Монголын эмнести интернэшнл байгууллагаас “Дэлхийн хүний эрхийн төлөв байдлын тайлан”-г өчигдөр танилцууллаа. Тус байгууллага 155 орны хүний эрхийн үнэлгээнд үндэслэн боловсруулсан уг тайландаа “Хурдацтай даамжирч буй мөргөлдөөн, олон улсын эрх зүйн хямралын ноцтой үр дагаврыг дэлхий нийтээр амсаж байна” хэмээн онцлон тусгажээ. Түүнчлэн өнөөгийн удирдагчид хүний эрхийн зарчмаас урваж байна хэмээн дүгнэсэнаж. “Тэгш бус байдал улам бүр гүнзгийрч, уур амьсгалын өөрчлөлт хурдацтай тэлэхийн зэрэгцээ дээд эрх мэдлийн төлөөх их гүрнүүдийн өрсөлдөөн нь хүний эрхийг нухчин дарж, олон улсын эрх зүйг ноцтойгоор зөрчиж буй эмгэнэлт дүр зургийг энэ судалгаа харууллаа” хэмээн Эмнести интернэшнлийн ерөнхий нарийн бичгийн дарга Агнес Калламард мэдэгдэв.
Харин Монгол Улсын тухайд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөөр байгааг онцлов. Тайлан танилцуулах үеэр ХЭҮК-ын дарга Д.Сүнжид “ДЭМБ, Хүний эрхийн олон улсын индексээс харахад манай улсад агаар, хөрс, ус, орчны бохирдол 2-7 дахин их. Хэвлэлийн эрх чөлөө, авлигын индексээр ухарсан” гэв. Эмнести интернэшнлээс Засгийн газарт ирүүлсэн захидалд үзэл бодлоо илэрхийлэх, хуран цуглах, дур зоргоор цагдан хорих, эрүүдэн шүүх болон бусад зүй бусаар харьцах, эрүүл орчинд амьдрах, цэвэр усаар хангагдах эрхийн талаар онцгойлон анхаарах шаардлагатайг дурджээ. Мөн Монгол Улсад хэрэг хянан шийдвэрлэх баталгаа алдагдсаны улмаас шүүхийн шийдвэргүйгээр баривчлах тохиолдол олноор гарч байгааг сануулжээ.