Хүмүүсийн дунд “Гөрөөсний халуун цус уух нь зүрхийг анагаадаг” гэсэн ам дамжсан яриа байдаг. Энэ талаар УГТЭ-ийн эмч Зүрхний эмгэг судлалын тасгийн ахлах эмч, АУ-ны доктор Ц.Саруулаас тодрууллаа. Тэрбээр “Гөрөөсөнд маш аюултай 10 гаруй төрлийн шимэгч хорхой байдаг. Элэгний бэтэг, уушги, тархи, артерийн судас, гэдэс, булчингийн туузан хорхой болон саркоцист, хамрын хорхой, ходоодны том туузан хорхой зэрэг шимэгч бий. Мөн хламид, кампилобактер, салмонелез зэрэг маш ноцтой өвчин үүсгэгч нянг цусандаа агуулдаг учраас гөрөөсний цус, махыг түүхийгээр эсвэл дутуу болгож хэрэглэвэл хүний биеийг анагаах бус өвчлүүлнэ” гэдгийг анхааруулж байна.
50 орчим насны зүрх нь өвддөг эрэгтэй, найз нарынхаа зөвлөснөөр гөрөөсний халуун цус ууж байхдаа ухаан алдаж унасан тохиолдол ч гарчээ. Улмаар эмнэлэгт яаралтай хандахад зүрхний титэм судас огцом агшсанаар титэм судасны агшилтат зүрхний шигдээс болж, зүүн ховдол дотор том бүлэн үүссэн байжээ.
Эх сурвалж: Экологийн Цагдаагийн Алба