Цэрэг гэдэг үг эр хүн гэдэг үгтэй хоршин сонсогдох нь бий. Гэвч олон зуун жилийн өмнөөс эмэгтэйчүүд цэргийн албанд зүтгэж, эрчүүдийн адил даалгавар гүйцэтгэж, тэднээс дутахгүй гэдгээ түүхийн бүхий л цаг үед харуулсаар ирсэн билээ. Үүний нэгэн тод жишээ нь ЗХЖШ-ын ЭДЦХАХ-ийн Энхийг дэмжих ажиллагааны ар тал хангалт, дэмжлэгийн тасгийн дарга хурандаа Х.Эрдэнэчимэг юм. Тэрбээр саяхан “Хурандаа” цол хүртсэн бөгөөд Монголын тав дахь эмэгтэй хурандаа юм. Ингээд түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 97 жилийн ойн баярыг тохиолдуулан цол ахиулж байгаад тань баяр хүргэе.
-Баярлалаа. Монгол Улсын Зэвсэгт хүчинд зүтгэсээр 23 жилийг үдлээ. Би Батлан хамгаалах их сургуулийн анхны эмэгтэй офицеруудын нэг. Баярынхаа өдрийг тохиолдуулан цол нэмлээ. Анх хурандаа болно гэдгээ мэдээд баярлахынхаа хажуугаар маш их сүрдсэн. Учир нь надад ирж буй энэ их өндөр үүрэг хариуцлагыг нэр төртэй биелүүлж чадах болов уу гэж айсандаа тэр. Бас цаашлаад Зэвсэгт хүчиндээ юу хийж үлдээх вэ, хөгжил дэвшилд хэрхэн хувь нэмрээ оруулах вэ гэх мэтээр их зүйл бодогддог юм билээ.
-Цэргийн амьдралыг анх яаж сонгож, орж ирсэн бэ. Хүүхэд насныхаа мөрөөдлөөр жигүүрлэж явна уу. Тэр тусмаа 1990-ээд оны дундуур эмэгтэй хүүхэд цэрэг болохыг хүснэ гэдэг их ховор тохиолдол байсан байх.
-Би хурандаа аавын охин. Аав минь цэргийн хурандаа, ээж маань хошууч цолтой хүмүүс. Тийм болохоор миний амьдрал багаасаа л цэргийн амьдралтай нягт холбогдсон. Хүүхэд нас минь Төв болон Өвөрхангай аймгийн хуучин Сэргэлэнгийн дивизэд өнгөрсөн. Тухайн үед цэргийн хүмүүс байсан болохоор үргэлж л хээрийн сургуулилтад явдаг байлаа. Гэрт зэрэгцээд байж байдаг ээж аавын хоёр модон чемодан алга байвал хээр хөдөө сургуулилтад явж дээ, өнөөдөр гэртээ ирэхгүй юм байна даа гэж мэддэг байсан юмдаг. Чемоданууд алга болохоор л гэр эзгүйрээд, хүйт даагаад уйтгартай болчихдог байж билээ. Гэхдээ цэрэг хувцастай ороод ирэхээр нь их сүрдэнэ ээ. Ялангуяа ээж минь дүрэмт хувцастайгаа их цэмцгэр, жавхаалаг харагддаг байсан юм даг. Ийм болохоор багаасаа л цэрэг болохыг мөрөөдөж ирсэн.
1995 онд 18 нас хүрээд цэргийн сургуульд эмэгтэй сонсогч нарын хоёр дахь элсэлт болон орсон. Гэхдээ эдийн засгийн мэргэжлээр эмэгтэй сонсогч элсүүлж байсан нь анхны тохиолдол байсан. Тийм болохоор ч тэр үү өрсөлдөөн ихтэй байлаа. Тэрэн дундаас шигшигдэж орсондоо тухайн үед өөрөөрөө их бахархаж билээ. Би өөрөө ч сурлага сайтай хүүхэд байсан болохоор тэр үү найзууд маань намайг цэргийн хүн болсон гэхэд одоо ч гайхдаг. Гэхдээ өдийг хүртэл нэг ч удаа гаргасан шийдвэртээ харамсаж байгаагүй.
-Амьдралын гараа буюу ажлын анхны талбар дээр хэрхэн дадлагажиж дөр суусан тухайгаа ярьж өгөөч. Хэзээ анх өөрийгөө цэрэг хүн болсон гэж мэдэрч байв?
-Батлан хамгаалах их сургуулиа төгсөөд тэнхимийнхээ саналаар Дамжааны захирагч буюу Курсын дарга гэдэг албан тушаалд анх томилогдож байлаа. Цэрэгт элсэн орж буй суралцагсдыг цэргийн амьдралд дасгах, цагийн хуваарийн дагуу тэдний үйл ажиллагааг удирдах үүрэгтэй. Энэ газар л ажлын амтыг анх мэдэрч байсан даа. Харин өөрийгөө цэрэг хүн болсноо сургуульдаа ороод өглөөний гүйлт, харайлтаасаа эхлээд л мэдэрч эхэлсэн дээ. Хээрийн сургуулилтад гараад анх удаа буун дуу сонсож, дарийн утаа үнэрлэж үзсэн минь тэр.
-Цэргийн амьдрал хүнд нөхцөлтэй гэлцдэг. Ялангуяа эмэгтэй хүний хувьд бэрхшээл багагүй тулгарч байсан байх.
-Хүндрэл бэрхшээл тулгарч байлгүй яахав. Гэхдээ анх хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн орж ирсэн 18-тай залуу хүний хувьд хүнд хүчрийг мэдэрдэггүй байсан гэхэд болно. Сургуульдаа ороод ерөнхий цэргийн программ гээд жинхэнэ цэргийн хатуу программаар бэлтгэгдсэн. Тэнд хээр тактикийн бэлтгэл хийнэ, явган цэргийн байлдааны машиныг жолоодно, хээр суурилсан их буугаар буудлага хийнэ. Төрөл бүрийн зэвсэг ашиглаж сурах гээд л хээрийн хичээл ихтэй. Одоо бодоод байхад тэр үе амьдралын минь хамгийн сонирхолтой, хөгжилтэй үе байсан мэт санагддаг. Ер нь цэргийн амьдрал хүнд тэвчээр хатуужил, ямар ч хэцүү зүйл тулгарсан шантрахгүй байх эр зоригийг суулгадаг.
-Энхийг сахиулах ажиллагаанд явж байсан гэсэн. Хэдэн онд, аль улсад энхийг сахиулах үүрэг гүйцэтгэж байв?
-2011 онд Баруун Сахарт НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд нэг жилийн хугацаатай ажиглагчийн үүрэг гүйцэтгээд ирсэн. Монголын зургаа дахь эмэгтэй ажиглагчаар ажиллагаанд оролцсон юм.
-Таны хувьд Баруун Сахар гэдэг цоо шинэ “ертөнц” байсан байх. Тэнд очоод төрсөн анхны сэтгэгдэл юу байсан бэ?
-Ажиллагаанд оролцохын өмнө тусгай программаар бэлтгэгдэж явдаг. Тухайн үед үүсэх магадлалтай болон үүссэн нөхцөл байдлыг хэрхэн намжаах вэ, юунд анхаарах ёстой вэ гэх мэтчилэн өмнө нь явж байсан хүмүүсийн сургамж дээр үндэслэн жишээ болгон биднийг сэтгэл зүйгээр бэлддэг байсан. Намайг анх очиход Баруун Сахар улс ерөнхийдөө хямралынхаа ард гарчихсан байв. Өөрөөр хэлбэл, НҮБ сөргөлдөгч талуудтай гал зогсоох гэрээ байгуулчихсан, хурцадмал байдал намжсан байсан үе. Харин ажиглагч нар талуудыг ажиглаж, гэрээний үүргээ хэрхэн биелүүлж байгаад хяналт тавих үүрэгтэй байсан. Ажиглагч нь ямар ч зэвсэггүйгээр үүрэг гүйцэтгэдэг онцлогтой юм.
-Энхийг сахиулах ажиллагаанд явж байх үеийн хөгжилтэй дурсамжуудаасаа хуваалцаач.
-Хөгжилтэй зүйлс ч олон тохиолдоно. Үүнээс дутахгүй сандрах, түгших тохиолдол ч гарна. Хамгийн сүүлд эргүүлд гарахад жижиг минийн талбайн тэмдэгтэй таарч байсан. Тухайн тэмдэгийг өмнө нь огт харж байгаагүй болохоор нэлээд сандарсан ч хамт эргүүлд гарч байсан Египетийн офицерийн удирдлагаар тухайн хүнд нөхцөлөөс аюулгүй гарч чадсан. Хамгийн сонирхолтой нь тэр офицер талбайгаас гарангуутаа өвдөг сөгдөөд залбирал үйлдэж эхэлсэн. Тэрийг харахад л хэчнээн айж түгшиж байсан нь илт. Гэхдээ тухайн үед огт сандрал үзүүлээгүй нь хэр зэрэг бэлтгэгдэж, мэргэжлийн чадвар гаргасан нь мэдрэгдэж байсан.
-Монгол цэрэг-Дэлхийн цэрэг болж үнэлэгддэг боллоо. Үүнийг энхийг сахиулах ажиллагаанд оролцсон цэнхэр дуулгатнууд маань батлан харуулж байгаа шүү дээ.
-Манай улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлснээс хойш 16 жилийг ардаа үджээ. 14 мянга давсан монгол цэрэг хилийн дээс алхаж, дэлхийн халуун цэгүүдэд үүрэг гүйцэтгэж байхыг харахаар өөрийн эрхгүй бахархах сэтгэл төрдөг. Үүнээс гадна манай улс дэлхийд нэлээн том "цэрэг хандивлагч" улсын тоонд багтдаг. Гүйцэтгэлээрээ ч НҮБ-д өндрөөр үнэлэгддэг. Тухайлбал, манай цэргийн сахилга зохион байгуулалт, хөдөлмөрч байдал болон дасан зохицох чадвараараа бусад орны цэргүүдээс онцгойрч чаддаг. Хамгийн сүүлийн мэдээгээр гэхэд л Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэж байгаа багийнхан маань “Данкон” гээд 35 км-т ачаагаа үүрээд гүйдэг тэмцээнд оролцоод эрэгтэй, эмэгтэй баг хоёулаа I, II байрыг нь эзэлсэн байсан. Тэр өндөр хэмийн халуунд зогсоход хүртэл хэцүү байхад ачаатайгаа марш тэмцээнд оролцоно гэхээр хэр их тэсвэр хатуужилтай нь мэдрэгдэж байгаа юм.
-Эмэгтэй цэргийн алба хаагч байнгын бүрэлдэхүүний цөөн хувийг эзэлдэг. Үүнээс гадна өөрөө Монгол Улсын анхны эмэгтэй сонсогч нарын нэг гэсэн байх аа.
-Одоогийнхоос илүү 80, 90-ээд оны үед цэргийн амьдралд арай илүүтэйгээр татагддаг байсан болов уу гэж боддог шүү. Анх сургуульд орох гээд бүртгүүлж байхад ч их өрсөлдөөнтэй байсан. 10 хуваарь дээр 400-500 хүүхэд бүртгүүлсэн байсныг санаж байна.
-Цаг завгүй, хүнд нөхцөлд ажилладаг таны хувьд нөхөр тань хэрхэн хүлээж авч ойлгож тусалдаг вэ?
-Цэрэг хүний ар тал бат бөх байх учиртай. Би өөрөө гэрийн эзэгтэй, мөн эх орондоо тангараг өргөсөн цэрэг хүн. Ажил минь биднээс үргэлж бэлэн байдалд байхыг шаарддаг. Хань минь ч мөн цэргийн хүн учир ажлыг минь тун сайн ойлгож, дэмждэг. Үүнээс гадна аав ээж, ах дүү, найз нөхөд минь ч бидэнд хэрэгтэй үед гар сунгаж, тусалж чаддагт нь үргэлж талархаж явдаг.
-Гэр бүлдээ хэр цаг зарцуулж чаддаг вэ?
-Нөхөр бид хоёр хоёулаа бэлтгэл сургуулилт, тэмцээн уралдаан гээд хээр явах тохиолдол бишгүй гардаг. Энэ үед ар гэрийн ажил орхигдох гээд байдаг талтай. Гэхдээ аль болох бие биенээсээ зөрүүлж явахыг хичээдэг. Үгүй бол ойр дотны хүмүүсээсээ туслалцаа гуйгаад, дэм дэмэндээ сайхан амьдарч байна.
-Олон эрэгтэй хүнтэй хамтарч ажиллахад хүндрэл бэрхшээл, эсвэл үл ойлголцох байдал үүсдэг үү?
-Цэргийн амьдрал тогтсон дүрэм журмын дагуу явагддаг. Хэзээ ч дүрмээсээ гажуудна гэсэн ойлголт байхгүй. Бүх зүйл эрэмбэ дараалалтай, дарга цэрэгтэй. Хамгийн эмх цэгцтэй газар гэж хэлж болно доо.
-Цэрэг хүний ажил хатуу чанга байдлыг шаарддаг байх. Харин гэртээ ирээд энэ зангаа “гээж” чаддаг уу?
-Цэрэг хүний үйлдэл өгсөн тушаал, командын дагуу товч бөгөөд тодорхой байх шаардлагатай. Энэ явцдаа ч дасчихсан болохоор үг хэллэг маань хатуу чанга талдаа байж магадгүй. Нөхөр маань ч хэд хэдэн удаа хэлж байсан удаатай. Гэхдээ энэ зангаа аль болох үр хүүхэддээ гаргахгүйг хичээдэг. Ажил, амьдрал хоёроо ялгаж сурах хэрэгтэй шүү дээ.
-Таныхаар аз жаргал гэж юу вэ. Энэ асуултад цэргийн хүмүүс илүү “үнэн” хариулж чадна гэж бодож байна.
-Аз жаргалыг тодорхойлох нь амархан мөртлөө бас хамгийн хэцүү зүйл юм шиг санагддаг. Зарим хүн аз жаргалыг түр зуурын гэхдээ маш эрчимтэй сайхан байдал хэмээн тодорхойлдог бол нөгөө хэсэг нь тогтвортой удаан хугацаанд үргэлжилдэг мэдрэмж гэж үздэг. Мөн хэн нэгний хувьд аз жаргал бол их мөнгө эд баялгийг эзэмших, алдар нэртэй од болох нь аз жаргал байдаг. Харин миний хувьд их энгийн зүйл байдаг болов уу гэж боддог. Би дуртай ажлаа хийгээд, гэртээ хариад хайртай хүмүүстэйгээ өдрийнхөө сонин сайхныг хамтдаа ярингаа хооллож суух нь миний хувьд аз жаргал юм.
-Өмнө нь цэргийн алба хаана гэдэг нэр төртэй, нутгийнхан нь бүгдээрээ цуглаж, үдэж гаргаж өгдөг байсан бол одоо хүүгээ цэрэгт явуулах хүсэлтэй эцэг, эхчүүд ховордсон байх шиг санагддаг. Танд энэ байдал анзаарагддаг уу?
-Алба хаана гэдэг бол Монгол хүний Үндсэн хуулиар хүлээсэн үүрэг юм. Энэ үүргийг аль ч аавын хүү хүлээх ёстой. Бид ч нэг талаараа тэр нөхцөл боломжийг бүрдүүлэх үүрэгтэй. Иймдээ ч сүүлийн жилд цэргийн алба хаах хүсэлтэй хүмүүс ихэссэн болов уу гэж боддог. Учир нь хэдхэн жилийн өмнө таньдаг ойр дотны хүмүүс маань хүүхдээ аль болох “бултуулах” хүслээр намайг хайж ирдэг байсан бол одоо цэрэгт явуулмаар байна гэж ярьдаг болсон байна лээ. Үүнд Зэвсэгт хүчний хөгжил дэвшил, энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй цэргүүдийн оролцоо нөлөөлж байгаа болов уу.
-Манай улсын хоёр хөрш дэлхийд эдийн засаг, цэрэг армийн хүчин чадлаар тэргүүлэх гүрнүүд. Монгол Улс жижиг улсын хувьд армийнхаа зэвсэглэлд яаж анхаарч, бодлого шийдвэрийн хувьд ямар байх шаардлагатай вэ?
-Манай улс Батлан хамгаалах бодлогын үндсэн бичиг, түүнийг дагасан бүх хууль, дүрмүүд батлагдаад мөрдөгдөөд явж байгаа.Түүнд Зэвсэгт хүчин мэргэжлийн цэрэгт суурилсан байна гэж заасан. Иймд мэргэжлийн цэрэг арми болоод түүний зэвсэг техник ямар байх ёстой яг л тэр журмын дагуу явагддаг. Дэлхийн стандарт болоод хоёр хөрштэйгээ эн тэнцүү явахыг л зорилго болгодог.
Харин зэвсэглэл техникийн хувьд бусад салбарын л адилаар хөрөнгө санхүүгийн асуудлаас болоод хангалттай хэмжээнд ажиллаж чадахгүй байгаа нь үнэн. Манай улсын зэр зэвсэглэлийн дийлэнхийг нь ОХУ-аас нийлүүлдэг ч сүүлийн жилүүдэд Зэвсэглэл техникийн хамтын ажиллагаагаар бусад улс орнуудаас орж ирж байгаа.
-Өнөөдөр баяраа тэмдэглэж буй Монголынхоо мянга мянган энхийн манаач нартаа хандан мэндчилгээ дэвшүүлээд ярилцлагаа өндөрлөх үү?
-Эх орноо батлан хамгаалах их үйл хэрэгт хувь нэмрээ оруулж буй бүх хүнд Монгол цэргийн баяр, Зэвсэгт хүчний 97 жилийн ойн мэндийг хүргээд, Монгол цэргийн босоо хийморь мөнхөд мандан бадрах болтугай гэж ерөөе.