УИХ-ын гишүүн Н.Энхболдыг БНХАУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилуулах саналыг Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг гаргажээ. БНХАУ-д сууж буй одоогийн Элчин сайд Т.Бадралын бүрэн эрхийн хугацаа ирэх сард дуусаж буй учир ийнхүү орны хүнийг томилохоор хэлэлцэж байгаа аж. Ингэхдээ УИХ-ын гишүүний бүрэн эрх нь хараахан дуусаагүй байгаа, 67 настай Н.Энхболдыг уг албан тушаалд тохирно хэмээн салбарын сайд нь үзжээ.
Н.Энхболд нь 2000 оноос хойш УИХ-д тасралтгүй зургаан удаа сонгогдсон бөгөөд энэ хугацаанд гишүүнээс гадна Гадаад хэрэг, Батлан хамгаалахын сайд болон Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан билээ. 1979 онд Москва хотын Хэвлэлийн дээд сургуулийг инженер, эдийн засагчаар төгсөж, 1996 онд Австрали улсын Сиднейн их сургуульд магистрын зэрэг хамгаалсан түүнийг Гадаад харилцааны сайд төрийн болон дипломат албаны туршлага, удирдах ажлын ур чадвар, гадаад хэлний мэдлэгийг нь харгалзан санал болгосон юм байна.
Мөн УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны уржигдрын хуралдаанаар Элчин сайд томилохтой холбоотой асуудал хэлэлцэх байсан ч тодорхойгүй шалтгаанаар хойшлуулсан гэнэ. Юутай ч парламентад зургаан удаа сонгогдсон эрхэм гишүүн энэ удаа халаагаа өгч, БНХАУ-д Элчин сайдаар суух нь. Элчин сайдыг дөрвөн жилийн хугацаагаар томилдог бөгөөд албажуулах үйл явц нэлээд хэдэн сар үргэлжилдэг учраас одооноос хэлэлцэж эхэлж буй аж.