Боловсрол, шинжлэх ухааны сайдын Босго оноо тогтоох тухай тушаал, Оюутан элсүүлэх журмыг өөрчилсөнтэй холбоотой асуудлаар тус яамны Дээд боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын дарга Х.Тамир өчигдөр мэдээлэл өглөө. Тэрбээр “Жил бүр элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-ын босго оноог шинэчлэн тогтооно. Ингэхдээ өмнөх жилийн босго оноог бууруулахгүйгээр тогтоохоор хуульчилсан. Орон нутагт сургалтын үйл ажиллагаа эрхэлж байгаа дээд сургууль болон их, дээд сургуулийн харьяа, салбар сургуулиудад дэд бакалавр болон бакалаврын зэрэг олгох сургалтын хөтөлбөрт оюутан элсүүлэх шалгалтын босго оноо 410 байсныг 420 болгож тогтоосон. Багш бэлтгэх хөтөлбөрүүдийн босго оноог нэмж, 440 болголоо. Элсэлтийн шалгалтыг жилд хоёр удаа зохион байгуулна” гэв. Түүнчлэн Оюутан элсүүлэх журамд элсэлтийн шалгалтгүй элсүүлэх нөхцөлүүдийг тусгажээ. Тодруулбал, ажлын туршлагатай, 30-аас дээш насны, элсэн суралцах хөтөлбөрийн чиглэлээр гурваас доошгүй жил ажилласан, шаталсан сургуулийн суралцагчаас элсэлтийн шалгалт авахгүйгээр элсүүлэх аж. Мөн гадаад оюутныг элсэлтийн шалгалтгүй авах бөгөөд ингэхдээ суралцах хэлний шалгалт заавал авах юм байна. Түүнчлэн дэд бакалавр, бакалаврын зэрэгтэй болон давхар мэргэжлээр суралцагч, улсын төрөлжсөн олимпиадын эхний таван байрт шалгарсан иргэнийг шалгалтгүй элсүүлэх аж. Шашны боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагад элсэгч, олон улсад нийтлэг хүлээн зөвшөөрдөг шалгалтын дүн, оноог дүйцүүлэн тооцуулсан иргэнийг мөн элсэлтийн шалгалтгүйгээр тухайн сургуульд нь элсүүлэхээр болжээ.
Бэлтгэсэн Ч.Болор