8000 байлдагч, 1000 гаруй офицер, 500 давсан ахлагч, мөн тооны энгийн ажилтан, алба хаагчтай байсан, Монгол Улсын хамгийн том, дивизийг удирдаж явсан, цэргийн ухааны доктор, профессор нэгэн бахархалт хүнтэй эр цэргийн өдрийг тохиолдуулан ярилцлаа. Тэр бол Монгол Улсын 103 дахь генерал Б.Шагдар.
-Эр цэргийн өдрийг тохиолдуулаад Зэвсэгт хүчнийхэндээ зориулсан таны сайхан үгээр яриагаа эхэлье.
-Зэвсэгт хүчний ойг тохиолдуулан хамт ажиллаж, зүтгэж байсан нөхдөдөө, тэр дотроос Зүүнбаян цэргийн хүрээний хамт олондоо баярын мэнд хүргэе.
-Та жирийн сонсогч, байлдагчаас генерал болтлоо өсөж, өгсөж явжээ. Монгол Улсын арми хэмээх том айл танд юу өгч, юуг Зэвсэгт хүчин сургав?
-Армиас авсан зүйл гээд тоочвол хэмжээ хязгааргүй дээ. Юу ч мэдэхгүй хүүхэд амьдралын замаа энэ л газраас эхэлж, туулж явсаар 34 жил цэргийн алба хаажээ.
-“Эх орон гэж юу вэ” гэхээр хүмүүс олон янзаар тайлбарладаг. Зэвсэгт хүчний тогоонд 30 гаруй жил чанагдсан, цэргийн дээд цолтой хүн эх орон гэдгийг юу гэж тайлбарлах бол?
-Эх орон гэдгийг тодорхойлдог зүйл олон байдаг юм билээ. Жишээлбэл, америкчууд “Миний сайхан амьдарч байгаа энэ л орон зай бол эх орон” гэдэг. Хятад хүмүүс “Төрсөн газар минь миний эх орон” гэж үздэг. Миний хувьд амьдарч, амьсгалж, мэдэрч байгаа энэ ахуй, орчин гээд бүгд эх орон минь.
-Бид “Монголд төрснөөрөө бахархаж байна” л гээд байдаг. Гэхдээ бахархал гэдэг нь чухам юу бол. Эх орныхоо юугаар бахархах ёстой вэ?
-Энэ хүрээнд маш өргөн утга агуулгатай зүйл ярих байх л даа. Газар нутаг, түүх шашдир, одоо цаг үе, ололт амжилт гээд бүгд л бидний бахархал байх ёстой гэж боддог.
-Эх орныхоо дуудлагыг хүлээж авсан эр хүн бүр цэрэгт алба хаах ёстой. Гэтэл энэ албанаас зайлсхийдэг, “аргалдаг” явдал нэг хэсэг байсан. Харин сүүлийн үед армид алба хаах нь эр хүний бас нэгэн бахархал, иргэний үүрэг гэдгийг ухамсарлах болжээ. Таныхаар бол цэрэг гэж яг хэн юм бэ?
-Та их гутранги үзэлтэй хүн байна шүү. Монгол Улс хэзээ ч цэргээр дутаж байгаагүй. Армиас зугтдаг нь цөөхөн байх. Зиндаархсан зарим нэгэн хүн л тийм зан гаргадаг болов уу даа, сайд, дарга мэтийн “амьтад”. Цэрэг гэж хэн бэ гэхээр “Эх орноо хамгаална гэсэн агуу том сэтгэл зүрх” гэж хэлнэ дээ.
-Цэргийн алба хаах хугацааг богиносгосон нь зөв, буруу гэхчилэн хоёр талтай ярьдаг. Та ямар бодолтой байдаг вэ?
-Маш зөв. Хугацаат цэргийн алба хаагчдын гүйцэтгэх үүргийг сурч, эзэмшихэд нэг жил хангалттай.
-Арми ”хатуу хоол”. Гэхдээ амьдрал юм хойно хатуутай зэрэгцээд зөөлөн сайхан “амт” бий. Та цэргийн амьдралын талаарх “хөөрхөн” инээдтэй түүхээсээ хуучилбал сонирхолтой байх даа.
-Арми бол нэгнийгээ шоолж, инээдэг газар биш. Бүтэлгүйтэх явдал хааяа байх л даа. Гэлээ ч тэр бол инээдэмтэй зүйл огт биш. Бид сургах үүрэгтэй, хүмүүжүүлэх ёстой. Тийм учраас армийн амьдралд инээдэмтэй, хошин шог зүйл байдаг гэж ярих ёсгүй.
-Та сониноор дамжуулан уншигчдад юу хэлнэ гэж бодсон бэ?
-Тэр талаар огт бодоогүй. Асуусанд чинь л хариулна.
Ингэж эрс хариулаад Шагдар гуай намайг нүднийхээ булангаар сонжингуй харах нь 70 настай хүүхэд гэлтэй. Болзсон цагаасаа 10 минут хоцорсон намайг угтахдаа л “Би цаг барьдаггүй хүнд дургүй” гэж тун дурамжхан байсан юм. Тэрнээс болоод ингээд байна уу, угаас үг дуу цөөтэй юм уу, эсвэл ийм хахир “нөхөр” үү гэж бодоод “Цэргийн хүн ам “чанга”-тай л даа. Гэхдээ та бүр илүү юм байна. 30 гаруй жил армид “Мэдлээ. Гүйцэтгэе” гэж явсаар ийм болчихсон юм уу, та. Уг нь би таныг “байцаах” даалгавартай яваа юм сан. Ингээд “хэдэрлээд” байвал бид хоёрын ярилцлага ёстой явахгүй нь ээ. Эрхлэгч нар маань намайг зэмлэнэ дээ. Гоё юм яръя” хэмээн тоглоом, наргиан болгож, үг өдлөө.
Өвгөн генерал угаас ийм эрс, бас үг цөөтэй хүн аж. Үүнийг эхнэр М.Энэбиш нь батлан хэлэв. Өөрөө ч “Цэрэг хүн чалчаа байх ёсгүй. Тэгж байж цэргийн нууцыг хадгалдаг юм. Гоё юм ярьдаг амьтан болж худал хэлээд яах вэ. Цэргийн амьдрал бол хийсэн шиг хийж, чадахгүй бол ял зэмлэл хүртдэг онцлогтой” гэж учирлав.
Харагдах байдал нь л хахир ширүүн гэдгийг илтгэсэн өөр нэгэн яриа бидний дунд өрнөлөө. “Цэргийн дарга аав нар хүүхдүүддээ чанга хатуу шаардлага тавьж, мэргэжил сонголтод нь нөлөөлөх нь бий. Та гурван хүү, ганц охиныхоо нэгийг өөрийн замналаар явуулах байсан юм гэж бодож, харамсдаг уу гэж асуухад “Үгүй” хэмээн хариулсан энэ генерал “Хүүхдүүдийн амьдрал минийх биш учраас хүссэн замаараа л явах ёстой” гэсэн. “Албандаа л хатуу чанга, бүр “инээдэггүй” генерал гэгддэг байсан болохоос гэртээ бол “зөөлөн” хүн аж.
“Би их мангар зантай байжээ. Ажил дээрээ инээж болохгүй л гэж боддог, хэнхэг байлаа” гэж “гэмээ” ухаарсан буурал генерал өдгөөг хүртэл гэргий Энэбиштэйгээ 50-иад жил хамтдаа явна. 34 жил армийн тогоонд ид “чанагдаж” байсан үедээ 12 удаа бууриа сэлгэсэн гэнэ, Б.Шагдарынх. Нүүдэл хийх амар ажил биш. Очсон газар бүртээ төвхнөх гэж яг л анх удаа өрх тусгаарлаж байгаа мэт бөөн явдал суудал болдог байсан талаараа Энэбиш гуай хуучилсан. Тэгэхээр энэ хоёр хүн 30 гаруй жилийн хугацаанд 12 удаа айл гэр болж “тогложээ”.
Эр нөхөр нь хаана ч томилогдсон дагаад явдаг нь цэргийн гэр бүлийн аз жаргал. Магадгүй бусад эмэгтэйн хувьд зовлонтой санагдаж мэдэх ч цэргийг генерал болгон “бойжуулсан” Энэбиш гуайн хувьд эр нөхрөө дагах нь “үүрэг”, даалгавар хэмээн боддог аж. Дансаараа бол нөхөртэй ч дан ганцаараа мэт зүтгэж, үр хүүхдээ, амьдралаа зохицуулж ирсэн он жилүүдээ тэрбээр “Хатуу хүтүү” гэсэнгүй, харин хүний ханийн жудаг л гэж ярилаа.
-Та салаан даргаас эхлээд Жанжин штаб хүртэл дэвшсэн хүн. Анги, нэгтгэлийн дарга байх, удирдах том албанд очих хоёрын ялгаа нь юу бол. Энэ хоёрыг адилтгаж болох уу?
-Харьцуулах боломжгүй, тэмээ, ямаа шиг ондоо. Салаан дарга бол өөрийн ухаанаар цэргүүдээ удирдаж, хичээл номоо заагаад явна. Жанжин штабт ажиллах нь илүү хариуцлагатай. Төр, засгийн янз бүрийн үүрэг хүлээнэ шүү дээ. Би Онцгой комиссын гишүүн, АИХ-ын депутат байлаа. Удирдах ажил хийх амаргүй л дээ.
-Тэгвэл тухайн цагийн АИХ-ын депутатуудыг өнөөдрийн УИХ-ын гишүүдтэй харьцуулан дүгнэвэл танд ямар дүр зураг бууж байх юм бэ?
-За, мэдэхгүй. Би 1992 онд сонгогдсон депутат. Тэр үеийн төр, засгийн бодлого шийдвэрээс өөрт зөв санагдсан зүйлээ дэмжээд явж байсан.
-Та шинэ Үндсэн хууль батлалцсан, цэргийн ухааны доктор хүн. Саяхан эцэг хуульдаа өөрчлөлт оруулах ёстой гээд олон нийтээрээ хэлэлцсэн. Энэ асуудлыг та хэрхэн хүлээн авав, дэмжсэн үү?
-Зөв, буруу гэхээсээ илүүтэй улсын удирдлага цаг үеэ мэдээд, тохируулаад ажиллаж байгаа байлгүй дээ гэж итгэж сууна.
-Цэргийн амьдралын юу нь сайхан болоод та энэ замаар явсан юм бэ?
-“Ёстой гоё” гэж тэмүүлж, дурлаад сонгосон юм биш. Гэхдээ л цэргийн хүн болсон, тэгээд л гүйцээ. Миний явах ёстой л зам байж.
-Та энэ асуултад генералын биш, тухайн үеийн Шагдар гэдэг хүний хувиар хариулаарай. Сонсогч, цэрэг байхдаа хоолондоо цадахгүй хэцүү үе тохиолдож байв уу?
-Би дунд сургуулиа төгсөөд л хуваарийн дагуу Цэргийн ерөнхий сургуулийн сонсогч болсон хүн. Хэ...хэ, өлсөөд турж үхэх шахсанаа мэдэхгүй юм. Хааяахан хоол боддог үе байсан байх л даа.
-Тэгвэл цэргийн амьдралын хамгийн хүнд хэцүү үе нь юу вэ?
-Надад хүнд хэцүү гэх зүйл байгаагүй ээ.
-Та 1992 онд Монгол Улсын 103 дахь генерал болжээ. Ерөнхийлөгчөөс цолоо гардаж авахдаа юу бодсон бол?
-Яг тэр агшинд юу ч бодоогүй санагдана. Харин урьд шөнө нь нойргүй хоносон юм даг. Маргааш өглөө нь парад командлах гээд байдаг. Бас генерал болох гээд байдаг. Хувцас байдаггүй ээ. Цэргийн оёдлын үйлдвэрийг шөнөжин сахиж сууж байгаад оёулсан хувцсаа өмсөж аваад, гэрээрээ шуртхийж ороод эхнэртээ өөрийгөө харуулчихаад л парад командлахаар явж билээ.
-Эхнэр тань жирийн сонсогчийг дагаад генерал болтол нь жаргал, зовлонгоо хуваалцаж явсан учраас энэ хүндэтгэлийн тодорхой хувь түүнийх гэвэл маргахгүй байх.
-Тэр ч гарцаагүй л дээ. Генерал цолны минь 90 хувь энэ хүнийх.
“Манай хүн хэр барагтай бол дуугардаггүй, чанга талдаа. Намайг, үр хүүхдүүдээ магтаад байдаггүй юм. Гэтэл сэтгэлдээ намайг ингэж их үнэлдэг байжээ. Ийм үг анх удаа л сонслоо. Коко үнэлгээ өгсөнд баярлалаа” хэмээн инээмсэглэсэн Энэбиш гуай энэ гэрийн ч, Шагдарын ч генерал байж таарна. Тэрбээр “Энэ маань насаараа л армийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэсэн, цагтаа сүртэй сайхан генерал явсан юм шүү дээ. Гэртээ бол цалингаа л авчирч өгдөг хүн байлаа” гэж товчхон тодорхойлов.
Үнэхээр л Б.Шагдар гэж бие хаа, намба төрхөөрөө ялгардаг сүрлэг сайхан генерал байсан гэдгийг түүнийг сайн мэдэх хүмүүс хэлдэг юм билээ. Өөрийнх нь тодорхойлсноор “Дэмий тэнэж, дэмий ярьдаггүй” Шагдар, армийнхны хувьд Шаки генерал “араажаваа” орныхоо хажуунаас салгадаггүй аж. Өглөө босоод л Төрийн дууллаа сонсдог гэнэ. Дараа нь цаг үеийн мэдээ сонорддог талаараа ярилаа.
Б.Шагдар гуай хоол идсэнийхээ дараа тамхилдаг муу зуршилтай гэж өөрийгөө зэмлээд, урт нарийн тамхийг гурав хувааж харагдав. Залуудаа өдөрт бараг нэг хайрцаг тамхи “цааш нь харуулдаг” байсан гэнэ. Одоо харин хорхойгоо дарахын тулд хоолны дараа хэд сордог болсон аж.
Бидний яриа энэ хүрээд өндөрлөсөн юм. Ийм сайхан настантай “муудалцаж”, бас инээж хэдэн цаг хөөрөлдөөд явах болоход “За, зорьж ирсэн хэрэг чинь бүтсэн бол боллоо. Орцны гэрэл асдагүй юм. Шатаар болгоомжтой буугаарай” хэмээн үдлээ.
Нээрэн, тэдний байрны орцонд юу ч харагдахгүй учраас бүдэрч унахаар юм билээ. СӨХ-доо шаардлага тавиад ч нэмэргүй гэж Шагдар гуай ярьж байсан. Тэгэхээр ахмадуудынхаа үгийг сонсдоггүй том толгойтой СӨХ-ны даргад сониноор дамжуулан хэлье. Хүүхэд, хөгшид харанхуй орцонд унаж бэртвэл хэн хариуцах вэ. Сууц өмчлөгчдийн эрх ашгийн төлөө ажиллах ёстой гэдгээ мартаж болохгүй шүү.