Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийг Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа нарын 10 гишүүн санаачлан, өргөн мэдүүлсэн юм. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа тавив. Тэрбээр, 2007 оныг хүртэл оёдлын салбар ДНБ-ий 30 орчим хувийг дангаараа бүрдүүлдэг, 30 мянга гаруй ажилтантай байсан бол өнөөдөр 10 хүрэхгүй хувийг бүрдүүлдэг, 3000 гаруй ажиллагсадтай болж буурсан талаар дурдаад, Монгол Улсын бэлэн хувцасны үйлдвэрлэлийг өргөжүүлэх, экспортын хэмжээг өсгөх, ажлын байрыг эрс нэмэгдүүлэн ядуурлын бууруулах хөшүүрэг болгох зорилгоор Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд “оёмол бүтээгдэхүүний түүхий эд, үндсэн болон туслах материалыг /дотоодод үйлдвэрлэдгээс бусад/ гаалийн албан татвараас чөлөөлөх” гэсэн нэмэлт оруулах хуулийн төслийг санаачиллаа гэв.
Хуулийн төслийг Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцсэн талаарх санал дүгнэлтийг Улсын их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцууллаа. Тус Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн, оёмол бүтээгдэхүүний түүхий эд, материалыг гаалийн татвараас чөлөөлөх нь үйлдвэрлэгчдийн татварын ачааллыг бууруулахгүй, харин импортоор түүхий эдийг нийлүүлж байгаа нь дундын зуучлагч нарт илүү ашигтай байдлыг бий болгох эсэх талаар асуулт асууж хариулт авсан байна. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ц.Анандбазар, оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийг дэмжиж, цаашид үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөх асуудлыг судлах, Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, оёмол бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн зориулалтаар импортолж байгаа түүхий эд, үндсэн болон туслах материалыг гаалийн албан татвараас чөлөөлснөөр эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт өрхийн бизнес эрхлэлтийг дэмжих бодлого хэрэгжиж, үйлдвэрлэл эрхлэгчдийг үнийн өрсөлдөөнөөс хамгаална гэж үзэж, хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна. Тэрбээр, цаашид дотоодоос хангаж болох зарим бүтээгдэхүүнд төрийн худалдан авалт хийж, хөнгөн үйлдвэрүүдийг дэмжих нь зүйтэй гэсэн санал хэлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, хөнгөн үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлснээр хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үнэ өсөх, улмаар иргэдийнхээ өдөр тутмын хэрэглээг дотооддоо хангах нөхцөлийг бүрдүүлж, дотоодын үйлдвэрүүдээ зөв бодлогоор дэмжихшаардлагатайг дурдан, хуулийн төсөлд хэлэлцүүлгийн шатанд зарим нэг бодлогын өөрчлөлтүүдийг тусгах санал гаргасан байна. Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжжээ.
Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт үг хэлж, хуулийн төслийг ерөнхий агуулгаар дэмжиж байгаагаа илэрхийлээд, манай улс ноос, ноолуураар даавуу хийдэг болчихсон энэ үед эдгээр бүтээгдэхүүнүүдтэй ижил төрлийн материал импортоор орж ирэх үед хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэхгүй байх ялгавартай зохицуулалт хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн юм. Харин үйлдвэрийн тоног төхөөрөмжийг Монголдоо хийж чадахгүй байгаа учир аль болох дэмжих нь зөв гэсэн байр сууриа тэрбээр илэрхийлж, үйлдвэрүүдийг хөгжүүлснээр нэмүү өртөг бий болж, татварын бааз суур өргөжиж, ажлын байр нэмэгдэнэ гэлээ. Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, хуулийн төслийн зохицуулалтад дотоодод үйлдвэрлэдэг түүхий эд, материал хамаарахгүй гэсэн хариулт өгч, ядуурлыг бууруулахад эрх зүйн энэ зохицуулалт ихээхэн чухал болохыг онцолсон юм.
Хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаар санал хураалт явуулахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.