“Иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулах гэр хорооллын хөгжил” төслийн хүрээнд Хан-Уул дүүргийн V хороонд байрлах БАМ-ын гэгдэх Арьс ширний 80 айлын 9, 10, 11, 12 дугаар байрны хоёрыг нь 2018 онд буулгаж шинээр барьсан. Гэвч уг төслийг маш муу, дутуу дулимаг хэрэгжүүлснээс иргэдэд ая тухтай амьдрах боломж бүрдсэнгүй. 2019 оны зун тухайн үеийн хотын дарга С.Амарсайхан (Одоогийн Шадар сайд) иргэдэд байрны түлхүүр гардуулж, хадаг яндар болж “Арьс ширний дөрвөн байрны 80 айлын асуудлыг шийдэх үүднээс 10, 12 дугаар байрыг дахин төлөвлөлтөд хамруулан, нийт 40 айлыг орон сууцад орууллаа. Цаашдаа үлдсэн хоёр байрыг дахин төлөвлөж, иргэдийг тав тухтай орчинд амьдруулах нөхцөлийг бүрдүүлнэ. Агаар, орчны бохирдлыг бууруулахад маш их ахиц болсон ажил” хэмээн онцолж байв.
Гэвч уг хоёр давхар орон сууц ганц өвлийн ая даахгүй нар сар гэрэлтэж, тог цахилгаан нь доголдож, шугам хөлдсөнөөс усгүй болж, бохирын хоолой задран өмхийрч, үнэрээр нь ялаа батгана шавж, хана нь мөөгөнцөртөж, цонх нь цантаж, шал нь 4.6-60 см гүн сууж, нэг талаар хоргын тогоонд унасан шиг, нөгөө талаар хөмөрсөн тогоонд даруулсан мэт хүндхэн байдалд оржээ Түүгээр ч үл барам айлуудын ханууд шалнаасаа хөндийрч, нэг хэсэг манай, танай гэсэн зааггүй шахам амьдарсан гэдэг. Нэгнийдээ заавал очих шаардлагагүй, хөндий ханан доогуураа хөрштэй ярьж, хөөрөх нөхцөл бүрдсэн гэсэн үг. Бүр ...тоотын иргэн усанд орж байхад нь дээрээс нь тоосго унаж, золтой л оногдоогүй гэдэг. Тухайн үед иргэд “Нью биг фиш” констракшныхныг дуудахад ганц хоёр удаа үзэгдэж, цуурсан ан цав руу хөөс шахаж, аргацаачихаад, хэдэн жил сураг алдарчээ. Уг нөхцөл байдал 4-5 жил үргэлжилж, төр ч, барилга барьсан констракшн ч дорвитой арга хэмжээ авалгүй удсан байна. Айлууд өөрсдөө хөрөнгө гарган хэдэнтээ засвар хийсэн ч тусыг эс олжээ.
Арьс ширний 80 айлын 9, 10, 11, 12 гэсэн дөрвөн блок байрт анх 200 гаруй иргэн амьдарч байсан. 2015 онд нийслэлийн Онцгой байдлын газар, 2017 онд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрынхан ашиглалтын шаардлага хангахгүй гэж дүгнэсэн. Тодорхой хэлбэл, газар хөдлөлтөд тэсвэргүй, галын аюулгүй байдлын стандарт, норм, дүрмийн шаардлагад нийцэхгүй болохыг тогтоосон. Тиймээс дээр дурдсанчлан нийслэлийн Орон сууцын бодлогын газраас тендер зарлаж, дээрх төслийн хүрээнд 10, 12 дугаар байрыг нь буулгаж, нэгтгэн хоёр давхар орон сууц шинээр барьсан юм. Уг ажлыг Б.Энхболд захиралтай “Нью биг фиш” констракшн нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын захиалгаар гүйцэтгэсэн. Ингэхдээ 2017 онд барилгын ажлаа эхлүүлж, 2018 онд ажлаа хүлээлгэж өгсөн гэдэг. Харин өрөөнүүдийн талбайн хэмжээ оршин суугчидтай тохирсон шигээ 21 биш 19 метр квадрат байжээ. Мөн оршин суугчид “Байрыг дахин төлөвлөж барихдаа хамгийн хямд, хамгийн муу материалаар барьсан. Ингэхдээ мэргэжлийн инженер барилгачид биш 100 айлын “Би чадна”-чуудаар хийлгэсэн” хэмээн мэдээлсэн. Тиймээс цөөнгүй иргэн шинэ байрандаа нүүж орохоос татгалзсан гэдэг. Харин “Нью биг фиш” констракшн татгалзсан иргэдтэй гурван талт гэрээ байгуулахгүй хэмээж, ордерыг ч нь өгөлгүй удаасан гэдэг. Гэсэн ч 2018 оны арванхоёрдугаар сарын 22-нд Улсын комисс уг чанаргүй гэх байрыг хүлээн авсан билээ. Уг нь анхны архитектур төлөвлөлтдөө бол айл бүр ариун цэврийн өрөө, унтлагын өрөө, гал тогооны өрөөтэй байна гэж заасан. Бодит байдалд нийтийн байрных шиг умгар өрөөнүүдэд айлуудыг оруулжээ.
Арга ядсан иргэд нийслэлийн Засаг даргын тамгын газарт хандсан байна. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар гомдлын мөрөөр захирамж гаргаж, Ажлын хэсэг байгуулжээ. Иргэд мөн хотын Стандарт, хяналтын газарт гомдол гаргасан байна. Хотын стандарт, хяналтын газраас уг байранд ажиллаж иргэдийн амь насанд аюул учруулахуйц аюултай, шаардлага хангахгүй гэсэн дүгнэлт гаргажээ. Гэтэл захиалагч тал буюу Нийслэлийн хөрөнгө оруулалтын газраас улсын байгууллагын дүгнэлтийг үгүйсгэж, хөндлөнгийн үнэлгээ хийлгэнэ хэмээн “Бүүвэй цагаан барс” ХХК-иар уг байранд оношилгоо хийлгүүлж, барилгын экспертизийн тайлан гаргуулсан аж. “Бүүвэй цагаан барс” ХХК-ийн барилгын экспертизийн тайланд “Ослын өмнөх төлөвт байна. Засвар хийх шаардлагатай. Ингэхдээ 40 айлын нийтийн орон сууцны барилгын шалыг ховхлон авч, доорх хөрсийг бүрэн солих, төмөр хийцээр хана бүрийг хүчитгэх шаардлагатай. Бохир усны шугам задарч бохир хальсан учир хөрс бүхэлдээ бохирдсон байна. Энэ нь ялаа батгана шавах, нян үржих эрсдэлийг үүсгэж буй” хэмээн дурджээ. Оршин суугчдын хэлснээр дулаан орсон учир нь жижиг хар ялаа олширч, хүүхдүүдийнх нь нүүр аманд яр гарч эхэлсэн гэв. Тэгвэл хөндлөнгийн дүгнэлт хийсэн ШУТИС-ийн профессор Я.Дүйнхэржав энэ талаар “Арьс ширний 40 айлыг орон сууцанд үнэлгээ хийсэн. Тухайн байрны шал суулт өгсөн. Тиймээс хөрсийг сольж, суурь болон хана бүрийг хүчитгэх зөвлөмж өгсөн. Мөн барилгын хананд ан цав үүсэж, цахилгааны утас тасарч айл өрхүүд тоггүй болсон байсан. Барилгын дээврийг ч иж бүрнээр солих шаардлагатай. “Нью биг фиш” констракшныхан зөвлөмжийн дагуу ажиллах ёстой. Өвлийн улиралд шалыг хуулж болохгүй. Мөн хөрсийг нь бүхэлд нь солихгүй бол халдварт өвчин тархах магадлалтай. Даацын хананд ан цав үүсэх магадлал өндөр байсан” хэмээсэн юм. Түүний хэлсэнчлэн 2024 оны дөрөвдүгээр сарын 1-ны байдлаар даацын хананд хэдийн ан цав үүсжээ.
Эл барилгыг 1.2 тэрбум төгрөгөөр босгосон гэх. 2017 оны тендерийн мэдээллийг https://www.tender.gov.mn сайтаас хайсан ч Арьс ширний 40 айлын мэдээлэл олдоогүй. Харин 2018 оны хоёрдугаар сард зарласан тендерийн мэдээлэл гүүглэ илэрцээр гарч ирсэн. Уг мэдээлэлд Хан-Уул дүүргийн тавдугаар хороонд байрлах Арьс ширний 40 айлын 10 дугаар байрыг нурааж шинээр барих төсөвт өртөг 2.1 тэрбум төгрөг гэж тусгасан байна. Мөн “Гегатера тех” ХХК тендерийн шалгуур үзүүлэлт хангагдсан гэж бичжээ. Тухайн байрыг хүлээлгэж өгөхдөө тэр үеийн хотын дарга С.Амарсайхан гүйцэтгэгчээр “Нью биг фиш” констракшныг нэрлэсэн билээ.
Өнөө жил сонгууль болох учир уг байрыг барьсан констракшныхан “амь оржээ”. Улмаа дүн өвлөөр буюу 2024 он нэгдүгээр сарын 22-нд “түргэн авч”, уг байрыг засаж эхэлсэн юм. Тухайн үед unuudur.mn сайтын сурвалжлах баг нөхцөл байдлыг газар дээрээс нь сурвалжилж, мэдээллийг шууд дамжуулсан билээ. Саяхан бид нөхцөл байдал дээрдсэн эсэхийг утсаар лавласан. Гэвч нүглийн нүдийг гурилаар хуурав гэгчээр өвөл эхлүүлсэн таван айлын засвар чанаргүй болсныг иргэд мэдээлэв. Уг нь оршин суугчдын төлөөлөл өвөл засвар хийлгэхгүй чанаргүй болно хэмээн эсэргүүцсэн ч саналыг нь үл хэрэгссэн билээ. Улмаар энэ сарын 1-нээс дараагийн 10 айлын засварыг эхлүүлжээ. Айл өрхүүд тодорхой шаардлага тавьсан ч зөвшилцөлд хүрч чадаагүй байна.
Арьс ширний 40 байрыг дахин төлөвлөж шинээр босгохдоо тендерийг хэрхэн шалгаруулсныг нийслэлийн Орон сууцын бодлогын газрын дарга Г.Ганхүүгээс тодруулсан юм. Тэрбээр тендерийг хуулийн дагуу шударга зохион байгуулсан гэдгээс өөр дорвитой мэдээлэл өгсөнгүй. Мөн уг барилгын ажилд хяналт тавих үүрэгтэй нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрынхан нохой сүүлээ, сүүл хонгорцгоо гэдэг шиг нааш цааш явуулж, мэдээлэл өгөхөөс зайлсхийсэн. Тодорхой хэлбэл, нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Цэдэнсодном нь хэлтсийн дарга аа, Барилга захиалагчийн хэлтсийн дарга Б.Ганзориг нь мэргэжилтнээ мэдээлэл өгнө хэмээн хэдэнтээ аргацаасан. Эцэст нь НХОГ-ын инженер Г.Мөнх-Эрдэнэ барилгын засварын ажилд зохих ёсоор хяналт тавьж байгаагаа бидэнд хэлсэн билээ.
Иргэд ийн 2019 оноос хойш зутруухан амьдарч, зарим нь байраа зарж, ганц хоёр бусдад түрээслүүлээд дайжжээ. Түрээсийн төлбөрийн тухайд “Нью биг фиш” констракшныхан өрх тус бүрт сарын 500 мянган төгрөг өгсөн юм билээ. Өдгөө байр нь засварт орсон иргэд өмнө нь зассан өрөөг сарын 800 мянган төгрөгөөр түрээсэлж байгаа гэх. Мөн иргэдтэй засвар хийх акт хүлээлцэхдээ бичиг баримтын шаардлага хангахгүй гар бичмэл, ноорог аятай зүйл өгч гарын үсэг зуруулсан байдаг. Өдгөө “Нью биг фиш” констракшны нийслэлийн төсөвт тендерт оролцох эрхийг нь хязгаарлажээ. Өөрөөр хэлбэл, уг компани дампуурсан гэнэ. Мөн айлуудын засварыг бүрэн дүүрэн чанартай хийх эсэх, баталгаа өгөхөөс татгалзсаныг ч оршин суугчид хэлж байгаа юм. Харин “Нью биг фиш”-ийн гүйцэтгэх захирал П.Ганчимэг ажилд саад боллоо хэмээн мэдээлэл өгөхөөс татгалзсан.
Өвөл уг байранд маш хүйтэн бөгөөд дотор халаагууртай байхад л хасах 10 хэм байдаг аж. Тиймээс иргэд 2-3 давхар хөнжил нөмөрч, зарим нь оймс зөөлөн бойтогтойгоо унтдаг гэнэ. Дулаан алдагдлын шалтгааныг иргэд хана стандартын бус хэт нимгэнтэй холбон тайлбарласан. Учир нь тухайн орон сууцын хана 64-ын цул тоосгон хана биш дунд хөөсөнцөр жийрэглэсэн нимгэн хана гэнэ. Тийм ч учраас өвөл болгон шугам нь хөлдчихдөг аж. Энэ үед иргэд өдөр бүр үсний сэнс, газ ашиглаж, шугам руугаа үлээлгэдэг. Зарим нь шөнөөр босож шугамаа халаах арга чарга хэрэглэж, цурам хийлгүй хонож байж, өглөө жаахан устай залгадаг байна. Үлдсэн хэсэг нь нэг бол ойролцоох “Номин” хайпермаркет орж “ОО” ашигладаг, нөгөө хэсэг нь ойр орчмын айл амьтнаас гуйж, нүхэн жорлонд нь ордог аж. Өөрөөр хэлбэл, орон сууц хэрнээ ОО ашиглах, усанд орох боломжгүй. Паартай боловч хүйтэн, цахилгаан нь байнга доголдож тасарч байдаг аж. Улмаар хоёр давхар барилга хэрнээ тагтгүй. Гадна орчинд хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламжгүй орон сууц гэж нэрлэхэд хэцүү хагас дутуу балгас аятай барилгад иргэд аж төрж буй. Өдгөө иргэд ашиглалтад ороод 4-5 хан жил болж буй Арьс ширний 40 айлын байранд 50 жил амьдрах баталгааг төрөөс нэхэж байна.