УОК-ын хуралдаанаар энэ оны нэгдүгээр сарын 23-24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд болсон шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан том оврын автомашин суудлын автомашинтай мөргөлдсөний улмаас гарсан ослын талаарх ажлын хэсгийн дүгнэлтийг БХБЯ-аас танилцуулж, Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан үүрэг чиглэл өглөө.
Ажлын хэсгээс дээрх ослын улмаас галд өртсөн 4 объектоос 207 дугаар байрыг дахин ашиглах, хүчитгэх боломжгүй гэх дүгнэлтийг гаргаж, хохирлыг буруутай этгээдээр гаргуулахаар шийдвэрлэсэн. Мөн тус хэргийг цаашид нийслэлийн ЗДТГ-ын холбогдох албан тушаалтнууд шийдвэрлэх, Засгийн газраас шийдвэрлэсэн 5 тэрбум төгрөгөөс зарцуулагдаагүй үлдсэн 2.9 тэрбум төгрөгийг нийслэлийн ЗДТГ-т шилжүүлэхийг Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан үүрэг болголоо.
Мөн улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй шатахуун түгээх станцуудыг аюулгүй болгох, стандарт норм мөрдүүлэх тал дээр холбогдох яамдууд хамтран ажиллах даалгаврыг өглөө.