Энэ сарын 19-ний өглөө эрт, Ираны удирдагч Али Хаменей 85 нас хүрсэн өдөр улсынх нь бараг төвд байх Исфахан хотын ойролцоо хэд хэн удаа дэлбэрэлт болох чимээ дуулдав. Ираны эрх баригчдын мэдэгдсэнээр 1979 оны Исламын хувьсгалаас өмнө АНУ-аас худалдаж авсан сөнөөгч “F-14” онгоцнууд байсан бааз руу нь хаанаас ч юм бэ харвасан нисгэгчгүй аппаратуудыг агаараас эсэргүүцэн хамгаалах төхөөрөмж нь устгаж орхижээ. Тэдгээр дрон нь байлдааны объектод ямар ч хохирол учруулсангүй.
Израилын эрх баригчид Исфахан хотод цохилт өгснөө албан ёсоор нотлоогүй ч бас үгүйсгэсэнгүй. Ираны тал ч энэ довтолгоонд Израил хамаатай болох тухайд олны сонорт ямар нэгэн мэдээлэл хүргэсэнгүй. Харин Америкийн хэвлэл мэдээллийн томоохон хэрэгслүүд өөрийн болон Израилын албаны хүмүүсийн хэлсэнд үндэслэн мэдээлэхдээ Израилын батлан хамгаалах арми (ЦАХАЛ) өнгөрсөн амралтын өдрүүдэд Иранд хариу барьсан гэсэн байна.
Дөрөвдүгээр сарын 14-ний шөнө Иран 300 гаруй пуужин, нисгэгчгүй төхөөрөмжөөр Израиль руу довтолжээ. Тэдний ихэнхийг нь Израилын Агаарын цэргийн хүчин болон түнш АНУ, Британи, Иордани улс хүч хавсран замд нь устгасан байна. Гэлээ ч Ираны зарим пуужин Израилын Негев цөлд байх “Неватим” нисэх хүчний томоохон баазад тусаж, дэд бүтцэд нь бага зэрэг хохирол учруулсан аж. Энэ довтолгоон нь Израилын зүгээс Сирийн Дамаск хотод агаараас цохилт өгч, Исламын хувьсгалыг хамгаалах корпусын таван офицер, өндөр албан тушаалын хоёр генералыг хөнөөсний хариу байлаа. Уг довтолгооны уршгаар Сири дэх Ираны консулын байр устгажээ.
CNN мэдээлснээс үзвэл ийм ажиллагаа явуулах гэж буйгаа АНУ-д Израил урьдчилан мэдэгдэхэд Вашингтон дэмжээгүй аж. Энэ мэдээллийг “Их-7”-гийн хуралдаанд Италийн Гадаад хэргийн сайд Антонио Таяни нотолсон байна. Ираны цөлийн объектыг Израил цохилтынхоо зорилго болгон онилсон байж болзошгүй гэж ажиглагчид хийгээд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үзэж байгаа юм. Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпусын цө лийн хамгаалалт, аюулгүй байдлын салбарын командлагч Ахмад Хакталаб ийм мэдээлэлтэй холбогдуулж Израилын бүх “цөлийн төв”-ийн байршлыг Ираны цэргийнхэн илрүүлсэн болохоор ЦАХАЛ довтолбол тэдгээрт нь цохилт өгөхөд бэлэн гэж мэдэгдэв. Ираны Ерөнхийлөгч Ибрахим Раиси амралтын өдрүүдээр Израил руу хийсэн довтолгооныг өндөр үнэлсэн байна.
Ойрхи Дорнодод түгшүүртэй байдлыг намжаахад ихээхэн үүрэг гүйцэтгэхэд бэлэн гэж Хятад улс мэдэгдсэн бол Москва тэвчээртэй байхыг уриалав. “Их-7” байдлыг цаашид дэврээхгүй байхын төлөө алхам хийх ёстой гэсэн байр суурь илэрхийлжээ. Цаашдаа байлдаан хийхээс болгоомжлохыг Еврокомисс Тегеран хийгээд Тель-Авиваас хүсэв.
Дөрөвдүгээр сарын 14-нд хийсэн Ираны довтолгоон Израилын Засгийн газрыг Газын зурваст газраар хийх байлдааны ажиллагаагаа зогсооход хүргэсэн байна. Ер нь Иран, Израилын харилцан хийсэн цохилт аль алинд нь айхтар хохирол учруулсангүй. Ялан гуяа Израилын хариу үйлдэл Тегеранд анхааруулга өгсөн шинжтэй байсан гэж хэлж болохоор. Хоёр тал байлдааны үлэмж хүч чадалтай учраас харилцан хийсэн үйлдлээ лавшруулж дайн болгох хүсэлгүй байх шиг байна.
Иран бол Израилтай харьцуулахад том орон, 89 сая хүн амтай. ЭнэньИзраилаас бараг 10 дахин олон гэсэн үг. Ираны арми 600 мянган цэрэгтэй бол Израилын ЦАХАЛ-ын эгнээнд 170 мянган хүн байдаг. Харин 2022-2023 он Ираны батлан хамгаалах төсөв 7.4 орчим тэрбум ам.доллар байхад Израилынх хоёр дахин их, 19 тэрбум шахам ам.доллар байжээ. Түүнээс гадна Израил байлдааны бэлэн байдалд 340 нисэх онгоц “сойчихсон” байгаа. Тэгвэл Иран байлдах чадвартай 320 орчим нисэх онгоцтой, тэдгээр нь техникийн шинж чанараараа Израилынхаас доор. 1960-аад онд Ираны худалдаж авсан онгоцыг АНУ 20 шахам жилийн өмнө зэвсэглэлээсээ хассан, одоо тэдгээрийн хэд нь агаарт хөөрч чадахыг хэлэхэд төвөгтэйн зэрэгцээ сэлбэгийг нь олоход тун бэрх болжээ.
Иерусалимын Стратеги, аюулгүй байдлын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан Узи Рубан Израилын агаараас эсэргүүцэн хамгаалах “Төмөр цамхаг” систем болон холбоотнууд нь Ираны харвасан пуужин, нисгэгчгүй онгоцнуудыг бараг бүгдийг нь тосон устгаж байхыг хараад өөрийнхөө аюулгүй байдалд санаа зовох юм үгүй болсон гэж ВВС агентлагийн сэтгүүлчид ярьсан байна.
Ираны пуужингийн хөтөлбөр Ойрхи Дорноддоо томоохонд ордог юм. АНУ-ын Төв командлалын генерал Кеннет Маккензи Ираныг 3000 гаруй баллистик пуужинтай гэж 2022 онд мэдэгдэж байв. 1980-1988 онд хөрш Ирактай хийсэн дайны дараа Иран пуужингийн систем болон нисгэгчгүй онгоцонд ихээхэн анхаарч, далайцтай ажил хийжээ. Босогч хуситууд Саудын Араб руу харвасан пуужингуудыг судлаад, тэдгээрийг Иранд үйлдвэрлэсэн гэсэн дүгнэлт хийсэн байна.
Израилыг өөрийн цөмийн зэвсэгтэй гэж үздэг бол Иранд ийм зэвсэг байхгүй хэмээдэг. Иргэний атомын хөтөлбөрөө цөмийн зэвсэгтэй гүрэн болох зорилгод ашиглаж буй гэх таамгийг Тегеран үгүйсгэдэг. Израил, Иран хоёр хоорондоо албан ёсоор цэргийн зөрчилдөөнд одоо хэр нь ороогүй ч сөргөлдөөнтэй байдаг юм. Гурав дахь оронд дэлбэрэлт, буудлагад өртөж Ираны цэргийн өндөр албан тушаалтан, тусгай албаны ажилтнууд амиа алдаж байсан бөгөөд тэдгээрт Израилыг буруутгаж ирсэн. Шийтийн цэрэгжсэн бүлэглэл “Хезболла” Ливанаас Израилын эсрэг дайн өдөөгөөд байдаг, тус бүлэг лэлийг дэмждэгээ Тегеран нуудаггүй. Энэ бүлэглэл Ирак, Сирид ихээхэн эрх мэдэлтэй байдаг юм.
Британи, АНУ болон Европын Холбооны улсууд алан хядагч байгууллага гэж үздэг ХАМАС-ын дайчдыг ч Иран дэмждэг. Өнгөрсөн оны аравдугаар сарын 7-нд чухам ХАМАС Израил руу довтолсныг, ер нь Газын зурвасаас тусорныг газар нутаг руу буудсаар хэдэн арван жил болж байгааг бид мэднэ. ХАМАС-ын дайчдад Иран зэвсэг нийлүүлж, байлдааны бэлтгэл хийлгэж байдаг гэж Израил болон Өрнөдийн орнууд үздэг. Тегеран бас Сирийн Башар Асадын Засгийн газрын талд байдаг төдийгүй зарим мэдээллээр Израил руу довтлохдоо энэ улсын нутаг дэвсгэрийг ашигладаг гэдэг.
Израилын газар нутагт Ираны өгсөн анхны агаарын цохилтын үр дүнг зарим шинжээч “Иранд ашигтай” гэж үзэж буй юм. Иран энэ үйлдлээ Дамаск хот дахь консулын байранд нь Израил довтолж, долоон хүний амийг хөнөөсөнд барьж буй хариу гэж хэлсэн. Хариу хатуу байх болно гэж Израилын уг довтолгооны дараа Иран мэдэгдсэн. Барьсан хариугаа зорилгодоо хүрсэн, амжилттай болсон гэж Иран үзээд, хэлээд байгаа ч үүнтэй нь тэр болгон санал нийлдэггүй. Тухайлбал, Араб-Израилын судалгааны Лондон дахь төвийн захирал Али Нури Заде энэ довтолгооноор Иран ганц ч оноо авч чадаагүй гэж үзсэн. Түүний хэлснээр Тегераны энэ цохилт Ираны дэглэм сул болохыг харуулсан, Израилын нутагт байгаа стратегийн нэг ч байнд тусаагүй аж. Олон жил хийж буй сэтгэхүйн дайнаа Тегеран үргэлжлүүлсэн бол харин үүнээс илүү амжилт олох байсан гэж Нури Заде дүгнэсэн. Яг үүний эсрэг дүгнэлтийг зарим нь хийж байна.
Тель-Авивын их сургуулийн дэргэдэх Моше Даяны нэрэмжит төвийн Ойрхи Дорнод судлаач Эрик Рундский саяны тохиолдолд Израил байлдааны өндөр бэлтгэлтэйгээ харуулах ёстой атал чадсангүй, энэ нь олон израил хүнд айдас төрүүлсэн. Үүгээр Израил ялагдсан гэж хэлсэн. Ташрамд тэмдэглэхэд, Израилын цэргийн тагнуулын газрын дарга нь Ираны довтолгоог урьдчилан таамаглаж чадаагүйдээ гэмшиж сая огцорлоо. Ерөнхий сайд Биньямин Нетаньяху нь ямар хариуцлага хүлээхийг хүмүүс харж байна. Ойрхи Дорнодын нөхцөл байдал, хүчний харьцааг Израил зөв дүгнэх чадваргүйг Ираны довтолгоон харуулсан гэж Али Нури Заде үзэж байна. Түүгээр ч барахгүй Израилын эрх баригчдыг дэмжиж буйгаа сүүлийн хэдэн сард анх удаа илэрхийлсэн Өрнөдийн орнуудын хандлагыг эргүүллээ гэж Рундский дүгнэв.
Тэгвэл Ираны довтолгоон эцсийн эцэст Израилд ашигтай болсон гэж үзэх шинжээч бас цөөнгүй. Тэдний нэг нь Лондоны эдийн засгийн сургуулийн профессор Фаваз Гергез. Түүний бодлоор Ираны цохилт Израилд эд материалын дорвитой хохирол учруулаагүй, хүний аминд ч хүрээгүй. Үр дүнд нь Өрнөдийн орнууд Израилыг улам бүр дэмжих болсон байна. Газын зурваст хийж буй дайны улмаас Өрнөдийн орнуудын шүүмжлэлд сүрхий өртөж, харилцаа нь хүйтэрч байснаа бидний өгүүлж буй үйл явдлын дараа, ялангуяа АНУ, Ерөнхийлөгч Жо Байдены хандлага өөрчлөгдөж еврейн улсад бүх талын дэмжлэг үзүүлэх, тагнуул, санхүүгийн салбарт илүү нягт хамтарч ажиллахыг холбоотнууддаа уриаллаа.
Бэлтгэсэн: Р.Жаргалант