“Хөнгөн атлетик бол зөвхөн спортын бус эрүүл мэндийн хатан хаан” хэмээн өгүүлсэн улсын 24 удаагийн аварга, спортын мастер Батхүүгийн Вандан-Очиртой ярилцлаа. Архангай аймгийн Хангай сумын харьяат түүний 1985 онд таван км-ийн зайд 14 минут, 32 секунд гүйж шинэчилсэн улсын дээд амжилтыг 28 жилийн дараа Гавьяат тамирчин Б.Сэр-Од ахиулсан юм.
Өдгөө 60 настай тэрбээр ДАШТ-ий мөнгөн медальт, Афины паралимпэд V байрт шалгарсан Гавьяат тамирчин Ж.Лхагважав, дэлхийн аварга, Азийн АШТ-ий мөнгөн медальт Мөнхбат тэргүүтэй олон шилдгийн багш юм. Паралимпийн наадамд гурав, дэлхийн наадамд хоёр, Азийн дэвжээнд дөрвөн удаа тамирчдаа сойсон түүнийг хөнгөн атлетикийн шилдэг тамирчин, дасгалжуулагчаас гадна Монголын пара хөнгөн атлетикийн холбоо (МПХАХ)-ны анхны ерөнхийлөгч, дасгалжуулагч байснаар нь хүмүүс мэднэ.
Бүхий л амьдралаа спорттой холбож яваа Б.Вандан-Очир МПХАХ-ны ерөнхийлөгчөөр найм, ерөнхий нарийн бичгийн даргаар долоон жил ажилласан юм. Нас бол тоо гэдгийг амжилтаараа, амьдралынхаа замналаар баталж яваа тэрбээр өдгөө хэт холын зайд хурд сорин, 255 км-ийн зайн уралдаанд ахмад тамирчидтай бус, тив, дэлхийн шилдгүүдтэй өрсөлддөг.
-Хөнгөн атлетикаар тууштай хичээллээгүй, цэргийн сургуулийн сонсогч байхдаа Бүх ард түмний спартикиадад түрүүлж, шуугиулснаар тань олон хүн бахархдаг юм билээ. Энэ спорттой амьдралаа холбох, амжилт гаргана гэх итгэлийн эхлэл нь тэр тэмцээн байв уу?
-Тийм шүү. УАШТ-д найман жил дараалан түрүүлсэн Ч.Найдан тэргүүтэй шилдгүүдийг ардаа орхин алтан медаль хүртсэндээ их урамшсан. Нөгөө талаар хөдөөний эгэл боргил орчинд өсөн, өлчир чийрэг болж торнисон минь тамирчин болоход их нөлөөлсөн юм. Хөдөөний ажил барагдах биш. Хурга, ишиг хариулан, адуу малын араас дэгдэж, аав, ээжийнхээ гарын үзүүрт нэмэр болдог байв. Нутгийн хөгшчүүд “За, миний хүү дэгдчих” гээд л хөөргөдөг байсан сан.
Тэр бүхэн надад дасгал, спортын суурь болсон юм билээ. Ер нь өглөө бүр гүйдэг маань багаас төлөвшсөн дадал. ОХУ-д Цахилгаан техникийн сургуулийг засварчин мэргэжлээр төгсөн, эх орондоо ирээд хуучнаар НАХЯ-ны Төрийн тусгай хамгаалалтын газарт ажилласан юм. Дараа нь Цагдаагийн дээд сургууль (Өнөөгийн Хууль сахиулахын их сургууль)-д сурав аа. Оюутанд хичээл ном, шалгалт шүүлэг гээд чөлөөт цаг хомс. Цэргийн сургуульд бүр ч хэцүү.
Би өдөр бүр шөнийн 03.00 цагт босон орос хэл, хичээлээ давтчихаад гүйдэг байлаа. 40 ширхэг жижигхэн чулуу атган, сургуулийнхаа биеийн тамирын талбайг тойрно. Нэг тойрохдоо нэг чулуу хасаад л. Тэгж 40 тойрог гүйхэд 06.00 цаг болж, хичээл эхлэхэд бүх юмаа амжуулчихсан, жин тан байдаг байлаа. Өөрийгөө ялах зорилгоор хөнгөн атлетикийг сонирхдог байснаас биш, тэмцээнд оролцох, мэргэжлийн тамирчин болох талаар бодох сөхөө байгаагүй ээ.
Тэгж байтал “Хүч” нийгэмлэгээс Бүх ард түмний спартикиадын таван км-ийн зайн уралдаанд намайг оролцуулах тушаал буулгалаа. Хурд сорихгүй бол бангадуулна, өрсөлдөхөөс өөр аргагүй. Тэгээд тэмцээнд оролцох гэтэл гүйлтийн зориулалтын өмсгөл олддоггүй ээ. Сонсогчдод хавар тараадаг шорт өмсөөд л уралдаж билээ.
-Тэмцээнд зориулан тусгай бэлтгэл хийж амжсан уу?
-Амжаагүй ээ. Амжилт гаргана, медаль хүртэнэ гэж ч бодоогүй. Өрсөлдөөд үзье гээд л оролцсон хэрэг. Уралдааны өмнө Энхбаяр багш “За, бие халаалтаа сайн хий. Амжилт гаргах, эсэх нь хамаагүй. Сургуулийнхаа, хууль, хүчнийхний нэрийг гаргах нь чухал. Тэр зогсож байгаа хүн бол Монголын хамгийн шилдэг тамирчин Найдан, хажуу дахь нь хоёр номерын гүйгч Батмөнх” гэхээр нь тэдэн рүү харсан ч үгүй “За” л гэсэн. Надад ямар шилдгүүдтэй өрсөлдөнө гэх бодол, төсөөлөл байсан биш.
Өөрийгөө голон, дээд газрын тушаалыг биелүүлэн, оролцож л байвал болоо гэж бодохгүй юу. Өмнө нь ганц ч тэмцээнд өрсөлдөж үзээгүй “битүү морь” л очсон юм. Бүх зүйл цоо шинэ. Тэгээд гараанаас гарлаа. Өнөө хоёр чинь цахилаад алга болдог юм байна. Уралдааны замын талаас урагш ахисаар тэднийг гүйцээд очлоо шүү. Сүүлийн тойрогт хөл хөнгөн, цуцаж байгаа шинж алга, өнөө хоёрыг гүйцчихмээр санагдаад болдоггүй. Тэгэхээр нь хамаг эрчээрээ, нүдээ аниад л зүтгэтэл түрүүлчихдэг байгаа.
-Монголын шилдгүүд, шигшээ багийн тамирчид жирийн нэг сонсогчид гүйцэгдэнэ гэж таамаглаагүй биз. Та ёстой од болсон уу?
-Манай сургуулийнхан “Найман жилийн турш урдаа ганц ч хүн оруулаагүй Найданг гүйцчихлээ” гээд бөөн баяр. Хүмүүс баяр хүргээд л. Би тэр тэмцээнээс хойш хөнгөн атлетикаар тууштай хичээллэхээр шийдсэн юм. Хэчнээн авьяастай, сайн тамирчин байлаа ч зөв системтэй бэлтгэл, мундаг дасгалжуулагчийн заавраар хөдөлмөрлөж байж л амжилтад хүрдэг. Үүнийг Батцэнгэл багш маань надад бүрэн мэдрүүлсэн, үлгэрлэсэн юм. Сүүлд Найдантай уулзахад “Жирийн нэг сонсогчид түрүүгээ алдлаа гээд их шүүмжлүүлсэн, шигшээ багаас хөөгдөх шахсан” гээд инээж билээ.
-Та тэр спартикиадаас хойш арваад жил улсын тэмцээнүүдэд тасархай түрүүлсэн. Таны амжилтын нууц бэлтгэл, хөдөлмөрөөс гадна юу байв?
-Би ганцхан өрсөлдөгчтэй. Тэр нь Вандан-Очир. Өөрийгөө ялахын төлөө, өөрөөсөө үргэлж алдаа, дутагдал эрэлхийлэн, түүнийгээ засаж залруулахын төлөө явбал амжилтад хүрнэ. Ихэвчлэн Баянчандманиас Улаанбаатар хот руу гүйдэг байлаа. Заримдаа Ар, Өвөр Жанчивланд бэлтгэлээ базаана. Ер нь жилд 7-10 мянган км гүйж бэлтгэлээ хангадаг. Би сургуульдаа багшаар үлдсэн юм. Ажлынхаа хажуугаар л бэлтэл хийж, тэмцээнд оролцдог. Өдөр бүр дөрвөн удаа бэлтгэл хийдэг байсан. Өглөө бүр 05.00 цагт босоод нэг гүйчихнэ. Өдөр, үдээс хойш бэлтгэл хийчихээд, гэртээ ирсний дараа цайгаа уучихаад Хандгайт руу гүйдэг байлаа. Заримдаа ажил орой тарсан үед Хандгайтаас шөнийн хоёр юм уу, гурван цагийн үед ирэх нь энүүхэнд.
-Тэгэхээр хоёрхон цаг унтдаг байсан гэсэн үг үү. Их ядардаг байсан нь мэдээж. Ажил бэлтгэлээ хэрхэн зохицуулдаг байв?
-Тийм ээ. Хүн ер нь болгоё, бүтээе гэвэл арга нь олддог юм билээ. Тухайн үед эхнэр ОХУ-д сурдаг, гурван нялх хүүхэдтэйгээ амьдардаг байлаа. Бас л чанга байсан шүү. Хадам ээж минь их нэмэр, түшиг болдог байв. Өдөржингөө оюутнуудтай ноцолдоод ядарсан амьтан гэртээ ирнэ. Хүүхдүүдийнхээ хоол ундыг бэлтгэн, хувцсыг нь угаачихаад л Хандгайт руу гүйдэг байлаа.
Цаг, наргүй ажлын хажуугаар ийм амжилт гаргаж байгаа юм чинь бэлтгэлээ дагнан хийвэл бүр ч дийлдэхгүй нь гэж боддог байснаа нуугаад яах вэ. Бэлтгэлээ тэгж хийн, бүрэн хангачихаад тэмцээнд оролцох сайхан шүү. Улсдаа шилдэг нь байсан мөртлөө ганцхан дээд амжилт шинэчилсэн нь надтай эн тэнцүү өрсөлдөх хэмжээний тамирчин цөөн байсантай холбоотой.
-Ажлаасаа гаран, спортоор дагнан хичээллэх боломж байсан уу?
-Байлгүй яах вэ. Тэгэх юм сан ч гэж би хүсдэг байлаа. Даанч зах зээлийн ороо бусгаа үед ажлаасаа гарчихаад гэр бүлээ хэрхэн тэжээх билээ. Тэгээд л ажлаасаа гараагүй. Ажил, спортыг хослуулан зүтгэсээр 38 насандаа зодог тайлсан.
-Таны хамгийн гол өрсөлдөгч өөрөө байсан гэсэн. Тэгвэл хамгийн сайн зөвлөгч хэн байв?
-Дасгалжуулагчаас дутахгүй сайн багш, зөвлөгч бол яахын аргагүй тэмцээн. Хэдэн оных билээ байз, нэг тэмцээн санаанаас ер гардаггүй юм. Лав наадмын нээлтийн үеэр Төв цэнгэлдэх хүрээлэнд уралдсан юм даг. Би гурван км-ийн зайд өрсөлдөв. Гараанаас гараад гүйж байх нь ээ С.Өнөрбаяр “Та буруу тактикаар уралдаад байна. Тэгж болохгүй шүү” гэсэн. Би холын зайд өрсөлддөг тактикаараа гүйсээр хамгийн сүүлд орж билээ. Тэр тэмцээн надад том сургамж болсон. Кросс гүйлтийн нэгэн тэмцээнд түрүүгээ алдсан маань хамгийн дурсамжтай нь.
-Анхны мөнгөн медалиа хүртсэн тэмцээн болохоор тэр үү?
-Нээрэн, тийм юм байна. Би тэр тэмцээнд манлайлдгаараа л манлайлаад, хошуучилж явлаа. Бариа нэлээд дөхчихсөн байхад Ариунсайхан гэдэг тамирчин миний хажууд нэлээд хөнгөхөн гүйгээд байна шүү. Би гайхалгүй яах вэ, “Ариука чи яагаад өөрийгөө шахахгүй байгаа юм бэ” гэтэл их гайхсанаа “Болох юм уу” гэлээ. “Бололгүй яах вэ” гэхэд торойтол гүйсээр түрүүлэн, баярлаж байгаа гэж жигтэйхэн. Тийм гоё уралдаан болсон. Намайг тэгж хүндэлсэн нь их сайхан сэтгэгдэл төрүүлсэн. Залуу тамирчдад хүлээн зөвшөөрөгдсөний л илрэл болов уу.
-Тэр үеийнхтэй харьцуулахааргүй дэмжлэг, тордлоготой өнөөгийн тамирчдыг амжилтад та ямар дүн тавих бол?
-Манай тамирчид өндөр амжилт гаргаж байна. Риогийн олимпод л гэхэд дөрвөн марафонч өрсөлдсөн нь үүний илрэл. Гэтэл улсаас тамирчдаа хангалттай дэмжиж чадаж байгаа бил үү. Миний үеийнхээс ахисан юм бараг алга. Олимпод оролцсон дөрөвхөн тамирчнаа шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаан, бүхий л талаар тордож чадаагүй шүү дээ. Тэд хувиараа бэлтгэл хийж “Рио-2016”-д өрсөлдсөн.
Санхүүгийн хүндрэлээс шалтгаалан бүгдийг нь биш юм гэхэд Монголдоо тасархай, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн Б.Сэр-Одыг шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаагаагүй, улсаас цалин олголгүй байж байгаад олимпод оролцуулсан гээд бод доо. Ийм нөхцөлд тамирчид яаж өндөр амжилт гаргах вэ дээ. Улсдаа гомдолгүй, эх орныхоо нэрийг дуурсгахын төлөө бор зүрхээрээ зүтгэж яваа марафончдоороо бахархаж байна.
Тамирчдын амжилтыг медалийн өнгөөр хэмжих нь өрөөсгөл. Үүнээс болж үнэлэмж өндөртэй, төрөөс сайн дэмждэг спортоор хичээллэх сонирхолтой тамирчин олшроод байх шиг. Марафончид өнөөдөр олимп, ДАШТ-ээс медаль хүртэх хэмжээнд хараахан хүрээгүй нь үнэн. Гэхдээ олимпын эрх аван, анхны гэх тодотгол бүхий жим гаргаж байгаа нь том амжилт шүү дээ.
-Та Монголын пара хөнгөн атлетикийн холбооны анхны ерөнхийлөгч, дасгалжуулагчаар ажилласан. Холбоогоо тэргүүлэх, тамирчдыг дасгалжуулах саналыг хэрхэн хүлээж авсан бэ?
-Ерөнхийлөгч, дасгалжуулагчийн ажлыг давхар хаших санал надад тавьсан юм. Эхэндээ нэлээд эргэлзэж байгаад зөвшөөрсөн. Спортын холбоод уналтад орсон, хөгжил нь саарсан үед ерөнхийлөгчөөр томилогдсон хүн дээ, би. Аливаа зүйлийн анхдагч байх амаргүй.
Монголын пара хөнгөн атлетикийн холбооны үйл ажиллагааг жигдрүүлэх, хөдөө орон нутагт салбар, зөвлөл байгуулах, пара спортыг Монголд хөгжүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг спортод дурлуулах, хичээллүүлэхийн төлөө зүтгэсэн. Хийсэн, бүтээсэндээ сэтгэл хангалуун явдаг. Би холбооныхоо ерөнхийлөгчөөр найман жил ажиллаад ерөнхий нарийн бичгийн дарга болсон.
Хэт холын зайн гүйлтээр хичээллэх, гавьяаныхаа амралтыг эдлэхийн тулд өнгөрсөн жил өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэж өглөө.
-Монгол Улс паралимпийн өвлийн наадамд цанын төрөлд тамирчнаа анх удаа оролцуулахад та дасгалжуулсан. Хөнгөн атлетикийн дасгалжуулагч цаначин сойсон гэхээр сонирхол татаж байна. Та ямар шалгуураар тэнцэв?
-Монголын паралимпийн хорооны ерөнхийлөгч асан, талийгаач Лхагвасүрэн багш намайг дуудаад “Паралимпийн наадамд цанын төрлөөр оролцох хоёр эрх авлаа. Хэн, хэнийг оролцуулахаа удахгүй шийднэ. Чи л дасгалжуул” гэдэг юм байна. Цагдаагийн дээд сургуулийн сонгогч байхдаа цанаар давхар хичээллэдэг, холын зайд тэшдэг, бас болоогүй ээ биатлоны армийн тэмцээнд хоёр удаа түрүүлсэн нь нөлөөлсөн болов уу.
Тэгээд Сүхбаатар, Хосбаяр хоёрыг дасгалжуулан 2006 оны Турины паралимпэд оролцсон юм. Ж.Лхагважавыг Афины паралимпэд V байрт шалгарахад нь их харамссан, төрдөө гомдсон. “Дөмөгхөн дэмжиж, олигтойхон тордсон бол медаль хүртэх байлаа” гээд бодохоор харамсахаас ч аргагүй. Пёнчаны паралимэд Б.Ганболд үнэхээр сайн оролцлоо. Амжилтад нь сэтгэл хангалуун байна. Түүний дасгалжуулагч Дашдондог сайн ажиллаж байгаад сэтгэл хангалуун явдаг.
-60 насандаа хэт холын зүйн гүйлтээр хичээллэн, 225 км-ийн зайд залуу тамирчидтай өрсөлдөж байгаагаар тань бахархахгүй байхын аргагүй. Ийм хол зайд оролцдог танаас өөр ахмад тамирчин Монголд бий юү?
-Ер нь хэт холын зайд гүйдэг арваад тамирчин байгаа ч, ахмад настай нь хуруу дарам. Тэднээс 225 км-ийн зайн олон улсын тэмцээнд өрсөлддөг надаас өөр тамирчин байхгүй. Би сүүлийн жилүүдэд хэт холын зайд гүйж байна, 14 тэмцээнд оролцон, 12 медаль хүртлээ.
-Өнгөрсөн жил 225 км-ийн уралдаанд оролцохдоо 40 гаруй градусын халуунд 60 км замыг өрөөсөн хөлөө чирч туулсан гэж сонссон. Хөл нь бэртсэн юм уу?
-Үгүй ээ, улдаад ер гишгэж болохгүй байсан юм. Өрөөсөн хөлөө чирээд 40 гаруй км зам туулсны дараа тэмцээн зохион байгуулагчид байсхийгээд л ирж “Ухаан алдаж магадгүй. Эмнэлгийн машинаар хүргүүлчих” гэхээр нь зөвшөөрөөгүй. Барианд нэлээд дөхчихсөн, ойролцоогоор тав орчим км дутуу байхад хэдэн солонгос тамирчин миний урд гүйж явна.
Гэнэт шар хөдлөөд “Ер нь янгинаж өвдөөд байгаа болохоос ямар хугарчихсан биш” гээд хамаг хүчээ шавхан гүйсээр нөгөөх тамирчдыг гүйцэн, барианд орсон. Бас нэг удаа уралдаж байтал пүүзнээс цус нэвтэрч гараад тогтдоггүй ээ. Гутлаа тайлаад хартал хумс махнаасаа хөндийрөн, сүйд болж. Тэгэхээр нь хүнээс бахь гуйж байгаад баруун хөлнөөсөө гурав, зүүнийхээс нь хоёр хумс суга татаж аваад сайтар боочихов. Шүд зуугаад л гүйчихлээ. Ямар олиг байх вэ, өвдөж байна гэж жигтэйхэн.
Тэгээд маргааш өглөө нь бостол бүр аймар өвдөж байна шүү. Хүнээр түшүүлэн гарааны зурхайд хүргүүлснийхээ дараа хэд сайн дэвстэл гайгүй болчихсон. Тэгж байж тэмцээний замаа дуусгасны дараа үнэхээр гоё мэдрэмж төрдөг, өөрөөрөө бахархмаар санагддаг юм билээ. Ер нь уралдааны тэр хол замд элдэв зүйл тохиолдохын алийг тэр гэх вэ. Элдэв зүйл бодогдоно, ядарч цуцсан үед уралдааны зам барагдана гэж үгүй. Улам л хол болоод байх шиг санагддаг юм.
-Энэ жил ахмадын Азийн АШТ-д оролцох уу?
-Харин ээ, яадаг юм билээ. Би Азийн дэвжээнд сүүлчийн хоёр жил дараалан IV байрт шалгарсан. Тэгэхдээ 24 цаг, 255 км-ийн зайн уралдаанд оролцоод удаагүй байхдаа өрсөлдсөн нь амжилтад нөлөөлсөн тал бий. Сэргэлт авч амжаагүй хэрэг. Тиймээс Азийн АШТ-ээс медаль хүртэхийн тулд дээрх хоёр тэмцээнийг өнжих бодолтой байгаа. Гэхдээ юу болох нь вэ, харзнаж байгаад шийднэ. Нас бол зүгээр л тоо.
Хүн хөгширч биш, хөшиж үхдэг гэдэг яг үнэн. Одоо би 60 настай ч хэвтэрт л орчихгүй бол гүйгээд байхыг хүсдэг. 225 км-ийн тэмцээнд хоёр жил уралдахдаа шагналт байрт шалгарсан. Тэр тэмцээнд надаас 20, 30 насаар дүү тамирчид медаль хүртсэн болохоор юу гэж харамсах вэ. Үеийнхэнтэйгээ өрсөлдсөн бол аварга болчихсон гэж өөрийгөө тайвшруулж, урамшуулдаг юм.