ЦЕГ-аас “Ачит Ихт” ХХК-тай холбоотой хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцын талаар Прокурорын зөвшөөрсөн хэмжээнд мэдээлэл өглөө.
ЦЕГ-ын ХМОНХХ-ийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ нь “Ачит Ихт” компанитай балансын бус хүдрийг ашигласны төлбөрт тус компанийн 34 хувийг эзэмших гэрээг 2013 оны долоодугаар сарын 17-нд байгуулсан. Улмаар 2015 оны зургадугаар сарын 26-нд дээрх гэрээнд өөрчлөлт орж, “Ачит Ихт” компанид "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 34 хувийг бүрэн шилжүүлжээ. “Ачит Ихт” компани 2009 онд анх үүсгэн байгуулагдсан. Тус компанийн хувьцаа эзэмшигч нарын мэдээллийг шалгахад "Степпкупер", "Цаглабар" гэж хоёр компани байдаг. "Степпкупер" компани нь 2010 онд үүсгэн байгуулагдсан, дөрвөн хувьцаа эзэмшигчтэй. Тус компанийн 24.5 хувийг Монгол Улсын иргэн Д.Эрдэнэцэцэг, 25.5 хувийг түүний нөхөр П.Цагаан, 24.5 болон 25.5 хувийг хүүхдүүд болох Ц.Мөнхтүвшин, Ц.Намуундарь нар эзэмшдэг байна. “Ачит Ихт” компанийн 22 хувийг "Цаглавар" гэж компани эзэмшдэг, тус компани 2016 онд байгуулагдсан. Тус компанийн гүйцэтгэх захирал нь Монгол Улсын иргэн н.Өлзийжаргал "Цаглабар" компанийн эзэмшлийг шалгахад "Степпкупер" компанийн 24.5 хувийг эзэмшигч иргэн Д.Эрдэнэцэцэг 100 хувь эзэмшдэг нь УБЕГ-ын мэдээллээр батлагддаг. "Цаглабар" компанийн гүйцэтгэх захирал н. Өлзийжаргал нь "Степпкупер" компанийн ерөнхий нягтлан бодогчоор давхар ажилладаг байна. “Ачит Ихт” компанийг бүхэлдээ П.Цагаан болон түүний эхнэр Д.Эрдэнэцэцэг, гэр бүлийн гишүүд эзэмшдэг мэдээлэл бий. Эдгээр мэдээллийг УБЕГ-ын Open Data-гаас харж болно” гэдгийг онцоллоо.
“Ачит Ихт” компани 2014-2021 онд нийт 53 370 тонн зэс буюу тухайн үеийн ханшаар 635 орчим тэрбум төгрөгийн зэсийг Сингапурт бүртгэлтэй "Noble resources" гэж компанид, 2018-2023 онд 41 527 тонн зэсийг тухайн үеийн ханшаар 960 орчим тэрбум төгрөгөөр Сингапурт бүртгэлтэй "Fortune I-Trade PTE" компанид худалдан борлуулсан байна.
ЦЕГ-ын ХМОНХХ-ийн дарга, цагдаагийн дэд хурандаа Г.Пүрэвдэлгэр “Сингапурт бүртгэлтэй "Fortune I-Trade PTE" компанид 2018-2023 онд 41 527 тонн зэсийг худалдан экспортлохдоо нэг тонн тутамд 330-350 орчим ам.долларын хөнгөлөлт эдлүүлэх нууц гэрээг байгуулж, тус компанид нийт 14.5 сая ам.долларын хөнгөлөлтийг эдлүүлсэн талаарх мэдээллийг сөхлөө. Тодруулбал, "Fortune I-Trade PTE" компанийн бүртгэлийг шалгахад Д.Жаргалсайхан гүйцэтгэх захиралтай, Д.Эрдэнэцэцэг гэдэг хувьцаа эзэмшигчтэй байна. Д.Эрдэнэцэцэг нь “Ачит Ихт” компанийн хувьцаа эзэмшигч. Өөрөөр хэлбэл "Fortune I-Trade PTE", “Ачит Ихт” компаниуд нэг эзэнтэй. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл "Fortune I-Trade PTE", “Ачит Ихт” компаниудын хооронд байгуулсан гэрээгээр 14.5 сая ам.долларын хөнгөлөлт эдлүүлсэн болох нь тогтоогдож байгаа юм. "Fortune I-Trade PTE", “Ачит Ихт” компаниуд нэг эзэнтэй буюу өөрөө өөртэйгөө гэрээ байгуулан 14.5 сая ам.долларын хөнгөлөлт эдэлсэн байж болзошгүй нөхцөл тогтоогдон шалгагдаж байна” гэлээ.
Мөн “Монгол Улсын ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Элбэгдорж 2019 оны есдүгээр сарын 10-нд арилжааны банктай долларын хугацаатай хадгаламж болон цахим банкны үйлчилгээ авах гэрээ байгуулжээ. Хугацаатай хадгаламжийн болон цахим банкны үйлчилгээ авах гэрээ байгуулахдаа Ц.Элбэгдорж нь “Ачит Ихт” компанийн хувьцаа эзэмшигч гэж бүртгүүлж, тухайн өдөртөө гарын үсэг зурж баталгаажуулсан” гэх мэдээллийг ч өгсөн юм.