АН-ын “4-11” мэдээллийн цагаар өчигдөр тус намын дэргэдэх Ардчилсан залуучуудын холбоо (АЗХ)-ноос үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй холбоотой байр сууриа илэрхийлэв. Эрүүгийн хуулийн 13.14 дэх худал мэдээлэл тараахтай холбоотой заалт нь Үндсэн хуулийн 16.16-гийн “Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал, цуглаан хийх эрх чөлөөтэй” гэснийг зөрчиж буй талаар тэд энэ сарын 12-нд цэцэд гомдол гаргасан юм байна. АЗХ-ны тэргүүн Б.Ган-Очир “Залуучууд нийгмийн сүлжээнд үзэл бодлоо илэрхийлж сэтгэгдэл, пост бичих, сэтгүүлчид олон нийтийн мэдэх эрхийг хангах үүргийнхээ хүрээнд авлига, албан тушаалын гэмт хэргийн талаар мэдээлснийхээ төлөө байцаагдаж, баривчлагддаг боллоо. Эрх баригчдыг шүүмжлэх аргагүй байна. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх язгуур эрх нээлттэй байх ёстой. Эрүүгийн хуулийн дээрх заалттай холбоотойгоор олон улсын хүний эрхийн байгууллагуудаас “Бусдыг доромжилсон, гүтгэсэн гэдэг асуудлыг эрүүгийн биш, иргэний хуулиар шийдэх нь зөв. Эрүүгийн хуулиар шийдэж буй үед иргэд, сэтгүүлчид үг хэлэх эрх чөлөөгүй болж байна” гэсэн зөвлөмж өгсөн. Монгол Улс эрх чөлөөний индексээр ухарч байна. МАН-ынхан 2020 оны нэгдүгээр сард Эрүүгийн хуульд дээрх заалтыг оруулсан. Хүний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх Үндсэн хуулиар олгосон эрхийг боомилсон уг заалтаа яаралтай цуцлахыг бид МАН болон УИХ дахь бүлгээс нь шаардаж байна” гэлээ. Тэд уг асуудлаар мөн ХЭҮК-т хандсан аж.
Мөн Увс аймгийн АН-ын дарга Д.Цэндсүрэн Ерөнхий сайдад хандаж “Та авлига, хулгайтай тэмцэж буйгаа байнга мэдэгдэж байна. Тэр хулгайч нар танай танхимд бий. Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр олон удаа энэ талаар мэдэгдсэн. Үнэхээр л авлига, хулгайтай тэмцэж буй чинь үнэн бол эдгээр мэдэгдлийн мөрөөр шалга, танхимаасаа эхэлж цэвэрлэ” гэсэн шаардлага хүргүүлснээ уламжлав.
Бэлтгэсэн С.Уул