Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд 14 хоног тутмын Мягмар гаригт иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулздаг уламжлал тогтсон. Уг уулзалтын зорилго нь хотын даргад хандаж өргөдөл, хүсэлт гаргасан иргэдийнхээ асуудлыг хуулийн хүрээнд шуурхай шийдвэрлэхэд чиглэдэг. Уулзалтад 10 гаруй иргэн, аж ахуйн нэгж оролцдог. Хотын даргын уламжлалт уулзалтын өнөөдрийн эхний иргэн нь “Монгол тохь” ХХК-ийн ерөнхий захирал Ц.Цэрэндулам байлаа. 2004 онд байгуулагдсан тус компани нь цэцэрлэгжилт, ногоон байгууламжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Япон улсад энэ чиглэлээр ажиллаж байсан туршлагатай иргэд хамтран байгуулсан компани гэдгийг танилцуулаад Улаанбаатар хотынхоо өнгө үзэмжийг нэмэгдүүлэх зорилгоор “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” орон нутгийн өмчит улсын үйлдвэрийн газартай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа хотын даргад хэллээ. “Монгол тохь” компанийхан Хан -Уул дүүргийн 1 дүгээр хороонд тохижилтын ажил хийсэн. Улаанбаатар хотын захирагчийн ажлын албатай хамтран ажиллаж байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ч олны хараа татах содон шийдэл, шинэ технологи бүхий ногоон байгууламж барих хүсэлтээ удаа дараа илэрхийлж, орчин үеийн цэцэрлэгжилтийн талаар ч хамтран сургалт явуулах саналаа хүргүүлж байсан. Гэвч хариулт ирдэггүй. Хамтын ажиллагааны ямар ч эхлэл тавигдахгүй байгаад сэтгэл дундуур байгаагаа Ц.Цэрэндулам уулзалтын үеэр хэлж байв.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд “Иргэн Ц. Цэрэндуламыг Япон улсад ажиллаж, амьдарч байхдаа ногоон байгууламжийн чиглэлээр ажиллаж байсныг мэднэ. Япончууд цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг өгүүлэмж санаатай, тохижилт, орчин нөхцөлөө ч сайн тооцож хийж чаддаг. Тиймээс энэ сайн технологийг нийслэл хотод нэвтрүүлэхэд хотын удирдлагын зүгээс татгалзах зүйл байхгүй” гэдгийг онцолсон. Түүнчлэн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хамт олны хувьд ч “Монгол тохь” ХХК -тай тодорхой төсөл хамтран хэрэгжүүлэх боломж бийг орлогч дарга Ү.Оюунзул хэллээ. Тэрбээр “Өнөөдрийн байдлаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 100 гаруй мянган мод, суулгац бий. Ургалт нь 98 хувьтай байгаа. Жилийн дөрвөн улиралд тасралтгүй арчилгаа хийж байна” гэдгийг ч мэдээллээ.