Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны Доод төглийн Шар хоолойд амьдардаг иргэдийн санаачлагаар “Ангиртай бүс” төрийн бус байгууллага байгуулагдсан байна. Хөршүүд хамтран хүлэрт намгийг сэргээж, ангир шувуу болон байгаль орчинг хамгаалах ажлыг хийх хүсэлтээ хотын дарга С.Батболдод ирүүлсэн. Энэхүү хүсэлтийн дагуу иргэн Л.Алдармаа тэргүүтэй иргэдийн төлөөлөлтэй өнөөдөр уулзлаа. Иргэн Л. Алдармаа хэлэхдээ “Улаанбаатар хотдоо экологийн бүс цогцоор нь байгуулах хүсэлт бидэнд бий. Өөрөөр хэлбэл, Гачууртын Шар хоолой орчмын 70 га газрыг хамгаалснаар тэнд ангир шувуу үржиж, унаган байгалиа хамгаалж, цаашлаад нөхөн сэргээлт хийж, хүүхэд багачууддаа экологийн боловсрол олгодог ботаникийн хүрээлэн байгуулах хүсэлт бидэнд байдаг. Гэвч газрын хамгаалалтын асуудал, хилийн бүсийг тогтоогоогүйгээс иргэд, аж ахуйн нэгжүүд газар сэндийчих, барилга барих гэсэн оролдлого олон удаа гарсан. Үнэндээ энэ бүс нь Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийн бүсэд багтдаг учраас хилийн цэс, заагийг тогтоож, хөршүүд хамгаалж, Байгаль орчны газартай хамтран ажиллах боломжийг олгож өгөхийг хүсч байна. Анх Шар хоолойн энэ аманд 6 төгөл байсан ч өнөөдөр ганцхан нь үлдсэн. Энд амьдардаг иргэд нутаг орон, байгалиа хамгаалах зорилгоор ХБНГУ-ын Мюхены судлаачид болон шувуу судлаачидтай ч уулзалт хийж байна. Ангир шувуу өөрөө их онцлог. Хүлэрт намаг бүхий газар өсч үрждэг. Тиймээс нийслэл хот ангир шувуугаа хамгаалах асуудал чухал байна. Бид газар хүсээгүй. Хамгаалалтын заагийг тогтоож, уг бүсэд газар олголт хийхгүй байхыг хүсч байна” гэлээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Ангиртай бүс” байгуулах санаачлага гаргасан иргэдийн саналыг дэмжиж байгаагаа илэрхийлж, богино хугацаанд тус газрын хилийн заагийг тогтоон, нийслэлийн Байгаль орчны газрын хамгаалалтад авна гэдгээ хэллээ. Хэрвээ хөршийн холбоо үнэхээр сайн ажиллаж, экологийн бүсийг сэргээж, байгалиа хамгаалж чадвал нийслэл хотоос тодорхой хөрөнгө оруулалт хийж, иргэдийн амарч, хүүхэд багачуудын зугаалах дуртай амьд байгаль бүхий цэцэрлэгт хүрээлэнг байгуулна гэдгийг тодотголоо. Тэрбээр “Хамгийн хэцүү асуудал нь газар байдаг. Аялал жуулчлал, байгаль хамгаалах нэрийдлээр уулын ам, их хэмжээний га газруудыг хашиж, байгалийг сэргээх нь битгий хэл сүйдэлж байгаа үйлдлүүд хотын эргэн тойронд их байна. Энэ бүхнийг цэгцэлж, зарим иргэн, аж ахуйн нэгжид хариуцлага тооцож, нийслэлийн мэдэлд газраа эргүүлэн авах хүртэл арга хэмжээ авна. Гачууртад “Ангиртай бүс” буюу ботаникийн хүрээлэн байгуулахыг дэмжиж ажиллана” гэдгээ энэ уулзалтаар онцоллоо.
“Авто тойруулга цогцолбор” байгуулах ажлыг судална
“Монголын авто машины спорт холбоо” -ны гүйцэтгэх захирал Д.Батзориг хотын даргатай уулзаж, “Авто тойруулга цогцолбор” барих хүсэлтээ танилцууллаа. Тэрбээр 1988 оноос эхлэн авто спортыг хөгжүүлэх чиглэлээр тууштай ажиллаж байна. Ингэж ажилласны үр дүнд 1990 онд анхны авто машины уралдааныг зохион байгуулж, 1994 онд “Монгол ралли” уралдаан, 1996 онд “Батхүлэг” бартаат замын уралдааныг зохион байгуулж, уг уралдаанууд ч тогтмолжсон байна. ШУТИС-ийн багш, судлаачидтай хамтран “Авто тойруулга цогцолбор” барих талаар зураг төсөл хийж, чамгүй судалгаа хийсэн. Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт цогцолбор барих ажлаараа нилээд хөөцөлдсөн ч сум, орон нутгаас сайн дэмжиж өгөөгүйгээс орхигдоход хүрсэн байна. Аргаа бараад хотын даргад хандаж, нийслэл хот өөрийн гэсэн авто тойруулгатай болох төслийг танилцуулж байна гэж Д. Батзориг хэллээ. Нийслэлийн хэмжээнд төмөр зам дагуу байршилтай, хотын суурьшилын бүсээс алс 1.8 километр засмал зам бүхий авто тойруулгыг хийх бололцоотой. Үүний зэрэгцээ бартаат замыг ч давхар байгуулахаар тооцжээ. Энэ тухайгаа тэрбээр хотын даргад танилцууллаа. Дэлхийн өндөр хөгжилтэй хотууд төдийгүй хөгжиж байгаа хотуудад ч экстрим спорт болон авто спорт их хөгжиж байгаа энэ үед “Авто тойруулга цогцолбор” барих ажил, энэ спортыг хөгжүүлэх сонирхолтой ганц хүн, холбоонд даатгаад орхиж болохгүй. Улаанбаатар хот ч залуусаа спортлог болгох, аялал жуулчлалыг давхар хөгжүүлэх зорилгоор энэ цогцолборыг барих шаардлага бий. Тиймээс Нийслэлийн нийтийн биеийн тамир, спортын хорооны дарга Ж. Ганболдоор ахлуулсан ажлын хэсэг ажиллаж, “Авто тойруулга цогцолбор” барих судалгааг нэн яаралтай хийж, ирэх сардаа багтаан хотын удирдлагын багт танилцуулахыг хотын үүрэг болголоо. Дэлхийн өндөр хөгжилтэй олон орон “ Авто тойруулга цогцолбор” баригдсан. Тухайлбал, БНХАУ-ын Шанхай, ОХУ-д байгуулсан байна.
Агаарын бохирдлыг бууруулахад аж ахуйн нэгж, иргэдтэй хамтарна
Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр гэр хорооллыг орон сууцжуулах, амины сууцаар хангах хотын даргын бодлогыг дэмжиж байгаагаа “Элит констракшн” ХХК-ийн хамт олон илэрхийлж, ерөнхий захирал Ц.Төмөрсанаа нь хотын даргатай уулзлаа. Тэрбээр Сонгинохайрхан дүүргийн 25-р хороонд “Баянтүмбэ” хотхон байгуулах төсөл хийснээ танилцууллаа. Тус төсөл нь 4.5 га газрыг хамарч, 71 өрх айлыг хашаандаа тохилог, дулаан, ус, бохир, халаалтын асуудлыг шийдэж амьдрах орчныг бүрдүүлэхээр хийгдсэн байна. Тус компанийн мэдэлд байдаг уг газарт дээрх бүтээн байгуулалтыг хийхэд ганцхан хүндрэл гарч байгаа нь гүний худгаас гарах усыг айл бүхэнд хүргэх магистраль шугамын холболт юм. Хотын захиргаанаас энэ асуудлыг шийдэж өгвөл иргэн хүн хашаандаа 35 сая төгрөгөөр байшин бариад, халуун хүйтэн устай, бохирын асуудлыг шийдсэн нөхцөлд амьдрах бололцоотой. Зуух хэрэглэхгүй, халаалтыг ч давхар шийдсэн гэдгийг танилцууллаа. Мөн тус компанийнхан Баянгол дүүргийн 6 дугаар бичил хороололд авто зогсоол барих хүсэлт гаргаж байгаа юм байна. Авто зогсоол, ногоон байгууламжийг өөрийн хөрөнгөөр барьж, орчныг нь тохижуулах санаачлагаа хотын даргад танилцууллаа. Агаарын бохирдлыг бууруулах, авто зогсоолын асуудлыг шийдэх чиглэлээр аж ахуйн нэгжүүдийн гаргаж байгаа санал санаачлагыг хотын даргын зүгээс ямагт дэмжинэ. Аливаа асуудлыг хуулийн хүрээнд, хуульчлагдсан ерөнхий төлөвлөгөөний дагуу шийдэх болно гэдгээ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд хэллээ. “Диший” хоршооны захирал Д.Баярмаа мөн утааг бууруулах төслийн туршилтын талаар болон эко хүнсний бүтээгдхүүн болох “Цэгээн цагаан сүүний уураг”-ийг танилцуулсан байна