Засгийн газраас өргөн мэдүүлсэн Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг тавилаа. Тэрбээр илтгэлдээ, Монгол Улсын иргэдийн дунд элэгний D гепатит вирусийн халдвартай хүмүүсийн тоо Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ)-ын аргачлалаар тооцсоноор 66 000 хүрсэн байх магадлалтай байна гээд, энэ халдвартай иргэдийн төрийн бус байгууллага (ТББ)-аас 150 000 иргэн халдварласан гэсэн тооцоо гаргасныг дурдав. Засгийн газар D вирутэй иргэдийг эмчилгээнд хамруулах олон талын арга хэмжээ авч байгааг сайд тэмдэглээд, ДЭМБ албан ёсоор бүртгэсэн нэг л төрлийн эмчилгээ байгаа нь пэг-интерферон эм боловч үүнийг D, B вирустэй иргэдийн төлөөллийн ТББ-аас гаж нөлөө ихтэй учир эсэргүүцдэг талаар танилцуулав. ДЭМБ бүртгээгүй боловч D вирусыг эмчилдэг бас нэг төрлийн эмчилгээ байгаа нь АНУ-ын Gilead Science компанид үйлдвэрлэж буй булевиртид эм болохыг сайд илтгэлдээ дурдаж, Европын Холбооны улсууд бүртгэж эмчилгээнд хэрэглэж байгаа энэ эмийн эмчилгээний зардал ихээхэн өндөр байгааг бууруулах шаардлага тулгарч байгааг тэмдэглэв. Эрүүл мэндийн сайд Gilead Science компанийн удирдлагуудтай хоёр удаа цахимаар, Азийн бүсийг хариуцсан захиралтай нэг удаа бечлэн уулзалт хийж, энэ эмчилгээг Монгол Улсад эхлүүлэх, өртөг, зардлыг бууруулах талаар яриа хэлэлцээ хийсэн байна. Цаашид D вирустэй иргэдийнхээ санхүүгийн дарамтыг хөнгөлөхийн тулд АНУ-ын булевиртид эмийг эмчилгээнд хэрэглэж эхлэх үед гаалийн татвараас чөлөөлөх нь зүйтэй гэж үзэн Засгийн газраас хуулийн төсөл боловсруулжээ.
Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг Төсвийн байнгын хорооны энэ сарын 17-ны буюу өчигдрийн хуралдаанаар хэлэлцсэн юм. Тус байнгын хорооны хуралдаанаас гаргасан санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Баделхан танилцууллаа. Хууль батлагдсанаар гепатит D вирусийн халдвартай иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, хүртээмж сайжирч, хүн амын өвчлөл, элэгний хатуурал, элэгний хорт хавдрын шалтгаант нас баралт, санхүүгийн дарамт буурахад эергээр нөлөөлнө гэсэн Засгийн газрын үндэслэлийг тэрбээр дурдаад, Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжсэн гэсэн юм. Тус Байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэх үе Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт тусгагдсан D вирустэй тэмцэх үйл ажиллагааны төсвийн зарцуулалт болон булевиртид эм дэлхийн хэдэн улс орны эмчилгээнд ашиглагдаж байгаа, үр дүн нь ямар байгаа талаар асуулт асууж, хариулт авсан байна.
Хууль санаачлагчийн илтгэл болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, М.Оюунчимэг нар асуулт асууж, үг хэлэв. Улсын Их Хурлын гишүүд энэ асуудлыг нэн яаралтай горимоор, шуурхай оруулж ирж байгааг талархал илэрхийлээд, өртөг, зардал ихтэй, удаан хугацаанд хийгддэг энэ эм, эмчилгээний үнэ ханшийг бууруулах болон бусад нөхцлийг сайжруулах талаар ямар ажил, алхам хийж байгааг болон D вирустэй иргэдийн эмчилгээнд зориулж улсын төсөвт тусгасан зардал, санхүүжилтийг хэрхэн зарцуулж байгаа талаар асууж хариулт авав.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Улсын Их Хурлын гишүүдийн асуултанд хариулахдаа, АНУ-ын Gilead Science компани удирдлагуудтай уулзахад Европын холбооны улсуудад зарагдаж байгаа үнээс тав дахин бага үнээр нийлүүлэх боломжтойгоо урьдчилсан байдлаар илэрхийлээд байгаа гээд, энэ буулгасан үнийг нь дахиад 50 хувиар бууруулах талаар ярьж байгаагаа танилцуулсан юм. Ирэх долоо хоногт дахин уулзалт хийж, Монгол Улсын Их Хурал, Засгийн газар татвараас чөлөөлөх зэрэг арга хэмжээ авч байна, та бүхэн үнээ дахин бууруулаач гэсэн хүсэлт тавихаар төлөвлөж байгаа. Ингэснээр уг эмчилгээний өртөг, зардал сарын 1000 ам.доллароос дотогш болж буурах болов уу гэж баримжаалж байна. Хэдийгээр үнэ, өртгийг ингэж бууруулсан ч халдвартай иргэдэд учрах санхүүгийн дарамт өндөр байхаар байгаа тул нэмэгдсэн өртгийн албан татвар, гаалийн татвараас чөлөөлбөл нийтдээ 30 орчим хувиар хөнгөрөх боломжтой хэмээн Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хариулав. Булевиртид эмийг анх ОХУ-д үйлдвэрлээд, түүнийхээ патентийг АНУ-ын Gilead Science компанид зарахдаа бусад улс оронд худалдан борлуулахгүй, зөвхөн улс дотроо, иргэдийнхээ эмчилгээнд хэрэглэх нөхцөлтэйгээр өгсөн байна. Тиймээс манай иргэд ОХУ-аас эмчилгээ авъя гэвэл Улаан-Үд хот руу явах, зардал чирэгдэл багагүй гаргахаар байгаа гэсэн тайлбарыг тэрбээр хийсэн юм.
“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрт зориулж 2023 оны улсын төсөвт 13.0 тэрбум төгрөг тусгагдсаны 4.0 тэрбум төгрөгөөр орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад элэгний B, D вирусын оношлогоо, шинжилгээ хийх чадавх бий болгох, бэхжүүлэх, Халдварт өвчин судлалын төвийн хүчин чадлыг сайжруулахад зарцуулсан байна. Харин 9.0 тэрбум төгрөгөөр ДЭМБ-д бүртгэлтэй пэг-интерферон эмчилгээг эхлүүлэхээр сонгон шалгаруулалт зарласан боловч B, D вирустэй иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, уг худалдан авалт зогсоод байгаа юм. Мөн 2024 оны улсын төсөвт 7.0 тэрбум төгрөг батлагдсаныг өмнөх оны худалдан авалтын зардалтай нийлүүлж, нийт 14.0 тэрбум төгрөгөөр АНУ-аас булевиртид эм худалдан авахаар ажиллаж байгаа талаар Эрүүл мэндийн сайд мэдээллээ.
АНУ-аас худалдан авах булевиртид эмийг Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэх талаар санал хураахад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.