлгүй гэсэн шийдвэр гарсан. Шалгалтын ажил үргэлжилж байна.
-Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалын хэрэг яагаад чимээгүй болчихов оо?
-Түүнд холбогдох хэргийг цагдаагийн байгууллагатай хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа. УИХ-ын байнгын хороогоор уламжлаад аудитын байгууллагын төлөвлөгөөнд оруулсны дагуу Монголбанканд шалгалт орсон. Шалгалтын дүн энэ сарын сүүлчээр гарна. Мөрдөн шалгах ажиллагаагаар нэлээд зөрчил, дутагдал тогтоогдож байгаа. Мөн гадаад улсад мэдээ, мэдээлэл солилцож хамтран шалгах ажиллагаа хийж байна.
-“ДЦС-4” ХК-ийн захирал С.Анхбаярыг танайхаас баривчилсан. Яг ямар хэрэгт холбогдуулсан юм бэ?
-“ДЦС-4” компанийн захирал С.Анхбаярыг нийтийн албан тушаалтан өөрийн байгууллагын худалдан авах үйл ажиллагаанд бусдаас хахууль авсан, хамаарал бүхий компанидаа давуу байдал олгосон байж болзошгүй гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Шүүхийн шийдвэрийн дагуу цагдан хорьж таслан сэргийлэх арга хэмжээ авсан нь үнэн. Мөрдөн байцаалт үргэлжилж байна.
-“Монголын төмөр зам”-ын хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн гэх хэрэг хэзээ шийдэгдэх вэ. УБТЗ-ын дарга Д.Жигжиднямаатай холбоотой асуудлыг хэрхэн шийдвэрлэв?
-Төмөр замтай холбоотой хэрэгт сэжиглэгдсэн Ч.Ганбат, П.Бат-Эрдэнэ нар эрүүгийн хэрэг үүсэхээс өмнө гадаад улс руу явсан. Уг хэргийг шалгаж байгаа. Харин “Самсунг Си энд Ти” ХХК-ийн гүйцэтгэх захирал, БНСУ-ын иргэн Лий Жонг Ёл нарт холбогдох улсад 17.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх хэргийг шүүхээр шийдвэрлүүлэх саналтай прокурорын харьяалалд шилжүүлсэн.
Д.Жигжиднямаад эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татах саналаа НПГ-т хүргүүлээд байна.