Нийслэлийн нийтийн эзэмшлийн гудамж, талбайд явуулын хоолны үйлчилгээ эрхлэхтэй холбоотой маргаан, талцал олон нийтийн дунд ид өрнөж байна. Тухайлбал, “Өнгөрсөн жил нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар явуулын хоолны үйлчилгээ эрхлэгчдийг дэмжиж, чөлөөтэй ажиллуулсан. Харин энэ онд биднийг ажиллахыг зөвшөөрөхгүй байгаа. Бид өнгөрсөн онд дөрөвдүгээр сараас үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Гэтэл өдгөө дөрөвдүгээр сар дуусах гэж буй атал зөвшөөрөл өгөөгүй л байна. Эсэргүүцлээ илэрхийлж, машинуудаа гаргасан ч албаныхан журамласан. Гэвч “Zuu” нэртэй явуулын хоолны ТҮЦ хотын төвд энд тэндгүй байна. Яагаад нэгэнд нь ийм давуу байдал олгож байгаа юм бэ” гэж үйлчилгээ эрхлэгчид эсэргүүцлээ илэрхийлсэн. Тэд өчигдөр нийслэлийн удирдлагуудад уг шаардлагаа тавьжээ.
Тэднийг яагаад ажиллуулахгүй байгааг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхнаас тодруулахад “Үйлчилгээ эрхлэх байршил тогтоох, хэрэгжүүлэх, хяналт тавих үйл ажиллагааг дүүргүүд рүү шилжүүлсэн. Тэгэхээр дүүргүүдийн Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөл нь үйлчилгээ эрхлэх боломжтой талбайнуудыг тогтоох шаардлагатай гэсэн үг. Үүний дараа явуулын хоолны үйлчилгээ эрхлэх боломж бүрдэнэ. Тавдугаар сарын 1-нээс эхлүүлнэ гэж тооцсон” хэмээв.
Уг үйлчилгээг нийслэлийн ИТХ-аас баталсан Нийслэлийн нутаг дэвсгэрт худалдаа, үйлчилгээ эрхлэх нийтлэг журмаар зохицуулах гэнэ. Эл журмын 3.4.4-т зааснаар бол дүүргийн Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөл нь “ТҮЦ, улирлын чанартай түр, сүүдрэвчтэй худалдаа, үйлчилгээ болон явуулын түргэн хоолны цэгийн байршлыг тогтоож, дүүргийн Засаг даргын захирамжаар батлуулах” үүрэгтэй аж. Харин дүүргүүдийн Худалдаа, үйлчилгээг зохицуулах зөвлөл нь гудамжны хоол зарах байршлуудыг тогтоогоогүйгээс үйлчилгээ эрхлэгчид эсэргүүцлээ илэрхийлэхэд хүрчээ. Дээрх журамд зааснаар бол үйлчилгээ эрхлэгчид нь гарал үүслийн гэрчилгээтэй бараа, бүтээгдэхүүн худалдана. Мөн ажлын байр нь аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага хангах ёстой аж. Үүнээс гадна ажлын байрнаасаа 100 метрээс холгүй зайд ариун цэврийн өрөөтэй байх шаардлага тавьжээ.
Явуулын хоол зарах байршлуудыг хэзээ тогтоох талаар хоёр дүүргийнхнээс лавлалаа. Хотын төвийн бүсэд хамаардаг, бас гудамжны хоолны үйлчилгээ төвлөрдөг учраас Сүхбаатар, Чингэлтэй дүүргийг сонгосон юм. Сүхбаатар дүүргийн тухайд улирлын чанартай худалдаа, үйлчилгээ эрхлэх 10 байршлыг баталсан байна. Үүнээс гуравт нь гудамжны хоолны үйлчилгээ явуулж болно гэсэн мэдээлэл өгөв. Бусдад нь зайрмаг, хүнсний ногоо зарах учиртай аж. Өнгөрсөн онд явуулын хоолны үйлчилгээ төвлөрүүлж байсан, Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамж буюу “Битлз”-ийн хөшөө орчимд энэ жил ямар нэгэн ТҮЦ, хоол зарах машин ажиллуулахгүй гэнэ. Ийн шийдсэнийг нь явуулын хоолны үйлчилгээ эрхлэгчид эсэргүүцэж буй юм байна. Харин дүүргийн холбогдох албаныхан “Тухайн хэсэгт оршин суудаг иргэдийн гомдол, санал, шүүмжлэлийн дагуу тэнд явуулын хоолны үйлчилгээ эрхлүүлэхгүй гэж шийдвэрлэсэн. Өнгөрсөн жил маш их бохирдол үүсгэсэн, шөнийн цагаар ажиллаж, оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулсан гэх гомдол их гарсан” гэв.
Чингэлтэй дүүргийн хувьд үйлчилгээ эрхлэх байршлуудыг хараахан тогтоогоогүй гэлээ. Өмнө дурдсан “Zuu” нэртэй явуулын хоолны, жижигхэн шар ТҮЦ тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлаж байгаа юм. Тиймээс ямар учраас уг ТҮЦ-ийг байрлуулсныг лавлахад “Бид иргэн, аж ахуйн нэгжид зөвшөөрөл, давуу байдал олгоогүй. Тухайн ТҮЦ- үүдийг зөвшөөрөлгүйгээр, дураараа байрлуулсан” гэлээ. Үүнээс гадна “Zuu” нэртэй ТҮЦ-үүд явуулын хоолны үйлчилгээ эрхлэгчдийн дунд зөрчилдөөн үүсгээд ч амжжээ. Үйл ажиллагаа явуулж буйг нь эсэргүүцсэн зарим хүн “Zuu”-гийн эд хогшлыг эвдэж, сүйтгэсэн хэрэг ч саяхан гарсан байна.
Бэлтгэсэн: М.Оч