Киргизийн Бишкек хотод энэ сарын 19-21-нд зохион байгуулсан, “Парис-2024” олимпын наадмын эрх олгох тэмцээнд Монголын шигшээ багийн 10 тамирчин зодоглолоо. Эрэгтэйчүүдээс 86 кг-ын жинд залуучуудын ДАШТ-ий хошой хүрэл, Азийн АШТ-ий хүрэл медальт, “Хилчин” спорт хорооны тамирчин, ОУХМ Б.Бат-Эрдэнэ шийдвэрлэх барилдаанд өмнөд хөршийн Лин Зушентэй таарч, 1:1-ээр буулган авч, Парист хөл тавихаар боллоо. Тэгвэл 125 кг-д Гавьяат тамирчин М.Лхагвагэрэл БНХАУ-ын бөх, тив, дэлхийн мөнгө, хүрэл медальт Дэн Живэйг 2:0-ээр хожиж, олимпын наадамд өрсөлдөх эрх өвөртлөв. Тэрбээр өмнө нь “Токио-2020” олимпын наадамд оролцсон туршлагатай. Эмэгтэйчүүдээс 62 кг-д Гавьяат тамирчин П.Орхон шөвгийн дөрөвт Узбекис таны Г.Айтмуратоваг 13:2-оор илүүрхэн, медалийн төлөө БНСУ-ын бөх И Хан Битийг цэвэр ялж, Францыг зорих эрх гардсан чөлөөт бөхийн тав дахь тамирчин болсон юм. Тэрбээр өмнө нь “Рио-2016” олимпын наадамд хүч сорьж байв. Өнгөрсөн жилийн ДАШТ-ээс Д.Отгонжаргал, Э.Дэлгэрмаа нар мөнгөн медаль зүүж, олимпын эрх авсан. Манай тамирчид үүний дараа Туркийн Истанбул хотод ирэх сард болох олимпын эрх олгох сүүлчийн тэмцээнд өрсөлдөх нь. Ташрамд дуулгахад, Монголын тамирчид одоогоор спортын зургаан төрөлд олимпын 13 эрх аваад буй.