Чингис хаан Үндэсний музейн захирал, академич С.Чулуун Чехийн Үндэсний музейн Ерөнхий захирал, профессор Михайл Лукош нар хоёр музей хамтран ажиллах гэрээг дөрөвдүгээр сарын 24-ний өдөр байгуулжээ. Тус гэрээний хүрээнд хоёр улсын Ерөнхийлөгч нарын ивээл дор “Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” хамтарсан үзэсгэлэнг Праг хотноо 2025 оны гуравдугаар сарын эхээр нээх юм.
Үзэсгэлэнд Монголоос Чингис хаан Үндэсний музей, ШУА-ийн Археологийн хүрээлэн оролцоно. Мөн 200 гаруй жилийн түүхтэй тус музейн харьяа Азийн урлагийн музей Напрестикийн музейн сан хөмрөгт буй монголтой холбоотой баялаг цуглуулгаас “Дэлхийд тархсан Монгол өв” 20 боть бүтээх төслийн хүрээнд “Чех дэх Монгол өв” номыг хамтран хийхэд оролцох аж. Тус бүтээлийг 2025 онд хоёр орны дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд хэвлэн нийтлүүлэхээр ажиллаж байгаа аж.
“Чингис хаан: Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэн БНФУ-ын Бреттанийн Гүнгийн ордон дахь Нантын түүхийн музейд 2024 оны тавдугаар сарын 5-ныг хүртэл гарч байна. Тус үзэсгэлэнд Франц, Европын томоохон музей, цуглуулга, Монголын үндэсний сан хөмрөг, үнэт өвийг толилуулж буй юм.