Монголын үндэсний бөхийн холбооны үндэсний алтан цомын төлөөх шигшээ найман багийн дөрөв дэх барилдаан Ховд, Баян-Өлгий аймгийн хооронд өрнөв. Улсын харцага Г.Алтангэрэлийн удирдлагад бэлтгэл базаасан Ховд аймгийнхан өрсөлдөгчөө 19:6-гаар илт давуу ялж, шөвгийн дөрөвт шалгарсан. Тус багийнхнаас улсын аварга О.Хангай, улсын заан Б.Бат-Өлзий нар тус бүр тав, улсын заан Б.Пүрэвсайхан дөрөв, аймгийн арслан М.Баяржавхлан гурав, аймгийн арслан У.Батцоож хоёр давжээ. Гурав дахь барилдаанд Говьсүмбэр, Увс аймгийнхан учраа таарав. Говьсүмбэрийн хүчтэнүүд уран, дайчин барилдаантай бөхчүүдээр хүч сэлбэсэн эсрэг багийг 15:10-аар өвдөг шороодуулснаар мөн шөвгийн дөрөвт тунасан юм. Тэднээс аймгийн хурц арслан Т.Пүрэвсүрэн дөрөвдүгээр тойргоос сэлгээнд суусан бол Э.Мөнхбаатар тав, аймгийн арслан Г.Дармаажанцан хоёр, Н.Намнансүрэн гурав, Г.Эрхэмбаяр тав, нийт 15 даваа авав. Тус аймгийнхны дасгалжуулагчаар аймгийн арслан Б.Гончигтавхай ажиллажээ. Үндэсний алтан цомын төлөөх шөвгийн дөрвөн багийн барилдаан ирэх сард болох нь.