Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье, тэдний бараа, бүтээгдэхүүнийг хэрэглэе гэсэн уриалга олон нийтийн цахим сүлжээ, реклам зар сурталчилгаагаар дүүрэн байдаг. Зарим согтууруулах ундааны шошгон дээр ч “Эх орны хөрсөнд ургасан буудайгаар ...” гэх мэтээр бичсэн байдаг билээ. Харин аж ахуйн нэгжүүд маань үнэхээр эх орондоо үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнээр хэрэглэгчдээ хангадаг болов уу.
Сурагчийн дүрэмт хувцсыг эх орондоо үйлдвэрлэсэн нэрээр өмнөд хөршид хямдхан, чанар тааруу материалаар хийлгээд авчирдаг тухай хэвлэлээр олон гарч, эцэг эхчүүд ч тоохоо больсон. Тэгвэл бидний өдөр тутмын хэрэглээ болсон хоол, хүнсийг аюулгүй байдал нь хангагдсан, найдвартай, экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хийсэн үү гэдэг нь эргэлзээтэй.
Статистикийн байгууллагаас гаргасан албан ёсны мэдээллээс үзвэл манай улс хүн амаа махаар бүрэн хангаж, харин хэрэгцээт гурилын 75-80, сүү, цагаан идээний 20, төмс, хүнсний ногооны 27.5-66.7 хувийг эх орондоо үйлдвэрлэдэг. Харин будаа, ургамлын болон цөцгийн тос зэрэг бүтээгдэхүүнийг гадаадаас авах шаардлагатай байгаа билээ. Хүнсэнд хэрэглэж байгаа махны 94.6, сүүний 2.3 хувийг үйлдвэрлэлийн аргаар боловсруулж, хэрэгцээний зонхилох хэсгийг нь чанар, эрүүл ахуйн баталгаагүй мах, сүүгээр хангадаг болсон гэж ШУТИС-ийн тэргүүлэх профессор, доктор (Sc.D) Л.Дамдинсүрэн нэгэн илтгэлдээ дурдсан байсан.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгалт хийхэд итгэмжлэгдсэн, эрх бүхий лабораторийн шинжилгээнд хамрагдсан гэх хүнсний бүтээгдэхүүнүүдийн бохирдлын түвшин нэлээд өндөр байжээ. Тухайлбал, 2014 онд 18.4 мянган бүтээгдэхүүнд нянгийн бохирдлын шинжилгээ хийхэд 0.6 мянга буюу 3.5 хувь, 33.3 мянган бүтээгдэхүүнд химийн бохирдлын шинжилгээ хийхэд 0.8 мянга буюу 2.5 хувь нь хангалтгүй гэсэн дүн гарчээ.
Төв, орон нутгийн мэргэжлийн хяналтын байгууллагынхан бохирдолтой хүнсний бүтээгдэхүүнийг хураан авч, устгадаг. Шалгалтаар илрүүлж хураасан бүтээгдэхүүн л гэхэд 2014 онд 3154.1, 2015 онд 3766.8, 2016 онд 654.9 кг байжээ. Сүү, сүүн бүтээгдэхүүн, согтууруулах ундаа 2014 онд 104.7, 2015 онд 2911, 2016 онд 544.5 мянган литр байсан гэнэ.
СҮҮ, СҮҮН БҮТЭЭГДЭХҮҮНД ОРЖ БУЙ ХИМИЙН БОДИС ХЭР БАТАЛГААТАЙ ВЭ
Хоол хүнсэнд хэрэглэж буй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн нь цэвэр, химийн элдэв төрлийн бодис агуулаагүй байх ёстой. Гэвч хүнс бэлтгэх явцад бүтээгдэхүүний хадгалах хугацааг уртасгах, шинж чанарыг нь муутгахгүй, удаанаар барих зорилгоор хүнсний нэмэлтүүд болон химийн гаралтай бордоо, зэргийг зориудаар нэмж өгдөг. Харин манай үндэсний үйлдвэрлэгчид аливаа хүнсний бүтээгдэхүүн, тэр дундаа өдөр тутмын хэрэглээ болсон сүү, тараг, хиаманд химийн элдэв бодис хийдэг аж.
Тухайлбал, тарганд л гэхэд өсгөвөр бактери хэмээх эм шиг хэлбэртэй бодисууд онгоц, галт тэргээр хилийн чанадаас авчирч хийдэг гэдгийг эх сурвалжууд мэдээлэв. Түүнийгээ МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабораторид шинжлүүлдэг юм билээ. Шинжилгээний хариу нь хэрхэн гардгийг тус лабораторийнхон ихээхэн нууцалж буй.
Тэндэхийн эрх бүхий албан тушаалтнууд эм, эмийн бүтээгдэхүүний шинжилгээний дүгнэлтийг засаж, тэнцэхгүй үзүүлэлтийг тэнцсэн болгосон талаар манай сонин өмнө нь нэг бус удаа сөхөж нийтлэл бичсэн. Үүнээс улбаалан АТГ-т тус лабораторийн эрх бүхий албан тушаалтнуудыг шалгаж буй юм. Тиймээс МХЕГ-ын Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабораторийнхон янз бүрийн мэдээлэл ч цухуйлгахаа больжээ.
Үндэсний үйлдвэрлэгчид маань өмнөд хөршөөс ч, Европын орнуудаас ч сүү, сүүн бүтээгдэхүүнд хийдэг өсгөвөр, бактери олноор нь импортолдог гэдгийг олон эх сурвалж хэлсэн.
Ингэж химийн гаралтай элдэв бактери, нэмэлт бүтээгдэхүүн сүү, сүүн бүтээгдэхүүнд оруулчихаад үүнийгээ орц найрлагад нь орсон талаар мэдээлэхгүй нэг хэсэг байна. Тэгсэн атлаа байгалийн гаралтай, органик бүтээгдэхүүн гэх мэтээр сурталчлах нь хэрэглэгчдийг төөрөгдүүлж буй нэг хэлбэр юм.
ХҮҮХДЭД ЗОРИУЛСАН УНДАА, ЖҮҮСЭНД ХАВДАР ҮҮСГЭГЧ КАДМИ ӨНДӨР БАЙНА
Эх орондоо үйлдвэрлэж буй гэх ундаа, жүүс, архи, спирт бас л хэрэглэгчдийг хуурч, төөрөгдүүлж, чанар муутай бүтээгдэхүүн иргэдэд нийлүүлж байж болзошгүй нь. Мэргэжлийн хяналтын байгууллагаас хийсэн шалгалт, шинжилгээгээр ундаа, жүүсэнд агуулагдсан химийн бодисууд зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн, байх ёсгүй зүйл ч илэрсэн байж. Тухайлбал, нэр бүхий ундаа, жүүс, хүнсний бусад бүтээгдэхүүнд хүнд металлын шинжилгээ хийж, хүнсний аюулгүй байдлын итгэмжлэгдсэн лабораторид 123 дээжийг хамруулсан гэнэ.
Тэгэхэд 3.2 хувьд нь кадми хэмээх химийн бодисын агууламж өндөр гарчээ. Энэ нь дандаа ундаа, жүүснээс илэрсэн гэнэ. Түүнчлэн ундаанд хүчиллэгийн агууламж стандарт хэмжээнээс өндөр байсан нь тогтоогджээ. Мөн дээрх 123 дээжний хоол, салат, аарцны ундаа, ундаа жүүс, эх орны болон импортын жигнэмэг, өрмөнцрийн 10.5 хувьд нь хар тугалга зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс давсан дүн гарсан байна. Эдгээр нь дандаа сургуулийн орчинд зардаг, бага насныхны худалдан авч буй бүтээгдэхүүнээс илэрснээс үзвэл хүүхдүүд эрүүл, аюулгүй хоол, хүнсээр үйлчлүүлэх нөхцөл бүрдээгүй болохыг нотолж буй юм.
Манайхан мөнгөн ус, хар тугалга, хромын хор хөнөөлийн талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй. Харин эдгээрээс илүү их хортой кадмийн талаарх мэдээлэл бараг байдаггүй. Эрдэмтдийн судалж тогтоосноор кадми нь хавдар үүсгэгч нэгдүгээр зэргийн хорт элементийн нэг аж. Хүний биед хүнс болон амьсгалын замаар орж, бөөр, элгэнд хуримтлагдан өвчлүүлдэг. Тэгэхээр уг бодистой бүтээгдэхүүнийг байнга хэрэглэсэн хүүхэд, багачууд ирээдүйдээ ямар нэг суурь өвчтэй болох магадлал өндөр байна.
ӨНДӨР ҮНЭТЭЙ АРХИ ХИЙДЭГ СПИРТ МОНГОЛД УРГАСАН БУУДАЙНХ МӨН ҮҮ
Монголчууд бид архи, согтууруулах ундаа хэт их хэрэглэж, баяр болгоныг эдгээр бүтээгдэхүүнгүйгээр өнгөрүүлбэл алдас болох шахдаг. Зарим нь хэт замбараагүй хэрэглэснээс хордож, амь нас, эрүүл мэндээрээ хохирох нь бий. Зарим нь техникийн гэж нэрлэдэг метилийн спиртийн агууламжтай шингэн ууж амь насаа алдсан тохиолдол цөөнгүй. Хямд үнэтэйгээс нь болоод техникийн спиртээр найруулсан архи ууснаас олон хүн амиараа хохирсон бараан түүх 10 гаруй жилийн өмнө гарсан билээ.
Өдгөө архины ихэнх үйлдвэр зориулалтын, эх орныхоо хөрсөнд ургасан улаан буудайнаас гаргаж авсан спирт хэрэглэж буй гэдэг. Гэвч зарим нь өмнөд хөршөөс оруулж ирсэн, улаан тагтай шар сав (канистр)-тай спирт найруулан согтууруулах ундаа үйлдвэрлэж байсан тохиолдол бий гэнэ. Итгэмжлэгдсэн лабораториудад тийм савтай нэлээд их хэмжээний спиртийг манай архи үйлдвэрлэгч томоохон аж ахуйн нэгжийнхэн шинжлүүлсэн нь өөрийн эрхгүй хардахад хүргэсэн юм.
Энэ талаар эх сурвалж “2016 онд ийм шинжилгээг нэлээд олон удаа хийсэн. Манай томоохон компани уг шинжилгээг хийлгэж байсан. Харин энэ жил тус компанийнхан Зүүнхараад үйлдвэрлэсэн спирт шинжлүүлж байгаа” хэмээн нэгэн эх сурвалж хэллээ. Өндөр үнэтэйд тооцогдох, шартуулдаггүй гэж хэрэглэгчид үнэлдэг зарим архины спиртийг ийнхүү өмнөд хөршөөс оруулж ирж байсан нь хэрэглэгчдийг төөрөгдүүлж буй бас нэг жишээ юм.
Энэ мэтээр бүтээгдэхүүнийхээ найрлагад орж буй, чанарын шаардлага хангадаг, эсэх нь эргэлзээтэй зүйлсийг хилийн чанадаас импортолчихоод эх орны үйлдвэрийнх гэж сурталчлан хэрэглэгчдээ төөрөгдүүлэх нь зүйд нийцнэ гэж үү. Хиам, нөөшилсөн бүтээгдэхүүнд ордог химийн бодисуудыг ч хилээр их хэмжээгээр оруулж ирдэг юм билээ.
Энэ бүхэнд шинжилгээ хийдэг эсэх, хариу нь хэрхэн гардгийг иргэд төдийлөн мэдэхгүй, аль компанийн ямар бүтээгдэхүүнд хэдий хэмжээтэй химийн бодис орсныг хэрэглэгчид уг нь мэдэх эрхтэй. Хэрэв үйлдвэрлэл эрхлэгчид маань ард түмнээ хуураад байвал хөл дээрээ босож байгаа үндэсний үйлдвэр нь эргээд сөхрөх сөрөг талтайг мэдэж л баймаар сан.