Монголын оюутны спортын VI наадам өнөөдөр өндөрлөнө. Энэ удаа 34 их, дээд сургуулийн 2400 гаруй тамирчин спортын 10 төрөлд 533 багц медалийн төлөө өрсөлдөж буй. Тус наадмын хагас шигшээ тэмцээн сагсан бөмбөгөөр эхэлж, волейболоор үргэлжлэн, спортын бусад төрөлд аварга баг, тамирчныг тодруулжээ. Волейболын төрөлд эрэгтэйчүүдийн багаас М.Бат-Очир дасгалжуулагчтай ШУТИС-ийнхан хүчтэй өрсөлдөгч болох МУИС-ийнхнаас илүүрхэж, тэргүүлсэн. Тэд гурав дахь түрүүгээ авсан нь энэ. 2003, 2013 онд шилдгээр тодорсон юм. МУИС-ийнхан мөнгө, “Рояаль” олон улсын их сургуулийнхан хүрэл медаль хүртлээ. Эмэгтэйчүүдээс эхний гурван байрт АШУҮИС, ШУТИС, МУИС-ийн шигшээ багийнхан шалгарав. Анхны түрүүгээ авсан АШУҮИС-ийнхан 2022 онд болсон наадмаас мөнгөн медаль гардаж байлаа.
Чөлөөт бөхийн тэмцээнд багийн дүнгээр ҮБТДС-ийнхан 252 оноогоор тэргүүлсэн. Тус сургуулийнхны ард МУИС 141, “Их засаг” сургуулийнхан 124 оноотой жагсжээ.
Монголын хөл бөмбөгийн холбооны футзалын ордонд гурван өдөр үргэлжилсэн тэмцээнд “Их засаг” сургуулийнхан аваргалж, “Рояаль”-ийнхан удаалж, МУИС-ийн тоглогчид хүрэл медалиас атгасан. Гандболын төрөлд 17 багийн 220 тамирчин өрсөлдлөө. Эрэгтэйчүүдийн 10 багаас МУИС-ийнхан анх удаа бусдыгаа хошуучилж, “Их засаг”-ийнхан II, “Мон-Алтиус”-ынхан III байр эзэллээ. Эмэгтэйчүүдээс “Мон-Алтиус” сургуулийн баг алтан медаль хүртсэн. Тэгвэл МУИС, МУБИС-ийн баг мөнгө, хүрэл медаль гардсан байна.
Шатрын тэмцээнд эрэгтэйчүүдийн төрөлд ШУТИС-иас олон улсын мастер С.Ган-Эрдэнэ найман хожлоор ялалт байгуулав. Мөн тус сургуулийн оюутан А.Эрхэмбаяр долоон хожлоор мөнгө, АШУҮИС-ийн тоглогчдоос олон улсын мастер Г.Ганзориг мөн долоон хожлоор хүрэл медаль хүртжээ. Эмэгтэйчүүдээс МУИС-ийн Б.Мөнгөнзул долоон хожлоор цойлж, ШУТИС-ийн Д.Анужин зургаа хожин аман хүзүүдэж, СЭЗИС-иас Б.Нарантуяа таван хожилтой гутгаар байрт шалгарсан юм. Багийн дүнгээр дасгалжуулагч Ч.Навчаагийн удирдлагад оролцсон ШУТИС-ийнхан алт, Ц.Ууганжаргал дасгалжуулагчтай МУИС-ийнхан мөнгө, Н.Сүхбаатар дасгалжуулагчтай АШУҮИС-ийнхан хүрэл медальтай тэмцээнээ өндөрлүүлэв.
Тус наадмын ширээний теннисний тэмцээнд 23 багийн нийт 85 тамирчин өрсөлдсөн. Эмэгтэйчүүдээс Б.Болор-Эрдэнэ (СЭЗИС) аваргалж, түүний ард Б.Бат-Эрдэнэ (ХУИС) жагссан бол 3.Ө.Балжинням (МУБИС) III байр эзэллээ. Эрэгтэйчүүдээс М.Тэмүүлэн (ШУТИС), Г.Сэр-Од (ҮБТДС) шил дарж, Т.Өсөхбаяр (ШУТИС) нар эхний гурван байрт оров. Холимог хосын төрөлд Б.Болор-Эрдэнэ, Г.Жаргалсайхан (СЭЗИС) нар түрүүлж, Г.Сэлэнгэмөрөн, Н.Батбаяр (“Их засаг”) нар II, Ө.Балжинням, Ө.Мөнх-Эрдэнэ (МУБИС) нар хүрэл медалийн тавцанд зогссон. Багийн дүнгээр ШУТИС тэргүүлж, МУБИС, СЭЗИС-ийн баг удаалав.
Монголын оюутны спортын наадам зургаан удаа болоход ширээний теннисний төрөлд ШУТИС-ийн баг хамгийн олон түрүүлжээ. Энэ удаагийн тэмцээнд олон улсад эх орноо төлөөлдөг үндэсний шигшээ багийн тамирчид оролцсон нь тоглолтыг улам өрсөлдөөнтэй, сонирхолтой болгосон юм.