ТАНД БАЯРЛАЛАА ГЭЖ ХЭЛЖ ЧАДАХГҮЙ НЬ, УУЧЛААРАЙ
Энэ сарын эхээр нийслэлийн хамгийн их утаатай цэгүүдийг зорьж, “танилцсан” Ерөнхий сайд өчигдөр дахиад Сонгинохайрхан дүүргийг зорьж, хуучны танилтайгаа “болзов”. Нийслэлийн иргэн танд хамгийн тулгамдаж буй, яаралтай шийдээсэй гэж хүсэж байгаа асуудлаа нэрлэнэ үү гэвэл замын түгжрэл, халтиргаа гээд олон л хариулт хэлж болох байх.
Гэвч Монгол Улсын хүн амын тал нь төвлөрсөн Улаанбаатар хотод амьдарч буй хүн нэг бүрийн асуудал болж, хор уршиг тарьсаар байгаа, энэ хотод хөл тавьсан хэнд ч зугтаж, бултах боломж өгөлгүй нөмрөн авдаг аюулт дайсан бол утаа. Зайсан дахь тэрбум төгрөгийн үнэтэй харшид амьдарсан ч, захын хорооллын шавар амбаарт хоргодсон ч, амьсгалах агаар нь онцын ялгаагүй, хотын аль ч хэсгээс цэвэр агаар амьсгална гэж мөрөөдөлтгүй. Тиймээс нийслэлчүүдийн нийтийн дайсан замын түгжрэл, халтиргаа гулгаа биш, утаа гэж байгаа юм.
Ийм нийтийн дайсанд Ерөнхий сайд анхаарал хандуулан, хамгийн их бохирдолтой хэсэгт биеэр очиж үзэж буйд уг нь талархаж, түүнээс ямар нэг зүйл хүлээх ёстой байх. Гэвч тэгэх хүсэл, итгэл найдвар төрөхгүй байна, уучлаарай, Ерөнхий сайд аа.
Нийслэлийн утаа аюулын харанга дэлдэж буйг сонин хэвлэл анхааруулаад 20 шахам жил, шинэ томилогдсон албан тушаалтнууд утаатай “танилцаж”, зургаа авахуулдаг уламжлал тогтоод арав гаруй жилийн нүүр үзжээ. Өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, нийслэлийн ИТХ-ын дарга Д.Баттулга, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан Д.Оюунхорол, хотын дарга С.Батболд, үгүй ер нь хэчнээн ч дарга утаатай “танилцав” даа.
Тэд онгоцоор, машинаар, явганаар явж, утааг дээрээс, дэргэдээс, дотроос нь бишгүй л үзэж, харлаа. Тэр тоолондоо асуудал шийдэгчийн дүр үзүүлж, сүржин мэдэгдлээр бидний сонорыг мялааснаас өөр үр дүн үнэндээ гарсангүй. Та нарын хэлдэг “Утаатай дайн зарлая” гэх мэтийн “баатарлаг” уриа тухайн үеийнхээ сонин хэвлэлийн тэргүүн нүүрэнд гарчиг болсноос биш, бодит амьдрал дээр биеллээ олсонгүй. Хоолой хорсгож, нүд аргаасан утаа дарга нарын пиарын хэрэгсэл, шоу хийж олны анхаарал татах аятайхан сэдэв болж үлдлээ. Харин хотын утаатай салхи л тэмцэж байна даа.
МАСК ЗҮҮХИЙГ ЗӨВЛӨХӨӨС ӨӨРИЙГ ХИЙЖ ЧАДАХГҮЙ УДИРДЛАГАТАЙ НЬ БИДНИЙ ХОХЬ
Манай дарга нарыг зургийн цомгоо зузааруулахаас өөр дүнгүйгээр утаатай жил бүр “танилцаж” явах хооронд бусад улс асуудлаа шийдчихлээ. Өнгөрсөн жил өтгөн саарал утаан дундаас харагдахтай, үгүйтэй ёлтойх улаан гэрлээ асаан түгшүүр зарлаж байсан Бээжин энэ өвөл цэвэр тунгалаг агаар, цэлмэг цэнхэр тэнгэрээр гайхуулж, бид түүнд нь атаархаж сууна. Гэтэл бид бахь байдгаараа, яах учраа ч олоогүй хэвээрээ, Ерөнхий сайд утаатайгаа “танилцсан” янзаараа.
Өнгөрсөн жил нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга С.Батболдоос ярилцлага авахаар уулзсан юм. Яриа маань явсаар яах аргагүй утааны сэдэв рүү орж, түүнээс “Гэр бүлээ утаанаас хэрхэн хамгаалдаг вэ” гэж асуусныхаа төлөө өрөөнөөс нь хөөгдөн гарч билээ. Магадгүй тэр юу гэж хариулах учраа олоогүй байх. Харин энэ жил Ерөнхий сайд утааны голомтод ажиллах үедээ алимны хайрцгаар гэрээ дулаалах санал дэвшүүлж, амны хаалт яаж зүүхийг заасан тухай олон нийт тохуутайгаар ярилцаж буй дуулдсан. Манай дарга нарын байгаа царай энэ.
Нийслэлийн иргэдийн утаанаас айх айдас жил ирэх тусам нэмэгдэж, хөгшид, хүүхдүүдээ гадаа гарахыг хориглон, залуу хосууд өвлийн улиралд бүл нэмэхээс түдгэлздэг болоод байхад Улсын маань Ерөнхий сайд маск зүүхийг зөвлөхөөс өөрийг хийж чадсангүй. Үүнийг өрөвдөлтэй гэхээс өөрөөр юу гэхээ мэдэхгүй нь.
ИРГЭДЭЭ МАЛ ШИГ САНАДАГ ТӨРИЙН АЛБАТАЙ ЦАГТ ЭНЭ АСУУДЛЫГ ШИЙДЭХ НЬ ЮУ Л БОЛ
Хүний эрүүл мэндийг чимээгүйхэн мэрдэг, энэ нь эргээд бүх нийтийн асуудал болдгоороо тун аюултай утаа хэмээх дайсантай тэмцэхийн тулд өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд төсвөөс 147 тэрбум, гадаадын төсөл, хөтөлбөрөөс 60 орчим сая ам.доллар зарцуулсан гэсэн тоог албаныхан өгч буй. Энэ мөнгө утааны асуудлыг бүрэн шийдэхэд хангалтгүй нь мэдээж. Гэхдээ ямар ч үр дүнгүй салхинд хийсгэчихэд харамсмаар их хөрөнгө.
Манай улсын бүх суманд шинэ сургууль барихад элбэг хүрэлцэх энэ мөнгө утаагүй түлш, зуух, гэрийн дулаалга, цахилгааны хөнгөлөлтөд зарцуулагдсан. Одоо гараад харвал өмнөх жилүүдэд зарцуулсан хөрөнгө цөөн хэдэн хүний бизнесийг дэмжиж, халаасыг зузааруулаад, утаа болон замхарсан нь ойлгогдохоор байна. Манайх шиг зуух, түлш тарааж утаатай тэмцдэг улс дэлхийд өөр байдаг ч юм уу, үгүй ч юм уу.
Утаатай тэмцэхэд зарцуулахаар төсөвлөсөн мөнгөөр манайхны хийсэн утаагүй түлш, утаагүй зуух анхнаасаа л үлгэр байсан. Эрчим хүчний хөнгөлөлт ч дорвитой үр дүн авчирах нь эргэлзээтэйг сүүлийн хоёр өвлийн утаа харууллаа. Хийсэн ажил нь үр дүнгүй өнгөрч буйг иргэд нүдээр харж, биеэр мэдрээд байхад “Утаагүй зуух үр дүнгээ өгсөн. Утаа багасаагүй ч хорт хийн агууламж буурсан” гэж яриад толгойг нь эргүүлчихнэ гэж боддог хүмүүс ажил хариуцдаг учраас л Улаанбаатарын утаа буурахгүй байгаа биз.
Ерөнхий сайд өчигдөр Сонгинохайрхан дүүрэгт ажиллахдаа айл өрхүүд нийгмийн хариуцлагаа ухамсарлаж, гэр байшингаа сайтар дулаалж, дулаан алдагдлаа бууруулах, нүүрсний хэрэглээгээ багасгахыг уриалаад, 2019 он гэхэд хорт утааг 10 гаруй хувиар бууруулж чадна хэмээн тооцож буй гэсэн байна билээ. Энэ бол дэндүү чамлалттай зорилт.
Утаа нийгмийн тулгамдсан асуудал болоод байгаа цагт үүн рүү чиглэсэн дорвитой, зоригтой алхам хийж л цаана нь гарахгүй бол энэ байдлаараа цааш хэдэн жил яваад ч байдал өөрчлөгдөхгүй. Арван жилийн өмнө утаатай тэмцэнэ гэж ярьж байсан, тэмцэх аргаа өөрчлөхгүй бол арван жилийн дараа ч ярьж л сууна. Тиймээс улс зохион байгуулалтад орж, нэг тийшээ хандсан дорвитой, зоригтой шийдвэр яг одоо л гаргах хэрэгтэй байна.
“Тэдэн жилийн дараа янданг төчнөөнөөр цөөлнө” гэсэн зорилго тавьж, түүндээ хүрэх гол шугамаасаа хазайлгүй тууштай зүтгэх нь ялалтад хүргэхээс биш, нэг, хоёр жилийн “настай” сайд, дарга нарын шахааны бизнес үр дүнд хүргэхгүйг нийтээрээ харлаа, үзлээ. Асуудлаа дайсан гэж харж, бушуухан дарж авахыг бодохгүй, мөнгө олох арга, бизнесийн эх үүсвэр гэж харсаар байвал бид утаанаас салахгүй. Тэгэхээр агаарын бохирдолтой тэмцэх зорилготой бүтэц, байгууллага, хүмүүс дэмий олон тийш самгардан цаг, мөнгө үрж сууснаас янданг цөөрүүлэх зорилгын төлөө нэгдэж, бүх боломжоо дайчлан зүтгэх нь дээр болов уу.