Эцэг, эхчүүдийн нийтлэг асуулт: ХҮҮХДЭЭ ЯАЖ НОМД ДУРЛУУЛАХ ВЭ
Би багадаа номд ухаанаа алддаг хүүхэд байлаа. Бүр гэрийнхнийхээ эсэргүүцэлтэй тулгартал, эмээгийнхээ тэвчээрийг барагдтал номд шимтдэг байв. Зуны амралтаар эмээдээ туслах гэж очсон би оровч, гаравч, босовч, суувч ном тэврээстэй. Ажил даалгаад гарахад нь ямар байсан, орж ирэхэд нь тэр чигээрээ, номоо уншаад сууж байдгаасаа болоод “Ном шагайхаа боль, нүдний хараа муудна, мэдрэлийн ядаргаанд орно” гэсэн зэмлэлийг мөн ч олон удаа сонссон доо. Эмээгийн үглэхээс болоод сүүлдээ номоо нууж уншдаг болж билээ.
Шөнө хөнжилдөө шургаж, гар чийдэн тусгаад “Тэг, ингэ, хүүе наад номоо боль” гэх саадгүй, зохиолын үйл явдалд автаж, амтархсаар үүр цайлгасан нь цөөнгүй. 1990-ээд оны сүүлч үед манай үеийнхний олонх нь над шиг байсан. Яг л миний номд хорхойсож явсан насан дээр байгаа охин минь харин огт өөр. 12-13 насандаа би “Ном уншихаа боль” гэж загнуулдаг байсан бол охин маань “Ном унш” гэж загнуулна.
Тэгээд ч нэмэргүй, авч өгсөн номууд шинээрээ тоосонд дарагдаастай. Олон нийтийн сүлжээн дэх “Хүүхдээ номд яаж дурлуулах вэ” гэсэн асуултын доор үлдээсэн эцэг, эхчүүдийн сэтгэгдлээс харвал ганц манай охин ч бус, үеийнх нь хүүхдүүдийн олонх ийм аж. Хүүхдүүд ном уншихгүй байгааг эцэг, эхчүүдээс гадна багш нар ч дуу нэгтэй зөвшөөрдөг. Энэ нь намайг “Би анх яаж номын амтанд орж байлаа” гэж бодоход эрхгүй хүргэсэн юм.
Хоёр, гуравдугаар ангийн унших бичиг, дөрөвдүгээр ангиас эхлэн орсон уран зохиол миний хамгийн дуртай хичээл байлаа. Хоёрдугаар ангид байхдаа унших бичгийн хичээл дээр “Хөх навч” хэмээх богинохон өгүүллэгийг уншиж, бяцхан оюундаа үйл явдлыг нь ургуулан төсөөлснөөр зохиол, бүтээлээр дамжин өөрийнхөө оршиж буйгаас огт өөр орчинд очиж, дэргэд байгаагаасаа өөр хүмүүстэй танилцах, сонирхолтой үйл явдлуудад нь биеэр биш ч оюун санаагаараа оролцох боломжийг ном зохиол олгодгийг ойлгож мэдэрсэн шиг санагдана. Үүнээс хойш ном сонирхол татахааргүй эрээн цоохор цаас байхаа больж, харин жинхэнээсээ “ертөнцийг харах цонх” болсон нь дурсамжинд минь тодхон үлджээ. Охинд минь, тэдний үеийнхэнд ийм мэдрэмж төрөөгүйгээс л номд дурлахгүй байгаа болов уу.
УНШИХГҮЙ БОЛ СЭТГЭХГҮЙ
Дадлага хийх, ажилд орох хүсэлтэй залуусын хөл манай сонины редакцаас тасрахгүй. Сэтгүүлч мэргэжлээр их, дээд сургууль төгсөөд ирж буй тэднээс дүрмийн алдаагүй, зөв, сайхан найруулгатай бичдэг хүн олох голоос хуурай чулуу олохтой ижил. Үг, үсэг, найруулгын алдаанд соргог хандаж, түүнийг нь олж харж, шүүж хэлэлцдэгээрээ өдөр тутмын сониныхон л түүнийг нь анзаарч, асуудал болгож буйгаас биш, бусад бүх салбарт ийм мэргэжилтнүүд очиж байгаа. Оросын монголч эрдэмтэн Ю.Крючкин “Монгол залуус англи хэл сурах яах вэ, гагцхүү төрөлх хэлээ сайн эзэмшээсэй.
Албан бичиг төлөвлөж чадахгүй хүн яам, тамгын газруудад ажиллаж байна шүү дээ” гэж ярилцлагадаа дурдсан бол СЭЗИС-ийн нэгэн багш “Таван үгээс гурвыг нь алдаатай бичдэг хүүхдүүд элсэн орж ирж байна. Тэдэнд мэргэжлийн хичээл заахаас өмнө бичиг үсэг заамаар болох юм” гэж хэлсэн удаатай. Залуу үеийн нийтлэг дүр төрх энэ. Үүнийг уншихгүй байгаагийн харгай гээд шуудхан дүгнэчихэд буруудахгүй. Уншихгүй бол сэтгэхгүй гэдэг билээ.
Нийгэм зэрлэгшиж, төрийн өндөр албан тушаалтнуудаас ч урьд хожид үзэгдээгүй хөгийн авир, ёс зүйгүй үйлдэл гарч буйн цаана ном уншаагүйн сүүдэр байхыг үгүйсгэхгүй. Уран зохиол нь хүнийг хүн болгож төлөвшүүлэх хамгийн хүчтэй зэвсэг байсаар ирсэн. Цаашид ч байх болно. Үүнийг бүх нийтээрээ хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Хүүхдийн сонгодог гэгдэх бүх зохиолын үндсэн санаа нь ердөө л хүн байхын эрхэм шинжийг дадуулахад оршдог. Хүн төрөлхтний хөгжлийн явцад шалгагдаж, шигшигдсээр нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн эрхэм чанар, ёс зүй, болох, болохгүй, зөв, буруугийн хэм хэмжээг тусгасан зохиолуудыг дэлхийн сонгодог хэмээдэг.
Тэр зохиолыг уншсан хүний далд ухамсарт ийм үйлдэл буруу, энэ нь зөв гэсэн ойлголт сууж үлдэнэ гэсэн үг. Нүүдэлчин монголчуудад ч хүүхдээ уран зохиолоор хүмүүжүүлэх туршлага бий. Шөнийн уртад үлгэр домог хүүрнэж, тууль хайлах нь уран зохиолоор дамжуулан хүүхдүүдэд сайн муу, болох болохгүйг таниулахаас гадна сэтгэлгээг нь задалж, үгийн санг нь баяжуулах томоохон сургалт байж. Харин өнөөгийн манай сургалтын системд эдний аль нь ч алга.
БОЛОВСРОЛЫН САЛБАР ДАХЬ ТУРШИЛТЫН ЗОЛИОС УРАН ЗОХИОЛЫН ХИЧЭЭЛ
Хүнээр хүн хийх нь бүх шатны боловсролын байгууллагын үндсэн үүрэг, хийх ёстой ажил. Өөрөөр хэлбэл, хүүхдийг хүмүүжүүлж, төлөвшүүлэхэд эцэг, эх, гэр бүлийн орчноос гадна сургууль, багшийн нөлөө асар их. Харин бид сүүлийн хориод жилд боловсролын салбарыг хайр найргүйгээр туршилтын талбар, ирээ
ирээдүйн иргэдээ туршилтын “туулай” болгожээ. Ингэхдээ оносноосоо алдсан нь их. Тухайлбал, нэгдүгээр ангиас эхлэн монгол бичиг заана хэмээн хөөрцөглөсний үр дүнд нэг үеийнхэн монгол бичиг ч үгүй, кирилл үсэг ч үгүй, зөв бичих талаар ярихын ч хэрэггүй, “саармаг” хүмүүс болсон. Амжилтгүй туршилтын “туулайнууд”-д насан туршдаа зөв бичиж чаддаггүйгээрээ дуудуулан, адлуулж, үүнээсээ ичиж амьдрах хувь тавиланг тооцоо судалгаагүй, ямар үр дүнд хүрэхээ мэдэхгүй, сэтгэлийн хөөрлөөр шийдвэр гаргасан дарга нар оноосон.
Боловсролын салбарт хийсэн өөр нэг олиггүй туршилт нь бага ангийн унших бичиг, уран зохиолын хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хассан явдал. Юм юм сонирхож, ертөнцийг танихаар тэмүүлж байдаг үед нь ном, зохиол руу анхаарлыг нь татаж, унших дадал суулгах ёстой унших бичиг, уран зохиолын хичээлийг сургалтын хөтөлбөрөөс хасаад 16 жил болжээ.
Тодруулбал, өмнө нь, цагаан толгой үзэж дуусангуут унших бичиг, дөрөвдүгээр ангиас уран зохиол заадаг байсан бол өдгөө энэ хичээлүүд байхгүй. Хүүхэд үлгэрт шимтдэг, үүгээр дамжуулан уран зохиолд дурлаж, унших дадал суудаг оргил үед нь үлгэр уншуулахгүй байх мэргэн санаа хаанаас эхтэйг бүү мэд.
Энэ талаар сураглахад “АНУ-д англи хэл, уран зохиол хоёр нэг хичээл болж ордог” гэсэн нэгэн докторын үгээр сургалтын хөтөлбөрөө шинэчилсэн юм гэнэ билээ” гэх там тум ярианаас өөр тоймтой зүйл олдсонгүй. Энэ үнэн бол, тэнд англи хэл, уран зохиолын нэгдмэл хичээлийг дөрөв салгаж, бичгийн, дүрмийн, хүүхэд өөрөө унших, багшаар уншуулах хичээл тус бүр нэг цаг ордгийг дуурайхаа мартжээ, манайхан. Бусдаас хуулахдаа хэлбэрийг нь дуурайгаад, агуулгыг нь орхидог жишиг энд давтагдсан хэрэг.
Эх хэл, уран зохиолын хичээлийг нэгтгэсэн улс АНУ-аар тогтохгүй. Улсын болон хүний хөгжлөөрөө дэлхийд дээгүүрт орох Франц улс ч тэдний нэг. Гэхдээ тус улсын сурагчдад 1-3 дугаар ангидаа 96, 4-5 ангид 182 ном уншихыг санал болгодог. Тэнд хүүхэд бүр бүх номыг унших бус, өөрийн сонголтоор уншаад, ойлгосноо бусдад ярьж өгөх ёстой. Суурь боловсрол эзэмших эхний таван жилийн хугацаанд нийт 278 ном уншихыг ирээдүйн иргэддээ санал болгодог Францын боловсролын систем хэл, уран зохиолын хичээлдээ долоо хоногт 10 цаг зарцуулдаг. Уран зохиолыг эх хэлтэйгээ нэгтгэсэн ч гол хичээл болгож, олон цагаар орохоос гадна хүүхдүүдээ ном уншуулахад ихээхэн анхаардаг нь харагдаж байгаа биз.
Францад үе тэнгийнхэн нь ийнхүү номоор дамжуулан ертөнцтэй танилцаж, унших дадалтай болон төлөвшиж байхад манай 1-5 дугаар ангийнхан долоо хоногт хоёрхон цаг л эх хэлний хичээл үзэж, сурах бичгээсээ илүү гарахгүй сууцгааж байгаа. Тэднийг илүү гаргахгүй суулгаж байна гэвэл тохиромжтой ч юм уу. Манай дунд сургуулийн сургалтын хөтөлбөр судалгаа муутай, хүүхдийн сурч, боловсрох шаардлага хангадаггүй талаар эцэг, эхчүүд бишгүй ярьдаг. Тэр нь уран зохиолын хичээл дээр илүү тод анзаарагддаг талаар салбарынхан хэлж байна.
Хүүхдийн уран зохиолоор дагнаж, багагүй туршлага хуримтлуулсан зохиолч, орчуулагч Д.Оюунчимэг “Долдугаар ангийн уран зохиолын сурах бичигт үлгэр домог зургаа, ерөөл магтаал шившлэг мялаалга, ардын тоглоомын үг долоо, эртний уран зохиолоос хэсэгчилсэн дөрөв, шүлэг 10, хүүрнэл зохиол зургаа, гадаадын уран зохиолоос хэсэгчилсэн таван бүтээл орсон байна. Эдгээр бүтээл нь хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохироогүй.
Тухайлбал, долдугаар ангийн сурах бичигт орсон “Бэтгэлжин бор шувуу” хэмээх үлгэр энэ насныханд яагаад ч сонирхолтой санагдахгүй. Мөн энэ номд байгаа хуруу олох тоглоомыг долдугаар ангийнханд биш, нэгдүгээр ангийнханд зааж өгөлтэй. Өмнөх ангиудад уран зохиолын хөтөлбөр байхгүй учраас ийм бэрхшээл гарсан байх. Бас энд орсон зохиолуудын шүлгээс бусад нь бүрэн эхээрээ байхгүй. Эх хэл, уран зохиолын хичээлээ нэгтгэж заадаг хэмээн жишээ аваад байгаа гадаадынхан хүүхдүүдээрээ ном уншуулдаг бол манайхан номын тухай сонсгоод өнгөрдөг. Аль ч сурах бичигт хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогийг ер харгалздаггүй нь манайд энэ талын дорвитой судалгаа байдаггүйнх болов уу” гэсэн.
Бага ангийн хичээлээс адлагдаж хасагдсан уран зохиолын хичээлийн нэр дунд ангийн хөтөлбөрөөс хараахан арчигдчихаагүй ч (долоо хоногт хоёр цаг ордог) ийм даржин, аргацаасан юмаар цаг үрж байдаг аж. Ирээдүйн иргэдийг хичээлийн танхимд суулгаад, багшаар заалгаж, тархинд суулгаж буй бүхэнд улсын бодлого байх учиртай. Хүүхдүүд ирээдүйд хэн болж өсөх вэ гэдэг өнөөдөр уншиж буй зүйлээс ихээхэн хамааралтай.
Ирээдүй үеийнхээ, улсын маргаашийг авч явах хүмүүсийн оюун санааг юугаар цэнэглэх вэ гэдэг нь төрийн бодлого байх ёстой. Бага ангийн сургалтын хөтөлбөрт уран зохиолын хичээлийг оруулж, дунд ангийнхны үзэж буй хөтөлбөрийг нас, сэтгэхүйд нь тааруулан өөрчлөх, цагийг нь нэмэгдүүлэх шаардлага байгааг БСШУС-ын сайд Ц.Цогзолмаад дуулгая. Уншихгүй, сэтгэхгүй иргэдийг бэлтгэх нь улсын бодлого биш биз дээ, сайд аа.