Нийгмийн даатгалын багц хуулийг энэ оны нэгдүгээр сараас хэрэгжүүлж буй. Тодруулбал, Нийгмийн даатгалын ерөнхий, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмж болон Нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн тухай хуулийн төслийг УИХ-аас багцалж баталсан. Багц хуулийг хэрэгжүүлснээр харьяалалгүй хүнийг нийгмийн даатгалд даатгуулах, даатгуулагчийн санхүүгийн эрсдэлийг багасгах олон талын ашигтай. Эдийн засгийн сэтгүүлчдийн клубийнхэн өнөөдөр Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Мөнхзултай уулзаж, Нийгмийн даатгалын багц хуулийн талаар мэдээлэл авлаа. Л.Мөнхзул сэтгүүлчдэд нийгмийн даатгалын өнөөгийн тогтолцоо, шинэчлэлийн үр дүн, нийгмийн даатгалын сангийн зарлага, тэтгэврийн системийн төрлүүд, тэтгэврийн даатгалын хувь хэмжээ болон олон улсын нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн. Харин сэтгүүлчид Нийгмийн даатгалын багц хуулиас хасагдсан Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл, малчдын нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, “Капитал”, “Чингис хаан” банкны өр барагдуулалт ямар шатанд явааг илүүтэй сонирхож асуусан билээ. Нэн тэргүүнд Л.Мөнхзул “Хувийн нэмэлт тэтгэврийн харилцаа амьдралд бодитоор үүссэн ч тухайлсан хуулийн зохицуулалтгүй. Хувийн тэтгэврийн санд нэг их наяд төгрөг хуримтлагдсан. Тиймээс компаниудын дэргэдэх хувийн тэтгэврийн санд хамрагдаж мөнгөө төлсөн 14 мянга гаруй даатгуулагч, ажилтны эрх ашиг зөрчигдөх магадлалтай. Тиймээс Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төслийг даруй батлах шаардлагатай” хэмээх хариултыг өгсөн.
Шинэ хуулиар малчны НДШ-ийн 50 хувийг төрөөс даахаар болсон. Үлдсэн 50 хувийг малчин өөрөө хариуцаж төлнө. Энэ үйл явц ирэх таван жил үргэлжлэх юм. Тэгвэл малчдын нийгмийн даатгалын шимтгэл төлөлт тааруу байгаа гэнэ. Энэ нь зудын нөхцөл байдалтай холбоотой юм байна. Тодорхой хэлбэл, зудад малаа алдсан малчид нийгмийн даатгалын шимтгэлээ төлөх боломжгүйгээ нийгмийн даатгалын улсын байцаагч нарт учирлажээ. Энэ байдал удаа үргэлжилбэл төр ирээдүйд 280 мянган малчдад халамжийн тэтгэмж олгохдоо тулна. Тиймээс нийгмийн даатгалын улсын байцаагч нар Нийгмийн даатгалын багц хуулийн танилцуулга сурталчилгааг хөдөө сумдад түлхүү хийж эхэлжээ.
Улмаар Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Мөнхзул “Капитал банканд 104 тэрбум төгрөгийн авлага үүссэн байсан. Одоо 67 тэрбум төгрөгийн авлагатай. Банкны битүүмжилсэн хөрөнгүүдийг үндсэндээ дуудлага худалдаагаар оруулж борлуулсан. Банкны эрх хүлээн авагч сүүлд нэмэлтээр үл хөдлөх хөрөнгүүд санал болгосон. Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл уг хөрөнгийг хүлээх авах, эсэхээ хуралдаж байж шийдэх байх” гэсэн мэдээллийг өглөө. “Чингис хаан” банкны тухай банкны удирдлага дампуурлаа албан ёсоор зарлаагүй байгаа. Мөн гадаадын хөрөнгө оруулагч тус банкийг өртэй нь хүлээн авахаар яриа хэлэлцээ хийж байгаа аж.