Хоёр ихэр хүүхдийн ээж, сургуулиа төгсөх гэж буй оюутан, залуусын очих дуртай кино кафег нөхөр Чингүүний хамт ажиллуулдаг тайз дэлгэцийн уран бүтээлийн "Жульета" болсон жүжигчин гээд энэ олон ажлыг хэзээ завандаа амжуулдаг байна гэж бахадмаар үзэсгэлэнт бүсгүй Ч.Сэлэнгэтэй ярилцлаа.
-Урилгыг минь хүлээж авч ярилцах болсонд баярлалаа. Дэлгэцээр гардаг Сэлэнгээгийн талаар бус амьдрал дээрх өөрийнхөө тухай уншигчидтай маань хуваалцаач?
-Би Эрдэнэтэд хотод төрж, 3-р ангиа төгсөөд хотруу шилжсэн. Аав минь шүүх, цагдаагийн хүн байдаг болохоор томилолт авсан газар нь очиж амьдардаг байсан. ЕБС-ийн ахлах ангиа Солонгос улсад суралцаж төгссөн. Гурван охинтой айлын дундах. Одоо харин хоёр ихэр хүүхэдтэйгээ нөхөртэйгөө амьдардаг. СУИС-ийн төгсөх курсд суралцаж байна.
-Солонгос улсад байхдаа үлдээд жүжигчний мэргэжлээр суръя гэж бодож байсан уу?
-Миний эргэн тойронд байгаа залуусын ихэнх нь л гадаад явна гэж ярьдаг. Би харин гадаад гэж шунаад байдаггүй. Хүний нутагт хэцүү байснаа хүмүүс ерөөсөө ярьдаггүй юм. Яг үнэндээ хэцүү. Би монголдоо л байж, эх орондоо юу хийхүү л гэж боддог.
-Хэдий та сургуулиа төгсөөгүй байгаа ч гэсэн босго өндөртэй драмын театрт, бүр Жульетагийн дүрд тоглож, дэлгэцийн уран бүтээлд ч бас эрэлттэй жүжигчдийн нэгт багтаж байгаа. Сонгодог жүжигт оюутан байхдаа тоглож байсан жүжигчин танаас гадна олон байдаггүй. Тэгвэл жүжигчний мэргэжлээрээ замнах суурь хэрхэн тавигдсан бэ?
-Ухаан орсон цагаасаа л хорвоод өөр мэргэжил байхгүй мэт ажилдаа шунан дурласан. Мэргэжлээрээ өвчлөх гэж хүмүүс ярьдаг. Би үнэхээр өвчилсөн байсан. Түүхэндээ оюутан байхдаа сонгодог дүрд тоглосон хоёр л хүн байдаг. Гурав дахь нь би гэж бодохоор одоо заримдаа итгэмээргүй санагддаг. Гэхдээ анхнаасаа бүх юм амар байгаагүй ээ. Үнэндээ СУИС-ийн элсэлтийн шалгалтад хоёр жил дарааллан тэнцээгүй гэдэг хариу авч байсан. Тэгсэн мөртлөө л “Би Жүжигчин болно, жүжигчин болно” гэсээр байгаад гурав дахь удаагаа өгч байж тэнцсэн. Магадгүй дөрөв, тав унагаасан ч шалгалт дахиад л өгөх байсан байх. Тэнцсэнгүй гэдгээ сонсоод л дараа жил болтол хүлээж суухад аав ээжийн шахалт дарамт, огт өөр мэргэжлээр сурах боломж зөндөө л байсан. Мөрөөдөлдөө л үнэнч байхын тулд шалгалтандаа бэлдэх зуураа жүжигчний мэргэжилтэй ойр болохоор урлаг судлалаар сурч, Эмоци продакшнаар хэсэг явсан. Энэ бүх хугацаанд “жүжигчин болно” гэсэн үг амны уншлага мэт хэлэгдсээр байгаад тэнцсэн болохоор амнаас гарсан авиа болгон биеллээ олдог гэдэгт 100 200 300 хувь итгэдэг.
-Амьдралд алдчихаад босож буй хүмүүс илүү мэрийлттэй тэр хэрээрээ амжилтанд хүрээд байх шиг харагддаг. Ялангуяа жил завсардчихсан оюутан бол үеийнхнийгээ гүйцэхийн тулд богино хугацаанд өндөр бүтээмжийг үзүүлсэн олон жишээ байдгийн нэг та юм шиг санагдлаа. Хүн бүр өөрийн цаг хугацааны бүсэд л амьдардаг гэдэг. Хэнээс хоцроогүй гэдгээ та амьдралаараа баталсан ч тухайн үед хэцүү байсан байх даа.
-Хоёр жил алдсанаараа харин ч би хожсон. Отгонбат багшийнхаа ангид орж, нөхөр Чингүүнтэйгээ учирж, дуртай дүрдээ тоглох боломж олдсон гээд бодохоор харамсах юм алга. Хэрвээ би шууд тэнцчихсэн бол хичээлээ нэг их тоохгүй явах байсан ч юм бил үү? Өнгөрсөн хугацаанд надад хичээлдээ унах эрх байгаагүй. Бас аав ээждээ “Ямар жүжигчин болохоо харуулна” гэсэн том амлалт байсан тул зорилготой суралцсан байх.
-Та “18 нас би чамд хайртай” кинонд 2-р курсдээ тоглож олны танил болсон. Мөн эмэгтэй жүжигчин бүрийн нууцхан мөрөөдөж явдаг дүр Жульеттад тоглоход үеийнхний атаархал их байв уу? Ер нь хамгийн хайртай дүр тань мөн үү?
-"18 нас би чамд хайртай" бол миний хамгийн анхны гараа, гол дүр, анхны гэсэн бүх юм энэ кинотой холбоотой болохоор цаашдаа ямар ч кинонд тоглосон бай хамгийн үнэ цэнэтэй байсаар байна гэж боддог. Харин энэ дүрд би үеийнхнээсээ илүү авьяастай болохоороо тоглосон гэж ойлгодоггүй. Аливаа дүрд зан чанар нь авцалдах эзнээ хүлээж байдаг байх. Үнэндээ манай ангийнхан бүгд амжилттай яваа. “Цагаан хадаг”, “Зүрхний хилэн” гээд сүүлийн үед гарч байгаа кино болгонд шахуу манай ангийнхан гол дүрд тоглосон. Ангийнхны маань ийм амжилттай яваад Отгонбат багшийн маань нөлөө их бий. Жульетад сонгогдоход хүртэл багш маань шалгуулаад ир гэж явуулсан. Анх СУИС-д ордог жилээ л Жульета болчих юмсан гэж бодож байсан боловч Дөлгөөнөө сонгогдоход бараг уйлж байсан. “Би л болох байсан юм. Намайг сургуулиа төгсөхөд тавигдахгүй яасан юм бол гээд л. Сургуулиа төгсчих л юм бол тэнцэнэ гэж боддог. Үнэн өөртөө итгэлтэй. (инээв) Жульеттад би л тоглох байсан юм гэж ярьсаар байгаад манай найзууд бүгд энэ талаар мэддэг. “Одоо тэгвэл кино нь гараасай” гээд явж байтал нэг их удалгүй “18 нас би чамд хайртай гээд кино”-ны пробонд манай ангийн охидууд орохоор болсон. Найруулагч тайлбарлахдаа энэ кино бол Ромео Жульетагаас сэдэвлэн хийж байгаа гэхэд би бүр шоконд ороод ийм юм байж болдог л байхдаа гэж бодсон. Үнэхээр хүсэл минь санаанд оромгүй биелэж кинондоо тэнцсэн. Дараа жил нь бас Ромео Жульетта дээр жүжигчин Дөлгөөн Америк явж байгаа болохоор сонгон шалгаруулалт өгч болно гэдгийг сонсоод л шалгалт өгсөн. Тэнцсэн хүн бол Сэлэнгээ гэсэн чинь амаар юм гарах гээд байгаа юм шиг. Тэр үед 3-р курсд төрөөд удаагүй байхдаа Жульеттад тоглож байсан.
Үнэхээр хүсвэл амьдрал тэр бүгдийг өгдөг юм билээ. Багадаа шинэ жилээр ёолкоо засчихаад хүслээ бичээд дээр нь тавьчихдаг байсан. Тэгээд ёолкоо хураахдаа аваад бурхан дээрээ тавиад дараа жил нь гаргаж ирээд уншихаар биелчихсэн байдаг. Ер бусын шүү.
Бас багадаа ихэр хүүхэдтэй болно гэж тоглоомоор ч гэсэн их ярьдаг байсан. Тэгээд л болчихсон. (Инээв)
-Сэлэнгээгийн талынхан дандаа охидууд, Чингүүний талынхан дандаа хөвгүүд байдаг. Харин та бэр болж очоод нэгэн зэрэг охин хүү хоёр гаргасан болохоор аль аль талдаа гайхалтай бэлэг байсан байх даа. Хадам аав Балхжав гуай таныг хэрхэн хүлээж авсан бэ? Хүүхдүүд нь хэнийгээ дуурайсан бэ?
-Хадам аав минь ч бас урлагийн хүн болохоор ойлголцоход амар байдаг. Урлагийн хүмүүс ер нь сайхан нэг нэгнээ ойлгодог шүү дээ. Хүүхдүүд минь яг аавыгаа дуурайсныг ч хэлэх үү манай гэрийн аз жаргал юм даа. Гэртээ хариад хүүхдүүдээ ярьсаар байгаад л таардаг.
-СУИС-ийн уур амьсгал бусад сургуулиас өөр санагддаг. Сургуулийнхаа юуг тодотгох вэ?
-Энэ бол маш өөр ертөнц. Өөр сургуулийн хүүхдүүд ирэхээр биднийг ойлгодоггүй. Гэхдээ СУИС-д ямар ч маск байдаггүй. Бүгд яг өөрийнхөөрөө. Хэн нэгэн тэнд бүжиглээд зогсож байхад нь эвгүйгээр харахгүй, шоолохгүй. Хэдий бид дандаа өөрөөсөө өөр дүрд тоглодог ч масктай хүмүүс мэт боловч тэнд хэнээс ч айж ичихгүй маскгүйгээр биеэ авч явж болно. Кордоороор спикерийн дуу хадаад л, оюутнууд орилолдоод л төрөл бүрийн араншин төрөл бүрийн өнгө төрх. Яагаад хүмүүс ийм гоё чөлөөтэй байж чаддаг байна гэж бусад сургуулийнхан ойлгохгүй байх л даа.
-Өөрийгөө эвдсэн дүрд тоглох сонирхол хэр байдаг вэ?
-Сүүлд зургаан найруулагчийн найруулсан “Бумеранг” гээд антологи кинонд тоглосон. Тэр кинон дээр нэлээн явдалтай эмэгтэйн амьдралаар амьдрахыг хичээсэн. Өөрөөсөө өөр дүр гаргах гэж ёстой нэг нус нулимстайгаа холилдсон доо. (инээв) Миний дүрүүдийн худьд 3-р курс хүртлээ өөртэйгөө илүү ойр, ажиллахад амар дүрд тоглож ирсэн юм билээ. Өөрийгөө дөнгөж олох гэж яваа байж тэс өөр дүрд тоглоно гэхээр хэцүү. Бас дипломын дүр дээрээ 60 настай их ахайтны дүрд тоглох гэж байгаа. Тухайн дүрийн хүүхэд нь бараг миний үе. Одоо гадаа явж байхдаа хөгшин хүмүүсийг яаж биеэ авч явж байна гэж хараад л явна.
-СУИС-д элсэн суралцах хүсэлтэй сурагчдад ямар зөвлөгөө өгөх вэ?
- Хүүхдүүд "СУИС-ийн шалгалт хэзээ юм бол" гэх мэт өөрөө судлаад мэдчих боломжтой юм асуугаад байхаар нь их гайхдаг. Үнэхээр хүсэж байгаа бол өөрөө очоод, судлаад хаана юу нь байдгийг явж үзэх л хэрэгтэй. Би бүх газраар нь өөрөө нэгд нэгэнгүй явж байсан болохоор хэн нэгнээс асуугаад хангалтгүй өрөө сайн явж судлаарай л гэж зөвлөх байна.
Ярилцсанд баярлалаа