Ардын жүжигчин П.Хаянхярваа гуай “Манай Бүрэнбэх хамгийн их уншсан, нэн өргөн мэдлэгтэй, театрын урлагийн маш нарийн соёлтой удирдаач. Удирдаач хүн гагцхүү ийм л байх ёстой. Түүнтэй эн зэрэгцэх өөр удирдаачийг би нэрлэж үл мэднэм. Түүний өмнө их ирээдүй бий” хэмээн энэ эрхэм хүмүүний авьяас билэг, ур чадварыг үнэлсэн байдаг. Тэр үнэхээр л Монголын сонгодог урлагийн ирээдүйг бүтээж, дөрвөн үеийг дуулах, хөгжимдөх эрдэмд замчлан хөтөлж яваа буянтан.
УДБЭТ-ын ерөнхий удирдаач Жагваралын Бүрэнбэхийг “Хоймор”-тоо урьж ярилцлаа. Цагаан сарын өмнөхөн Ардын жүжигчин хэмээх эрхэм хүндтэй шагнал хүртсэн тэрбээр АНУ-д гэр бүлийнхэнтэйгээ хэсэг байж байгаад ирэнгүүтээ шууд ажилдаа оржээ. Тус театрынхан өнгөрсөн амралтын өдрүүдэд Төрийн шагналт хөгжмийн зохиолч Х.Билэгжаргалын “Ламбугайн нулимс” дуурийг үзэгчдэд толилуулсан бөгөөд тоглолтын өмнөхөн удирдаачийг нь “оргуулсандаа” хүлцэл өчье.
-Ардын жүжигчин хэмээх эрхэм алдар хүртсэн танд хожуу ч гэсэн халуун баяр хүргэе. Америкт гэр бүлийнхэнтэйгээ сайхан шинэлээд ирэв үү?
-Баярлалаа. Энэ бол Монголын сонгодог урлагийг, манай театрын үйл ажиллагааг төр үнэлсэн хэрэг гэж би ойлгож байгаа. Хамт олондоо ч үүнийгээ хэлсэн.
Цагаан сараар гэр бүлийнхэн рүүгээ очоод, хэсэг сайхан амарлаа. Гэхдээ би зөвхөн амрах гэж бус, давхар ажил хөөцөлдөх зорилго өвөрлөж явсан юм. Чикаго хотын “Лирика” дуурийн театртай танилцаж, манайхтай хамтран ажиллах боломж бий, эсэх талаар ярилцах саналыг минь тэд нааштай хүлээж авсан шүү.
Америкийн нэрт хөгжмийн зохиолч, дэлхийд зартай нэгэн удирдаачийн 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн тоглолтыг тольдлоо. Мөн Гуногийн “Фауст” дуурийг тэндхийн урилгаар үзэв. “Лирика” дуурийн театрын онцлог нь үзэгчдийн суудлын тоогоороо дэлхийд хоёрдугаарт ордог юм билээ. 3650 хүний багтаамжтай, тасалбар нь 250 ам.долларын үнэтэй театр гэхэд сул суудал олддоггүй юм байна.
Гэтэл тэд Монголын ДБЭТ-ыг хүндэтгээд ерөнхий удирдаачийг нь гэргийтэй нь хамт хоёрын хоёр тоглолтоо урилгаар үзүүлсэн нь их сайхан хүндэтгэл байв. Өндөр хөгжилтэй орны урдаа барьдаг том театр гэдэг өөр юм. Урьд нь бид Орос, Солонгос болон Европын хэдэн орны дуурийн театртай танилцаж, туршлага судалж байсан. Гэхдээ яг ийм орчин үеийн театрт тухтай суугаад юм үзэхээр шал өөр мэдрэмж авлаа.
-“Фауст”-ыг манайд тавьж байсан байх аа. Тайз дэлгэц, хөгжим хэрэгслийн тухайд ч тэдэнтэй ярилтгүй байх. Уран бүтээлчдийн ур чадвар, арга техникийн хувьд зөрүү ажиглагдах юм уу?
-Их байна аа. Ямар сайндаа л би ирэнгүүтээ уран бүтээлчдээ цуглуулаад энэ тухай ярилаа. “Хүүхдүүд ээ, би та нарыг гутааж байгаа юм биш шүү. Мэдээж хүн адууныхаа хэрээр исгэрч, хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх ёстой. Гэвч тэндхийн оркестрын нуугисан зөөлөн дуугаралт, дуучдын ямар ч зүдэргээгүй дуулж байгаа байдал зэрэг нь үнэхээр гайхалтай юм” гээд.
Манай оркестр хэт чанга дуугараад байна гэдгийг сургуулилалтын үеэр би хэлж л байдаг юм. Оркестр дуурь тоглож байгаа бол дуучинтайгаа зэрэгцээд нүргэлэхгүй, зөөлөн дагаж хөгжимдөх тусам хөгжимчдийн анхаарал төвлөрч, бие биенээ сонсдог юм байна. 80 хөгжимчинтэй оркестр, 60 хүний бүрэлдэхүүнтэй найрал дуутай тус театраас менежментийн хувьд ч суралцах зүйл их байх шиг. “Лирика опера” компани гэж явдаг, өөрийн гэсэн орон тооны гоцлол дуучингүй, тухайн цаг үед дэлхийд цойлон гялалзаж буй уран бүтээлчдийг гэрээгээр ажиллуулдаг юм байна.
Сая “Фауст” дуурийг тавихад Парисын “Гранд опера” театрын нэрт удирдаач ирж дохиж байх жишээтэй. Тэгэхээр аргагүй л 250 ам.долларын үнэтэй байхаас яах вэ.
-Ардын жүжигчин болсонд тань баяр хүргэх гэсэн хүмүүсийг хүлээж авах, уулзах цаг зав гарч байна уу даа?
-Гарахгүй байна. Намайг ирснийг ч хүмүүс мэдээгүй байх. Үнэндээ би одоохондоо мэдэгдэхийг хүсэхгүй байна. Учир нь манайхан ойрд чухал тоглолтуудтай байгаа. Бэлтгэлээ хийхийн хажуугаар цагийн зөрүүгээ гаргаж, амрах хэрэгтэй. Америкт сар гаруй байх хугацаанд маш олон хүн миний утас руу залгасан байсан л даа. Гэхдээ одоогоор би нэг ч найз руугаа утас цохиогүй. Сонгодог урлагийг ямагт дэмждэг том сонин болохоор нь танайхыг хүндэтгээд цаг гаргаж байгаа минь энэ.
-Таны амьдралын хэдэн жил энэ “ягаан байшин”-тай холбогдож байгаа билээ?
-Дөчөөдхөн жил (инээв). 1979 онд Ленинградын консерваторийг дүүргэж ирээд, энд орсон.
Яг энэ инээмсэглэл сэтгэлд жигтэйхэн дотно санагдав. “Нийслэл хүү”-гийн дүрээр түмэн олонд танил болсон сэтгэл татам сайхан инээмсэглэл нь өнөө хэр янзаараа аж. Бүрэнбэх гуай драмын театрт долоон жил ажиллахдаа 30 гаруй жүжгийн гол болон туслах дүр бүтээснээс гадна “Нийслэл хүү”, “Сэтгэлийн дуудлагаар”, “Балга ус” зэрэг кинонд тоглосон байдаг.
-“Нийслэл хүү” киноны зургийг авч эхлэх гээд гол дүрээ сонгоогүй байхад нь Ч.Лодойдамба гуай таныг санал болгосон гэдэг билүү?
-Тийм ээ. “Нийслэл хүү” киноны баг гол дүрдээ тохирох жүжигчин хайж жил шахам болсон гэдэг. Тухайн үед киноны гол дүрийг Соёлын яамнаас шалгаж, баталдаг байв. Тэр үеийн уран бүтээл хариуцсан орлогч сайд нь Ч.Лодойдамба гуай байсан юм. Зураг авах төлөвлөгөөт хугацаа болчихоод байхад гол дүрийг нь батлахгүй байсан тул кино багийнхан аргаа бараад Ч.Лодойдамба гуай дээр орсон гэдэг.
Гэтэл өөдөөс нь “Би энэ зохиолыг чинь уншчихсан шүү дээ. Та нар драмын театр руу яв. Тэнд нэг хүү бий. Тэр л нийслэл хүү чинь мөн” гэж хэлсэн юм билээ. Манай театр тэр агуу хүний “Гарын таван хуруу” зохиолоор жүжиг тавихад нь би ядам хуруунд нь тоглож байсан юм. Тэгээд л намайг анзаарсан хэрэг. Тийнхүү өөрөө ч мэдэлгүй киноны гол дүрд сонгогдон, Гавьяат жүжигчин Лувсан гуайнхаа найран дээрээс дуудагдан очиж билээ.
-Та цаашид театртаа дахиад хэдэн жил ажиллах вэ. Бие тэнхээ данги биз дээ?
-Бие хаа гайгүй ээ. Гэхдээ хэлж мэдэхгүй юм даа. Нас явж байна. Авгай, хүүхдүүд Америкт, би энд ганцаараа амьдарч байна. Би яагаад 70 хүртлээ энд байгаад байна вэ гэхээр өнөө манай театрт бидний орыг залгах мэргэжлийн, туршлагатай удирдаач алга шүү дээ. Түүнээс биш Бүрэнбэх их сайндаа бурхан шиг тахигдаад байх гэсэнгүй. Монголын сонгодог урлагийг хөл дээр нь тэнцүүлж, мэргэжлийн өндөр түвшинд авч явахын төлөө би бүхнээ зориулсан.
Тийм учраас эгзэгтэй цагт нь чаддаг юмаараа боож хааж байгаа юм шиг “Би амармаар байна. Авгай, хүүхэд рүүгээ явлаа” гэж амиа бодож болохгүй. Чадахаасаа чадахгүйгээ хүртэл зүтгэнэ. Одоо манай театрт дөрвөн удирдаач ажиллаж байгаа. Туулайхүү, бид хоёр ахмад нь. Бидний дараа дараагийн залгамж хойч үе бэлтгэгдэж байна. Миний шавь энэ жил СУИС-ийг удирдаач мэргэжлээр төгсөнө. Төгсөнгүүт нь гадаад руу консерваторид явуулна даа.
-Драмын театрт жүжигчин байсан хүн яаж яваад удирдаач болохоор шийдсэн юм бэ?
-Би багаасаа хөгжимд их сонирхолтой байв. Ноот сурах гэж их мэрийнэ. Долдугаар ангийн боловсролтой би гэдэг хүн Хөгжим бүжгийн коллежийг сүүлд эчнээгээр төгссөн юм шүү дээ. Эхлээд жүжигчин болохоор 17 настайдаа намайг Улаанбаатарт ирэхэд Э.Оюун багш их дэмжсэн. Драмын театрт 100 хүүхэд шалгалт өгснөөс би тэнцэж, жүжигчин-хөгжимчнөөр ажилд орж байв.
Гэвч хөгжим рүүгээ илүү сонирхолтой байсан учраас УБДС-д хөгжмийн удирдаач, зохиолчийн анги нээхэд Э.Оюун багшаас зөвшөөрөл аваад, түүнд элссэн түүхтэй. Ингээд агуу их Ж.Чулуун багшийнхаа удирдлагад ирж байлаа. Төгсөөд Ленинград хотын консерваторид явж, дуурь, симфонийн удирдаач мэргэжлээр суралцсан.
Соёлын яамны коллегийн гишүүн байсан Ж.Чулуун багшийн минь хүчин чармайлт үүнд их бий. Тэр үед удирдаачдыг төрийн бодлогоор бэлтгэж эхлээд байсан цаг. Миний өмнө Жанчив, Жамсранжав хоёр Ленинградын консерваторийг удирдаачаар төгсөж ирсэн.
-Таны тоглолтыг ээж, аав тань анх үзээд юу гэж хэлж байсан бол?
-“Учиртай гурван толгой” дуурийг үзээд аав, ээж минь “Миний хүү сайхан юм даа. Ийм мундаг мэргэжилтэй болоод ингэж олныг баясгах гэж” гээд их баярлаж билээ. Тэд минь намайг дарга л гэж ойлгосон шиг байгаа юм.
-Та айлын хэд дэх хүүхэд вэ. Бага нас тань хэрхэн өнгөрөв?
-Би 13 хүүхэдтэй айлын бага нь юм. Гэхдээ намайг багад айлд өргүүлсэн. Өөрөөр хэлбэл, би айлын өргөмөл ганц хүү. Миний бага нас одоогийн Өвөрхангай аймгийн Хархоринд, Хөгшний голынхоо хөвөөнд жаргалтай сайхан өнгөрсөн. Тухайн үед Хархорин Архангай аймгийн Лүн сум гэж явдаг, тэндхийн харьяаны сангийн аж ахуй байсан юм.
-Жагварал гэдэг нэр тэгэхээр таныг үрчилж авсан аавын минь алдар уу?
-Тийм ээ.
-Хөгшний гол гэхээр одоогийн Архангай аймгийн Хашаат сум байж таарна. З.Ойдов, З.Дүвчин, Г.Равдан гээд энэ голын усаар ундаалж өссөн олон алдартан байдаг даа.
-Тэгэлгүй яах вэ. Уран Чуваамэд гуайгаас эхлээд Ойдов, Дүвчин, Равдан бид хэд яах аргагүй нэг голын, нэг багийн хүмүүс.
-Удирдаачийн ажлын нарийн ширийнийг мэдэхгүй зарим хүн та нарыг тайзан дээр буруу харж зогсчихоод, дохиур дохидог гэж л төсөөлдөг байх. Та мэргэжлийнхээ онцлогийг тодруулж хэлж өгнө үү?
-Би “Удирдаачийн ур зүйн үндэс” гэдэг ном бичсэн. Хамгийн товчхоноор тайлбарлавал, удирдаач хүн тухайн бүтээлийг өөрөө дээд зэргээр судалж мэдэрсний үндсэн дээр тэрхүү зүрх сэтгэлийн онгод хөгөөрөө дуучид, хөгжимчдийг удирдан тоглуулдаг. Өөрөөр хэлбэл, тухайн бүтээлийг амилуулж байгаа миний хөгжмийн зэмсэг бол дуучид, хөгжимчид бүхлээрээ юм.
Хэчнээн мундаг гоцлол дуучин, хөгжимчин, ямар ч шилдэг найрал байлаа гээд удирдаачийн зааварчилгаагүй, дур дурандаа тоглож болохгүй. Тийм ч учраас дуурь, симфони гэх мэт хөгжмийн томоохон бүтээлүүд удирдаачаараа овоглодог.
-Таны удирдан тоглуулсан бүтээлүүдийн жагсаалтыг харахад үндэсний дуурь, бүжгэн жүжиг, симфони нэлээд жин дарж байсан. Сүүлийн жилүүдэд үндэсний сонгодог бүтээл төрөхгүй байна гэсэн шүүмжлэл байдаг. Та энэ талаар юу хэлэх вэ?
-Хамгийн сүүлд Төрийн шагналт, хөгжмийн зохиолч Ц.Нацагдоржийн “Гүнгэрийн гүнж” нэртэй дуурь манай театрт тавигдсан. Санхүүгийн бэрхшээлээс болоод манайх тавьж чадахгүй байсан тул Ц.Нацагдорж бид хоёр хөтлөлцөөд мөнгөний эрэлд гардаг байв. Бид үй зайгүй найзууд.
Хятадын Элчин сайдын яамнаас хүртэл мөнгө гуйж байж амьд сэрүүн ахуйд нь тайзнаа амилуулсан түүхтэй. Түүнээс хойш үндэсний сонгодог бүтээл шинээр төрөөгүй ч бид боломжийнхоо хэрээр хуучныгаа шинэчлэн тоглосоор байгаа. Жишээ нь, Б.Дамдинсүрэн гуайн “Амарсанаа” гээд сонгодог дуурийн шаардлага хангасан нэгэн сайхан бүтээлийг шинэчлэн тавих санаатай.
Дуурь бичих хэмжээний чансаатай уран бүтээлчдийн залгамж халаа манайд үгүйлэгдэж байгаа нь үнэн. Гэхдээ дуурь оролдож эхэлж байгаа залуус бий тул болох байх аа.
-Таныхаар удирдаач мэргэжил эзэмшсэн хүний хүрч болох хамгийн дээд карьер юу вэ?
-Мэргэжлийн удирдаач хүний хамгийн дээд амжилт бол сайн удирдаач л болох. Үндэсний болон дэлхийн сонгодог бүтээлүүдийг олон улсын түвшинд хүртэл маш сайн чанартай тавьж байж түүгээрээ хүлээн зөвшөөрөгдөх ёстой юм. Мөн дуучид, хөгжимчид, бүжигчдээ олон улсад үнэлүүлэхэд анхаарах нь чухал. Удирдаач гэдэг мэргэжил хэцүү л дээ. Өнөө цагт өөрөө төлбөрөө төлөөд, хоёрын хоёр дээд сургууль төгсөнө гэдэг амаргүй.
Монголдоо ирээд ажиллалаа гэхэд цалин нь хангалттай хүрэлцэхүйц хэмжээнд байх уу гэдэг эргэлзээтэй. Тийм ч учраас өнөөдөр манай олон сайхан уран бүтээлч гадагшаа гарч байна. Тэднийг бас буруутгах аргагүй.
-Өнөөгийн манай нийгэмд үнэ цэнэ гэхээсээ илүүтэй үр дүн, ашиг хонжоо харсан хүмүүс олон болж. Албан тушаал, алдар нэрийн талаарх таны бодлыг сонирхмоор байна?
-Алдар нэр гэдэг зүйлийг хүн горьдож, хүлээж ажиллах ёсгүй гэж би боддог. Хийх ёстой зүйлээ хийсэн шиг хийдэг байхад аяндаа бүх зүйл болно. Албан тушаал, дарга цэргийн тухайд ямар байдгийг мэдэхгүй юм.
-Одоо таны амьдралын зорилго юу вэ?
-Залуу халуун нас, бүх зүйлээ зориулсан театраа илүү их хөгжин дэвшүүлэх сэн гэдэг эрхэм ганц зорилго байна даа. Театрынхаа дараа дараагийн үеийг бэлдэхэд хувь нэмрээ оруулах сан гэж бодох юм. Түүнээс биш би одоо өөр юунд зорих вэ. Би ямар урт насалъя гэж хүсэлтэй биш. Мөнгө төгрөг хураах тухай бол бүр бодохгүй. Би одоо боломжийн сайхан амьдарч байна. Үр хүүхдүүд минь хувь хувьдаа амьдрал зохиогоод, болж л байна.
-Танай гэр бүлийн хүн хөгжимчин байх аа. Хүүхдүүд тань бас урлагийн замыг сонгосон гэдэг бил үү?
-Манай гэр бүлийн хүнийг Зүмбээ гэдэг. Хөгжим бүжгийн сургуульд шанз хөгжмийн багш хийж байгаад, тэтгэвэртээ гарсан. Намайг хоёр дээд сургууль дүүргэх хугацаанд хүүхдүүдээ өсгөж, хүмүүжүүлэх, ар гэрийн бүх ачааг нуруундаа үүрсэн хүн дээ. Өөрөө урлагийн хүн тулдаа хүнд хэцүү болгоныг шантралгүй тэсэж, давж гарсан байх даа хэмээн бодож, ханьдаа баярладаг юм. Бид дөрвөн хүүхэдтэй.
Гурав нь урлагийн хүн болсон. Бага охин Москвад төгөлдөр хуурч мэргэжлээр төгссөн, одоо Америкт амьдарч байна. Нэг хүү морин хуурч мэргэжилтэй, “Алтан ураг” хамтлагт хөгжимддөг. Том хүү минь мөн л төгөлдөр хуурч мэргэжилтэй, Хөгжим бүжгийн коллежид багшилдаг. Ганц охин л хэлний мэргэжилтэй.
-Таны хамгийн сайхан гоёл юу вэ?
-Монгол дээл минь. Багаасаа монгол дээлээр гоёж ирсэн дээ. Ерөнхийлөгчөөс Ардын жүжигчин цол авахдаа хар дээл өмссөнийг минь харсан уу.
-Ингэхэд та өнгөрсөн хугацаанд хэдэн фрак элээсэн бэ?
-Гурав, дөрвөн фрак элээсэн байх аа. Саяхныг хүртэл манайхан цэргийн хувцасны үйлдвэрт фракаа захиалж хийлгэдэг байсан юм. Сүүлд харин Герман бил үү, Австриас бидэнд фрак захиж авчруулсан. Тэр хувцастайгаа эцсээ үзнэ дээ. Одоо надад багадаад, дадайгаад байгаа юм, гэхдээ зүгээр ээ (инээв). Оёдлын технологи, наалт, материалын чанар гээд фрак оёход их нарийн ажиллагаатай юм шиг байна билээ.
Лав л манайхны хийж өгдөг байснаас огт өөр юм билээ. Тэр хэрээрээ Европт фрак их өндөр үнэтэй байдаг.
Төрийн шагналт, Ардын жүжигчин С.Гончигсумлаа гуай “Би “Кармен” дуурийг алгасалгүй үздэг. Дэлхийн ийм сайхан сонгодог бүтээлийг Монголын тайзнаа тоглуулна гэдэг гайхамшиг. Энэ бол Бүрэнбэхийн ач гавьяа” хэмээн бахархсан байдаг. Ж.Бүрэнбэх удирдаач сүүлд “Кармен”-ыг шинээр найруулан Монголынхоо дуурийн театрын тайзнаа тавьсныг үзэгчид андахгүй. Дэлхийн сонгодгийг өөрөө найруулаад, бас дохих хувь тохиол тийм ч олон биш болов уу. “Гурван цаг гаруй үргэлжилдэг “Кармен” дуурийг дохисны дараа тайзны ард ороход одоо ядарснаа мэдэрдэг болсон байна билээ” тэрбээр хуучилсан юм.