Манай сонин “Бөөнцагаан нуурын бөөн эмгэнэл” цуврал сурвалжилгаараа баялгийнхаа золиос болж буй Баянхонгор нутгийн тухай хөндөж буй. Энэ удаа цианид хэмээх үхлийн хор баянхонгорчуудыг онилсныг илчилсэн үйл явдлын мөрөөр сурвалжиллаа.
Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутаг Цагаан цахирын алтны үндсэн ордод үйл ажиллагаа явуулдаг “Спэйшл майнз” компанийн ажилтан Амгалан, Эрболд, Лхам нар Хордлого судлалын үндэсний төвд эмчлүүлж байна. Тэдний хоёр нь цианидад, нэг нь тэсэлгээний утаанд хорджээ. Уул уурхайд, тэр тусмаа алт олборлолтод ихэвчлэн ашигладаг, үхлийн аюултай хор цианидтай монголчууд “дотно” танилцаад цөөнгүй жилийг үдэж буй.
Тайлбар тольд “Натрийн цианид нь цагаан өнгөтэй, усанд уусдаг, маш хортой давс. Түүний гол хэрэглэгч нь алтны уурхай. Натрийн цианид нь мэдэгдэж буй хорт бодисуудаас хамгийн хурдан үйлчилгээтэй” хэмээснийг дурдахад илүүдэхгүй болов уу.
Хүмүүс цианидад хордсон тухай мэдээлэл авсан даруйдаа буюу гуравдугаар сарын 8-нд Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга Н.Баттогтох, Онцгой байдлын хэлтсийн дарга Т.Мөнхбаатар, хордсон иргэн Амгалангийн авга ах Э.Төмөрбат нартай, холбогдсон юм.
Н.БАТТОГТОХ: ЦИАНИДАД ХОРДСОН, АМЬСГАЛЫН ЗАМЫН ХОРДЛОГО ГЭСЭН ОНОШ ТАВИАД БАЙНА
-Цианидад хордсон гурван хүн аймгийн эмнэлэгт эмчлүүлж байгаа гэсэн мэдээлэл авлаа. Хүмүүсийн биеийн байдал ямар байгаа вэ?
-Цианидад хордсон гэсэн гурван хүн өчигдөр ирснийг Эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлэн, хордлогын эсрэг эмчилгээ хийж байна. Хүмүүсийн биеийн байдал тогтвортой байгаа.
-Цианидад хордсон уу, өөр зүйлээс болсон уу гэдгийг аймгийн эмнэлэгт тогтоох боломжтой юу?
-Яг эцэслэн тогтоох боломжгүй. Өвчтөний өгүүлснээр урьдчилсан байдлаар цианидад хордсон, амьсгалын замын хордлого гэсэн онош тавиад байгаа. Ажиллаж байсан газарт нь цианид алдсан, эсэхийг Онцгой байдлынхан тогтоох байх. Тэд өнөөдөр хуралдаж байгаа гэсэн.
-Хордсон хүмүүсийг Улаанбаатар руу явуулах гэж байгаа гэсэн. Яагаад ийм шийдвэр гаргав?
-Монгол Улсын хэмжээнд хордлогын эмчилгээ хийдэг мэргэшсэн ганц эмнэлэг нь Хордлого судлалын үндэсний төв. Энэ хүмүүсийг ирснээс хойш бид тус төв рүү холбогдож, зөвлөгөө авч байгаа. Хордлого судлалын үндэсний төвийнхөн хотод авчирч эмчилье гэсэн учраас шилжүүлж байна.
Т.МӨНХБААТАР: ТЭСЭЛГЭЭНИЙ УТААНД УГААРТСАН БАЙЖ МАГАДГҮЙ ГЭСЭН МЭДЭЭЛЭЛ УУРХАЙНХАН ӨГСӨН
-Цианидад гурван хүн хордсон байна. Онцгой байдлын хэлтэст энэ талаар мэдээлэл ирэв үү?
-Өчигдөр орой 18.00 цагийн үед ийм мэдээлэл ирсэн. Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Цагаан цахирын ордод үйл ажиллагаа явуулдаг “Спэйшл майнз” компанийн уурхайд ажиллаж байсан гурван хүн хордлогын шинж тэмдэгтэй ирсэн. Хүмүүсийн биеийн байдал гайгүй байгаа. Тэсэлгээний утаанд угаартсан байж магадгүй гэсэн мэдээллийг уурхайнхан өгсөн.
-Цианитад хордсон уу, угаартсан уу гэдгийг хэн, хэрхэн тогтоох вэ?
-Хордсон хүмүүсийн цусны шинжилгээг өнөө өглөө Хордлого судлалын үндэсний төв рүү явуулсан. Түүгээр тодорхой хариу гарах болов уу. Цагдаа, Мэргэжлийн хяналт, манайхаас оролцсон ажлын хэсэг газар дээр нь ажиллахаар явах гэж байгаа. Түүний дараа л хариу нь тодорхой болно доо.
-“Спэйшл майнз” компани цианид хэрэглэх зөвшөөрөлтэй юү?
-Үндсэн ордод үйл ажиллагаа явуулдаг учраас ашиглах зөвшөөрөлтэй.
Э.ТӨМӨРБАТ: ЦИАНИД ХАЛЬЖ АСГАРСАН ТУЛ ДҮҮ МИНЬ ХҮРЗДЭЖ БУЦААЖ ХИЙСЭЭР ХОРДСОН ЮМ БИЛЭЭ
-Дүүгийн тань бие ямархуу байна вэ?
-Энэ сарын 5-ны даваа гаригт хордсон. Түүнээс хойш юу ч идэж, уугаагүй. Өчигдөр (лхагва гаригт) цай халбагадаад өгөхөд толгой сэгсрээд ууж чадахгүй байна билээ. Айхтар амьсгаадаж, байнга чичирч, хүчилтөрөгч залгаатай байгаа. Тариа хийх гэхээр судас нь хагараад болохгүй байгаа тул уян зүү тавьсан.
-Тухайн үед юу болсон талаар дүү тань ярьсан уу. Цианидад хордсоноо яаж мэдсэн юм бол. Уурхайнхан тэсэлгээний утаанд угаартсан гэж тайлбарласан юм байна.
-Гурван хүн эмнэлэгт байгаагийн хоёр нь цианидад, нэг нь утаанд хордсон юм. Манай дүү бол алт ялгадаг үйлдвэр дотор нь, яг цианидын дэргэд ажилладаг. Тэр өдөр ажлаа хийж байхад нь тогооноос цианид хальж асгарсан гэсэн. Хүн дуудах гэтэл зогсоо зайгүй асгараад байсан тул хүрзээр хамж, нөгөө тогоо руу нь хийсэн байгаа юм.
Тэгж байтал гаднаас нэг нь орж ирж, хэд хүрзэдчихээд буцаад гарсан, манай дүү үргэлжлүүлэн хамсан гэсэн. Асгарсан цианидыг хүрздэж байхыг нь хяналтын ажилтнууд камераар хараад үйлдвэрээ зогсоон, арга хэмжээ авсан юм билээ.
Манай дүү бол яавч тэсэлгээний утаанд хордоогүй. Тэсэлгээ хийдэг газар, үйлдвэр хоёр нь хоорондоо ямар ч хамааралгүй, өчнөөн зайтай. Манай дүү тэсэлгээ хийдэг газар руу ойртдог ч үгүй, үйлдвэр дотор нь, яг цианид хэрэглэдэг газарт нь ажилладаг. Утаанд хордсон гээд байгаа хүн нь яаж яваад угаартсаныг бүү мэд.
-Хордлогын шинж тэмдэг хэзээ, хэрхэн илэрсэн юм бол?
-Хальсан цианидыг хамж байгаад гарч ирэнгүүтээ дотор нь муухайрч, огисон гэсэн. Огиод сууж байхад нь уурхайн эмч үзээд “Агаарт байж бай. Тэгээд зүгээр болно” гэсэн байгаа юм. Хэлснээр нь гадаа суугаад зүгээр болоогүй тул дахиад үзүүлэхэд “Битгий баашлаад бай” гэж загнасан гэнэ лээ.
Тэгээд ямар нэг арга хэмжээ авалгүй тэндээ хонуулаад, маргааш бие нь бүр муудаад болохоо байхаар аймаг руу авч явсан.
Эмч нь, бас нэг инженер хамт явсан юм билээ. Аймагт аваачаад эмнэлэгт ч үзүүлэлгүй “Гадагш, дотогшоо битгий хамаагүй юм яриарай” гэж хэлээд, гэрт нь үлдээчихээд явжээ. Ингээд гэртээ нэг хонож, үндсэндээ хоёр хоног алдаад, лхагва гаригт эмнэлэгт хэвтсэн.
-Аймгийн эмнэлгийнхэн ямар онош тавьсан талаараа хэлсэн үү?
-Энд баахан хордлого тайлах эмчилгээ хийж, дусал залгаж байгаад хот руу явууллаа. Аймгийн нэгдсэн эмнэлгийнхэн цианидад хордсон гэсэн онош тавьсан. Улаанбаатар руу хүргэж өгөхөөр авч явсан эмч нь “Бидний бичигт цианид натрид хордсон гэсэн оноштой байгаа. Хотод Хордлого судлалын үндэсний төвд очоод дахиад шинжилгээ өгнө” гэж хэлсэн.
-Ийм явдал болсон талаар холбогдох албаны хүмүүст хэлсэн үү?
-Аймгийн цагдаагийн хэлтэс, мэргэжлийн хяналт, онцгой байдлынхан гээд хүмүүс хоёр өдөржин л нөгөө бие нь муу байгаа амьтныг чинь дагаад, юм яриулаад явсан шүү дээ. Тэд үнэн мөнийг нь тогтоох байлгүй.
Баян-Овоо сумын дарга нарт “Орон нутагт чинь ийм юм боллоо. Онцгой байдал дуудаж шалгуулж шинжлүүлэхгүй юм уу” гэтэл “Наадуул чинь тэсэлгээний утаанд хордсон гэсэн. Тиймээс арга хэмжээ авах шаардлагагүй” гэж хариу өгсөн байх юм. Ийм тодорхой юмыг арай ч утаанд хордсон гэж дараад, хүний амь, эрүүл мэндээр тоглохгүй байлгүй гэж найдаж байна.
-Онцгой байдлын хэлтсийнхэн бас угаарын хийнд хордсон байж магадгүй гэж байна билээ?
-Мөнгөтэй хүмүүст хүний амиар тоглох юу ч биш, шинжилгээний хариуг дараа нь ямар ч болгож мэднэ. Тиймээс бид шинжилгээний хариу гарсан дор нь зургийг авч хадгалж байгаа. Тэр өдөр өмсөж байсан хувцсыг нь шинжилгээнд өгье гэтэл тайлуулж аваад үлдсэн байна. Шатаагаад хаясан байх. Өнгөрсөн жил манай дүү “Үйлдвэрт ажиллахад өглөө ажлын шинэ хувцас тавьж өгөөд, орой нь тайлуулаад шууд шатаадаг. Манай үйлдвэр их хортой юм шиг байна” гэж ярьж байсан.
Утаанд хордсон гээд байгаа хүнээ сая манай дүүтэй хамт явуулсан. Тэдний уурхайд олон хүн утаанд хорддог. Тэндээ сүү ууж, хэвтэж байгаад зүгээр болчихдог, Улаанбаатар руу явтлаа хүндэрдэггүй л юм байсан. Одоо л ийм болж. Орон нутгийн удирдлага хөдөлж, дуугарч чадахгүй байгаа, утаанд хордсон гэсэн яриа энд тэндгүй сонсогдож, угаартсан хүнээ дагуулж явуулж байгаа зэрэг нь бодит үнэнийг гуйвуулж, буруу зөрүү болгох вий, худлаа онош гаргах вий гэсэн болгоомжлол төрүүлж байна.
-“Спэйшл майнз” компани химийн хорт бодис хэрэглэдэг юм байна. Тэр нь орчин тойрондоо хэр хор хөнөөл учруулж буйг нутгийн иргэд л мэдэх байх даа?
-Би тэр нутгийн хүн л дээ. Уурхайнхан мал ч ойртуулдаггүй, айхтар хамгаалалттай. Анх ирэхдээ орон нутгийн малчдаас “Та нар дуртай үедээ орж, гарч, малын махаа зарж, манай ажилтан шиг байж болно” гэж гуйж байгаад л гарын үсэг зуруулаад явсан. Ажиллаад эхлэнгүүтээ хаалгаа цоожлоод, хүн, мал ойртуулахаа больсон.
Цоожтой хаалганы цаана юу хийж байдгийг хэн ч мэдэхгүй. Манай сумын Засаг даргаар ажилласан хүмүүс уурхайд очиж машиныхаа банкийг бензинээр, өөрийнхөө ходоодыг архи, хоолоор дүүргэж, амарч байгаад явдаг. Үүнийг малчид бүгд мэддэг.
Одоо уурхай хавиар зэрлэг туулай хүртэл хүнээс зугтаж мэдэхээ больтол мансуурчихсан, гүйж чадахаа байчихсан яваа тааралддаг. Өнгөрсөн жил нэг айлын үхэр хордож үхсэн. Тэр айлд нь мөнгө өгөөд нам дарсан. Тэр нь манай нутгийнх биш, өөр сумын айл байсан болохоор баахан мөнгө аваад бушуухан нүүсэн. Ер нь тэр хавиар нутаглах аргагүй болж байгаа. Өөрөө сэтгүүлч хүн байна, миний ярьсныг сайн бичээрэй. Би нэг ч худлаа зүйл яриагүй. Орон нутагт гэрчлэх хүн олон байгаа.
-Уурхайнхан хордсон хүмүүстэй уулзсан уу?
-Манай нутагт үйл ажиллагаа явуулж байгаа болохоор нутгийн хэдэн залуу тэнд ажилд орсон юм. Тэднээс хоёрыг нь явуулж, унааны зардал өгсөн. Найз нөхөд, ах дүү шахам улстай бид юу ярих вэ. Тэд бидэнд юм хэлээгүй ч дүүд “Хүн амьтанд битгий янз бүрийн юм яриарай” гэж хэлсэн байна билээ.
Баянхонгор аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга Т.Мөнхбаатартай өчигдөр 11.00 цагт дахин холбогдлоо.
-“Спэйшл майнз” компанийн уурхайд ажилласан ажлын хэсгийн дүгнэлт гарсан уу?
-Ажлын хэсэг өчигдөр орой ирсэн. Одоогоор надад дүгнэлтээ танилцуулаагүй байна.
-Газар дээр нь ажиллахад ямар байсан талаар мэдээлэл өгсөн биз дээ?
-Тэсэлгээнээс болж цахилгааны автомат нь залгагдаж, шахуурга нь ажиллаад, цианид савнаасаа хальсан гэсэн мэдээллийг урьдчилсан байдлаар өгсөн.
-Цианид хальсан гэхээр хоёр хүн түүнд хордсон нь үнэн болж таарах нь ээ?
-Тэр хоёрын нэг нь жолооч, нөгөөх нь ээлжийн ажилчин. Тэд ажлын байран дээрээ байсан юм билээ. Ажлын хэсгийн албан ёсны дүгнэлт, танилцуулгыг уншаагүй болохоор үүнээс илүү тодорхой мэдээлэл өгч чадахгүй нь гэв.
Хордлогын төвд эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдал хэр байгаа, шинжилгээний хариу ямар гарсан талаар тодруулахаар өчигдөр Хордлогын төвд очсон ч “Амралтын өдөр тул тарианы сувилагчаас өөр хүн байхгүй. Мэдээлэл өгөхгүй” гэсэн хариу сонсов.
Дээр нэр дурдагдаад байгаа “Спэйшл майнз” нь УИХ-ын гишүүн Батж.Батбаярын хүү Б.Баттулгын компани юм. Тэдний эзэмшдэг Цагаан цахирын орд 7-14 тонн алтны нөөцтэй. Батж.Батбаяр Баянхонгор аймгаас УИХ-д сонгогдоод тойрогтоо юу ч хийгээгүй, харин хэдэн томоохон ордыг нь өөрийн болгосон талаар сонгогчид нь шүүмжилж байсан удаатай.