Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Б.Лхагвасүрэнтэй хөрөнгө оруулалтын сангийн талаар ярилцлаа.
-Одоогоор хөрөнгө оруулалтын хэдэн сан байгуулагдаад байна вэ?
-Улсын их хурлаас Үнэт цаасны зах зээлийн, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг 2013 онд баталсан. Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-ноос эдгээр хуулийг дагаж гарах шаардлагатай дүрэм, журмыг 2014-2016 онд баталсан байдаг. Өнгөрсөн хоёрдугаар сарын эцсийн байдлаар үнэт цаасны зах зээлд хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан 16 компани байна.
Дээрх хуулиудад хөрөнгө оруулалтын менежментийн компани нь хамтын болон хувийн хөрөнгө оруулалтын санг үүсгэн байгуулж, удирдахаар заасан. Энэ хүрээнд тусгай зөвшөөрөл авсан 16 компаниас ес нь хувийн хөрөнгө оруулалтын сангийн баримт бичгээ СЗХ-нд бүртгүүлээд буй.
Хэдий хөрөнгө оруулалтын есөн сан бүртгүүлсэн ч тэдгээрээс үйл ажиллагаагаа эхлүүлсэн нь цөөн бөгөөд голчлон үл хөдлөх хөрөнгийн сангууд байна. Сангууд ихэвчлэн эхнийхээ хөрөнгө оруулалтыг арилжааны банкнаас татахаар бодлогын баримт бичигтээ тусгасан байсан.
Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль, СЗХ-ноос 2014 онд баталсан Хөрөнгө оруулалтын менежментийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн болон үйл ажиллагааны журамд хөрөнгө оруулалтын менежментийн компанийг анх байгуулахдаа 100 сая төгрөгийн дүрмийн сантай, тусгай зөвшөөрөл авснаас нэг жилийн дотор хөрөнгө оруулалтын сангаа байгуулахаар заасан байдаг.
Хамгийн сүүлд “Бодь инвест ҮЦК” ХХК-ийн үүсгэн байгуулсан “Бодь үнэмлэхүй өсөлт” хувийн хөрөнгө оруулалтын сангийн баримт бичгийг СЗХ бүртгээд байна. Тус сан нэг бүр нь 1000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 30 сая нэгж эрхийг 10 жилийн хугацаанд хөрөнгө оруулагчдад санал болгохоор бизнес төлөвлөгөөндөө тусгасан.
-Нэг компанийн тусгай зөвшөөрлийг цуцалсан бололтой.
-2017 оны аравдугаар сард СЗХ-ны Үнэт цаасны газар, Хяналт, шалгалт зохицуулалтын газраас хамтран хөрөнгө оруулалтын менежментийн компаниудын төлөөллийг хүлээн авч уулзсан. Бидний зүгээс Үнэт цаасны зах зээлийн тухай хуулиар хөрөнгө оруулалтын менежментийн компани тусгай зөвшөөрөл авснаас хойших хугацаанд сангаа байгуулаагүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох зохицуулалттайг тайлбарлаж, “Өнгөрсөн хугацаанд макро эдийн засгийн нөхцөл байдлаас хамаарч сангаа байгуулах боломж бүрдээгүй байж болно.
Тиймээс учир шалтгаанаа тайлбарлан, сангаа үүсгэн байгуулах баримт бичиг, бизнес төлөвлөгөөгөө ирүүлбэл хүсэлтийг нь хүлээж авах боломжтой” гэж мэдэгдсэн. Үүний дагуу дөрвөн компани нөхцөл байдлаа тайлбарласан албан бичиг ирүүлсэн ба тайлбар хүсэлт ирүүлээгүй нэг компанийн тусгай зөвшөөрлийг өнгөрсөн хоёрдугаар сард СЗХ-ны хуралдаанаар хүчингүй болгосон.
-“Бодь үнэмлэхүй өсөлт” сангийнхан “Богд” банкнаас энэ онд нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт татахаар төлөвлөсөн гэж сонссон. Тэгвэл сангууд татсан хөрөнгөө ихэвчлэн ямар хэрэгсэлд оруулж байгаа бол?
-Хөрөнгө оруулалтын сангаа байгуулахдаа хэрхэн удирдах, хаанаас хэдий хэмжээний хөрөнгө татах, ямар санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах зэргээ тодорхой заасан бодлогын баримт бичиг, бизнес төлөвлөгөөг СЗХ-нд ирүүлдэг л дээ. 2015 онд нэг, 2016 онд хоёр сан байгуулагдсан. Үлдсэн нь 2017 он болон энэ жилийн эхээр байгуулагдсан. Тэдгээрийг 1-2 жил, түүнээс урт хугацаанд үйл ажиллагаа явуулсных нь дараа бизнес төлөвлөгөөнийхөө дагуу хөрөнгө оруулж буй, эсэхийг харах хэрэгтэй болов уу.
Хөрөнгө оруулалтын сангаа байгуулсан ч идэвхтэй ажиллаж чадахгүй байгаа нь макро эдийн засагтай холбоотой. Өнгөрсөн жил Засгийн газрын үнэт цаасыг нэлээд их хэмжээгээр арилжсан бол оны эцсээр нийлүүлэлт нь багасчихлаа. Хөрөнгө оруулалтын сангуудын хувьд хөрөнгө оруулах эрсдэлгүй, өндөр өгөөжтэй санхүүгийн хэрэгсэл бол яах аргагүй Засгийн газрын үнэт цаас.
Үүсгэн байгуулагдсан сангуудын хувьд дээрх хэрэгсэлд хөрөнгө оруулах сонирхол өндөр байгаа гэж таамаглаж байна. Баримт бичгээ СЗХ-нд бүртгүүлсэн сангуудын дийлэнх нь үл хөдлөх хөрөнгөд голчлон хөрөнгө оруулахаар бизнес төлөвлөгөөндөө тусгаж, түүнийгээ хэрэгжүүлсэн байдаг. Банкны хадгаламж, Засгийн газрын бондын хүү зэргийг авч үзвэл үүнээс өөр аргагүй байсан байж мэднэ.
Уг нь Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулиар 12 төрлийн хэрэгсэлд (Алт, валют худалдаж авах зэрэг) оруулж болохоор заасан байдаг. Гэхдээ сүүлийн үед ирүүлж буй бизнес төлөвлөгөөтэй нь танилцахад хаалттай болон хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хувьцаанд хөрөнгө оруулах замаар эдийн засгийн гол салбарууд болох мал аж ахуй, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэл болон жижиг, дунд бизнест хөрөнгө оруулна гэж тусгасан байна.
Хөрөнгийн зах зээл сэргэж, илүү их боломж бийг иргэд мэдээд эхлэхээр хадгаламжийн дундаж хүү буурч, хөрөнгө оруулалтын сангуудын үйл ажиллагаа идэвхжих боломжтой гэж харж байгаа. Тухайлбал, “Сүү” компани 2017 онд “Сүү” бонд арилжин, олон нийтээс хөрөнгө татсан. Бондын эргэн төлөлтөө цаг хугацаанд нь хийвэл зах зээлд оролцогчдын итгэл сэргэхэд нөлөөтэй юм.
Мөн өнгөрсөн онд Монголын хөрөнгийн биржид хоёр компани IPO хийсэн. Аль алиных нь захиалга 2-3 дахин давж ирсэн. Гэхдээ хүмүүс богино хугацаанд хөрөнгө оруулаад, ханш нь өсөхөд борлуулж байна уу, эсвэл урт хугацаанд хөрөнгө оруулж байна уу гэдгээс үнэт цаасны зах зээлийн ирээдүйн дүр зураг тодорхой хэмжээнд харагдахаар байгаа.
Компаниуд ч үнэт цаасны танилцуулгад тусгагдсаны дагуу татан төвлөрүүлсэн хөрөнгөө зарцуулаад үр дүнг нь гаргасан уу гэдэг нь чухал. Үүнийг ядаж нэг жилийн дараа ярих ёстой байх. Ер нь сүүлийн үеийн нөхцөл байдлаас харахад хөрөнгийн зах зээлийг сонирхож буй хөрөнгө оруулагч, иргэн маш олон байна.
-Хөрөнгө оруулалтын менежментийн компаниуд 2014 оноос эхэлж тусгай зөвшөөрлөө авсан байдаг. Ер нь менежментийн компаниуд сангаа байгуулахгүй удаж байгаа нь юутай холбоотой вэ?
-Хөрөнгө оруулагчтайгаа хэлцэл хийгээд, санамж бичигт гарын үсэг зураад явж байтал манай улсын эдийн засаг, улс төрийн нөхцөл байдал өөрчлөгддөгтэй холбоотой гэж тайлбарласан. Тухайлбал, Сингапур, Хонконгийн хөрөнгө оруулагчидтай тохирчихоод байсан ч тэдгээр нь “Монголд тогтворгүй орчин бий болчихлоо. Харзная гэсэн” хэмээж байсан л даа.
Бидний зүгээс хэлсэндээ эзэн байж, бизнес төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд тууштай байх ёстой гэсэн зарчмын санал хэлж байгаа. Хөрөнгө оруулалтын санг зүгээр нэг байгуулах гэж биш, анхнаасаа бодитой төлөвлөж, бодож тооцон, судалгаа, үндэслэлтэй ажиллаач ээ гэдэг шаардлага тавьж буй хэрэг. Мөн хөрөнгө оруулалтын менежментийн, хөрөнгийн зах зээлд ажиллаж байгаа мэргэжлийн байгууллагууд, компаниуд засаглал, боловсон хүчиндээ анхаарах шаардлагатай нь анзаарагддаг.
-Гадаадын орнуудын хөрөнгө оруулагчид манайхыг сонирхож буйгаа илэрхийлсэн тохиолдол бий болов уу?
-Хөрөнгө оруулалтын “J.P.Morgan” банк “Голомт” банктай хамтран ажиллахаар өнгөрсөн жил гэрээ байгуулсан. Дэлхийн томоохон хөрөнгө оруулалтын банк Монгол Улсыг сонирхож, хөрөнгө оруулах сонирхлоо илэрхийлж, хамтран ажиллахаар болсон нь цаашид гадаадын хөрөнгө оруулагчдыг татахад томоохон нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Гэвч гадаадын хөрөнгө оруулагчид манайд хөрөнгөө оруулъя гэж сонирхохуйц, тэдний эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ манай зах зээлд төдийлөн алга байгаа. Тиймээс хөрөнгө оруулалтын компани, мэргэжлийн байгууллагууд үүнд анхаарах ёстой. Энэ хүрээнд СЗХ-ноос өнгөрсөн оны эцсээр үнэт цаасны давхар бүртгэлийг зохицуулсан журам баталсан.
-Манайд “Голомт”, “Худалдаа хөгжлийн банк”, ХААН банкны гурван кастодион банк бий. Хөрөнгө оруулалтын сангууд кастодион банкуудад хэдий хэмжээний хөрөнгө байршуулсан талаар мэдээлэл бий юү?
-Одоогоор ийм тоо хэлэх боломж алга. Хөрөнгө оруулалтын сангийн нэгж эрх, хөрөнгө кастодион банкинд хадгалагдаж, бүртгэгдэх ёстой байдаг. Өнгөрсөн хугацаанд байгуулагдсан хөрөнгө оруулалтын есөн сангийн хөрөнгө оруулалтын хэмжээг 60 орчим тэрбум төгрөг гэсэн багцаа тооцоо хийсэн. Хувийн хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагаанд СЗХ байнга оролцох нь зохисгүй.
Хамтын санг бодвол хувийн санд эрсдэлээ даах чадвартай мэргэжлийн хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулдаг нийтлэг жишиг байдаг. СЗХ нь хувийн хөрөнгө оруулалтын сангийн үйл ажиллагааг менежментийн компани, кастодион банкаар нь дамжуулж сангаа зөв удирдаж байна уу, хөрөнгө оруулагчдын хөрөнгийг зөв зохистой зарцуулж байна уу гэдгийг хянадаг. СЗХ-ноос хөрөнгө оруулалтын менежментийн компанийн тайланг жилд нэг удаа авдаг.
-Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуульд өөрчлөлт оруулна гэсэн үү?
-УИХ-аас 2017 онд баталсан Монгол Улсын хууль тогтоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлд Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар тусгасны дагуу СЗХ-ноос нэмэлт, өөрчлөлтийг боловсруулах чиглэлээр ажиллаж байгаа. Хөрөнгө оруулалтын менежментийн компани, кастодион банкны төлөөлөлтэй хэд хэдэн удаа хэлэлцүүлэг хийсэн.
Мөн дээрх хуулийг дагаж гарсан дүрэм, журмыг Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн шинэчлэхээр шаргуу ажиллаж байна. Аль болох олон улсад дагаж мөрддөг стандарт шаардлагууд тавина. Агуулгын, зарчмын том өөрчлөлт оруулахгүй.
-СЗХ-ны Үнэт цаасны газрынхан хөрөнгө оруулалтын сантай холбоотой ямар ажлуудыг энэ онд хийхээр төлөвлөсөн бэ?
-Хөрөнгө оруулалтын менежментийн тусгай зөвшөөрөл авсан атлаа сангаа байгуулдаггүй, байгуулсан ч идэвхтэй үйл ажиллагаа явуулахгүй байгаа аж ахуйн нэгжүүдийн төлөөлөлтэй уулзахаар төлөвлөсөн. Хэрэв үйл ажиллагаа явуулахгүй, нэр төдий байвал тусгай зөвшөөрлийг нь түдгэлзүүлэх, хүчингүй болгох арга хэмжээг шат дараалан авч хэрэгжүүлнэ.
Мэдээж ямар боломж бүрдүүлж өгөх шаардлагатай байгаа талаар ярилцаж, энэ чиглэлд анхаарна. Өдгөө дан хувийн хөрөнгө оруулалтын сангууд байгуулагдсан. Хамтын хөрөнгө оруулалтын сан байгуулахаар зарим компани судалж байгаа гэсэн мэдээлэл бий. Ийм сан дотроо хаалттай, нээлттэй гэсэн хоёр хэлбэртэй. Нээлттэй хэлбэрээр үйл ажиллагаа явуулж эхэлбэл эдийн засагт илүү эерэг үр нөлөө үзүүлэх боломжтой гэж бид харж байгаа.
-Хөрөнгө оруулалтын сангууд үйл ажиллагаагаа идэвхтэй явуулж эхэлбэл гарах үр дүнг хэрхэн харж байна вэ?
-Монголд орж ирэх хөрөнгө оруулалт нэмэгдэх, хөрөнгийн зах зээлд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болох ёстой. Нөгөөтэйгүүр, жижиг, дунд үйлдвэрлэгчдэд хөрөнгө оруулах, тэдгээрийг дэмжих боломж бүрдэнэ. Сангууд ихэвчлэн банкнаас хөрөнгө оруулалтаа татсаныг дээр дурдсан. Өөрөөр хэлбэл, хувь хүмүүс хөрөнгө оруулах нь бага байгаа. Тиймээс иргэдэд мэдлэг, мэдээлэл өгөх тал дээр анхаарал хандуулан ажиллахаар төлөвлөж байна.