Хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор төмөр замын 407 дугаар км-ын гармын дэргэд гүүрэн зам барихаар болоод буй. Бүтээн байгуулалтын ажлыг ирэх сарын 1-нээс эхлүүлж, 2019 оны аравдугаар сард дуусгах төлөвлөгөөтэй. Энэ хооронд авто замын зарим чиглэлд өөрчлөлт оруулж, 1.3 тэрбум төгрөгөөр найман жижиг зам барих юм.
Ийн нэвтрүүлэх чадварыг сайжруулсан ч өдөр тутам тухайн хэсгээр зорчдог машины тооноос үзвэл “түгжрэл” дээд цэгтээ хүрнэ гэж холбогдох албаныхан үзэж буй. Тиймээс тээврийн хэрэгслийн улсын дугаараар нь хязгаарлан хөдөлгөөнд оролцуулах шинэ зохицуулалт хийх шаардлага тулгарчээ.
Нийслэлийн Засаг даргын зөвлөл өчигдөр эл асуудлаар хуралдав. Холбогдох албаныхан хоёр санал боловсруулж, аль боломжтойг нь ирэх сарын 15-наас аравдугаар сарын 1 хүртэл хэрэгжүүлэх болсноо танилцууллаа. Эхнийх нь дугаарын хязгаарлалтыг зөвхөн Бага тойрууд хэрэгжүүлэх. Ингэхдээ даваа, лхагва гаригт сондгой, мягмар, пүрэв гаригт тэгш тоогоор төгссөн улсын дугаартай автомашиныг хөдөлгөөнд оролцуулж, “Нарантуул”, “Бөмбөгөр” зэрэг томоохон худалдааны төвүүдийг баасан гаригт амраахаар төлөвлөжээ.
Ингэснээр бусад бүсэд хязгаарлалт тогтоохгүй байх боломжтой хэмээн үзэв. Дараах хувилбар нь дээрх хязгаарлалтыг Саппорогийн уулзвараас Офицеруудын ордон хүртэлх замд хэрэгжүүлж, баасан гаригт бүх машиныг хөдөлгөөнд оролцуулах гэнэ. Холбогдох ажлын хэсгийнхэн эхний саналыг дэмжиж буй бөгөөд эцсийн шийдвэрээ энэ долоо хоногт гаргах юм.