Балдоржийн НОМИНТҮШИГ
Хорин нас хүртлээ төрсөн өдөргүй явж байгаад нэг өдөр өөрөө өөртөө төрсөн өдөр “бэлэглэх”-ээр шийдэж гэнэ. Энэ сонголтыг хийх үед оюутны цалин буудаг өдөртэй ойролцоо байвал зүгээр юм байна гэдэг бодол л толгойд нь зурсхийсэн гэдэг.
Тэр цаг мөчөөс хойш өнөөх сонгосон өдөр, арванхоёрдугаар сарын 15-нд төрсөн өдрөө тэмдэглэсээр гучаад жилийн нүүрийг үзэж, дурсагдах амьдралыг бүтээжээ. Бид бүгд хэзээ нэгэн цагт бүхнээ орхиод явдаг хорвоогийн жам гашуун бөгөөд хатуу. Гэхдээ хэний ч зугтаж, өөрчилж чадахгүй тэр л мөч ирэхэд өнөөх сонгосон “төрсөн өдөр”-өөрөө л биднээс явсан юм.
Энэ бол миний аавын, Бал эрхлэгчийн түүх. Итгэмээргүй гэмээр энэ тохиолдол бүх юм учиртай гэдгийг харуулах шиг. Тиймээс бид өөд болсон өдөр нь араас нь уй гашуу болохын оронд дурсгалыг нь хүндэтгэдэг Монголын сайхан ёсыг чадлынхаа хэрээр дагахыг хичээдэг.
Мөн бидний хувьд арванхоёрдугаар сарын 15 бол аавын бурхан болсон өдрийн зэрэгцээ төрсөн өдөр нь юм аа. Өнөөдөр уншигч та бүхэнд хүрч байгаа энэ сонин бол арван жилийн өмнө хорвоог орхисон эрхлэгчдээ барьж буй бидний бэлэг. Амьдралынх нь утга учир болсон “Өнөөдөр” сонин нь Монголын түүхэн дэх хамгийн олон буюу 68 нүүрээр гарч буйг хараад аав минь баярлах байсан байх даа.
ХҮҮХЭД НАСНЫ ДУРСАМЖ МАРТАГДДАГГҮЙ
Арван жил гэдэг урт хэрнээ богинохон хугацаа юм аа. Ирэх жил яг бичнэ ээ гэж өөрөө өөртөө амласаар аавынхаа тухай олигтой бичилгүй өдий хүрч. Би ч гэлтгүй манай гэрийнхэн аавын ажил хэргийн тухай дурсаж байснаас аав гэдэг үүднээс хүмүүст таниулж байгаагүй юм байна. Дэндүү гэнэт явчихсан аавдаа хэлье гэснээ хэлж амжилгүй, сүүлчийн замд нь харамсал, гэмшил дүүрэн үдсэнд учир орших биз.
Өмнөх өдөр нь байгууллагынхаа шинэ жилийг тэмдэглэчихээд сэрсэн тэр өглөө би их аз жаргалтай байснаа санадаг юм. Одоо хүртэл тэр өдрийн өглөө тийм аз жаргалтай сэрсэндээ би өөрийгөө буруутгадаг. Зүв зүгээр байсан хүн нүдэн дээр чинь алга болоход яах ч учраа олохгүй, утсаа авах байлгүй дээ гэсэн найдлага тээн, түргэн тусламж руу байн байн залгахаас өөр юу ч хийж чаддаггүй юм билээ.
Өөд болохоосоо хэдхэн цагийн өмнө аав миний өрөөнд хоёр ч удаа орж ирсэн. Харин би унтаж байгаа мэт дүр эсгэсэн. Аавын эрх охин өмнөх өдрийн жаахан юмнаас болж гомдож эрхэлж байсан нь тэр. Надад юу хэлэх гэж байн байн орж ирснийг одоо хүртэл таахыг оролддог. Аав маань ямар нэг юмыг мэдэрсэн болов уу? “Муудалцсан” хэвээрээ явахыг лав хүсээгүй байх даа. Бид хоёр байнга “муудалцана”, аав үргэлж уучлалт гуйна. Энэ чигээрээ үүрд байх мэт л бодсон юм.
Намайг тэнэг юманд тунирхаж, дуугаа хураах бүрт аргадах гэж цуцалгүй хичээхийг нь найз нөхөд, сониныхон нь хараад их л гайхдаг сан. Тэгээд л миний эрх гэсэн “цуу алдар” хурдацтай тархсан байх. Сүүлийн үед аав маань өөрийнхөө багад авч чадаагүй хайр халамжийг хүүхдүүддээ нөхөж өгөх гэж хичээж байж дээ гэж бодох болсон.
Сэтгэлийн шарх цуглуулсан аавын минь хүүхэд насны дурсамжинд гэрэл гэгээ нэг л байсан гэлтэй. Гэр дэх ажлын өрөөнд Цэрэндорж өвөөгийн жижигхэн хар цагаан зураг л өлгөөстэй байдаг юм. Нэг өдөр тэр зураг руу зааж байгаад аав өвөөгийн минь тухай надад ярьж өгснийг сайн санадаг. Тэгэхэд нүд нь онцгой гэрэлтэж, хүүхэд нас руугаа буцаад очсон мэт санагдаж билээ. Бүх л насаараа тракторын жолооч хийж, ажилсгаараа нутаг усандаа алдаршсан өвөө маань цэл залуугаараа, гэнэт өөд болсон.
Аав маань “Тракторын бүхээгт өссөн болохоор би сайн жолооч болсон” гэж гайхуулдаг сан. Миний уулзаж амжаагүй Цэрэндорж өвөө маань бүхий л насаараа жолоог нь барьсан нөгөөх л трактортаа дайруулж, өөд болсон хачирхалтай явдлыг ч тэр өдөр ярьж өгсөн. Хамгийн хайртай хүнээ учир битүүлгээр алдсан нь аавын сэтгэлийг өчнөөн жил шаналгасаар байдгийг тэгэхэд ааваасаа сонссон юм.
Аав маань гуравхан настайдаа төрсөн ээжийнхээ дүүд үрчлэгдэн Цэрэндорж өвөөгийн ууган хүү болсон гэдэг. Өргүүлж ирсэн аав маань булган сүүлтэй байж дүү дагуулан, үрчилж авсан ээж нь арван хэдэн жилийн дараа хүсэн хүлээсэн төрсөн хүүгээ өлгийдсөн түүхтэй. Хүүхэд насны шарх эдгэхдээ хамгийн удаан юм шиг ээ.
Бага балчир насандаа айлын хийж буй хоолны үнэрээр өл залгах үе ч аавд минь байсан юм гэнэ лээ. Харин Балдоржийнх гэдэг айл хоол унд дүүрэн ширээний ард халуун бүлээрээ сууж инээд хөөр болдог уламжлалтай. Хааяа нэг хийх аавын гарын плов дандаа өндөр үнэлгээ авна.
Хүүхэд насандаа дутаж өссөн гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг аав юунаас ч илүү эрхэмлэдэг байсан. Одоо ч хагас сайн өдөр бүр гал голомт руугаа, ээж дээрээ очдог бидний уламжлал хэвээрээ. Ээж маань төрөл төрлийн хоолоор биднийг “шахна”. Заримдаа шаагилдсан олон хүний учир олдохоо больдог ч хүүхэд, ач, зээ нар нь өвөөгийнхөө зурагны өмнөх зулыг хэзээ ч бөхөөдөггүй.
БИДНИЙ ХИЙЖ АМЖААГҮЙ ЗҮЙЛС…
Арван хоёр насны минь төрсөн өдөр миний ой санамжид их тод үлдсэн. Тэр үед би гадаадад сурч байсан учраас төрсөн өдрөө анх удаа гэрийнхнээсээ хол өнгөрүүлсэн. Өглөө сэрэнгүүтээ аав руу залгаад уйлчихсан чинь аавын хоолой бас зангираад “Дахиад хэзээ ч охиныхоо төрсөн өдрөөр хол байхгүй ээ, амлая” гэж хэлсэн. Дараа жил миний төрсөн өдөр болохоос 25-хан хоногийн өмнө аав маань бүрмөсөн явчихсан даа.
Тэр өдрийн зарим үйл явдлыг маш тод санадаг ч ихэнх нь хар дарсан зүүд мэт байдаг. Аавын маань төрсөн дүү Баярмагнай ах бидэнтэй хамт байсныг тод санадаг. Магнай ах маань одоо ч хамт хэвээрээ. Өдөр ирэх тусам аавтай адилхан болсоор байгаа түүнийг ахын маань охин Номулун багадаа өвөө гэж дууддаг байсан юм.
Аав, ээж нар нь өглөө бүр аавын зурагны өмнө зул өргөж “Энэ өвөө чинь” гэж зааж өгсөөр дүрсийг нь цээжилчихсэн хэрэг. Одоо аав маань найман ач, зээтэй болсон. Хамгийн отгон нь энэ жил төрсөн Саруул. Аав охиндоо Нандин, хүүдээ Саруул гэдэг нэр өгнө гэж ярьдаг байсан гэнэ лээ. Тиймдээ ч ээжид зориулж бичсэн “Түрлэг хүрээгүй дуу” туужийнхаа гол дүрийн хоёр баатрыг Саруул, Нандин гэж нэрлэсэн юм.
Хоёр ах маань эгч бид хоёрыг бодвол хамаагүй даруулгатай өссөн, зарим талаараа илүү зөөлөн хүмүүс. Мөнхтүшиг ах ганц л удаа аавын үгнээс зөрснийг санадаг. Аав өөд болохоосоо өмнөхөн ахыг “Хуримаа хий” гэж шавдуулахад ах маань “Охиноо жаахан том болгоё” гээд зөрсөн хэрэг. Аавыг байхад амжиж хуримлаагүйдээ Мөнтүк ах их харамсдагийг би мэднэ.
Тэгээд л ах, эгч хоёр маань олон сайхан хүүхдийн аав, ээж болсон ч ёслол хийлгүй өдий хүрсэн байх. Манай том ах Гантүшиг аавыг өнгөрөхөд эхнэрийнхээ хамт ирсэн юм. Солонгос иргэншилтэй эхнэр нь аавыг маань хүндэтгэж, идэр ес эхэлчихээд байхад малгай өмсөлгүйгээр Алтан өлгий хүрснийг одоо хүртэл хүмүүс дурсдаг.
Гантука ахын ууган хүү надаас нэг л насаар дүү, аавын минь бас нэгэн амин сүнс байсан. Зарим нэг хүн намайг эрэгтэй байгаасай гэж хүсэж байсныг, гал голомт залгах хүү хэр чухал тухай хүмүүсийн ярианаас ойлгосон. Гэхдээ ийм бодол, хүслийг би ааваасаа хэзээ ч мэдэрч байгаагүй ээ. Өнөөгийнхөөр бол аав феминист үзэлтэй байсан юм шиг ээ. Хоёр охиноо үргэлж “Та нар чадна, юунаас ч бүү ай” гэж зоригжуулна. Гуч хүрэхээсээ өмнө хүнтэй сууж болохгүй гэж захина. Бид хоёрын хэнд нь ч хоол хийхийг зааж өгөөгүй нь бас сонин.
Би эгчийнхээ тухай хамгийн сүүлд бичиж байгаа нь учиртай, би Анягийнхаа (Аня гэж гэрийнхэн нь дууддаг) өмнө их буруутай. Тэр үед Англид сурч байсан эгч маань шинэ жилээ өөр газар тэмдэглэж үзнэ гээд Монголд ирээгүй юм. Энэ шийдвэр аавд огтхон ч таалагдаагүй. Шинэ жил аавын хувьд хамгийн чухал баяр, заавал халуун ам бүлээрээ цугладаг өдөр байсан.
Нэг мэдэхэд л хүмүүс аавыг өнгөрсөн тухай Нандиа эгчид яаж дуулгах талаар ярилцаж байсныг санадаг. Эгч рүү залгаад “Аавын чинь бие муу байна аа, ирэх хэрэгтэй боллоо” гэж хэлсэн гэсэн. Харин Аня ямар нэг муу юм болсныг мэдэрсэн үү, “Зөвхөн надтай л ярина” гэж шаардсан юм гэнэ лээ. Эгч “Номио, чи үнэнийг хэл дээ” гэж надаас гуйхад би “Аав эмнэлэгт байгаа, ээж хоолыг нь хийгээд очиж яваа” гэж хэлсэн юм. Эгч маань надад итгэсэн учраас л аавыгаа харна, уулзана, амжина гэсэн бодолтой ирсэн.
Аавыгаа алдах үед манай эгч 21-хэн настай байсан. Эгчийн маань нуруун дээр гэнэт ирсэн тэр ачаа хэр хүнд байсныг би мэдэхгүй ээ. Харин эгч маань байгаагүй бол би энэ уй гашууг даван туулж чадахгүй байсан гэдгээ л мэднэ.
Аавгүй өнгөрүүлсэн анхны төрсөн өдрийн өглөө сэрэхэд ээж, эгч хоёр миний өрөөг бөмбөлгөөр (шаараар) дүүргэчихсэн байсан юм. Тэр өдөр аавыгаа алдаад сарын нүүрийг л дөнгөж үзэж байсан, сургуулиа ч төгсөж амжилгүй сонины эрхлэгч болсон эгч маань намайг ганцаардуулахгүй гэж их ч хичээсэн дээ.
Манайхан арванхоёрдугаар сарын 15-ныг өнгөртөл гэрээ чимэглэдэггүй, баяр наадамд ч оролцдоггүй. Гэхдээ аавынхаа хамгийн дуртай байсан Шинэ жилийн баярыг өөрийнх нь бий болгосон уламжлалын дагуу өнөр бүлээрээ баяр хөөртэй, дуу шуутай тэмдэглэхийг хичээдэг. Жил бүрийн он солигдох мөчид хүргэн, бэргүй бүгд аавынд цугларч, оргилуун дарсаа буудуулаад дээжийг нь зургийнх нь өмнө тавьдаг.
ТҮРЛЭГ ХҮРЭЭГҮЙ ДУУ МИНЬ БАЯРТАЙ
Зуны нэг өдөр аав гэрээ цэвэрлэнгээ алчуураар эмэгтэй хүн шиг толгойгоо ороочихоод “Жаргаах зүрхэн” гэдэг дууг надад нэг их чангаар дуулж өгч билээ. Чин сэтгэлээсээ дуулдаг, онцгой солгой хоолойтой хүн байсан даа. Цогзолмаа эмээ аавыг бүхнийг хийж чаддаг, хамгийн авьяастай хүргэн гэж итгэдэг байсан ч дуулах тал дээр л магтаж чаддаггүй юм.
Аав байнга эмээг “явуулаад” “Мама аа, би дуучин болж чадахаар байна уу” гэж асууна. Эмээ “Мэргэжлийн дуучин ч арай үгүй ээ, сайн дурынх бол болно оо” хэмээн хариулна. Цогзолмаа эмээд өдгөө ч аавын тухай ярихад их хэцүү байдаг юм. Манайд байж байгаад аавыг өнгөрдөг өдрийн өглөө гэр рүүгээ явчихсандаа одоо хүртэл харамсдаг.
Гэр бүлийн минь түүхийг сонссон хүмүүс ээжийн талынхан аавыг шууд хүлээн зөвшөөрөөгүйг мэддэг байх. Гэхдээ аав үүнд хэзээ ч гомдож байгаагүй. Цогзолмаа эмээ, Намсрай өвөө, ээжийн минь эгч, дүүсийг чин сэтгэлээсээ хайрласан. Ээжийн аавыг тамхиар нь дутаачихгүйхэн шиг байлгаж чадаагүй, амьд ахуйд нь амжиж хөл дээрээ босож санааг нь амраагаагүйдээ харамсдаг байсан.
Аавыг охиноосоо холдуулах гэж “цөллөг”-т явуулсан гэгдэх Намсрай өвөөг өөд болсны дараа аав номыг нь санаачлан, гардан хэвлүүлсэн. “Түмэн хүрээлж, төр соёрхсон гэр бүл” нэртэй өвөө, эмээ, Сувдаа эгч гурвын тухай номыг мөн бүтээсээн. “Үнэн” сонины эрхлэгчийг хамгийн олон жил хийсэн, Гэгээрлийн яамны сайд асан Намсрай өвөөгийн хөшөөг хүмүүст “яаруу дааруу”-гаараа зэмлүүлэн байж өөд болохоосоо өмнөхөн босгож амжсан нь бас л учиртай байх.
Аавын минь хамгийн гэгээлэг чанар энэ. Тэр хэзээ ч хэн нэгэнд, нөхцөл байдалд, амьдралд гомдож байгаагүй. Амьдрал гэх энэ мөрийтэй тоглоомын эхэнд өөрт нь ирсэн хөзрөөр чадлынхаа хэрээр тоглосон, тэвчих биш, тэмцсэн. “Амьдралын өмнө сөхрөлгүй, сөрөх л ёстой. Би сөрж амьдарсан” Энэ бол өөрийнх нь хэлсэн үг.
Аавын маань амьдрал бусдынхтай харьцуулбал шударга бус, өргөс, зүү дүүрэн байсан мэт санагдаж магадгүй ээ. Төрсөн өдрийг нь ч тогтоох хүнгүй амьдралд мэндэлсэн хүү бүхий л насаараа тэмцсэний эцэст дөрвөн хүүхдийн аав болж, бахархах зүйлтэй амьдралыг бүтээсэн ч дэндүү эрт яваад өгсөн. Гэхдээ аавын минь хувьд энэ тэмцэл нь амттай байсан юм.
Амьдарна гэдэг чинь аз жаргалын төлөө тэмцэнэ гэсэн үг. Алдаа, оноотой босгосон аавын амьдрал, тэр амьдрал нь төгсөхөд хамт байсан төгс биш хүмүүс түүний аз жаргал, мөрөөдөл нь байсан. Аав маань өөрөө ч төгс хүн байгаагүй. Гэхдээ тэр АМЬДарна гэдэг үгийн утгыг бодитоор харуулсан. Тэр хэнээс ч айж эмээлгүй, хүссэнээ хийж, баггүйгээр амьдарч чадсан. Аавын маань амьдралд чин сэтгэлийн хайр, баяр хөөр, жинхэнэ инээд байсан учраас харамсахааргүй амьдарсан.
“Түрлэг хүрээгүй дуу минь баяртай! Амьдрал чи бид хоёрыг дахиад уулзуулж ч юу магад…
Ойртон алссан алтан шар нар онгоцны гэгээвчээр туяа цацан дөтөлнө. Саруул шинэ амьдрал өөд явж байлаа.
Бартаа, нугачаа, баяр, хорсол, хайр дурлал, атаа жөтөөний аль алинаар нь дүүрэн, танигдаж мэдэгдэхгүй амьдрал, тэмцэл түүний өмнө байлаа.”
Энэ бол аавын ээжид зориулж бичсэн “Түрлэг хүрээгүй дуу” туужийн төгсгөл.