Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Л.Халтар насаараа ажилласан УБТЗ-аа хямрааж, оросууд өмчөө “манахаар” боллоо

Нэг. Л.Халтар нь Ховд аймгийн Дарви сумд төрсөн. ОХУ-ын Санкт-Петербургийн Зам харилцааны их сургуулийг төмөр замын ашиглалтын инженер мэргэжлээр төгссөн. Удирдлагын хөгжлийн институтийг бизнесийн менежер мэргэжлээр төгсөөд, Эрхүү хотод Зам харилцааны их сургуульд докторын зэрэг хамгаалжээ. Сургууль төгссөнөөсөө хойш саяхныг хүртэл УБТЗ хавиар ажиллаж ирсэн. 1983-2018 он хүртэл ажилтан, техникумын инженер багш, Ачиж буулгах ангийн орлогч дарга, Олон улсын тээвэр зуучлалын төвийн захирал, нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга, хөрөнгө оруулалт, нийгмийн асуудал хариуцсан орлогч дарга, тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч даргаар ажиллаж байсан. Ингээд 2019-2020 онд Зам, тээврийн хөгжлийн дэд сайд, 2020 оны долдугаар сарын 8-наас хойш Зам, тээврийн хөгжлийн сайдаар ажиллаж байна. Намтрыг нь харвал Л.Халтар насаараа төмөр зам “дагасан” хүн юм. Гэвч албан тушаал өгсөх тусам насаараа ажилласан УБТЗ-ынхаа аранга нь болж хувирсан байх юм.

Хоёр. Л.Халтарыг тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч даргаар ажиллаж байхад 2018 оны тавдугаар сард Дархан-Уулд ачааны найман вагон онхолдсон. Байгалийн ямар нэг гамшиг тохиолдоогүй байх үед замын хажуу руу хөмөрчихсөн байдаг. Яг л Л.Халтарын хариуцаж байсан ажил л даа. Харамсалтай нь, хариуцлага яригдаагүй. “Доохнуур” ажилтай хэдэн хүн хариуцлага хүлээж, ослын буруутан нь “байгалийн гамшиг” болоод өнгөрсөн. Харин Л.Халтар хэдэн сарын дараа Зам, тээврийн хөгжлийн дэд сайд болоод дэвшчихсэн. Хариуцлага хүлээлгэх биш, дэвшүүлээд байдаг гаж тогтолцоог нөгөө талаас нь харвал салбартаа аранга болсон хүнийг дэвшүүлэн холдуулж байгаа арга ядсан арга гэмээр ч юм уу даа. Одоо ч осол гарсан гэж байнга дуулддаг хэвээр. “Байгалийн гамшгаас боллоо” гээд хэргийг хаачихдаг болсон. Ослын бурууг хүлээх ёстой хамгийн том албан тушаалтан хариуцлага үүрэх биш, сайд болоод дэвшчихээр төмөр замын ослын бурууг одоо хэндээ хүлээлгэх вэ дээ. Ерөөс “байгалийн гамшиг” гэдэг хойд хар овоохой олж буруугаа тохдог болчихоод байна.

Гурав. Өнгөрсөн зургадугаар сард Орхонд есөн вагон замаас гарч, дизель түлш ачсан долоон вагон нь унаж, 400 тн түлш газрын хэвлийд шингэсэн. Энэ бол маш ноцтой осол. Байгаль, хөрс, агаар, ус, амьтан ургамал, цаашлаад хүний эрүүл мэндэд шууд заналхийлсэн осол бөгөөд албан тушаалтнуудын хариуцлагагүй үйлдэл юм. Гэвч энэ асуудлыг нууцын зэрэглэлд шилжүүлчихсэн. Энэ ослын буруутан нь аягүй бол “байгалийн гамшиг” болоод хаагдчихсан ч байж мэднэ. Хамгийн гол нь салбарын сайд Л.Халтар “Үргэлжлэн орсон борооны улмаас вагоны зам эвдэрч осол гарсан” гэж хээвнэг хэлээд зогсож байна шүү дээ. Монголд улирлын чанартай бороо ордог. Тэгээд тун бага хур тунадас унадаг газар. Сайдын төмөр зам эвдэртэл бороо орсон гэдэг үг бол төмөр замын чанар, арчлалт маш муу байна л гэсэн үг. Өөрөөр хэлбэл, өөртэй нь дахиад л холбогдож байна. Тэр ч байтугай, Орхонд осолдож, 400 тн дизель түлш асгарсан энэ хэрэг Монгол, Орос хоёр улсын хооронд нэлээд асуудал тарив.

Дөрөв. Вагон осолдсоноос зургаан цагийн дараа ЗТХЯ, УБТЗ-ын удирдлага ослын газарт очжээ. Ослын газарт түрүүлж очсон УБТЗ-ын нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных “Үер устай хэцүү цагт замаа шалгаж, арчлаагүй та бүхний буруу. Энэ чигээрээ цааш хоёр км явсан бол дахин вагон осолдож хоёр хүн амиа алдаж, галт тэрэгний толгой онхолдох магадлалтай байсан” гэх сануулгыг ажил хариуцсан хүмүүст өгчээ. Угтаа замчид нь замаа шалгаагүй байсныг орос дарга үнэнээр нь хэлсэн хэрэг. Тухайн үед тэнд байсан хүмүүс ч ажлын хариуцлага алдсанаа орос даргынхаа өмнө хүлээсэн байна.

Ослын хариуцлагыг ажил үүргийн хувьд шууд хүлээх ёстой албан тушаалтан нь Замын аж ахуйн дарга Ю.Нямжаргал. Түүнд болон өөр бусад албан тушаалтан ажил хариуцаж байгаа хүмүүстэй хариуцлага яаж тооцов гэдэг асуулт гарч ирнэ. Гэтэл юу болов гэхээр ослын бурууг орос дарга нар луу, бас ачааны эзэд рүү хүртэл чихэх гэж үзсэн, эцэст нь нөгөөх “Байгалийн гамшиг буруутай” болж байгаа нь сайдынх нь хэвлэлд өгсөн “Үргэлжлэн орсон борооны улмаас вагоны зам эвдэрч, осол гарсан” гэдэг тайлбараас харагдаж байна. Ингэхээр хоёр тэрбумын хохиролтой ослын хэрэг дарагдах зам руугаа явж байна гэсэн үг л дээ. Хүний ачааг бүрэн бүтэн хүргэж өгнө гэчихээд дараа нь “байгаль буруутай” гэдэг байгууллагад харилцагч үйлчлүүлэгч удаан тогтох уу. Монголд л төмөр зам монопол байгаа учраас ингэж болж, ийм дүгнэлт байн байн гаргаад сууж болж байгаа байх.

Тав. Ийм завхрал зам, тээврийн салбар, тэр дундаа төмөр зам дээр хэвийн үзэгдэл шахам болж, үүнд Оросын тал ихэд эгдүүцэх болжээ. Ер нь Л.Халтар сайдын ажлын үр дүн зөвхөн төмөр зам дээр ч тааруухан байгаа юм биш. Зам, тээврийн салбарын бусад чиглэлээр ч маруухан үнэлгээтэй ажиллаж байгааг бүгд мэднэ дээ. Наад захын жишээ гэхэд Дархан-Улаанбаатарын 202 км замыг 2019 онд ашиглалтад оруулах байсан. Одоо ердөө 30 хувийн гүйцэтгэлтэй байгаа. Үүнээс болж олон хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө сүйдсэн дээ. “Юм” яривал ярих л учиртай. УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн нөгөө тал болох Оросын төмөр замын талд Л.Халтар хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжилтэн биш аж. Үнэн үү гэж үү. Аль эрт, 2017 онд Л.Халтарыг УБТЗ-ын тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч даргаар томилуулах санал гаргахад Оросын тал хүлээж авалгүй хоёр удаа буцааж байв. Мэргэшсэн мэргэжилтэн томилох ёстой гэдэг байр сууринаас мэргэжлийн хүн “өг” гэж л оросууд шаардсан хэрэг л дээ. Хүчээр зүтгүүлсээр хэдэн сарын дараа гурав дахь удаад нь манайхан хүчээр шахам томилж байжээ. Ингээд л Л.Халтарыг УБТЗ-ын тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга байхаас илт олширсон дараалсан осолд Оросын тал таагүй хандаж байгаа бөгөөд “Өмчөө арай зарчимч багт хянуулъя” гэх болсон хэрэг.

Зургаа. Хамгийн ноцтой явдал бол УБТЗ энэ чигээрээ хоёр жил явбал цаашдаа үйл ажиллагаа нь доголдох аюул учраад байна. Хөрөнгө оруулж, менежментийг нь шинэчлэх томоохон өөрчлөлт хийхгүй бол 2-3 жилийн дараа УБТЗ-ын гол замууд зогсож, Монголын эдийн засагт аюул нүүрлэх дээрээ тулжээ. Үүнийг Оросын тал хэлсээр өдий хүрсэн, одоо бүр тодорхой илэрхийлж байгаа аж. Ядахад яр гэдэг шиг сайд Л.Халтар УБТЗ-ын хөрөнгө оруулалтын талаар огт ярьдаггүй. Түүний оронд Засгийн газраас шийдээд өгсөн экспортын ачааны тээврийн тарифыг нэмэгдүүлэх, “Төмөр замыг шинэчлэх тухай” МП1, МП2 зээлийн асуудлыг нуун дарагдуулж, Оросын талд захидал илгээхдээ энэ талаар огт дурдаагүй зэрэг нь УБТЗ-ын дараагийн даргыг зориуд томилуулахгүй гэсэн оролдлого гэж Оросын тал үзэх болсон байна. Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн эрх тэгш нэгэн оролцогч талд зөв мэдээлэл өгөөгүй захидлаас гадна ажлын бус цагаар сайдын илгээсэн өөр нэг захианы асуудал ч бас байгаа аж.

Долоо. УБТЗ-ын өмнөх дарга нь өвчний учир ажлаа хүлээлгэж өгье гэж өргөдөл өгөөд хагас жил болсон. Уг нь Засгийн газраас УБТЗ-ын даргад горилогчийн нэрийг Оросын талд илгээсэн. Гэвч нөхөн томилгоонд ЗТХЯ шамдалгүй удаалаа. Яам ч юу байх вэ, сайд нь л шамдахгүй байна гэсэн үг. Бас л яагаад шамдахгүй байна вэ гэсэн асуулт гарна. Товчхондоо, шинэ даргыг томилуулах, тэгэхдээ Монголын талаас даргатай болгох гэж манай талаас бодлогын түвшинд тохирсон асуудал салбарын сайд дээр очоод гацаад өдий хүрч. Ингэж гацаасаар байтал, шулуухан хэлэхэд сайд Л.Халтар огцорвол өөртөө ажил бэлдээд байгаа юм шиг эвгүй харагдаад эхэллээ. Гэтэл энэ хооронд ачаа тээврийн маапаан, ослын тоо гаарч, УБТЗ эдийн засгийн хувьд тун хүнд байдалд ороод байна. Даргын томилгоо Л.Халтар сайдын гацаанд зургаан сар болж, осол нь дийлдэхээ больж, хамгийн чухал нь хөрөнгө оруулалт таг, менежмент бүр юу ч үгүй болсонд Оросын тал өөр арга хэмжээ авахад хүрч байна.

Найм. Явсаар УБТЗ-ын шинэ даргыг Оросын тал томилохоор болоод байна. Оросын талаас томилогдохоор гурван ч хүний нэр яригдаж буй. Учир нь Оросын төмөр зам (РЖД)-ын ТУЗ-ийн дарга Олег Белозеровоос Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт захидал ирүүлэхдээ “Бид энэ удаад паретит менежментийн зарчмаар УБТЗ ХНН-ийн даргыг Орос талаас томилох ээлжтэй. Ажлаа явуулмаар байна” гэж байр сууриа албан ёсоор соёлтойгоор илэрхийлжээ. Оросын талын энэ хүсэлт нөгөө талаасаа төмөрзамчдын “Орос байна уу, монгол байна уу хамаагүй, ажлаа мэддэг, хийдэг даргатай болмоор байна” гэдэг хүсэлтэй нийцэж байгаа юм.

УБТЗ-ын 1968 оны дүрмээр Монгол, Оросын талаас даргыг гурван жилээр ээлжилж томилохоор заасан. Харин 2006 оноос хойш Монголын тал л томилж ирсэн байдаг.

Нэг сайдын эрх ашиг уу, нийтийн эрх ашиг уу?

1
БурууБуруу
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

2 thoughts on “Л.Халтар насаараа ажилласан УБТЗ-аа хямрааж, оросууд өмчөө “манахаар” боллоо

  • Зочин says:

    Дэд сайд нь сайд болох ажиллагаа.

  • иргэд олон түмэн says:

    Энэ удаад төмөр замын Халтар нэр цохогдож яригдлаа,энэ засгийн газарт олон халтар багтсаныг ойлгоход хэцүүл асуудал болоод байгаа шүү?