УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2024.04.25/ “Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-2024” чуулга уулзалтад оролцохоор БНТУ-аас ирсэн Алтай, түрэг судлалын эрдэмтдийг хүлээн авч уулзлаа.
УИХ-ын дарга Г.Занданшатар, энэ удаагийн чуулга уулзалтаар алтай хэл, язгуур,соёлын талаар олон шинэ чиглэл гарч байгаад талархаж байна. Олон улсын Алтай судлалын нийгэмлэгийн ерөнхийлөгч Илхан Шахин Та алтай судлалыг шинэ шатанд гаргахад амжилт гаргаж буйд талархал илэрхийлье. Хоёр улсын археологийн хамтарсан судалгааны үр дүнд Хүлэгү хааны ордны талаар том нээлт хийж, монгол судлалыг шинэ шатанд гаргаж буй танд талархал илэрхийлж байна.
Монголд археологийн олон судалгаагаар түрэгийн үеийн шинэ олдворууд гарч, энэ чиглэлд Туркийн эрдэмтэн, судлаачид ихээхэн хувь нэмэр оруулж буйг онцолье. Алтай хэмээх хэл, соёлоороо нэгдэж, үнэт зүйлд тулгуурласан шинжлэх ухаан, судалгааны ажлыг шинэ шатанд гаргах, улс орнуудын найрамдал, нөхөрлөл, эдийн засагт ч чухал ач холбогдолтой байх болно гэдэгт итгэдэг гэв. Олон улсын Алтай судлалын нийгэмлэгийн ерөнхийлөгч Илхан Шахин, алтай судлалын эрдэмтдийг дахин нэг дор хуран чуулах боломж олгосон танд талархаж байна. Алтай нурууг дамнасан улс орнуудын эрдэмтэн, мэргэдийг эртний хаад урин залж, чуулдаг байсан түүх бий.
Энэ түүхийн жишгээр орчин цагийн эрдэмтэн судлаачид Монгол Улсад чуулж байна. Манай нийгэмлэг алтайн ард түмнүүдийн тухай 11 удаагийн хурлыг зохион байгуулсан. Хурал бүрт Монголын үүх,түүхийг заавал оруулж, ярилцдаг. “Алтайн ард түмний соёл, зан заншил болон уламжлал” сэдэвт хурал нь Улаанбаатарт болсон гэдгийг Та мэднэ. Энэ жил Тайваны Тайпай Их сургуульд “Алтайн ард түмнүүдийн хувцас, үс” гэсэн сэдвээр чуулахаар бэлтгэж байна. Алтай судлалд Монгол Улс тэргүүлэх үүрэгтэй юм гэв