Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Лежак Шандор, тус улсын Үндэсний Ассамблей дахь Унгар-Монголын парламентын найрамдлын бүлгийн дэд дарга Арпад Потапи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар “Унгар Улс нь Монгол Улсын хувьд Зүүн Европ дахь чухал түнш бөгөөд хүндрэл бэрхшээлтэй үед ч харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй идэвхтэй өрнөж ирснийг онцлоод хоёр улсын дээд өндөр түвшний харилцан айлчлалын давтамж хадгалагдаж байгаад сэтгэл хангалуун байна. Монгол Улсын Их Хурлын даргын хувиар өнгөрсөн гуравдугаар сард Унгар Улсад хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд олон чухал асуудлыг хөндөн хэлэлцэж, харилцан ойлголцолд хүрч, хамтын ажиллагааны баримт бичгүүдийг байгуулсныг эргэн дурсахад таатай байна” хэмээн онцоллоо.
Энэхүү айлчлал нь монголын талаас 17 жилийн дараа хууль тогтоох байгууллагын тэргүүний түвшинд хийсэн айлчлал болсноор чухал бөгөөд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг харилцан сонирхсон бүхий л салбарт өргөжүүлэхэд чиглэсэн санал санаачилгуудыг Монгол Улсын Их Хурлын зүгээс дэмжин ажиллахаа илэрхийлсэн байна.
Унгар Улсын Үндэсний Ассамблейн дэд дарга Лежак Шандор, Тогтвортой хөгжлийн зорилгыг амжилттай хэрэгжүүлэх, ардчиллыг бэхжүүлэх үйлсэд олон талт хамтын ажиллагааны оролцоог нэмэгдүүлэхийн төлөө чухал санаачилга гарган ажиллаж байгаад талархлаа илэрхийлэв.
Талууд дэлхий нийтээр геополитикийн хүндрэлтэй нөхцөл байдалд байгаа энэ цаг үед энх тайвныг цогцлооход олон улсын болон бүс нутгийн түвшинд хамтын ажиллагаагаа нягтаршуулж, хамтын хүчээр аливаа хүндрэл бэрхшээлийг даван туулахын чухлыг тэмдэглэлээ. Мөн хоёр улсын хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэхэд парламент болон парламентын бүлэг хоорондын харилцаа чухал үүрэг гүйцэтгэхийг санал нэгтэй онцлов.
Монгол, Унгар улс 1950 оны дөрөвдүгээр сарын 28-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд найрсаг харилцаа, хамтын ажиллагаатай билээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.